“Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан. Үр ачдаа бид хүлээлгэж өгнө.
Туг, сүлд, тусгаар тогтнол, тулгын гурван чулуу, тулсан голомтоо өвөг дээдсээсээ бид хүлээж авсан. Үр ачдаа бид хүлээлгэж өгнө.
Сансарт ниссэн гавьяа, атрыг хагалсан түүхтэйгээ, сайн бүхнийг нэмж бүтээсэн түүхтэйгээ,
Ураг элгэнээ улам олон болгож, ус нутгаа улам сайхан болгож,
Тэнгэрээ цэлмэг, нараа тунгалаг өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан. Үр ачдаа бид хүлээлгэн өгөх болно...”
Ийнхүү Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийн баярын хурал гуравдугаар сарын 1-нд Тусгаар тогтнолын ордонд боллоо.
Одоогоос 105 жилийн тэртээ Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн мандуулах зорилготой “Анхны долоо” буюу Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Д.Догсом, Х.Чойбалсан, Д.Лосол нар Монгол Ардын Намыг 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулснаар Ази тив дэх анхны улс төрийн нам мэндэлсэн түүхтэй.
МАН үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийн арга хэмжээнд МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар болон намын Нарийн бичгийн дарга нар, намын удирдлагаар ажиллаж байсан хүндтэй хүмүүс, ахмад гишүүд, залуучууд, иргэд олноор оролцлоо.
Мөн МАН-ын Хяналтын ерөнхий хороо, дэргэдэх байгууллагуудын удирдлагууд, Засгийн газар, УИХ-ын гишүүд, орон нутаг болон анхан шатны намын байгууллагын төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм.
Эрх чөлөөний замыг нээх иж бүрэн зураглалаа тодорхойлж, “E-4 стратеги”-гаа баталлаа

МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монголын шашин үндэс ба олон түмэн ардыг гал усны гашуун зовлонгоос гэтэлгэж, амар түвшнийг олох замыг нээгдүүлэн соёрхох андгай тангараг тавьсан эх оронч хөвгүүд тусгаар тогтнолын төлөө цохилох зүрх, алдрах амь нэгдэн Монгол Ардын Намыг үүсгэн байгуулсан билээ. МАН-ын түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүх юм.
Цагийн сорилтыг давсан, тулсан бэрхийг туулсан Тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын 105 жилийн зузаан цадиг юм. Бүх нийтийн бичиг үсэг, соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аж үйлдвэрийн салбарууд цэцэглэн хөгжсөн. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур зэрэг хотуудыг сүндэрлэн босгосон. БНМАУ-ыг урлан бүтээсэн. Хүний эрхийг дээдэлсэн. Ардчилсан нийгэм, олон намын тогтолцоо, чөлөөт эдийн засгийн харилцаанд шилжсэн хуудас бүхэн түүхэн өөр өөр үе шатны бодлогыг тодорхойлж, монголчуудын сэтгэл зүрхэнд бичигдсэн 105 жилийн их түүх юм.
МАН-ын үе үеийн гишүүд оройлон манлайлж, эх орныхоо тусгаар тогтнолыг амь биеэрээ хамгаалсан, үндэстний хөгжил, дэвшил өөд тэмүүлсэн их түүхийг хойч үе нь болсон бид хэрхэвч мартах учиргүй. Үе үеийн олон зуун мянган гишүүд, нам, төрийн зүтгэлтнүүдийн эх орон ард түмнийхээ төлөө зориулсан амь, урсгасан хөлс, үзэл санаа, үйлс зорилго нэгтэй зүтгэлийн үр дүнд МАН ард түмний нам болон бэхжин төлөвшсөн юм.
Түүхэн ойг тэмдэглэхийн утга учир нь түүнээс ухааран суралцаж, алдаа оноог нь шүүн тунгаахад оршдог. МАН-ын 105 жилийн түүхээс ухааран суралцахын учир нь асгарсан цус, алдарсан амь, асар их үнээр тулж босгосон “Эрхэмлэж яваарай” хэмээн машид итгэн, хойч үедээ захиж үлдээсэн Тусгаар тогтнолоо дархлан бататгахын төлөө шинэ түүхээ бүтээх нь өнөөгийн бидний өндөр их хариуцлага, үүрэх ачааг ухамсарлахад оршиж байна.
“Монгол олон аймгийн амьтны эрх мэдлийг мандуулан, дарлал боолчлолын зүйлүүдийг устган, олон үндсэн улсын адил аливаа эр чадал, эрдэм мэдлэг, эрдэм билиг юүгээ бадруулан гэгээрүүлж, улам улам боловсрон хэн бүхэн тэгш жаргацгаахыг хүснэ. Монгол ард олны эрх мэдлийг эрхэмлэх, Монголын төрийг босгох” хэмээх МАН-ын түмэнд тунхаглан зарлах бичиг, Хичээн эрмэлзэх зүйл, Ардын намын анхны дарга С.Данзангийн хөгжлийн үе шатыг үл алгасан, усны гүехнээс гүнд дэвших “Иргэн баян бол улс баян” хэмээх үзэл санаа, намын анхны мөрийн хөтөлбөрийн эх зохиогч Ж.Цэвээний “Улсын эрх болбоос хүний эрхүүдийг дарлах, цаазлах үгүйгээр мандуулан хэрэглэж чадваас сая улс хүчирхэг болмуй” хэмээх үзэл санаа өнөөдөр ч гүн утга учиртай, үнэ цэнтэй хэвээр оршсоор байна.
МАН-ын анхнаасаа сахин баримталсан “Үндэсний, ардчилсан дэвшилтэт үзэл санаа, Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө, өнөөгийн нийгэм, цаг үеийн эрэлт хэрэгцээ, олон нийтийн хүсэл шаардлага, тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор бататгах, дэг журам нь хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхийн цаг төрийн байдал, орчин үеийн намуудын өөрчлөлт, шинэчлэлт зэргийг иш үндэс болгон МАН үүсэн байгуулагдсаныхаа 105 жилийн ой, Эх орончдын баярын босгон дээр, гал морин жилийн гарааны зурхай дээр МАН-ын бага хурлын II хуралдаанаа хийж, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-өө хэлэлцэн, бодлогын баримт бичиг болгож, ард түмэндээ танилцууллаа. Эрх чөлөө бол иргэн төрийн итгэлцэл юм. Эрх чөлөө бол хүч юм. Эрх чөлөө бол тусгаар тогтнол, эв нэгдэл, шударга ёсны баталгаа юм. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амьсгалах агаар юм. Энэхүү үзэл санаа, итгэл үнэмшлээр эрх чөлөөний замыг нээх иж бүрэн зураглалаа тодорхойлон, бид хамтдаа гаргаж чадлаа” хэмээв.
МАН-ын дарга Н.Учралын дэвшүүлж, Бага хурлын II хуралдаанаар “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-өө хэлэлцэн, бодлогын баримт бичгийг баталсан билээ. Эрх чөлөөний дөрвөн зам” нь:
• Эдийн засгийн чөлөөлөлт,
• Эрх зүйн чөлөөлөлт,
• Ногоон хөгжлийн чөлөөлөлт
• Авлигын эсрэг чөлөөлөлт гэсэн дөрвөн үндсэн зорилтоос бүрдэж байгаа.
Эдийн засгийн чөлөөлөлтөөр хүний хүслийг хяссан, хувийн хэвшлийн өсөн дэвжих орон зайг хаасан төрөөс чөлөөлөх бол Эрх зүйн чөлөөлөлтөөр хүний үндсэн эрхийг хязгаарлаж, зөрчсөн, хийдэж, давхардсан хууль, журмын гох дэгээд тайлж, чөлөөлнө. Харин Ногоон хөгжлийн чөлөөлөлтөөр нар, салхины их өгөгдөл, нөөцөө ашиглаж, түлш, шатахуун, эрчим хүчний хараат байдлыг бууруулан гэрэл асааж чөлөөлнө.
