Улс төрийн нам бол орчин үеийн төрийн тогтолцооны салшгүй хэсэг. Өнөөдөр намгүйгээр сонгууль, парламент, Засгийн газар, ардчиллыг төсөөлөхөд бэрх. Тэгвэл эдгээр нам олон зууны турш нийгмийн зөрчил, эрх мэдлийн тэмцэл, үзэл санааны хөгжлийн үр дүнд аажмаар бүрэлдэн тогтсон. Дэлхийн улс төрийн намуудын түүх бол ардчилал, эрх мэдэл, үзэл суртлын тэмцлийн урт замнал юм. Орчин үеийн намын эхлэлийг XVII зууны Англид тавигдсан гэж үздэг. Тухайн үед хааны эрх мэдлийг дэмжигч Тори, парламентын эрхийг хамгаалагч Виги хэмээх хоёр бүлэг үүсэж, эрх мэдлийн төлөө тууштай тэмцэж эхэлсэн нь улс төрийн зохион байгуулалттай өрсөлдөөний анхны хэлбэр аж.
Англид эхэлсэн үйл явц удалгүй Атлантын цаад эрэгт үргэлжилжээ. АНУ-ыг тунхагласны дараа холбооны засаглалын эрх мэдлийн асуудлаар маргалдсан улстөрчид Ардчилсан, Бүгд найрамдах намыг байгуулжээ. Ийнхүү улс төрийн нам нь төрийн бодлогын чиглэлийг тодорхойлох гол механизм болон төлөвшсөн юм. Аж үйлдвэрийн хувьсгал Европыг өөрчилж, хотжилт, ажилчин анги бий болов. Сонгуулийн эрх өргөжихийн хэрээр намууд олон нийтийн дэмжлэгт тулгуурласан массын бүтэцтэй болж эхэлжээ. Их Британид Консерватив, Либерал нам улс төрийн өрсөлдөөнийг тогтмолжуулсан бол Германд 1863 онд байгуулагдсан Социал демократ нам ажилчин ангийн улс төрийн дуу хоолойг илэрхийлэв.
Энэ үед либерализм, консерватизм, социализм зэрэг үзэл суртал намуудын үндсэн тулгуур болж, улс төрийн талцлыг тодорхойлжээ. Ийнхүү XX зуун гарахад улс төрийн намуудын үүрэг ч өөрчлөгдлөө. 1917 оны Оросын хувьсгалын дараа коммунистууд төрийн эрхийг дангаар барьж, нэг намын тогтолцоонд шилжжээ. Нөгөө талд Европт фашист, нацистууд хүчээ авч, Италийн Үндэсний фашист намыг Бенито Муссолини, Германы Нацист намыг Адольф Гитлер удирдан тоталитар дэглэм тогтоосон юм. Дэлхийн II дайны дараа улс орнууд хоёр туйлд хуваагдаж, барууны орнуудад олон намын тогтолцоо хадгалагдсан бол социалист орнуудад нэг намын засаглал тогтов. 1990-ээд оны эхээр социалист систем задран унаснаар Зүүн Европт олон намын ардчилал дахин сэргэжээ. Улс төрийн намуудын түүх бол эрх мэдлийн төлөөх тэмцэл төдийгүй иргэдийн дуу хоолойг төрд хүргэх механизмын хөгжил юм.
Дорнын улс төрийн зураглал
Азийн улс төрийн намуудын түүхийг Европ, Америктай харьцуулахад харьцангуй залуу ч богино хугацаанд олон хэлбэрээр хөгжсөн. XX зууны эхэн үед бүс нутагт улс төрийн хөдөлгөөн идэвхэжсэн эмзэг үе байв. Энэ хугацаанд улс төрийн намууд, хөдөлгөөнүүдийн гол зорилго нь гаднын дарлалын эсрэг тэмцэх, үндэсний эрх чөлөөний үзэл санаанд чиглэжээ. Энэ бол хүн ам, эдийн засаг, геополитикийн нөлөөгөөрөө дэлхийн хамгийн чухал бүс. Эрх баригч намуудын бүтэц, үзэл баримтлал, тогтолцооны ялгааг судалснаар улс төрийн зураглалыг ойлгоход дөхөм болдог. Азид нэг намын социалист системээс эхлээд олон намын өрсөлдөөнт ардчилал хүртэлх өөр өөр систем зэрэгцэн оршдогоороо онцлог. Нэг намын тогтолцоотой орнуудад нам нь төрийн бүх түвшинд хүчтэй эрх мэдэлтэй. Олон намын орнуудад намууд сонгогчдын оролцоонд тулгуурлан төрийн эрхийг авахын төлөө өрсөлддөг. Гэхдээ нийтлэг тал нь эрх баригч намууд эдийн засгийн өсөлт, үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг улс төрийн гол тулгуур болгодогт оршино.
Азийн улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намыг 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулсан. Бүс нутгийн эрх баригч намуудтай харьцуулбал хөрш орнуудтай дипломат, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, Азийн худалдаа, дэд бүтэц, эрчим хүчний төслүүдэд оролцдог. Иймд олон улсын ажиглагчид Монгол Ардын Нам Азид энх тайван, тэнцвэрт гадаад бодлогоороо нэр хүндтэй гэж үздэг.
Азийн төдийгүй дэлхийн хамгийн том улс төрийн хүчин бол БНХАУ-ын Коммунист нам. Тус намыг 1921 оны долдугаар 23-нд байгуулсан, өдгөө 100 сая гаруй гишүүнтэй. Мао Зедун 1949 онд БНХАУ-ыг тунхагласнаар Коммунист нам төрийн эрхийг авчээ. Нэг намын социалист засаглалын хүрээнд төрийн түвшинд эрх мэдлийг төвлөрүүлдэг. Гишүүд нь төр, боловсрол, аж үйлдвэр зэрэг салбарт ажиллаж, намын бодлого, үйл ажиллагааг бодитойгоор хэрэгжүүлдэг. Гишүүнчлэл нь засаглал, нийгмийн зохион байгуулалт дахь хүчирхэг нөлөөг илэрхийлдэг. Намын дээд байгууллага нь таван жил тутам хуралддаг. Коммунист намын Төв хороо, Улс төрийн товчоо, Байнгын хороо нь бодит шийдвэр гаргах төв байгууллагууд юм. Хятадын Ардын чөлөөлөх арми намын шууд удирдлагад байдгаараа онцлог.
Дэлхийн хэмжээнд хамгийн олон гишүүнтэй улс төрийн хүчин бол Энэтхэгийн Бхаратия Жаната нам. Ойролцоогоор 180 сая гишүүнтэй. 1990-ээд оноос олон нийтийн идэвх, үндэсний үзэл баримтлалын хүчээр парламент болон төв Засгийн эрхийг барьдаг. Тэдний өрсөлдөгч Энэтхэгийн Үндэсний конгресс нам 60 сая гишүүнтэй. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс улбаатай тус нам XX зууны турш төв Засгийн эрхийг барьсан. Вьетнамын Коммунист нам зургаан сая гишүүнтэй бөгөөд нэг намын засаглалтай системд улс орны бодлого, хөгжлийн чиг хандлагыг удирддаг. Лаосын улсын эрх баригч Лаос Ардын Хувьсгалт намыг 1955 онд байгуулжээ. Марксизм, ленинизмийн үзэл баримтлалтай бөгөөд төр, нийгмийг удирддаг цор ганц улс төрийн хүчин юм. Лаос Ардын Хувьсгалт нам 1975 онд хаант засгийг халж, Бүгд Найрамдах улсаа тунхагласнаар төрийн эрхийг бүрэн авсан. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь улсын Ерөнхийлөгчийн албыг хавсран хашдагаараа онцлог.
Нэг нам давамгайлсан социалист тогтолцоотой БНАСАУ-ын эрх баригч нам бол Солонгосын Хөдөлмөрийн нам. Тус нам улс төр, төрийн бүх эрх мэдлийг төвлөрүүлэн удирддаг. Чучхэ үзэл баримтлалтай Солонгосын Хөдөлмөрийн намыг 1945 онд байгуулжээ. Төр, арми, нийгмийн бүх байгууллагыг нам удирддаг. Улсын бодлого, удирдлага Намын төв хороогоор дамжин хэрэгждэг. Японд Либерал Ардчилсан нам Засгийн эрхийг хэрэгжүүлж байна. Тус нам 1955 оноос улс төрд давамгай байр суурь эзэлж ирсэн. Консерватив, эдийн засгийн либерализм, үндэсний аюулгүй байдлыг чухалчилсан үзэл баримтлалтай. Дайны дараах Японы эдийн засгийн хурдацтай өсөлтийн үеэс Засгийн эрхийг барьсан. Эдийн засгаараа Азийн топ гурван улсад багтдаг БНСУ-д Ардын хүч нам эрх барьж байна. Консерватив чиг баримжаатай улс төрийн хүчнүүд нэгдэн 2020 онд байгуулжээ. Өмнө нь Сэнури, Ирээдүйн нэгдсэн нам нэртэйгээр бодлого явуулж байсан байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №008/24683/ дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна