Загварын хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтыг Анна Винтур тэргүүлсээр ирсэн. Салбарынхаа толь бичиг болсон “Vogue” сэтгүүлийг 37 жил удирдаж, загварын чиг хандлагыг тодорхойлж, дизайнеруудын амжилтын замыг нээсэн эмэгтэй. Түүнийг салбарын хатан хаан, төмөр хатагтай хэмээдэг. Тэрбээр мэдрэмж, шийдэмгий зангаараа загварын соёл, сэтгүүлийн чиг хандлагыг өөрчилсөн. Анна Винтурын намтар эмэгтэйчүүд шийдэмгий, ухаалаг байж чадвал зөвхөн нэг байгууллагыг биш, бүхэл бүтэн салбарын соёлыг өөрчилж чаддагийн тод жишээ.
“Vogue” бол индэр
Анна Винтурыг зөвхөн алдартай редактороор төсөөлбөл өрөөсгөл. Тэр бол соёлын чиг хандлагыг тодорхойлогч, үе үеийн дизайнеруудын хувь заяаг өөрчлөгч, загварын түүхэнд нэрээ мөнхөлсөн эмэгтэй. Анна Английн “Harper’s & Queen” сэтгүүлээс ажлын гараагаа эхлүүлэхдээ урлаг, загварын чиг хандлагыг үнэлж, шинжиж сурсан гэдэг. Нью-Йоркийг 1975 онд зорьж “Harper’s Bazaar” болон “New York Magazine” сэтгүүлд редактороор ажилласан нь түүний Америкт босгосон карьерын анхны алхам байлаа. Шинэ санаа, зоригтой шийдвэрүүдээрээ тэр салбартаа хурдан танигдсан. Америкийн “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактороор 1988 онд томилогдсоноор гялалзсан замналаа өрджээ. Түүнийг сэтгүүлийн ерөнхий редактороор томилогдох үед редакцын соёлд эрэгтэй удирдагчид давамгайлж байв. Тэрхүү саарал ертөнцийг Анна хурц хараа, шийдвэртэй зангаараа өөрчилснийг хэвлэл мэдээллийн салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Энэ бол эмэгтэй лидерүүдийн байр суурийг баталгаажуулсан хариуцлагатай алхам байв. Анна Винтурын удирдлага дор энэ сэтгүүл зөвхөн загварын зурагт хуудас бус соёл, алдартнууд, уран бүтээлчдийн амьдралын хэв маягийг илэрхийлдэг, олон нийтэд нөлөөлдөг брэнд болсон юм. Нүүр хуудастаа жүжигчин, дуучин, нийгэм, улс төрийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийг оруулсан нь цаг үеийн томоохон өөрчлөлт байлаа. Мадонна, Жизел Бюндхен, Ким Кардашьян нарын зургаар тэргүүн нүүрээ чимэн, сэтгүүлийг олон уншигчид хүргэж чаджээ. Аннагийн ганцхан өгүүлбэр загвар зохион бүтээгчийг олонд таниулах эсвэл тайзнаас “арчиж” чадах хүчтэй. “Хэтэрхий задгай” гэсэн шүүмжлэлийн дараа Том Форд улирлын борлуултаа алдсан байдаг. Дотнын найзуудын нэг Донателла Версаче “Аннагийн дэмжлэг, зөвлөгөө загварын салбарт шинэ санаа, эрч хүч нэмдэг” гэсэн бол “Dior”-ын бүтээлч дизайнер Стефано Пилати “Аннагийн зөвлөмж, шүүмж шинэ цуглуулга амжилттай байх гол түлхүүр болдог” хэмээсэн. Харин “Prada”-гийн өв залгамжлагч Миуччиа Прада “Анна бол салбарын хамгийн шударга, үнэнч шүүгч. Түүний үг бүр хүчтэй” гэж төмөр хатагтайн загварын мэдрэмжийг үнэлсэн байдаг. Түүний дэмжлэгээр Жон Гальяно, Александр Маккуин, Марк Жейкобс нар дэлхийд танигдсан. Хатуу боловч шударга үг хэлэхдээ эмзэглэхгүй, байр сууриа хадгалж чаддагаараа ямар хэмжээний нөлөөлөгч болохоо харуулсан. Энэ чанар нь эмэгтэй манлайлагчдад үлгэр дуурайл болдог. Анна Винтур улс төрийн баримтлалаа олон нийтэд ил тод илэрхийлдэггүй. Энэ нь мэргэжлийн төвийг сахих, загварын ертөнцөд улс төрийн нөлөөг хязгаарлах гэсэн байр суурьтай холбоотой. Харин зарим үйл явдал, ярилцлага, үйл ажиллагаанаас түүний үзэл бодлыг тодорхойлдог. Хүйсийн эрх, тэгш боломжийг дэмждэг тэрбээр эмэгтэй манлайлагч, дизайнер, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “Vogue”-ийн тусгай дугааруудыг гаргасан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих хандивын аян өрнүүлсэн. Нийгэм, боловсролын төслүүд эд идэвхтэй оролцдог бөгөөд 2020 онд “Black Lives Matter” хөдөлгөөний үеэр тусгай контент бүтээж, арьсны өнгөөр ялгаварлахыг эсэргүүцжээ. Анна Винтурын алдартай нийтлэлүүд загварын мэдээлэл бус, соёл, урлаг, нийгмийн үзэгдлийг хослуулсан бүтээлч агуулгатай. “Vogue” сэтгүүлийн толгой компани “Condé Nast” дахь Анна Винтурын манлайлал бусад медиа группт сайн жишиг болсон. Тэрбээр “Condé Nast”-ийн бүтээлч захирал, контент хариуцсан гүйцэтгэх захирлаар ажилладаг. Түүний удирдлага дор “Vogue” алдартай сэтгүүл биш, дэлхийн загварын индэр болон хувирсан юм. Анна Винтур 2008 онд хэвлэлийн түүхэн дэх хамгийн зузаан сэтгүүлийг хэвлүүлжээ. “Vogue” есдүгээр сарын тусгай дугаар 832 хуудастай байв.
“Мет Гала”-гийн зүрх
Анна Винтурыг Метрополитан музейн “Мет Гала” арга хэмжээнээс салгаж ойлгох аргагүй. Энэхүү ёслолыг хамгийн чамин, хамгийн хүлээлттэй улаан хивсний арга хэмжээ, оддын цугларалт болгосон. Урлагийг олон нийтийн соёлын төвд авчирсан нь Аннагийн алсын харааг илтгэнэ. Тэр бол бидний мэдэх “Мет Гала”-гийн зүрх. Метрополитан музейн жил бүрийн хандивын үдэшлэгийг 1995 оноос удирдан зохион байгуулж ирсэн. Үнэндээ өнөөдөр “загварын олимп” болтлоо нэр хүнд нь өссөн уг арга түүнгүйгээр төсөөлөх аргагүй. Мөн “Улаан хивсний хамгийн том үдэш” гэж тодотгох болжээ. “Мет Гала”-г музейн тухайн жилийн хөтөлбөрийг алдартнуудын уран сэтгэмжтэй уялдуулсан нь Аннагийн санаа байв. Үе үеийн ёслолоос “Heavenly Bodies: Fashion and the Catholic Imagination” буюу католик шашныг урлаг, загвараар илэрхийлсэн 2018 оны хүлээн авалт олны сэтгэлд хоногшин үлджээ. Дуучин Рианна Папын шигтгээтэй өмсгөлөөр гангарсан бол Зендаяа Жанна д’Аркийн дүрд хувирч олныг алмайруулсан. Түүнчлэн загварын хэтрүүлэг, театрлаг өнгө аяс бүхий 2019 оны “Camp: Notes on Fashion”, Америкийн загварын түүхийг өгүүлсэн 2021 оны “In America: A Lexicon of Fashion” ёслолыг дурдаж болно. Анна “Мет Гала”-д урилгыг маш нарийн зохицуулснаар үдэшлэгийг онцгой болгодог. Лэйди Гага, Рианна, Бейонсе, Ким Кардашьян нарын хувцаслалт, бүтээсэн дүр жил бүр дэлхий нийтээр шуугиан дагуулдаг. Анна Винтур “Мет Гала” ёслолыг АНУ-ын хамгийн том хандивын үйл ажиллагаа болгосон. Жил бүр 10 сая ам.доллар давсан хандив цуглардаг аж. Түүний үдэшлэгүүд яг цагтаа эхлэн хөтөлбөрөөсөө зөрдөггүй чанд зохион байгуулалттай. Тэр ч байтугай Анна загварын шоунд үргэлж цагтаа ирдэг бөгөөд хэн ч ирээгүй байхад ганцаараа шоу эхлэхийг хүлээгээд сууж байдаг аж.
Цасан хатан
Загварын ертөнцөд хурцадмаар ширүүн нийтлэлүүдээсээ болж Цасан хатан гэж хочлуулсан удаатай. Аннаг хамгийн тансаг загварын ордны эргэн тойронд анхаарлаа төвлөрүүлдэг “Хэтэрхий элитист” гэж олон нийт шүүмжилдэг. Зарим нь түүнийг энгийн уншигчдын хэрэгцээ, хүртээмжийг үл тоодог хэмээнэ. Ямартай ч бүх цаг үед “Chanel” түүний дуртай брэнд байсан. Карл Лагерфельдтэй удаан хугацаанд хамтран ажиллахдаа “Chanel”-ын үдэшлэг, шинэ цуглуулгын шоуны тэргүүн зочин байсан. Карл Лагерфельд нэгэнтээ “Анна бол миний хамгийн сайн шүүгч. Тэр ямар нэгэн шинэ загвар, дизайнерыг үнэлэх төгс мэдрэмжтэй” хэмээжээ. Анна Винтур загварын түүхэнд “Хатан хаан” хэмээх хүндэт цолтой мөнхрөх нь гарцаагүй. Түүний аав Британийн армийн ахмад Чарльз Винтур Английн алдартай редакторуудын нэг. Ховорхон бичдэг нийтлэлдээ зохиолчдыг хатуу үгээр булдаг байв. Түүний өдрийн од шиг номын шүүмжийг тухайн үеийн хэвлэлийн зах зээлд өгсөн дүгнэлт гэдэг. Аавынхаа нөлөөгөөр Анна багаасаа уран бүтээлч сэтгэлгээтэй, ажигч, шинийг сонирхогч болон төлөвшжээ. Бага сургуулийн дүрэмт хувцсаа хүссэнээрээ өөрчилдөг байсан нь түүнийг үргэлж эрх чөлөөт, өөрийнхөөрөө зан чанартай байсныг илтгэнэ. Аннагийн үс засалт гадаад төрхөөс илүүтэй загварын хатан хааны хэзээ ч давтагдахгүй имижийг тодотгодог. Тэрбээр 1988 оноос хойш үсний тайралтаа өөрчлөөгүй. Мөн үнэртэй усаа ч солилгүй “Chanel No.5”-даа үнэнч өнөөдрийг хүрсэн. Энэ үнэртэн түүний сонгодог, даруухан имиж, “Vogue” дахь дүр төрхтэй зохицдог. “Форбс” болон бусад эх сурвалжийн мэдээллээр Анна Винтур 50 сая ам.долларын хөрөнгөтэй. Нью-Йоркийн Гринич Виллаж дэх Викториан хэв маягтай байшин, Лонг Айлендын хуучны эдлэн, Лондон дахь орон сууц гээд түүний эзэмшдэг үл хөдлөх хөрөнгүүд түүхийн өнгө аястай. Хувийн амьдралаа дэлгэдэггүй төмөр хатагтай 1984 онд сэтгэл судлаач Дэвид Шаффертай гэрлэв. Тэдний хүү Чарльз Шаффер хуульч, охин Шельби Брайн телевизийн продюсерээр ажилладаг. Анна гэр бүлээ олон нийтийн анхаарлаас хол байлгахыг хичээдэг. Анна Винтур "Чөтгөр Прада өмсдөг" номын ачаар 2003 онд олон нийтэд танигдав. Энэхүү номыг түүний туслахаар ажиллаж байсан Лорен Вайсбергер бичжээ. Хожим нь уг романыг дэлгэцийн бүтээл болгоход Анна Винтураас санаа авсан дүрийг жүжигчин Мерил Стрийп бүтээсэн. Сэтгүүлийн хатуу редактор, ажилтнуудынхаа амьдралд хүчтэй нөлөө үзүүлэгч хатагтай Миранда Приестлийн дүр шууд утгаараа Анна Винтур биш ч гадаад төрх, хэв маяг зэрэг олон шинж чанарыг тусгажээ. Киноны нээлтэд очихдоо Анна “Прада”-гаар гангарчээ. Киноны хоёрдугаар ангийн зураг авалт өдгөө 76 настай Анна Винтурыг ерөнхий редакторын суудлаа шилжүүлсэн үйл явдалттай давхацсан нь үзэгчдийн анхаарлыг татлаа. Хэдийгээр редакцын өдөр тутмын ажилд шууд оролцохгүй ч, загварын ертөнцийн хэтийг чиглэсэн шийдвэр гаргагч хэвээр үлдэж байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №036/24663/ дэх дугаарын цахим сониныг ЭНД-ээс уншина уу.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна