Тэмцэгч эрдэмтэн


Хүний эрхийн тэмцэгч болно гэж зүүдлээ ч үгүй явсан бүсгүй АНУ-ын хүчирхийлэлд өртсөн хохирогчдын эрхийн тухай хуулийн төслийг батлуулж чадсан юм. Энэ бол Аманда Нгуен. Вьетнамын дайны хүнд жилүүдэд АНУ руу дүрвэсэн цагаачдын удам, нийгэмд нөлөөлөгч, сансрын нисгэгч, Харвардын биоастронавтик судлаач эрдэмтэн. Тэрбээр 2017 онд “Форбс”-ын жагсаалтад багтаж, 2019 онд 2019 онд Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж, Нельсон Манделагийн нэрэмжит шагнал хүртжээ. ВВС 2021 оны Шилдэг 100 эмэгтэйн жагсаалт, “Тайм” сэтгүүл 2022 онд онцлох хүнээр зарласан. Огторгуйн ертөнцийг судлах зорилгоо орхиогүй бөгөөд  сансарт ниссэн анхны эмэгтэйчүүдийн багт нэгдэж  мөрөөдлөө биелүүлжээ.

 

Бүү бууж өг, хуулиа дахин бич

 

Аманда Нгуен бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн эрхийн тухай хуулийн төслийг Конгресс хэлэлцэхэд улаан даашинзтай ирж,  хохирогчдыг төлөөлжээ. Тэрбээр 2013 онд хүчирхийлэлд өртөж, хүнд суртлын таагүй үйл явцтай нүүр тулсан юм. Хэргийн нотлох баримт цуглуулахын тулд янз бүрийн шинжилгээ өгчээ. Ийм нотлох баримтыг 15 жил хүртэл хадгалахын тулд зургаан сар тутамд сунгуулах ёстой. Ингэхдээ хохирогч биечлэн ирж гомдол гаргах хуулийн шаардлагын дагуу Аманда Вашингтоноос Бостонд очих болжээ. АНУ-д хүчингийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дунджаар гурван жил үргэлжилдэг бөгөөд гэмт хэрэгтнүүдийн зөвхөн нэг хувьд нь ял оноодог аж.  Гэмт хэргийн хохирогчийг хөөн хэлэлцэх хугацаа дуустал нотлох баримтыг хадгалах баталгаа төрөөс олгоогүйг сонссон Аманда чихэндээ итгээгүй гэдэг. Тэрбээр Конгресст мэдүүлэг өгөхдөө

“Би сансрын нисгэгч болохыг мөрөөдөж явснаас идэвхтэн болохыг хүсээгүй. Гэхдээ өнөөдөр  энд байна. Надад шударга бус явдлыг хүлээн зөвшөөрөх эсвэл хуулийг дахин бичих гэсэн сонголт байсан” гэжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан шүүхийн чухал шийдвэрүүдийг гаргасан шүүгч Рут Гинсбургийн намтраас урам зориг авчээ.

Төр түүнийг хамгаалахгүйг ойлгосон Нгуен насан туршдаа мөрөөдөж байсан карьераа хойш тавьж, хохирогчдын эрхийн төлөө тэмцэв.  Жилийн дараа буюу 2014 оны арваннэгдүгээр сард Аманда Нгуен хуульчид, идэвхтнүүд, улстөрчдийг нэгтгэсэн болох ашгийн бус “Rise” нийгэмлэгээ байгуулжээ. Энэ тухайгаа  “Нэг санаатай, тууштай хүмүүсээс бүрдсэн жижиг бүлгэм дэлхийг өөрчилж чадахаа харуулахын тулд “Rise” гэж нэрлэсэн” хэмээн тайлбарлажээ. Тэдний зорилго нь хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн эрхийн тухай хуулийг батлуулах.

Нгуений төсөлд нотлох баримтыг шүүхээс шаардах хүртэл хадгалах, нотлох баримтыг устгах үед гэмт хэргийн хохирогчдод мэдэгдэх, гэмт хэрэгтний ДНХ таарсан тохиолдолд хохирогчдод мэдэгдэх гэсэн заалтыг тусгасан. Мөн хохирогчид эмнэлгийн шинжилгээний зардлаа гэмт этгээдээс  нэхэмжлэх тухай заалтыг хавсаргажээ.  АНУ-ын муж бүрээс эмэгтэйчүүд хэрхэн хохирсон тухайгаа бичгээр илгээжээ. Ихэнх кейс “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нотлох баримтыг устгасан. Хэрвээ  нотлох баримттай бол гэмт хэрэгтнийг яллах байсан” гэх утгатай байв.  Төрийн бус байгууллагаараа дамжуулан 100 мянга гаруй хүний гарын үсэг цуглуулжээ.

Хуулийн төслийг тавдугаар сард Сенат, есдүгээр сард Конгрессын хоёр танхим санал нэгтэй батлав. Энэхүү хуулийн төсөлд Ерөнхийлөгч Барак Обама 2016 оны аравдугаар сард  гарын үсэг зурснаар  улс орон даяар хэрэгжиж эхэлсэн. Вьетнам гаралтай бүсгүй ийнхүү хууль тогтоох шинэчлэлийн хөдөлгөөнд үлгэр дуурайл болов. Аманда Нгуен зорилгодоо хүрчээ. Хууль тогтоомжид өөрчлөлт оруулаад зогсохгүй олон нийтийн анхаарлыг энэ сэдэвт  хандуулсан. Жишээлбэл, 2021 онд "Чи юу өмссөн байсан бэ" үзэсгэлэн зохион байгуулжээ. НҮБ-ын төв байранд гаргасан үзэсгэлэнд хохирогч эмэгтэйчүүд  хүчирхийлэлд өртөх үедээ өмссөн хувцсаа тавьжээ. Уг үзэсгэлэн олон улсын хөдөлгөөн болж хүрээгээ тэлсэн билээ. Мөн Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр бэлгийн хүчирхийлэлд өртсөн загвар өмсөгчид дуу хоолойгоо илэрхийлжээ.

НҮБ-аас 2022 оны есдүгээр сарын 2-нд тогтоол гаргаж , бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч шударга ёсны эрхээ баталгаажуулахад үр дүнтэй арга хэмжээ авахыг улс орнуудад уриалав. Энэ бол НҮБ энхийн цагт хүчингийн гэмт хэргийн талаар тодорхой тогтоол гаргасан анхны тохиолдол юм. Аманда цар тахлын жилүүдэд #StopAsianHate хүний эрхийн кампанит ажлыг эхлүүлсэн. БНХАУ-д коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэн халдвар тархсаны дараа нийгэмд Ази гаралтай хүмүүсийг үл тэвчих явдал газар авчээ. Азиудын  эсрэг гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж байлаа. Нгуен үүнийг хүлцэлгүй инстаграмдаа “Ази гаралтай хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалж, АНУ-д төмөр зам тавьсан хүмүүс бол Азиас ирсэн цагаачид” хэмээн ярьсан бичлэгийг есөн сая гаруй хүн үзсэн байна.

 

Сансрын бадамлянхуа

Харгис эцгийн дарамт, ядуу амьдралаасаа салах цорын ганц боломж бол сайн сурах гэдгийг тэр эрт ухаарчээ. Нгуений гэр бүлийн сүлд  луу байв. Харин Аманда амьдралынхаа туршид  өөрийгөө галт шувуу гэж бодож иржээ. Ахлах сургуулиа төгсөөд Харвардад тэтгэлэгтэй суралцах эрх авав. Бүсгүй "The Guardian"-д өгсөн ярилцлагадаа оюутан болоод  эрх чөлөөг анх удаа мэдэрчээ. Охин астрофизикийн чиглэлээр суралцаж, НАСА-д ажиллахыг мөрөөддөг байв. Аманда Харвардын астрофизикийн төвд экзопланетуудыг судалж, 2011-2013 онд НАСА-д дадлага хийж, астероидуудыг хайх, дэлхийтэй мөргөлдөх болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх  судалгаа хийжээ. “Blue Origin” компани  эмэгтэйчүүдээс бүрдсэн багийг сансарт хөөргөх төсөлд оролцох саналыг 2023 онд тавьжээ. Нислэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд болсон. Хөлөг дэлхийн гадаргуугаас дээш 100 орчим километрийн өндөрт орших, сансрын уудмын хил хязгаар гэгддэг “Карманы шугам”-д хүрсэн байна. Сансрын хөлөг уг өндөрт бүрэн автомат жолоодлогоор эгц босоо чиглэлээр хүрсний дараа багийн гишүүд бүхий капсул салжээ. Капсул шүхэр болон пуужин сааруулагчийн тусламжтайгаар газарджээ.

Нислэг 11 орчим минут үргэлжилсэн бөгөөд багийнхан жингүйдлийг мэдэрч, сансраас эх дэлхийгээ ажиглан харсан байна. Эл нислэгийг сансрын  шинжлэх ухаанд эмэгтэйчүүдийн оруулсан ололт гэж тодорхойлж байхад  зарим нь баян жуулчдад зориулсан зугаа цэнгэл гэж шүүмжилсэн.  Үүнд Нгуен "Би баян биш, од ч биш. Багт ажил хийхээр нэгдсэн" гэж хариулжээ. Хэдийгээр  НАСА-гийн пуужингаар мэргэжлийн сансрын нисгэгчидтэй хамт ниссээгүй ч мөрөөдлөө биелүүлжээ. Багамаас гаралтай сансрын инженер асан Айша Бое, сэтгүүлч Гэйл Кинг, дуучин, Кэти Перри, кино продюсер Керианна Флинн, сэтгүүлч Лорен Санчес нар гишүүн байв. Энэ бол  Валентина Терешкова 1963 онд түүхэн нислэг үйлдсэний дараах анхны эмэгтэй багийн бүрэлдэхүүн бөгөөд сансрын салбарт жендэрийн тэгш байдлыг хангахад томоохон ахиц дэвшил гарсныг илтгэсэн.

Вьетнамын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгаа, хөгжлийн төвөөс сонгон авсан 169 ширхэг бадамлянхуан үрийг Аманда Нгуентэй хамт дэлхийгээс хөөргөжээ. Дэлхийд эргэж ирэхдээ ургалтад сансрын нөлөөллийн судалгаа хийж, ботаникийн шинжлэх ухаан, сансрын хайгуулд хувь нэмэр оруулахыг зорьсон. Бадамлянхуа шаварт цэцэглэдэг,  тэсвэр тэвчээр, итгэл найдварыг бэлэгддэг цэцэг. Түүнчлэн 2025 онд Вьетнам, АНУ-ын дайн дууссаны 50, дипломат харилцаагаа сэргээсний 30 жилийн ой тохиож байгаа. Түүхэн  үйл явдал сансарт итгэл найдвар, тэмүүллийн үрийг тарих гэсэн нийтлэг мөрөөдөлтэй хоёр ард түмний эвлэрэл, нэгдлийн гүүр болсон юм.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №031/24658/ дэх дугаарын цахим сониныг  ЭНД-ээс уншина уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/02
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31