“Алтан үе”-ийг чимсэн хатагтай


Холливудын кинонууд эрчээ авч байсан XX зуунд жүжигчдийн давтагдашгүй дүр төрх бүтээсэн стилист Эдит Хэдийг “Дэлхийн хүн”-ээр онцоллоо. Загварыг дэлгэцийн урлагийн салшгүй хэсэг болгосон энэ хатагтайн урласан даашинзууд “Алтан үе”-ийн кинонуудыг чимсэн юм. Эдит Хэд бүх цаг үеийн шилдэг жүжигчид, найруулагчдын мөрөөдөөд ч хүрээгүй амжилтын эзэн. 54 жилийн карьертаа 1131 киноны хувцас урлаж, 35 удаа “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн. Тэрбээр 1948-1966 онд жил бүр нэр дэвшиж байсан бөгөөд Академийн “Алтан хүн”-ийг найман удаа хүртжээ. Одри Хепберн, Грейс Келли, Элизабет Тейлор, София Лорен, Дебби Рейнольдс тэргүүтэй ХХ зууны дива нар түүний даашинзаар улаан хивсний ёслолыг чимдэг байлаа. Эдит Хэдийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 1974 оны дөрөвдүгээр сарын 24-нд Холливудын Алдрын гудамжинд од байрлуулжээ. Тэр бол Алдрын гудамжинд одтой цорын ганц дизайнер юм.

Хүсэл эрмэлзэлтэй багш

Эдит Познер 1897 онд Калифорнийн Сан Бернардино хотод еврей цагаачдын гэр бүлд мэндэлжээ. Аав Макс Позенер Германаас, ээж Анна Леви Австриас АНУ-д цагаачилжээ.
Эцэг эх нь АНУ-д нүүж ирснийхээ дараа салж, бяцхан Эдитийн амьдралд олон өөрчлөлт гарчээ. 1919 онд Берклийн их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан бол жилийн дараа Стэнфордын их сургуульд роман хэлээр мэргэшиж магистрын зэрэг хамгаалжээ. Улсдаа нэр хүндтэй их сургуулиудад боловсрол эзэмшсэн Эдит 1922 онд франц хэлний багшаар ажлын гараагаа эхлүүллээ. Удалгүй Холливудын охидын сургуульд ажиллахаар болсон нь түүний амьдралыг бүрэн өөрчилсөн юм. Цөөхөн цагийн хичээлийн цалин бага учир нэмэлтээр урлагийн хичээл заах хүсэлт гаргав. Залуу багш Холливудын сургуульд зуны хичээл заасны ачаар “Парамаунт” студид зочлохоор болов. Энэ тухайгаа "Сургуулийн бүх хүн кино урлагтай ямар нэгэн байдлаар холбоотой байсан. Бид зураг авалтын үйл явцыг үзэхийн тулд “Парамаунт”-ыг үе үе зорьдог байв" гэж хожим дурсжээ. Студи, зураг авалт Эдитийн сэтгэлийг хөдөлгөж, амьдралаа эрс өөрчлөхөөр шийдэв. Ингээд 1924 оны зун хувцасны дизайнерын орон тоонд өрсөлдөв. Тухайн үед загварын мэдлэг бага, зурах дадал эзэмшээгүй бүсгүй танилцуулгаа урлагийн сургуулийн оюутны бүтээлтэй хавсаргажээ. Эдит тэнцсэн ч маргааш нь баригдаж, студийг хуурснаа хүлээн зөвшөөрөв. Түүний босс, “Парамаунт”-ын ахлах дизайнер Ховард Грир эелдэг загнаж, залуу хатагтайг мөрөөдлийн ажлын байранд нь үлдээжээ. Тэдэнд Эдитийн гадаад хэлний мэдлэг хэрэгтэй байв. Тухайн үед “Парамаунт” Европын шилдэг жүжигчдийг урьж, киногоо борлуулах төлөвлөгөөтэй байлаа. Тэд англиас гадна герман, франц хэлтэй Эдит шиг боловсон хүчин хайж байсан юм. Эдит Хэд намтартаа "Намайг ажилд авсан цорын ганц шалтгаан нь гадаад хэлний мэдлэг. Би Франц, Германы жүжигчидтэй холбоо тогтоож, хялбархан учраа олдог байсан" гэж бичжээ. Ховард Грир түүнд анхны нооргийг хэрхэн гаргахаас эхлээд жүжигчидтэй харилцах ур дүйг зааж өгчээ. Бүсгүй ч өөрийгөө дайчлан урлагийн сургуулийн оройн ангид суралцжээ. Эхэндээ Эдит туслах дүрийн эмээ нарт зориулсан энгийн хувцасны зураач байлаа. 1936 онд "Ширэнгэн ойн гүнж" кинонд зориулж анхны бүтээлээ танилцуулав. Зүүн өмнөд Азийн уламжлалт хувцсыг шинэчилсэн нь Холливудад нэг хэсэгтээ трэнд болсон юм. Хоёр жилийн дараа “Парамаунт”-ын хувцасны ерөнхий дизайнер хүртэл дэвшжээ. Түүнээс өмнө энэ өндөрлөгт эмэгтэй хүн гарсан удаагүй. Эдитийн дараагийн онцлох ажил бол 1944 онд нээлтээ хийсэн "Шөнийн хатагтай" кино. Даашинзыг 35 мянган ам.доллар буюу тухайн үеийн хамгийн үнэтэй хувцсаар бүртгэжээ. Усны булганы үнэт арьс, олон мянган сваровски шигтгээгээр чимэглэсэн энэхүү даашинзыг өдгөө Лондонд “Виктория ба Альберт”-ын музейд хадгалдаг.  Эдит 1945 оноос эмэгтэйчүүдэд загварын зөвлөгөө өгч, стилийг нь тодорхойлдог болов. Радио, телевизийн нэвтрүүлэг бэлтгэж дэлхийн хоёрдугаар дайны дараах америк эмэгтэйчүүдийн хэв маягийг үндэслэсэн юм.
Холливудын дэгжин бүсгүйчүүд түүний гоёмсог загваруудыг өмссөндөө баярлаж, бахархаж байхад стилист хатагтай энгийн хувцасладаг даруухан нэгэн байв. Түүний загварын санаанууд бусдаас эрс ялгаатай.
Үеийнхээ  охидын шүтээн Шерли Темпл шиг болохыг мөрөөдөж өссөн тэрбээр хожим Холливудын дива нарыг байлдан дагуулсан эмэгтэй болжээ. Өсвөр насанд нь ээжийнхээ сонгосон хослол, шулуун үс, нүдний шилээр насан туршдаа гангарсан юм. Энэ төрхөөрөө хожим супер баатруудын хувцсыг бүтээгч Эдна Модегийн дүрээр кино урлагт мөнхөрчээ. Эдит 1946 онд найруулагч Альфред Хичкоктой хамтран "Нууц" киноны зургийн даргаар ажиллав. Гол дүрийн жүжигчин Ингрид Бергманы шаардлагын дагуу түүнийг урьжээ. Энэ уран бүтээлээр нэрт найруулагч, алдартай загвар зохион бүтээгчийн 30 жилийн хамтын ажиллагаа эхэлсэн юм. Хичкок түүний загваруудыг "нүд булаам" гэж шагшин магтдаг байв. Мөн Эдитийн карьерт эергээр нөлөөлсөн. Эдит 1970-аад онд АНУ-ын төрийн албаны эмэгтэйчүүдийн дүрэмт хувцасны загварыг гаргажээ. 


“Оскар”-ын дээд амжилтын эзэн

Америкийн кино академи 1949 онд “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр шилдэг хувцасны загвар төрлийг анх удаа зарлав. Энэ бол Эдит Хэдийн ялалтын цувралын эхлэл байлаа. Түүний алдар нэр Холливуд даяар шуугив. Тэрбээр Академийн түүхэнд хамгийн олон удаа нэр дэвшсэн бас хамгийн олон шагнал хүртсэн эмэгтэй болсон. Түүний амжилтыг өнөө хүртэл эвдээгүй юм. "Бүгд Евагийн тухай", "Сабрина", "Ромд өнгөрүүлсэн амралт", “Тиффанигийн өглөөний цай” киноны даашинзуудаараа загварын түүхэнд мөнхөрсөн юм. Эдит “Оскар”-ын шагнал хүртсэн бүтээлүүдээсээ бусад "Ромд өнгөрүүлсэн амралт", "Сабрина" киноны даашинзандаа илүү хайртай байсныг тэмдэглэх нь зүйтэй. "Ромд өнгөрүүлсэн амралт" төслөө эхлүүлэхдээ Одри Хэпберний Бродвейн шоуг тусгайлан үзжээ. Жүжигчин бүсгүйн дүр төрх, уян налархай биеийг тодотгохыг зорьсон байна. Эдит алдартай жүжигчний тухай “Одри хүн чанарын шалгуурыг давсан эмэгтэй”  хэмээн зөвхөн түүнд зориулж загвар урласан байдаг нь Тиффанийн хар даашинз юм. Эдит эмэгтэйчүүд юунд дуртай, юунд дургүйг сайн мэддэг нэгэн байсан бөгөөд урласан хувцаснууд нь дүр бүрд тохирдог. Учир нь, тэр жүжигчдийн хөдөлгөөн, алхалт, дэлгэцээр хэрхэн харагддагийг сайтар судалдаг. Түүнтэй хамтран ажилласан цуутай жүжигчдийн нэг бол Марлен Дитрих. Эдит 1957 онд “Оскар”-ын зургаан төрөлд нэр дэвшсэн “Прокурорын гэрч” кинонд  Марлен Дитрихт зориулж тансаг даашинз урлажээ. Эдит  “Парамаунт”-д 44 жил ажиллаж тус студийн шилдэг кинонуудыг хамтран бүтээсэн. Мөн MGM, “Warner Brothers”, “Columbia”, “20th Century-Fox” кино компанитай хамтран ажиллаж байсан. Холливудад  студийн эрин үе дуусаж, ажилчдаа цомхотгож эхэлсэн 1960-аад онд Эдитэд шинэ санал иржээ. Эргэлзэж байсан ч  “Парамаунт”-тай байгуулсан гэрээ 1967 онд дуусгавар болоход “Universal” студид ирж, насан эцэслэтлээ ажилласан юм. Түүний хувийн амьдрал нууцлаг. Чарльз Хэдтэй 1923 онд гэрлэж, 1936 онд салжээ. Хоёр дахь нөхөр нь “Парамаунт”-ын дизайнер Виллард Билл Ихнен байв. Тэд 1940 оны есдүгээр сарын 8-нд тод улаан, шар өнгийн хослол өмсөж, Лас Вегаст гэрлэлтээ батлуулжээ. Тансаг хувцасны өрөөнд алдартай жүжигчид Эдиттэй чин сэтгэлийн нууцаа хуваалцдаг байв. Тэр ч бүгдийнх нь дутагдлыг хэрхэн засахаа мэддэг байлаа. Мэй Уэст хэт том хөхтэй, Глория Свонсон соно шиг бэлхүүстэй, Одри Хэпберн  өргөн мөртэйг мэдэх цөөхөн хүний нэг. Эдит энэ бүх дутагдлыг хувцсаар чадварлаг нуусан. Холливудын сэтгүүлч Лоуэлла Парсонс, Хедда Хоппер нар хувцас солих өрөөний нууцыг мэддэг ч бүх аргаа хэрэглээд Эдитээс үг унагаж чадаагүй юм. Нөхөр нь 1977 онд нас барахад Эдит сэтгэл санааны гүн цохилтод оржээ. Нөхрийнхөө эзгүйрсэн  орон зайг нөхөхийн тулд Далматийн нохойгоо Боб хэмээн нэрлэжээ. Эдит нөхрөө ийн дууддаг байв. Эдит Хэд 1981 оны аравдугаар сарын 24-нд 84 нас хүрэхээсээ дөрөв хоногийн өмнө нас баржээ. Өв хөрөнгө, “Оскар”-ын шагналуудаа Америкийн кино академийн санд хандивласан байна.


Түүний сүүлчийн уран бүтээл Стив Мартин, Карл Рейнер нарын гол дүр бүтээсэн хар цагаан инээдмийн кино байв. Киног түүний дурсгалд зориулжээ. Эдитийн хэв маягийн нэг онцлог нь өөрийн урласан хүзүүний зүүлт байв. Дуурийн тасалбарыг дуурайлган хийсэн зоос хэлбэртэй зүүлтээ жүжигчин Элизабет Тэйлорт гэрээслэн үлдээжээ. Загварын ертөнцөд нэвтрүүлсэн авангард гоёл чимэглэл, минималист костюм, гоёмсог энгийн байдал зэрэг нь хойч үеийн стилистүүдийн сурах бичиг болсон юм. Мөн энэ цаг үеийн кино одууд “Хувцасны шүүгээ бүрдүүлэх нь байшин барихтай адил. Чи дотор нь амьдрах учраас тав тухтай, хэрэгцээтэй зүйлээ бүрдүүлэх ёстой. Хэт онцгой байх гэж бүү оролд. Сүргийн нэг хэсэг, эсвэл нугасны хашаан дахь тогос байхыг бүү хичээ. Хувь хүн байна гэдэг сайхан хувцаслахын нэр биш. Хэт бариу хувцас бүү өмс. Хамгийн туранхай бие ч гэсэн утсаар уясан хиам шиг харагддаг. Хэрэв та үдэшлэгт юу өмсөхөө мэдэхгүй эргэлзэж байвал энгийн хар даашинз сонгоорой. Танд хэтэрхий гоёмсог зүйлээс хамаагүй илүү тухтай, тааламжтай байна. Хэзээ ч өмсөхгүй хувцас худалдаж авах хэрэггүй. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг хувцаслаж байхдаа би төгс эмэгтэйтэй хэзээ ч уулзаагүй. Давуу талаа дөвийлгөж, сул талаа нууж сур. Та өөрийгөө өөрчилж чадна, сайн хувцасны шүүгээ нь таны гадаад төрхийг өөрчилдөг. Яг л шинэ дүрд тоглодог жүжигчин шиг” гэсэн түүний афоризмыг мөрддөг. Эдит өдгөө ч Холливудын домог хэвээр бөгөөд түүний кинонд зориулж бүтээсэн тансаг хувцас нь алтан үеийн илэрхийлэл болдог.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №030/24657/ дэх дугаарын цахим сониныг  ЭНД-ээс уншина уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/02
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31