Шинэ улирлыг угтан дэлхийн брэндүүд дүр төрхөө нэрлэж, коллекцоо танилцуулдаг. Загварын чиг хандлагыг тодорхойлдог бүтээлч дизайнеруудын долоо хоногууд үргэлжилсээр байна. Зогсолтгүй хөврөх үйл явдал дунд монгол модель, дизайнеруудын тухай мэдээлэх бөгөөд тэдний коллекцоос онцолсныг гаднын сайтуудад нийтэлжээ. Болоод удаагүй үйл явдлаас энэ дугаартаа дэлхийн загварын ертөнцийн хувьслыг илэрхийлсэн Берлиний загварын долоо хоногийг онцоллоо. Монгол дизайнер Ц.Номин-Эрдэнэ энэ үеэр коллекцоо танилцуулсан нь “Nomadic Royal” сэдэвтэй байв. Шинэ коллекцынхоо тухай дизайнер “Энэ цуглуулга миний хувьд эгэл нэг загвар бус, сэтгэлийн гүнээс урган гарсан хүч юм. Би ээжээсээ урам зориг, эрч хүч авч, тэр мэдрэмжийг материал болгон хувиргаж, загвараар дамжуулан илэрхийлэхийг хүссэн. 400-аад жилийн өмнөх монгол хатдын сүр жавхлан, тэсвэр, дотоод гоо сайхныг орчин үеийн загварын хэлээр илэрхийлж, дэлхийн хэн бүхэнд мэдрүүлэхийг зорилоо. Энэ бол зөвхөн хувцас биш, нүүдэлчин язгуурын хүч бөгөөд орчин үеийн эмэгтэй хүний дотоод галыг илэрхийлнэ” гэжээ.
“Монгол дизайнерын Берлиний амжилт” нэрийн дор хоёр ч удаа бүтээлүүдээ хүргэсэн нь Ц.Номин-Эрдэнийн хувьд анхны тохиолдол биш. Тэрбээр үүнээс өмнө томоохон шоунуудад оролцож нэрийн брэндээ танилцуулсан манай бүтээлч дизайнеруудын нэг юм. Берлиний төвд, олон нийтэд шинэ коллекцоо хүргэснээ “Номин брэндийн хувьд шинэ үеийг эхлүүлсэн үнэт боломж” хэмээн Ц.Номин-Эрдэнэ дурдлаа. Мөн бүх насныханд нээлттэй байснаараа онцлог болсныг бүтээлүүдээ танилцуулсныхаа дараа ярьсан юм. Түүний ураа шингээсэн, эсгүүртээ монгол диталь багтаасан загварыг нас насны, бас мэргэжлийн бус моделиуд өмсөж үзэгчдийн өмнө алхсанаараа ялгарч байв. Үүгээрээ тэрбээр загвар зөвхөн гоо сайхны илэрхийлэл бус, эрх чөлөө, үнэт зүйлсийг агуулсан үзэл бодлын тусгал болохыг мэдрүүллээ. Загварын долоо хоногт Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг хүрэлцэн ирсэн нь дизайнерт урам зориг өгчээ. Энэ энерцээрээ монгол гоо зүй, өв соёлоо харуулаад зогсохгүй үргэлжлэх цаг хугацааны дараагийн өнгийг үзүүлээд амжив. Жинхэнэ стиль гудамжнаас эхэлдгийг Берлиний төв хэсэгт харууллаа.

Жинхэнэ стиль гудамжнаас эхэлдэг
“Номин” брэндийн хувьсах загваруудаас өмссөн нас насны моделиуд гудамжаар бусдын адил алхах нь хараа булаах ажээ. Гар хийцийн, дээд зэрэглэлийн материалаар хийсэн жийнсэн богино куртик нь монгол шийдэлтэй. Хаан сүлжээ шигтгээгээр брэндээ илэрхийлэхдээ эрүүл мэндэд ээлтэй байхаар бодолцжээ. Амьсгалдаг материалаар загвараа шийдсэн нь эрүүл мэндэд нэн тустайн зэрэгцээ эрэгтэй, эмэгтэй хэн ч өмсөж болох нь. Ердийн үед, өдөр тутам, бас оффист ч өмсөх загварлаг жийнсэн куртик түүний онцлох загваруудын нэг.
Бүх насны бүсгүйчүүдэд хаягласан өөр нэгэн загвараа Ц.Номин-Эрдэнэ зөөлөн ноосон даавуугаар биежүүлсэн нь “Номин” хэмээх нэрийн хүрэм юм. Гурван янзаар өмсөж болохоор загварчилж хэрэглэгчдэд сонголт хийх орон зай үлдээсэн нь бусдаас ялгаатай. Хар өнгө нь хүч, хамгаалал, тансаг чанарыг илэрхийлж, улаан товч, ханцуйны улаан диамонд зүсэлттэй шигтгээ нь уламжлалт монгол хувцасны эрч хүч, урам зоригийг илтгэх ажээ.
Эмэгтэй хүний дотоод хүчийг эрхэмсэг хэмнэлээр илэрхийлсэн загвар бол түүний өмдөн юбка. Урсгал хөдөлгөөнтэй, өмдний чөлөөт эсгүүртэй учраас өдөр тутам өмсөхөд тохиромжтой хэрнээ дэгжин. Ямар ч насны эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд өмсөж болох шинэлэг загвартай. Дизайнераас санал болгосон нь одоогоор улаан өнгө бөгөөд сүр хүчний бэлгэдэл хэмээн түүнийгээ утгачилжээ.
Эрх чөлөө, үнэт зүйлсийг агуулсан үзэл бодлын тусгал
2020 оноос эхлэлтэй “Номин” брэндийг сонгож, сонирхож байсан хүмүүс дизайнер загваруудаа өөрөө танилцуулдгийг андахгүй. Хэрэглэгч, захиалагчийн өмнөөс, аль болох биед эвтэйхэн байдлаар шийдэхийн тулд дизайнер заримдаа загвараа өөрөө өмсөж туршдаг. "Би мэргэжлийн загвар өмсөгч биш. Гэхдээ энэ бол миний амьдралын замнал. Уран бүтээлч хүний хамгийн анхны сорил бол өөрийгөө голох. Олон жилийн турш би “Мэргэжлийн загвар өмсөгч биш шүү дээ” гэж өөртөө хэлдэг байсан. Гэхдээ нэг л өдөр миний хийсэн загварыг хамгийн сайн “амь оруулах” хүн нь би юм байна” гэсэн дүгнэлтэд хүрснээ тэрбээр ярьсан. Түүнийг ийн өөрийгөө зоригтойгоор илэрхийлэхэд ээж, дүү нарынх нь нөлөө их. Тэдний ятгалга, зөвлөгөөний үр дүнд Ц.Номин-Эрдэнэд “Яагаад загвар өмсөгч болж болохгүй гэж” гэсэн бодол суужээ. Ийнхүү тэрбээр сүүлийн арваад жил бие даасан 10 гаруй фэйшн шоу хийсэн бөгөөд тайзны урлаг, алхаа гишгээ, хүмүүсийн итгэл, өөрийгөө үнэлэх мэдрэмжийг сэргээх сургалтуудыг ч зохион байгуулдаг болсон байна. Өнгөрсөн хугацаанд “Promi Dresses”, “Nomadic Fashion” зэрэг фэйшн шоугаа 2000 гаруй үзэгчид хүргэж, 2017 онд олон улсын уралдаанд оролцсон нийт 600 хүнээс эхний 20-д шалгарч, Нью-Йорк, Парис хотод загваруудаа танилцуулжээ. 2019 онд Швед улсын Стокгольм хотод болсон фэйшн шоунд урилгаар оролцож “Batterfly” бүтээлүүдээ олон нийтэд хүргэсэн байна.
Ц.Номин-Эрдэнэ “Загвар гадаад гоо үзэсгэлэн төдийхөн бус. Дотоод үнэт зүйлсээ хүндлэх тухай философи” хэмээн хэлдэг. 2020 оноос эхлэлтэй “Номин” брэндээ хөл дээр нь босгохын тулд дардан бус замыг туулсан ч зорилгоосоо ухраагүй. Өдгөө орон зайгаа загварын ертөнцөд бий болгож түүнийгээ илүү гүнзгий бататгахын төлөө хичээн ажилладаг түүний тансаг зэрэглэлийн загварууд аль хэдийнэ хэрэглэгчдийн танил болж өргөжсөөр байгаа юм. Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж яваа дизайнер 30 гаруй жилийн оёдлын туршлагатай болж өдгөө Герман улсад дахин давтагдашгүй гар хийцийн загваруудаа урлаж байна. Монголынхоо өв соёлыг гаднын хэв маягтай хослуулж европ эсгүүрээр, гоёмсог хээгээр чимдэг нь түүний загварын онцлог болжээ.





Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №29/24656 дэх дугаарын цахим сониныг ЭНД-ээс уншина уу.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна