Попын хатан хаан


Попын хатан  Мадонна 67 нас хүрлээ. Тэр бол урлагаас хол давсан нөлөө бүхий дэлхийн алдартан. Мичиганы охин мөрөөдлөө биелүүлж хүн төрөлхтний шүтээн болжээ.

 

Мичиганы амбицтай охин

 

Мадонна зургаан хүүхэдтэй өнөр гэр бүлийн гурав дахь охин. Мичиганы Бэй хотод 1958 онд католик шашинтай, Италийн цагаачдын хороололд  мэндэлжээ.  Өвөө эмээ нь англиар ганц ч үг мэддэггүй байв. Охиныг дөнгөж таван нас хүрсэн жил ээж нь хөхний хорт хавдраар нас барав. Гэрийнхэн нь түүнийг бяцхан Нонни хэмээн өхөөрдөн дуудна. Аав Сильвио Цикконе хүүхдүүдээ хатуу  чанга гараар өсгөжээ. Гэхдээ бяцхан Ноннигоо төгөлдөр хуурын дугуйланд сургаж 14 настайд нь  балетын ангид бүртгүүлэв. Бүжгийн багш Кристофер Флинн ирээдүйн одын авьяасыг олж харж, нухацтай хичээллэх урам зориг өгөв. Мадонна ч сургуулийнхаа авьяасын шоунд оролцож, “The Who” хамтлагийн "Baba O'Riley" дууг дуулжээ. Түүнийг тайзнаа задгай хувцасласанд дургүйцсэн аав нь гэрээс гарахыг хориглож байсан гэдэг.  Мадонна 18 насны төрсөн өдрөө тэмдэглээд хүссэн амьдралаа босгохоор хатуу шийджээ. Мичиганы их сургуульд тэтгэлэг авсан ч  бүх зүйлээ орхин Нью-Йоркийг байлдан дагуулахаар 1976 оны өвөл  гэрээсээ гарчээ.

Тэр халаасандаа ердөө 35 ам.доллартай Нью-Йоркт хөл тавьжээ.  Их хотод ирээд худалдагч, хувцасны өрөөний үйлчлэгчээр ажиллаж, урлагийн студиудад танилцуулгаа уйгагүй өгдөг байв.   Хожим дуучин бүсгүй “Нью-Йорк  миний төсөөлсөн шиг байгаагүй. Америкийн урлагийн нийслэл намайг алга тосож угтаагүй" гэж дурсжээ. Бүжиг дэглээч Элвин Айлитай бэлтгэл хийж, анхны сонгон шалгаруулалтдаа тэнцэв. Продакшны цагийн цалин амьдралд хүрэлцэхгүй байлаа. Харин гоцлол дуучдын цалин хамаагүй илүү болохыг мэдсэн Мадонна клубийн соёл, хөгжим сонирхож эхлэв. Тэрбээр 1979 онд Нью-Йоркийн “Breakfast Club” рок хамтлагт бөмбөрчнөөр ажилд оржээ. Хамтлагийн тэн хагасыг урвуулсан адтай бүсгүй “Мадонна ба Скай” хамтлагаа үүсгэн байгуулав. Гэхдээ тэд удаагүй юм. Дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулж чадвал амжилтад хүрэх боломжтойг тооцоолсон залуу бүсгүй “Gotham Records”-ийн эзэн Камилла Барбонтай танилцжээ. Мадонна түүний менежер болж, ивээн тэтгэгчидтэй ашигтай гэрээ байгуулахаар хичээж байлаа. Нэгэн үдэш азтай тохиолдлоор клубт дуулж байхад нь  дууны найруулагч Марк Каминс сонсож таарчээ. Хүсэл эрмэлзэлтэй бүсгүйн хоолой түүнд гүн сэтгэгдэл төрүүлжээ. Тэрбээр Мадоннаг “Sire Records” студийн эзэн Сеймур Стейнтай танилцуулав. Стейний студид  анхны хит “Everybody” бүжгийн синглээ бичүүлж, "Hot Dance Club Songs" жагсаалтад гуравдугаар байрт оржээ. Энэ дуу хит болсноор Мадонна удаан хүлээсэн уран бүтээлийн гэрээндээ гарын үсэг зуржээ. “Sire Records” студи дуучин бүсгүйн анхны бие даасан цомог “Мадонна”-г 1983 онд хэвлүүлсэн юм. "Holiday" дуу нь Америк, Европын залуусыг байлдан дагуулав. Мадонна "Burning Up", "Borderline" гээд хитүүдийг ар араас нь цацаж, шинэ одын амьдрал эхлэв. Тод будалттай, жийнс өмссөн охины зурагт хуудас хаа сайгүй үзэгдэх болжээ. Түүний хэв маяг залуучуудад таалагдаж Мадонна бүхэл бүтэн дэд соёлыг  бүрдүүлжээ. Өсвөр насны охид шүтээнийнхээ дүр төрхийг дуурайна. Урлаг судлаачид "Тэр ирэх 20 жилийн хөгжим, бүжгийн шинэ стандартыг тогтоолоо. Гайхалтай дуу, загварлаг бүтээл туурвидаг" гэж дүгнэж байлаа. "Burning Up" дуундаа "Бусдаас ялгаатай нь би юу ч хийж болно. Би ичихгүй" гэж дуулдаг. Тэр үед дэлхий нийт энэ үгс хэр үнэн болохыг хараахан ойлгоогүй.  Мичиганы зоримог охин оргилд гарахын тулд чадах бүхнээ хийсэн.

 

Өдөөн хатгагч

 

Хоёр дахь цомгоо 1984 онд гаргав.  "Like a Virgin” цомог нь Мадоннагийн карьерыг бэхжүүлж, өдөөн хатгасан уянгын дуунууд нь түүний нэрийн хуудас болсон юм. Мөн  “MTV Video Music Awards”-ын үеэр "Like a Virgin" дуугаа хуримын даашинзтай дуулж эмэгтэйчүүдийн тэмцэл, феминизмийн бэлгэ тэмдэг болж байлаа. Хэн ч түүн шиг хайрын тухай зориглон дуулаагүй. Амжилттай уран бүтээлээсээ урам зориг авсан дуучин бүсгүй “Blond Ambition” анхны бүрэн хэмжээний аялан тоглолтоо хийв. Торонтод тоглохдоо  Мадонна хэтэрхий задгай, насанд хүрэгчдийн үзүүлбэр тайзнаа харуулсанд хотын зарим оршин суугч гомдол гаргасан удаатай. Цуу яриа Ромын пап II Иоанн Павелын сонорт хүртэл хүрчээ. Ингээд дуучныг Ром, Туринд хийх тоглолтыг үнэн сүсэгт католик шашинтнуудын эсэргүүцлийн жагсаал дагалдаж байв.  Гэхдээ шинэ төрсөн супер одын дуу, үзүүлбэр, дүр төрхийг дэлхий нийт амьсгаа даран харж байв. Тэр үед Мадонна поп соёлд хэр их нөлөө үзүүлэхийг хэн ч тааварлаагүй. Түүний дуунууд, хувцаслалт, өдөөн хатгасан үзүүлбэрүүд нь үе үеийн эмэгтэй уран бүтээлчдийн тайзны соёлыг бүтээсэн. Мадонна байгаагүй бол Бритни Спирс, Кэти Перри, Майли Сайрус, Бейонсе нарын карьер хэрхэн өрнөх байсныг тааварлахад бэрх. Магадгүй тэд өнөөгийн өндөрлөгтөө хүрэхгүй ч байсан биз. Мадонна 1989 онд дөрөв дэх студийн цомог “Like a Prayer”-аа гаргасан нь 11 улсын чартыг тэргүүлсэн. “Rolling Stone” сэтгүүл тоймдоо “Урлагт ойр цомог" гэж тодорхойлжээ.

“Like a Prayer” бүх цаг үеийн шилдэг 500 цомгийн жагсаалтад багтдаг. Ээлжит цомгоо дөрвөн жилийн дараа “Эротика” нэрээр хэвлүүлжээ. Цомгийнхоо нээлтийг угтан "Sex" номоо худалдаанд гаргав. Мадонна “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Хориотой сэдвүүдээр ярихаар хүмүүс ичиж, хязгаарлагдмал ханддаг. Тэд үүнийг муухай зүйл гэж үздэг. Хэрэв хүмүүсийг илэн далангүй ярихыг дэмжвэл илүү найдвартай харилцаа холбоо тогтооно” гэжээ. Түүний тайлбар 2025 онд ойлгомжтой мэт санагдаж болох ч 1990-ээд оны эхээр зоригтой,  хувьсгал гэмээр үгс байлаа. Мадоннагийн бүх цаг үеийн хитүүдийн нэг бол "Vogue" дуу. Энэ дуу гурван долоо хоногийн турш “Billboard”-ыг тэргүүлсэн. Дуучин бүсгүйн тайзны ард өрнөх хувийн амьдрал, аялан тоглолтыг харуулсан баримтат кино ч нээлтээ хийв. Олон сая шүтэн бишрэгч нь түүнийг хатуужилтай бүсгүй болохыг мэдсэн. Энэ кино алдартнуудыг  нээлттэй баримтат киногоо гаргах эхлэлийг тавьсан  юм.  Мадонна 1990-ээд оны дундуур поп, нарийн төвөгтэй урсгалыг туршив.

1994 онд  "Bedtime Stories" дуугаа Бьорктой хамтран бичсэн бөгөөд тухайн үед салбарын хамгийн үнэтэй клипийг таван сая ам.доллароор бүтээжээ. Клипэнд сюрреалист уран бүтээлчид болох Ремедиос Варо, Фрида Кало, Леонор Фини нарын бүтээлийг харуулдаг. Энэ дуу түүний карьерын эргэлтийн цэг болжээ. 1998 онд "Ray of Light" цомгоо гаргасан нь бүжгийн ертөнцийг өөрчилсөн. Мадонна насанд хүрэгчдийн сэдвээр дуулахаа больж, электрон хэмнэлээр шүлэглэж, охин Лурдесдаа хайртай гэдгээ дуугаараа зарлав. "Ray of Light" дуучин бүсгүйд “Грэмми”-ийн дөрвөн шагнал авчирсан бөгөөд шинэ урсгал тунхаглагч  болохоо нотолсон юм. Хамгийн сүүлийн уран бүтээл болох 2019 онд гаргасан “Madame X” цомгоороо  нухацтай сэдвүүдийг хөндсөн. Тухайлбал,  буу худалдаалахыг хориглох, Исламофобийн хор хөнөөл, ялгаварлан гадуурхах үзлийн тухай дуулдаг. Электро латин урсгалыг хослуулсан цомгоо реггетоны од Малума, Анитта нартай хамтран бүтээжээ. Мадонна 14 дэх студийн цомгийнхоо тизер дээр “Мадам Х дэлхийг тойрон аялж, царай зүсээ өөрчилдөг, эрх чөлөөний төлөө тэмцдэг, харанхуйд гэрэл гэгээ авчирдаг. Тэр бол бүжигчин, профессор, төрийн тэргүүн, гэрийн эзэгтэй, морьтон, хоригдол, оюутан, ээж, хүүхэд, гэлэнмаа, нүгэлтэн, гэгээнтэн" гэжээ.

 

Загварын шүтээн

 

Интернэтийн өмнөх эринд Мадонна загварын нөлөөлөгчдийн нэг байсан. Түүнтэй хамтран ажилласан дизайнерууд тэр даруй дээд лигт багтдаг.  Тэдний нэг бол Жан-Пол Готье. 1990 онд “Blond Ambition” аялан тоглолтдоо зориулж  боргоцой хэлбэртэй хөхний даруулга өмссөн нь содон үзэгдэл байлаа. Урьд өмнө хэн ч тайзнаа ийм хувцас өмсөж байгаагүй. Энэ дүр төрх нь 1990-ээд оны загварын гол бэлгэдлийн нэгд тооцогддог. Готье хожим нь ээжийнхээ корсетоос санаа авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Мадонна  төгс төгөлдөр муза байв. Жан-Пол Готье ч эрэлттэй загвар зохион бүтээгч болж, 1992 онд шоун дээр Мадоннатай хөтлөлцөн алхсан юм. Готье, Мадонна хоёрын хамтын ажиллагаа олон арванд үргэлжилж, өнөөдөр ч нөхөрлөлдөө үнэнч байна. “MDNA Tour”-ийн үеэр 2012 онд  уг корсетоо дахин загварчилжээ. Жан-Пол Готье попын хатанд зориулж эрдэнийн чулуугаар чимэглэсэн титэм, урт гар хатгамалтай кимоно урласан. Конус оруулгатай корсет хэлбэрийн савтай “Classique” сүрчиг  худалдаанд гарснаас хойш 30 жилийн хугацаанд 65 сая ширхэг зарагджээ. Мадоннагийн олон жил хамтран ажилласан брэнд бол “Versace”. Дуучин бүсгүй Жанни, Донателла Версачетэй  дотно байдаг. Комо нуурын эрэгт Версаче виллагийн хүндэт зочин. Мөн “Dolce&Gabbana”-тай хийсэн уран бүтээлийн нэгдлийг заавал дурдах ёстой. Тэд 2000-аад онд нарны шилний хамтарсан цуглуулга гаргасан бол 2010 онд хавар-зуны коллекцын сурталчилгаанд оролцжээ.  Энэ сурталчилгааны үеэр Мадонна жинхэнэ итали эмэгтэйн дүрд хувирчээ. Доменико Дольче, Стефано Габбана нар Мадоннад зориулж олон хувцас урласан. Домогт загвар зохион бүтээгчид 2025 оны хавар-зуны цуглуулгаа Мэрилин Монро, Моника Витти, Марлен Дитрих, Мадонна нарт зориулжээ. Дуучин бүсгүй шоунд тэргүүн эгнээнд суусан юм.

Сэтгүүлч Лаура Крэйк дуучны намтар номдоо "Тэр хэлмэгдүүлэлтийн эсрэг байсаар ирсэн. Лиз Тэйлор, Диана гүнж нар шиг дэлхий дахинд агуу эмэгтэй. Хүссэн амжилтандаа хүрч, сая сая ам.доллар олж, дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг болсон Мадонна алдар нэрээ эмэгтэйчүүдийн эрхийг тунхаглахад зориулдаг” гэжээ. 2016 онд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, блогчид Мадоннаг "Met Gala"-д оролцохдоо задгай хувцасласныг шүүмжилсэн. Тэр үед дуучин бүсгүй ямар ч хариу үзүүлээгүй. Харин "Billboard Women In Music Awards" шагнал гардуулах ёслолын үеэр сэтгэл хөдөлгөм үг хэлжээ. Мадонна тайзнаа нулимс дуслуулан "Илэн далангүй харгислал, хүйсээр ялгаварлан гадуурхах, дээрэлхэх, хүчирхийллийг үл тоон 34 жилийн турш карьераа босгож чадсаныг минь хүлээн зөвшөөрсөнд баярлалаа. Манай нийгэмд хөгшрөх нь нүгэл учраас эмэгтэйчүүдийн насыг түрүүлж ярьдаг” хэмээжээ.

Мадонна туулсан  хүчирхийллийнхээ талаар илэн далангүй ярьж, бүх эмэгтэйд үлгэр дуурайлал үзүүлдэг. Анхны нөхөр жүжигчин Шон Пеннд зодуулж, хүчирхийлэлд өртдөг байснаа ч нуугаагүй юм. Өдгөө Мадонна 40 гаруй жилийн карьераа үргэлжлүүлж, хүссэнээрээ хувцаслаж, үдэшлэгт цагийг өнгөрөөж, найз залуугаа сольж, дураараа явна. Түүний бүтээлч зан, эрч хүч хэзээ ч дундрахгүй.  “Celebration Tour 2023” нь зөвхөн аялан тоглолт биш, харин гайхалтай чимэглэл, бүжиг дэглэлт бүхий онцгой үзэгдэл болсон юм. Тэрбээр 67 насныхаа төрсөн өдрөөр "Вероника Электроника" дууныхаа ремиксийг гаргаж фэнүүдээ баярлуулсан. Америкийн шоу ертөнцөд түүнийг шинэ уран бүтээлээ гаргаж байгаа гэсэн цуурхал тархжээ. Мадонна "Би бол өөрийнхөө туршилт. Би бол өөрийнхөө бүтээсэн урлагийн бүтээл" гэж хэлсэн удаатай. Хэрэв өөр хэн нэгэн ингэж хэлсэн бол эргэлзэж, зарим нь шоолох байсан. Харин Мадоннагийн үгийг бүгд дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм. Тэр бол урлагийн үзэгдэл, өдөөн хатгагч, загварын шүтээн, феминист билээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №032/24659/ дэх дугаарын цахим сониныг  ЭНД-ээс уншина уу.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/02
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31