Жилийн эхний хагаст дэлхийн киноны зах зээл хүлээлтээс давсан үзүүлэлт олонтой байлаа. Баруунаас Ази руу чиглэсэн соёлын нөлөөнд энэ салбарын тэргүүлэгчдийн эгнээнд өөрчлөлт орж, ашиг орлогоороо тэргүүлсэн нь нэг бус удаагийн тохиолдол. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн дэлгэцийн бүтээлүүдээр жилийн хоёрдугаар хагас үргэлжилж одоо ч энэ байдал хэвээр. Өнгөрсөн сард сонирхолтой цуврал кинонууд цэсэнд нэмэгдсэн. Харин энэ сард хэн гэдэг найруулагчийн ямар нэртэй бүтээл үзэгчдэд хүрэх талаар тоймлолоо. Шинэ сарын дундаас дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд нээлтээ хийх олны анхаарлыг татаад буй хэд хэдэн бүтээлийн талаарх мэдээллийг бэлдсэнээ хүргэе.
“Nobody 2”
Энэ сарын 15-нд нээлтээ хийх “Nobody 2” кинонд үзэгчдийн танил дүрүүд эргэн ирнэ. Тодруулбал, анхны ангид тоглосон Боб Оденкиркийн дүр эргэн ирж, гэр бүлийн амгалан амьдралаас зугтах хүсэл нь түүнийг дахин адал явдалд хөтлөх ажээ. Энэхүү киноны анхны анги 2021 онд нээлтээ хийж байв. Тухайн үед олон нийтэд амжилттай хүрсэн бөгөөд киноны үргэлжлэл илүү өргөн цар хүрээтэй, тулаант хэсгээр баялаг байна гэж үзэгчид таамаглаж байгаа юм.
“Americana”
Сидни Суини, дуучин Холзи болон Пол Уолтер Хаузер зэрэг одууд оролцон тоглосон сэтгэлзүйн триллер төрөлд хамаарах бүтээл. Мөн л энэ сарын 15-нд үзэгчдийн хүртээл болно. Хотын захын урлагийн амьдрал, нийгмийн олон янзын дүр төрх, орчны үйл явдлууд “Americana”-д өрнөнө. Дүрүүдийн сонголт, киноны үйл явдал зэрэг нь үзэгчдийн анхаарлыг татаж байгаа бөгөөд олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн киноны нэгээр нэрлээд байна.
“Witchboard”
Арав гаруй хоногийн дараа нээлтээ хийх “Witchboard” нь сүнс дууддаг самбарын тухай аймшгийн кино юм. Тус киноны дүрүүдэд Жейми Кэмпбелл Бауэр, Мэдисон Айсмен нар тогложээ. Түүх Нью Орлеанд амьдрах залуу хос хуучин байшинд нүүж ирснээр эхэлнэ. Тэд санамсаргүйгээр сүнс дууддаг самбар олж, тэр даруй далдын хүчний нөлөөнд автана. Эмилигийн сэтгэл зүйд өөрчлөлт орж, эргэн тойронд нь айдас, нууцлаг үзэгдлүүд нөмөрнө. Сэтгэл зүйн гүн хямрал, итгэл үнэмшил, ёслол зэрэг сэдвийг хөндсөн энэхүү кино нь аймшгийн төрөлд шинэ өнгө нэмнэ гэж кино шүүмжлэгчид таамаглаж байгаа юм. “Fantasia” кино наадмын үеэр анх танилцуулсан “Witchboard” нь үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээх бүтээл болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
“Caught Stealing”
1990-ээд оны Нью-Йоркийн гэмт хэргийн ертөнц дэх үйл явдлыг энэхүү киноноос үзэж болно. Найруулагчаар Даррен Аронофски ажилласан бөгөөд Austin Butler, Zoë Kravitz нар оролцон тогложээ.
Хэнк Томпсон нь бейсболын од байсан ч өдгөө бусдын адил амьдрах болжээ. Хөршийнхөө муурыг харж өгөх шаардлагатай болсон нь түүнийг гэмт бүлгийнхэнтэй тулгарах шалтгаан болдог байна. Ийнхүү Хэнк Нью-Йоркийн гэмт хэргийн ертөнцөд хүчээр татагдан орсноор киноны үйл явдал өрнөнө. Амьд үлдэхийн төлөөх тэмцэл бол “Caught Stealing”.
“The Toxic Avenger”
Энэ удаад 1984 оны оригинал хувилбарыг шинэчлэн үзэгчдэд хүргэхээр бэлджээ. Киноны гол дүрд Peter Dinklage тоглосон бөгөөд хошин өнгө аястай супер хүчтэй хүний түүхийг өгүүлнэ. Энгийн үйлчлэгчийн амьдрал цахилгаан ослын улмаас өөрчлөгдөж, “Хог шүүрддэг супер баатар” болон хувиран муу хүчний эсрэг тэмцэж эхэлнэ. Элайжа Вуд, Кевин Бэйкон, Тейлор Пейж нар ч мөн энэхүү киноны туслах дүрүүдэд тоглож байгаа бөгөөд бүгд хэтрүүлсэн, эсрэг талын өвөрмөц шинж чанартай. “The Toxic Avenger” киноны найруулагчаар Мейкон Блэр ажиллажээ.
“The Roses”
Жей Роуч найруулагчийн бүтээл бөгөөд Тони Макнамарагийн зохиолоос сэдэвлэн бичжээ. Уоррен Адлерын 1981 оны “The War of the Roses” ном болон 1989 оны анхны киноны шинэ хувилбар юм. Тео болон Айви нарыг гаднаас харахад амжилттай, аз жаргалтай гэр бүл мэт боловч амьдрал дээр өөр. Теогийн ажил мэргэжил уналтад орж, эсрэгээрээ Айвийн карьер ахиснаар тэдний хооронд өрсөлдөөн бий болж, нэгнээ давж оргилд хүрдэг. Карьерын тэнцвэргүй байдал, гэр бүлийн амьдралд үүссэн сөргөлдөөн холбоотой маргааны талаар кинонд тусгажээ. “Vanity Fair” мэдээлснээр киноны шинэ хувилбар нь жендэрийн ялгааг харуулсны зэрэгцээ сэтгэл зүйн хямрал, инээдмийн өнгө аясыг оруулснаараа онцлогтой болжээ.
“The conjuring”
Майкл Чавес найруулагчийн алдартай цувралын хамгийн сүүлийн анги ирэх сарын 5-нд нээлтээ хийх гэж байна. Аймшгийн ертөнцөд домог болсон Эд, Лоррейн Уоррен нарын бодит амьдралаас сэдэвлэсэн сүүлчийн хэргийг өгүүлэх энэхүү кино нь үзэгчдийн хүлээлтийг ихээхэн төрүүлж байгаа юм. Патрик Уилсон, Вера Фармига нарын дуэт дахин гол дүрд тоглож, тэдний сүнслэг хүчний эсрэг хийсэн эцсийн тулалдааныг үзүүлнэ.
“The long walk”
АНУ-д хэсэг залуус жил бүр явган аялалд оролцдог бөгөөд тэд цагт дор хаяж гурван мил хурдлах ёстой. Эсвэл цаазаар авхуулах эрсдэлтэй тэмцээнд оролцдог. Зөвхөн нэг алхагч амьд үлдсэн тохиолдолд тэмцээн дуусах тул амьд үлдэх тэмцэл ч гэж хэлж болно. “The long walk” киноны зохиол олон жилийн дараа дэлгэцийн бүтээл болж буй бөгөөд эргэлзээгүйгээр Стивен Кингийн зохиолуудаас хамгийн эрчтэй, сэтгэл сэртхийлгэм нь гэж кино шүүмжлэгчид үзэж байна.




У.Ивээл
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №28/24655 дэх дугаарын цахим сониныг ЭНД-ээс уншина уу.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна