​ Ц.Гантулга: С.Данзан Монгол Улсад зах зээлийн нийгэм хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан



Монгол Ардын Намын анхны дарга Солийн Данзан эх орон тусгаар тогтнолын төлөө их жанжин Д.Сүхбаатар болон бусад нөхдийн хамтаар "Зүүн хүрээний нууц бүлгэм" байгуулан МАН-ыг байгуулжээ.  Энэ талаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн ЭША Г.Ариунтуяагийн МУБИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн профессор, доктор Ц.Гантулгатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

 

-МАН-ын тулгын чулууг тавилцсан, анхны дарга С.Данзангийн гарал угсааны талаар асууж ярилцлагаа эхэлье?

-XX зууны Монгол Улсын түүхэнд нэр, мөрөө тод үлдээсэн хүн бол Солийн Данзан. Энэ эрхэмбол тухайн үеийн Сайн ноён хан аймгийн Сүжигт Засгийн хошуу, одоогийн Архангай аймгийн Хотонт суманд 1885 онд төрсөн, өөлд угсааны хүн.  Манжийн сүүл үеийн, Богд хаант Засгийн эхэн үеийн, улмаар Ардын хувьсгалын  үйл хэрэгт анхнаасаа идэвхийлэн оролцож зүтгэсэн. Хоёр нууц бүлгэмийн нэг буюу “Зүүн хүрээний нууц бүлгэм”-ийг үүсгэн сэдэж, санаачлан, МАН-ыг байгуулалцсан түүхтэй зүтгэлтэн.

-С.Данзан судлал хэзээнээс түүхэнд бичигдэж эхэлсэн бэ?

-1920-оод оны эхэн үеийн Монголын түүхийг судалсан эрдэмтдийн бүтээлд Солийн Данзангийн нэр бичигдэж байсан. Гэхдээ С.Данзанг тусгайлан бие даасан бүтээл болгон  судалсан бүтээл 1980-аад оны сүүл хүртэл байгаагүй. Цаг төр өөр болж, урин цагийн ардчилал, шинэчлэлийн салхи сэвэлзсэн цаг үеэс эхлээд 1921 оны хувьсгалын зүтгэлтнүүдийн талаар тухайн үеийн Нийгмийн ухааны институтийн ахмад эрдэмтэн, судлаачид цуврал ярилцлага, лекц зохион байгуулж байлаа. Тэр хүрээнд манай ахмад, нэртэй түүхч Даш гуай анх С.Данзангийн тухай сонирхолтой сэдвээр илтгэл хэлэлцүүлж, бид тухайн хэлэлцүүлэгт оролцож байсан. Ингээд Даш гуай анх “Солийн Данзан”-гаар тусгай товхимол гаргасан. Сүүлд З.Лонжид багш, О.Батсайхан нар  хамтарч “Жанжин С.Данзан” бүтээл гаргасан байдаг. 1990-ээд оноос өмнө С.Данзанг хувьсгалын эсэргүү, ардын дайсан гэдэг утгаар авч үздэг байсан учир нээлттэй сэдэв биш байлаа. Тэр байтугай С.Данзангийн зураг, хөргийг ил гаргадаггүй, түүний гавьяа зүтгэлийг үгүйсгэж, харлуулж, бусдад түүний үйл хэргийг тохоод, түүхийн хуудсаас арчсан цаг үеийг бид туулсан.

-Энэ эрхэм хүмүүний төрд зүтгэсэн үеэс дурдвал?

-1910 онд хүрээнд орж ирсэн. Их хөлийн газар “хөлөө олж” амьдрахын тулд арилжаа наймаа хийж, хилийн дээс алхаж,  Орос орны зах зухтай танилцаж, нүд нээсэн байдаг. Энэ нь  ч хожмоо хувьсгалын их үйл хэргийг эхлүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн талтай. С.Данзан бол манжийн бурангуй засгийн бие төлөөлөл. Өөрийн биеэр хууль, цаазын хатуу ширүүнийг үзэж явсан. Нутаг орон, бусад хошууны аж амьдрал, ард түмний дотор орж, танилцсан, хол ойрын хүмүүстэй үзэл бодлоо илэрхийлэн явж, үзэл санаа нь төлөвшсөн. Иймээс ч 1915 онд төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж, тухайн үед Сангийн яаманд зөвлөх түшмэл байсан Козейны удирдлага дор гаалийн яаманд бичээчээр албан ажлаа эхлээд түшмэл болтлоо дэвшсэн байдаг. Тийм ч учраас “Гоожингийн Данзан”, “түшмэл Данзан” гэж нэрлэсэн нь эрхэлж байсан ажил, төрөлтэй нь холбоотой. Би архивын сан хөмрөгөөс түшмэлээр дэвшиж ажилласан баримтыг олж, өөрийн бүтээлдээ оруулсан. Тухайн баримтаар бол 1916 оны гуравдугаар сард түшмэлийн албан тушаалд дэвшиж ажилласан нь баримтаар нотлогддог.

-Сангийн яам улсын эдийн засгийг хөрөнгөжүүлэхэд санал, санаачилгатай ажиллаж байсан хүмүүсийн нэг гэж болох нь ээ?

-Тийм ээ, анхнаасаа арилжаа наймаа хийж, зах зээлийн харилцаанд “хөл тавьсан”, тодорхой хэмжээний мөнгө, санхүүгийн мэдлэг, чадвар хуримтлуулсан байсан. Төрийн албанд зүтгэсэн,  судалгааны экспидицэд оролцсон зэрэг нь хожмоо Сангийн яаманд зүтгэх суурь нь болсон. Улс орныхоо хувь заяа, хэтийн төлөв, хөгжил дэвшлийн талаар боддог, сэтгэдэг  гэгээлэг зүтгэлтнүүдийн  нэг нь С.Данзан. 1917-1918 оны Монголын автономитыг цуцлах асуудал сөхөгдөж эхлэхэд “Энэ байдлаараа цаашаа явахгүй. Үүний эсрэг тэмцэх ёстой” гэдэг бодол тээж явсан. Тэр ч утгаараа Д.Догсомын дурдатгалд “Нэг өдөр зүүн Сэлбийн гүүрэн дээр С.Данзантай тааралдаад явахдаа улс орны талаар ярилцаад үзэл санаа нэг болохоо мэдсэн. Дараагаар нь Ө.Дэндэвтэй уулзсан.  С.Данзан Ө.Дэндэв, Д.Догсом гурав нийлж уулзалдаад  “Зүүн хүрээний нууц бүлгэм”-ийн тулгын гурван чулууг тавьсан тангарагт нөхөд.

-Яагаад тус тусдаа нууц бүлгэм байгуулагдсан бэ?

-Эхэн үедээ бүлгэмүүд тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан. 1919 оны эхээр хоёр бүлгэм  хамтарч, их үйл хэргийн төлөө эргэлт буцалтгүйгээр зүтгэхээ илэрхийлж,  хадган дээр сүүгээр бичээд тангараг өргөсөн байдаг. Эх оронч хүчнүүд салангид тусдаа үйл ажиллагаа явуулах биш, нийлж нэгдээд, нэгдсэн зохион байгуулалтад хүчээ нэгтгээд цааш тэмцвэл амжилтад хүрнэ гэдэг үзэл санаан дор хамтарсан. Энэ нэгдэл нь хожмын  МАН гэдэг улс төрийн хүчний суурийг тавьсан юм.  

Цаашлаад  С.Данзан, Д.Сүхбаатар нар 1920 оны хоёрдугаар сард  Оросоос тусламж гуйх гэж яваад хил гарч чадалгүй буцсан. Ингээд тухайн оны гуравдугаар сард Зөвлөлтөөс хүн ирж, нууц бүлгэмийнхэнтэй нууцаар уулзах хэл хүргүүлж, уулзсан байдаг. Энэ зөвлөгөөн дээрээ улс төрийн хүчин байгуулж, Монгол Ардын Нам гэж нэрлэх шийдэлд хүрсэн гэж  Д.Догсом гуай хожим дурсамждаа тэмдэглэсэн байдаг. Ингээд С.Данзангийн ширээний хөлөөр Д.Бодоо “Монгол Ардын Нам” гэдэг модон тамга сийлээд, албан ёсны нэр, тамгатай улс төрийн хүчин болж бүрэлдэх эхлэл тавигдсан. Энэ бол МАН-ын үүсэл гэж хэлж болно. Дараагийн зөвлөгөөнөөс Зөвлөлт Орос улс руу явах төлөөлөгчдийг ээлж дараалан, сонгон томилж явуулсан. Эх сурвалждаа “шодсон” гэдэг. Хоёр бүлгэмийн төлөөлөгчийн хувьд анх С.Данзан, Х.Чойбалсан хоёр тусламжийн хэргээр түрүүлж мордсон нь санамсаргүй тохиолдол биш гэж үздэг.

-Үндэсний мөнгөн тэмдэгтийн эхийг бэлдэж, хэвлээд бэлэн болгосон байсан?

-Сангийн сайдын хувьд Зөвлөлтөөс тусламж, дэмжлэг гуйхаар удаа дараа явж байсан хүний хувьд С.Данзан “Улс орон өөрийн гэсэн бие даасан үндэсний  мөнгөн тэмдэгттэй болох нь санхүү, эдийн засгийн нэг том баталгаа” гэж үзэж байсан.

Энэ утгаараа тодорхой хэмжээний ханштай мөнгөн тэмдэгттэй болох нь чухал гэж үзээд 1921 оны намар Зөвлөлтөд айлчлах үеэрээ тусгайлан тохиролцсон нэг зүйл нь “Монголд доллар гэдэг үндэсний мөнгөн тэмдэгттэй болох”. Хожим түүхэнд “С.Данзангийн доллар” гэж нэрлэгддэг долларыг Зөвлөлтөд тоо хэмжээг нь нарийн тохиролцож хэвлүүлсэн. Харамсалтай нь, үйл явдлын цаашдын өрнөл С.Данзангийн хэвлүүлсэн долларыг гүйлгээнд гаргах боломж олгоогүй. Энэ бол улс төрийн гадаад, дотоод хүчин зүйлтэй холбоотой. С.Данзангийн анхнаасаа тавьж байсан шаардлагад “Монгол туургатныг нэгтгэж, Тагна, Туваг өөртөө авах, ах дүү өвөрмонголчуудаа өөртөө нэгтгэх” үзэл санаатай байсан. 1911 онд нэгдсэн Монгол Улсаа сэргээх эх орончдын зорилго 1921 онд ч үргэлжилсэн. Энэ үзэл санаа 1920-оод оны Монголын төрийн бодлогын түвшинд байсан юм. Монголын цаашдын  хувь заяаны асуудал дээр Э.Ренчино ялгаатай, зөрчилтэй байсан. Энэ зөрчил нь явсаар байгаад 1924 оны МАН-ын III Их хурал дээр дээд цэгтээ хүрсэн. Энэ хурал дээр Э.Ренчино хэлэлцэх асуудалд багтаагүй сэдэв гаргаж ирж хэлэлцүүлснийг С.Данзан эсэргүүцсэн. Ингээд энэ хоёрын зөрчил эцэстээ тулж, С.Данзанг өчиггүйгээр хорооход хүрсэн. С.Данзан бол “Монгол орон хөрөнгөлөг ёсны замаар хөгжих ёстой” гэдэг байр суурин дээр хатуу байсан.  Нийгмийн шат алгасаж болохгүй. Монголын нийгмийн дараагийн шат “Хөрөнгөтний нийгмийн шат” байна гэсэн байр сууриа илэрхийлсэн. Энэ нь Элбэгдорж Ренчиногийн баримталж байсан “Нийгэм журмыг байгуулах, хөрөнгөтний нийгмийн алгасах” байр суурьтай авцалдахгүй байсан хэрэг. Тиймээс л С.Данзанг зайлуулахгүйгээр Монгол орон цаашаа нийгэм, журмын замаар замнаж болохгүй байсан. Хэдийгээр тухайн үед намын дарга биш ч III Их хурлаас С.Данзангийн хүсэлд нийцсэн шийдвэр гарах магадлал илүү байсан.

-С.Данзангийн улс төрийн зорилго, үзэл баримтлалыг нийтэд нь дүгнээд хэлэхгүй юү?

-Нэгдүгээрт, С.Данзан бол эх оронч хүн. Эх орон, үндэсний эрх ашгаа дээдэлдэг. Эх орныхоо төлөө бие сэтгэлээ зориулсан, үзэл бодлынхоо төлөө туйлбартай зогссон. Хоёрдугаарт, С.Данзан бол хөрөнгөлөг этгээдийн төлөөлөл. Зах зээлийг таньсан, ухаарсан. Монгол Улсад зах зээлийн нийгэм хэрэгтэй гэж үздэг. Энэ байр суурин дээрээ хатуу зогсдог, чөлөөт эдийн засгийн сэтгэлгээтэй. Бүх монгол туургатныг нэгтгэхийн төлөө анхнаасаа зүтгэсэн. Гуравдугаарт, бүх цэргийн жанжин байсны хувьд цэргийн зүтгэлтэн. Тэрбээр Монгол ардын цэргийг үүсгэн байгуулах, бэхжүүлж хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Өөрийн итгэлт зүтгэлтэн Д.Сүхбаатар жанжны үйл хэргийг үргэлжлүүлсэн хүн. Д.Сүхбаатарын оршуулга дээр С.Данзан “Д.Сүхбаатар бид хоёр ихэр хоёр хурга шиг бие биетэйгээ ижилдэж, салшгүй хамт явсан” гэж хэлсэн байдаг. Тэр утгаараа Д.Сүхбаатар жанжны үйл хэргийг чадварлагаар үргэлжлүүлсэн.

-Намын байгууллага, инс­титутид үзэл санаагаа хэрхэн шингээж байсан бэ?

-МАН-ыг улс төрийн хүчин болгоход гардан хэрэгжүүлсэн хүн нь С.Данзан. 1921 оны гуравдугаар сарын 1-3-нд болсон Анхдугаар хурлыг С.Данзан биечлэн зохион байгуулж, улс төрийн илтгэлээ тавьсан. Илтгэлдээ Зөвлөлт Орос улсаас тусламж гуйснаа хэлсэн. МАН-ын эрмэлзэх 10 зүйлийг сонордуулж, батлуулж, өөрөө намын анхны даргаар сонгогдсон. Нам гэдэг улс төрийн институтийг жинхэнэ утгаар нь байгуулж, хөрөнгө санхүүг бий болгох, эгнээг нь өргөтгөх ажиллагааг МАН-ын анхны даргын хувьд С.Данзан хийсэн. Тийм учраас МАН-ын үүсэл, цаашдын бэхжилт, улс төрийн нам болж төлөвших үйл хэрэг, зүтгэлийн үр дүнд хожмоо МАН бие даасан эрх баригч хүчин болж төлөвшин гарч ирсэн байдаг.

Н.Энхбат

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №008/24683/ дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.98
2026/03/03
0
0
Зах зээлийн нийгмийн дүр төрх нь дайн хийдэг АНУ юм
Хариулах
Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/01
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31