Н.Дашдэндэв: "AMAZING ZOO PARK"-аар аялж, 500 гаруй амьтантай танилцан хүрч үзэх боломжтой


Ховор амьтдыг нэг дороос үзэх боломжтой “AMAZING ZOO PARK”-ийг есдүгээр сарын 6, 7-нд “Буянт-Ухаа” спортын ордонд нээх гэж байна. Энэ талаар  “Монголиан даймонд циркус” ХХК-ийн ерөнхий захирал Н.Дашдэндэвтэй ярилцлаа. 

-Удахгүй үүдээ нээх “AMAZING ZOO PARK”-ийн бэлтгэл ажлын явцаас хуваалцъя?
-Бид төлөвлөгөөнийхөө дагуу бэлтгэл ажлаа базааж байна. Зоопаркад байрлуулах амьтдаа тээвэрлэн авч ирэх ажил үргэлжилж байна. Бид “Amazon” амьтны дэлгүүртэй хамтран  “AMAZING ZOO PARK” төслийн суурийг таван жилийн өмнө тавьсан. Тиймээс өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодоос амьтад тээвэрлэн цуглуулж, бэлтгэл ажлаа шат дараатай хангасаар өдгөө “AMAZING ZOO PARK” маань өрхөө татаж, өргөн үүдээ нээхэд бэлэн болж байна. 
-Энэхүү зоопарк ямар онцлог, давуу талтай байх вэ? 
-Монголын болон дэлхийн ховор амьтдыг цуглуулсан, дотор заалны зоопаркийг Монголд анх удаа нээх гэж буйгаараа онцлогтой. Дотор заалны гэдэг нь хүүхэд багачууд  маань амьтдыг дэргэдээс нь харж, хүсвэл хүрч үзэх боломжийг бүрдүүлж буйгаараа давуу талтай. Гадаадад ихэвчлэн машинаар эсвэл завиар явж, тодорхой зайнаас үзэж сонирхдог зоопарк олон байдаг. Тиймээс дотор заалны амьтны хүрээлэнг Европ болон Азийн орнууд жил бүр зохион байгуулдаг юм билээ. Энэхүү олон улсын жишгийн дагуу бид дотор заалны “AMAZING ZOO PARK”-ийг Монголдоо нээж, хүүхэд багачууддаа үзүүлэх зорилго тавин ажиллаж байна. Энэ дэлхийд зөвхөн хүмүүс амьдардаггүй, маш олон төрлийн ургамал, ан амьтан зэрэгцэн оршиж, аж төрдөг гэдгийг харуулж ойлгуулах, мөн багаасаа амьтныг хайрлаж, хамгаалах сэтгэл зүрхтэй болоход нь нөлөөлөх зорилгоор энэхүү төслийг эхлүүлсэн юм. Хүүхэд багаасаа амьтныг хайрлан хамгаалж өсөх нь олон зүйлийн суурь болдог. Хүнийг ойлгох, хайрлах энэрэх гээд уян зөөлөн сэтгэлтэй болж төлөвшдөг. Нөгөө талаараа хүүхэд багачуудад танин мэдэхүйн мэдлэг мэдээлэл өгөх зорилготой. Амьтдыг зөвхөн дэлгэцээр бус дэргэдээс нь харж, хаана амьдардаг, юугаар хооллодог, ямар хэмжээ дүрс, өнгө зүстэй байдаг, арьс, үсэнд нь хүрэхэд ямар мэдрэмж төрдгийг мэдрэх, мэдэх боломж олгож байгаа юм.


-“AMAZING ZOO PARK”-д хэчнээн төрлийн амьтантай танилцах боломжтой вэ. Тэдгээрээс онцолбол? 
-Зоопаркийнхаа талбайн төв хэсэгт таван хошуу мал байрлуулна. Мөн Монголд нутаглан амьдардаг амьтдаас бүс бүрийг төлөөлүүлэн оролцуулахаар бэлтгэж байна. Саяхан цаа бугаа төлтэй нь хамт авч ирсэн. Ер нь хүүхэд багачууд маань таван хошуу малаа нэрлэж чаддаг ч морь унаж, хүрч үзээгүй хүүхдүүд бас байдаг шүү дээ. Тиймээс бид үндэснийхээ өв соёл, мал аж ахуйг тодотгон харуулж, дэлхий дахинд сурталчлан таниулах боломжийг бүрдүүлж байгаа юм. 
Зоопаркаас бичил, шавж хорхой, хоёр нутагтан, үет хөлтөн, сүүн тэжээлтэн, махчин, жигүүртэн төрлийн давхацсан тоогоор 500 гаруй амьтан үзэх боломжтой.  Онцолбол, яг бамбарууш шиг хөвсгөр харагддаг монгол мануул, арван метрийн уртаараа дэлхийн рекордыг эзэмшдэг аварга могой, сармагчин, нисдэг, нисдэггүй, махчин шувууд ч бий. Мөн байгаль дээр байдаггүй, хүний оролцоотой үржүүлгээр бий болсон, өвөрмөц өнгөтэй, зөөлөн зан чанартай үнэг ч багтсан байгаа. Энэхүү үнэг нь үнэтэй төрөлд тооцогдохоос гадна амьтны хүрээлэн, эксотик амьтан сонирхогчдын дунд хамгийн эрэлттэй байдаг. Түүнчлэн “Мөөг хотхон”-д хүүхдүүдийн тэврэх, эрхлүүлэх дуртай, хамгийн өхөөрдөм амьтан болох туулайнууд байрлана. Бид амьтнаас гадна ховор төрлийн ургамал, шавжийн хатаамлуудыг мөн дэлгэн үзүүлнэ. Эрвээхэй гэхэд л устсан, ховордсон, одоо байгаа гэсэн ангилалтай байх жишээтэй. Хоёр өдрийн хугацаанд 200 орчим хүн ажиллах бөгөөд хөтөч маань тухайн амьтны талаарх мэдээллийг хүүхэд багачуудад өгч, танилцуулна.  
-Тасалбарын үнэд том хүн, хүүхэд гэсэн ялгаа бий юү? 
-Бид зохион байгуулж буй бүх төрлийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээнийхээ үнийг том хүн, хүүхэд гэж ялгахыг хүсдэггүй. Тийм болохоор энэ удаагийн амьтны хүрээлэн үзэх тасалбарын үнийг 40.000 төгрөгөөр тогтоосон. Зарим хүн хүүхэдтэй холбоотой аливаа зүйлийг “Хүүхдийн юм байж ямар үнэтэй юм бэ” гэх хандлага гаргадаг тал бий. Бид гадаад, дотоодоос авчирч буй амьтдын тээврийн зардал, хоол тэжээл, талбайн түрээс гээд маш олон зүйлд ихээхэн хэмжээний төсөв мөнгө зарцуулж байгаа. Хэрэв энэ бүхнийг нарийн тооцож, шингээнэ гэвэл тасалбарын үнэ үүнээс хэд дахин илүү үнэтэй болно. Харин бид хүүхдүүдэд аз жаргал, баяр баясал мэдрүүлж, бага насанд нь гоё дурсамж бий болгон үлдээх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа учраас хамгийн бага, боломжит үнийг тогтоосон. Миний хувийн болон хамт олны маань баримталдаг зарчим бол хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх. Хэрэв, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг газрууд хүүхэд багачууддаа “AMAZING ZOO PARK”-ийг үзүүлэхийг хүсэж байвал бид тасалбарын үнэд хямдрал урамшуулал үзүүлэх боломжтой шүү. 
-“AMAZING ZOO PARK”-ийг зорин очих хүүхэд багачуудыг амьтдаас гадна өөр ямар төрлийн сонирхолтой үзвэр, үйлчилгээ хүлээж байгаа вэ? 
-Хүүхэд багачууд маань дуртай киноныхоо хайртай үлгэрийн баатартай хамт зураг даруулах боломжтой. Мөн гадна болон дотор талбайн тоглоомууд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тасалбар худалдан авч хүрэлцэн ирсэн зочдоос супер бэлгийн эзнээр хоёр хүнийг тодруулна. Эхний өдөр буржгар үст, цас шиг цагаан Bichon Frise /нохой/, дараагийн өдөр нь шулуун үст, тоглоом шиг өхөөрдөм Teddy Bear Pomeranian /бамбарууш/-ийн шинэ гэр бүлийг шалгаруулна. Тиймээс та бүхэн маань гэр бүлд тань халуун дулаан уур амьсгал нэмэх, хөөрхөн гишүүнтэй болох гайхалтай боломжийг битгий алдаарай. 
Мөн бид хүүхэд багачуудын төсөөлөл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, байгаль дэлхий, амьтдын талаарх ойлголт, хайр халамжийг төлөвшүүлэх зорилгоор 6-14 насныхны дунд "Гайхамшигт амьтны хүрээлэн” сэдэвт уран зургийн уралдааныг зарласан. Бүтээлийг есдүгээр сарын 3-ны 17:00 цаг хүртэл хүлээн авч,  шалгарсан бүтээлүүдийг арга хэмжээний үеэр олон нийтэд танилцуулж, шагналыг нь гардуулна. Ерөнхийдөө манай хөтөлбөрт хүүхэд багачуудад чиглэсэн тэмцээн уралдаан,  энтертайнмент төрлийн сонирхолтой олон арга хэмжээ багтсан. Миний зүгээс хамт олондоо нэмэлтээр зохион байгуулж буй арга хэмжээг үндэсний уламжлалт өв соёлыг илтгэн харуулсан, мөн монгол тоглоом наадгайг танин мэдүүлэхэд чиглүүлэхийг зөвлөсөн. Тиймээс ажил хариуцсан хүмүүс маань энэхүү чиглэлийн дагуу бэлтгэлээ базааж байна. 
-Хөтөлбөрт багтсан гэнэтийн бэлгээсээ зарим нэгийг нь задалж болох уу? 
-Бүх хүний сайн мэдэх нэгэн амьтны үр төлийг Монголд авч үлдэж, нутагшуулахаар тохирсон. Энд ирэхэд нь монгол нэр өгч, монгол паспорт олгоно гэсэн үг. Ямар амьтан бэ гэдгийг есдүгээр сарын 3-нд хийх хэвлэлийн бага хурлынхаа үеэр зарлана. Тиймээс одоогоор нууц хэвээр нь үлдээе. 
-Сүүлийн асуултаараа танай байгууллагын үүх түүх, цаашдын зорилго зорилтоос хуваалцъя? 
-Би 1994 онд Улсын циркэд хөлж тавьж, Г.Батбаатар багшийнхаа удирдлага дор ажиллаж байлаа. Тэгээд 2017 онд “Монголиан даймонд циркус”-ыг үүсгэн байгуулан өдгөө тогтмол үйл ажиллагаа явуулж, дотоод, гадаадын олон улсын хэмжээний шоу тоглолт, ялангуяа гэр бүл, хүүхэд, залуучууд руу чиглэсэн эвент, арга хэмжээг түлхүү зохион байгуулдаг. Өнгөрсөн хугацаанд бид томоохон хэмжээний дөрвөн арга хэмжээг дотооддоо зохион байгуулаад байна. Тухайлбал, дэлхийн шилдгүүд эх орондоо буюу “Diamond-1”, “Diamond-2” цирк. Мөн “Dragon Eye” буюу “Луугийн нүд” нэртэй БНХАУ-ын циркийн тоглолтыг 20 жилийн дараа Монголдоо зохион байгууллаа. Дөрөв дэх нь, гайхамшигт далайн хавын үзүүлбэртэй “Dream the of Sea” олон улсын цирк. Харин тав дахь нь одоо зохион байгуулах гэж буй “AMAZING ZOO PARK” юм. 
Хүүхдийн төлөө гэж хий хоосон бичихээс илүүтэй тэдний ирээдүйд бодит хөрөнгө оруулалт хийх нь хамгийн чухал. Тиймээс бид Монгол Улсыг өөрийн гэсэн цирктэй бас зоопарктай болгох том зорилго өвөртлөн ажиллаж байна. Ингээд уншигч та бүхнийг гэр бүлээрээ “AMAZING ZOO PARK”-д зочилж, дэлхийн гайхамшигт амьтдын ертөнцөөр хамтдаа аялж, мартагдашгүй дурсамж бүтээхийг уриалж байна.


 С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №032/24659/ дэх дугаарын цахим сониныг  ЭНД-ээс уншина уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/02
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31