Тэгвэл “Авлигын эсрэг чөлөөлөлтөөр бүх монгол хүний илүү боломжийг булаасан хээл хахуулийн гинжийг тасалж чөлөөлнө. Авлигын эсрэг чөлөөлөлтийг Ардын нам өөрөөсөө эхлүүллээ. Улс төрийн нам ёс зүйн өндөрлөгөө бат сахин, дүрэм журмаа чандлан мөрдөж, өөрийгөө буруу буртгаас цэвэрлэн чөлөөлөх чадвартай улс төрийн зориг зүрхтэй байх ёстой. Ууган улс төрийн хүчний энэхүү жишгийг бусад улс төрийн намууд дэмжиж, авлига, албан тушаал, ёс зүйн ноцтой зөрчлөөс өөрсдийгөө чөлөөлж эхэлнэ гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээн Ардын намын дарга хэлсэн үгэндээ онцолсон юм.
Мөн МАН-ын цаг үеийн сорилт, бэрхшээлийг даван туулж, бодлого шийдлийн, орчин цагийн нам болж төлөвших “Гишүүн төвтэй E-4 стратеги”-аа хэрэгжүүлэхээр Бага хурлын II хуралдаанаас хэлэлцэн баталсан. “Гишүүд нь идэвхтэй, бүтээлч, санаачилгатай, эрх тэгш оролцдог. “Гишүүд нь намаа хамтдаа удирддаг, гишүүд нь шийдвэр гаргадаг, үнэлж дүгнэдэг, шүгэл үлээдэг, дарга төвтэй биш гишүүн төвтэй нам болж чадсан цагт “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэсэн эрхэм зорилгоо биелүүлж чадах болно” гэдгийг МАН-ын дарга Н.Учрал тодотголоо. Цаашлаад хил хязгааргүй даяаршил, мэдээллийн технологи, хиймэл оюун, уур амьсгалын зэрэг өөрчлөлтөд дасан зохицсон дотоод ардчилал, идэвхтэй оролцоонд түшиглэж тулгуурласан, гишүүдээ сурган бэлтгэх, шалгаран манлайлах эко системийг бүрдүүлж чадсан, шинэлэг орчныг бүрдүүлсэн дижитал нам болж төлөвших “E-4 стратеги” бүх шатанд орон даяар хэрэгжиж эхэллээ.
Я.Содбаатар: Монгол Улс өнгөрсөн 30 жилд эдийн засгаа хамгийн хурдтай хөгжүүлсэн дэлхийн 50 орны нэг болсон

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар үг хэлсэн юм. Тэрбээр “МАН үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэх хүрээнд өнгөрсөн 105 жилийн түүхийг залуу хойч үедээ сурталчлан таниулах чиглэлээр нэлээд олон ажлыг санаачлан хийж байна. МАН-ын түүх бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын түүх. МАН-ын түүх бол XX зууны их бүтээн байгуулалтын түүх байдаг. МАН-ын Бага хурлын II хуралдаанаар Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд ямар гараанаас эхэлж, ямар амжилт бүтээлийг бий болгож, ямар зүйл дээр алдаж оносноо хэлэлцэн ярилцлаа. Монголчууд бид 1990 оныг картын бараатай, 300 хувийн инфляцтай, нэг хүнд ногдох ДНБ 368 ам.доллартай тэнцэх, 5-6 аймаг л байнгын эрчим хүчтэй, бусад нь эрчим хүчээ дизелиэр ажиллуулж авдаг, Улаанбаатар хотоос зөвхөн гурван аймаг руу чиглэсэн засмал замтай улсыг эхлүүлсэн.
Өнөөдөр 21 аймаг 110 гаруй сум эрчим хүчинд холбогдож, 21 аймаг, Монгол Улсын томоохон бүх боомт нь хатуу хучилттай авто замаар холбогдож, монголчууд бидний дундаж наслалт 70 гарсан, 30 жилийн хугацаанд эдийн засгаа хамгийн хурдтай хөгжүүлсэн дэлхийн 50 орны нэг болсон гээд олон амжилт бүтээлтэй угтаж байна. Энэ түүхэн амжилтыг бүтээхийн тулд МАН-д саналаа өгч, МАН-ыг эрх баригч хүчнээр ажиллуулсан нийт иргэд сонгогчдодоо талархал илэрхийлж, амжилт хүсье. Энэ бүгдийг хамтдаа бүтээсэн нийт ард иргэд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, хөдөлмөрч ард түмэндээ дахин талархал илэрхийлсэн юм.
МАН шинэ гишүүдээр эгнээгээ тэллээ
"Эх орончдын өдөр”-өөр МАН шинэ гишүүдээр эгнээгээ тэллээ. МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар, намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, Б.Пүрэвдагва, М.Цэлмүүн нар намын шинэ гишүүдэд батлахыг нь гардуулсан юм.
Энэ өдөр Булган аймгийн Хангал сумын хоёрдугаар багийн малчин Х.Эрдэнэбулган, trends.mn судалгаа нийтлэлийн платформын эрхлэгч, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ, МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын дөрөвдүгээр курсийн оюутан, SDS хүртээмж клубийн зохицуулагч Б.Энхсайхан, Монголын электрон спортын холбооны үүсгэн байгуулагч, “Шинжьюкү” ХХК-ийн захирал М.Майсайхан, “UAP LLC-Юу Эй Пропертиз” ХХК-ийн захирал А.Урангоо, Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэтуяа, дуучин, Соёлын тэргүүний ажилтан Б.Алтанжаргал, хамгийн залуу нь 18 настай оюутан С.Сувд гээд салбар салбарын төлөөлөл болсон манлайлагч залуус МАН-д элсэн орлоо. Ингээд МАН-ын шинэ гишүүдийн байр суурийг хүргэе.
Х.Эрдэнэбулган: Эдийн засгийн чөлөөлөлт бол малчин өрхөд хүрэх чухал хэрэгцээ, шаардлага юм

/Булган аймгийн Хангал сумын хоёрдугаар багийн малчин/
-Хөдөө малчны хот тэлж, нялх төлийн дуу цангинаж эхэлсэн урин цаг ирж байна. Би Монголын төрд урин цаг ирж байгаа гэж ойлгож байна. Сүүлийн үед язгуурын монгол хүнийг таньж, мэдэрч эхэлж байна. Ер нь монголчууд бид хэн байсан, ирээдүйд хэн байх вэ гэдэг үзэл санаа монгол хүн бүрийн цээжинд асаж эхэлсэн гэдэг мэдрэмжийг аваад байна. Ерөнхий сайд Г.Занданшатарын “Цэгцрэх хөдөлгөөний төвд Монгол хүн байгаа гэдэг нь надад таалагдсан. МАН-ын дарга Н.Учралын хэлсэн “Дөрвөн чөлөөлөлт” дотроос эдийн засгийн чөлөөлөлт гэдэг бол малчны хотонд, малчин өрх айлд очих маш чухал хэрэгцээ, шаардлага гэж би харж байгаа. Малчин хүн, малчин айлаас бид ирээдүйн хөгжлийн чиг баримжааг харах ёстой. Учир нь Монголын нийт өрхийн 30 орчим хувь нь хөдөө орон нутагт, говь, тал хээрийн бүс нутагт язгуурын соёлоо хадгалаад нүүдлийн бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлээд амьдарч байна. Энэ 30 хувийн ахуй амьдрал, өрхийн орлого өсөн нэмэгдэнэ гэдэг Монголын эдийн засагт маш чухал үзүүлэлт болно. Тиймээс Монгол төрийн бодлого Монголын мал аж ахуй, малчид руу чиглэсэн цогц шинэчлэлийн ажлуудыг хийж, хэрэгжүүлэхээр яригдаж, малчдын төлөөллийг оролцуулж байгаад туйлын их баяртай байна. Монголын сэргэн мандалт бол малчин хүний сэтгэлгээ, оюун санааны үндэс дээр суурилах ёстой. Монголын сэргэн мандалт бол язгуурын монгол хүн, нүүдэлчин хүний зан суртахуун, хүмүүжил дээр суурилах ёстой. Монголчуудын сэргэн мандлын үндэс бол малчин өрх айлын амьжиргаа, өрхийн орлого нэмэгдэж, дундаж болон түүнээс дээш давхарга руу шилжин орсноор тодорхойлогдоно.
Б.Болор-Эрдэнэ: “Чөлөөлье” уриалгад би үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдэж байна
/Trends.mn судалгаа нийтлэлийн платформын эрхлэгч, нийтлэлч/
-Аливаа улс төрийн намд түүхэн насжилт, улс төрийн тогтолцоондоо цөм үүрэг гүйцэтгэх үе ирдэг. Цаашид МАН XX зууны тусгаар тогтнолоо сэргээн мандуулах, XXI зууны ардчилсан хөгжлийн алдаа оноо, туршлагыг хуримтлуулаад тогтолцоондоо цөм үүрэг гүйцэтгэх нас биед хүрч байна гэж үзсэн. Үүнд нь өөрийн үүргийг гүйцэтгэх хүсэл зорилготойгоор энд зогсож байна. Тухайн намын дарга, манлайлагчийн хамтаар түүхийн шинэ хуудас эргэдэг. Эрх чөлөөг сахин хамгаалах, сэргээн мандуулах, хувь хүний бүтээх, хөгжих боломж ба хүсэлт эрмэлзлийг чөлөөлөх үзэл санаагаа нэн тодорхой, бүрэн дүүрэн эрмэлзэлтэй илэрхийлж байгаа намын залуу дарга Н.Учралын "Чөлөөлье" уриалгад би үзэл бодол, итгэл үнэмшлийн хувьд нэгдэж байгаа.
Цаашид улс орондоо хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, өв болсон эрх чөлөөг бататгах, түгээн дэлгэрүүлэх, монгол хүний язгуурын эрх чөлөөний мэдрэмжийг улам улам хөгжөөн бадраах зорилгоор би та бүхэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байна.
Би Монголдоо ирээд 10 орчим жил эрх чөлөөний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор бичиг цаас нийлүүлэн зүтгэж ирлээ. Цаашид уншсан, бичсэн, ярьсан зүйлээ улс төрийн том институцийн суурь бааз намын дарга, удирдлагууд, гурван үеийн гишүүдтэй гар нийлэн хэрэгжүүлж, эх орныхоо өөрчлөлт шинэчлэлтэд хувь нэмэр оруулах боломж гарна гэдэгт итгэл төгс байна.
МАН-ын 105 жилийн түүх, тусгаар тогтнолоо бататгаж, өөрчлөлт шинэчлэлт хийх зорилт дүүрэн байсан тул хувьсгалт тэмцлийн агуулгатай ойлгогдож, дайчин, баатар тэмцэгчдээ магтан алдаршуулах талд явж ирсэн. Ойн энэ өдөр намын анхны дарга С.Данзангаас эхлээд Ардын нам бол цэрэг, армийн төдийгүй шашин соёл, бичиг үсгийн үндэсний сэхээтнүүдийн үүсгэн байгуулсан нам бөгөөд тэдний сэтгэлгээ, бичиг зохиолын эх өвөөс мэдэж, өнөөг хүрснийг сэргээн санах цаг боллоо гэж үзэж байна. Миний бие уншигчдаас сэтгэл өвөрлөсөн бичгийн мөхөс Ардын намын анхдагч сэхээтнүүдийн сүнсийг дуудаж, Монгол орны оюун санааны сэргэлт, соён гэгээрлийн үйлд хүчин зүтгэх хүсэлтэй байна.
Б.Алтанжаргал: МАН-ын дарга Н.Учралын залуу хүний хурц, дайчин зан чанарыг дэмжиж байна

/Уртын дуучин, СТА/
-Аливаа улс үндэстний харилцаа соёл, урлагаар дамжиж байдаг. Өөр өөрсдийн үндэстний соёл урлагийг бие биедээ танилцуулж, улс хоорондын харилцаа үүсэж явдаг. Миний бие энэ цаг үед үндэстнийхээ, улс орныхоо ондоошлыг тив дэлхийд танилцуулах үүрэгт ажлаа хийж явна. 105 жилийн түүхийг бүтээсэн МАН-д өнөөдрийн улс орны хөгжлийг түүчээлэн, тодорхойлох чин сэтгэлтэй эрхмүүд үеийн үед байсныг тунхаглан зарлахад таатай байна. Би МАН-ын дарга Н.Учралын залуу хүний хурц, соргог, дайчин зан чанарыг дэмжиж, нэгдэж байна. Үндэсний дуу, хуурыг авч яваа хүний хувьд хажууд нь зөв багана болж зогсохыг хичээж явна.
Ийнхүү МАН-д шинээр гишүүнээр элссэн хүмүүс байр сууриа илэрхийллээ. Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 105 жил, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан МАН-аас түүхэн баримтат кино хийснийг баярын хурлын үеэр толилууллаа.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонины №009/24684/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна