Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 105 жилийн ойд зориулан Монгол Ардын Намын түүхээр цуврал ярилцлага хүргэж байгаа билээ. Энэ удаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн ухааны доктор Я.Содбаатартай Түүхийн ухааны доктор, профессор С.Чулууны хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Монголын XX түүх бол үндсэндээ тусгаар тогтнолын түүх. Энэ тусгаар тогтнолын түүх дотроо 1921 оны үйл явдал салшгүй үүд нь юм. Энэ хувьсгалыг ихэнх хүмүүс 1911 оны тасалдсан шинж чанарыг үргэлжлүүлж, цааш нь бүрэн гүйцэд ялалтад хүргэсэн гэж ярьдаг. Эндээс ярилцлагаа эхэлье.
-1911 онд Богд хаан болон Чингисийн алтан ургийн угсааны Сайн ноён хан Т.Намнансүрэн, Чин ван М.Ханддорж нар үндэсний ардчилсан хувьсгалыг хийсэн. Дараагаар нь 1918-1919 онд удирдлагын түвшинд зөвхөн Богд хаан, Манзушир хутагт, Жалханз хутагт нар Хятад болон Орос, бүс нутагт болж байгаа үйл явц зэрэг гадаад, дотоод нөхцөлд “Бид тусгаар тогтнол олж авна” гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Энэ талаар Монголын түүхийн талаар 1930-аад онд гарч байсан бүтээлд гурван шалтгаан дурдсан байдаг. Нэгдүгээрт, гадаад нөхцөлөөс үүдсэлтэй. Хоёрдугаарт, дотоодод дарлал, мөлжлөг хэтрээд үймээн самуун их байсан. Гуравдугаарт, Монголын эдийн засгийн нөхцөл хүнд байсан. Ингээд манай Ардын нам үүссэн шалтгаан ч үүнтэй холбоотой. Д.Бодоо Оросод болж байгаа үйл явдлын талаар мэдээлэл авдаг. Д.Бодоогийнд Х.Чойбалсан байсан. Тэд Жамъян гуайнд очиход хүргэн Д.Лосол, шавь Д.Сүхбаатар нар нь байсан гэдэг. Энэ хүмүүс 1919 оны сүүлээр анхны уулзалтуудаа хийсэн түүхтэй.
-Ер нь уур амьсгал, үйл явц уялдаатай өрнөсөн гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ, түшмэл, сэхээтнүүд, нийгмийн дээд давхрагынхны дунд үйл явц өрнөсөн байдаг. Тэд нөхцөл байдлаа дүгнэж, ярилцсан.
Анхны Засгийн газар байгуулахад Богд хааны дэмжлэг их байсан
-Тухайн үед чинь Д.Бодоо Богдын Засгийн газрын сургуулийн багш. Д.Сүхбаатар Хужирбулангийн цэрэг гээд бүгдээрээ Монголын байдлыг мэддэг түшмэлийн бүлэг байх нь ээ?
- Тухайн үед манай улс Улсын дээд, доод хуралтай. Улсын доор хурал дээр Д.Догсом, С.Данзан гээд хүмүүс нийгэм, эдийн засгийн амьдралын талаар саналаа хэлж, шүүмжилдэг байсан. Эндээс “түшмэдийн бүлгэм”, “ноёдын бүлгэм” гарсан байдаг. МАН-ын анхны дарга С.Данзан Харбинд очиж, нийтлэл бичиж, сонин, сэтгүүл гаргаж байсан үе.
МАН-ын үүсэн байгуулсан зорилгодоо “Шашин, үндсээ хамгаалж, ядуу дордсын туйлыг дэмжиж, дарлах, дарлагдах ёсыг хална” гэж заасан байдаг. Үүнд шашнаа ч, үндэс угсаа, газар нутаг, тусгаар тогтнолоо хамгаалан авч үлдэхийг зорьсон. Тухайн үед оюун санааны хувьд ч, улсын хувьд ч наймдугаар Богд хаан үндэсний хэмжээний удирдагч байсан. Тиймээс Богд хааны оролцоог товойлгох ёстой.
-Манай залуу үе 1920-1921 оны үйл явцыг хэдэн хүн нийлж, сэм хуйвалдаж, нам байгуулж гэж хараад байдаг. Гэтэл таны ярьсанаар нөхцөл байдал нь өөрөө үйл явцыг шахсан. 1911 оны Тусгаар тогтнолын амтыг мэдэрсэн хүмүүс. 1911 он ч мөн шашин буюу үзэл санаагаа хадгалж үлдэхээр зорьсон байдаг.
-Тийм ээ, 1911 оны үндсэн үзэл санаа 1921 онд биежиж, бодитой болж ирсэн.
-Энэ бол “экспортын хувьсгал” биш дотоодоос үүссэн шаардлага байна, тийм үү?
-МАН-ын анхны хурлыг гуравдугаар сарын 1-нд хийсэн шалтгааныг Оросоос нөлөөлсөн гэж үздэг. Гэтэл 1920 оны зургадугаар сарын 20-нд үндсэн зүйлээ хийсэн байсан. Д.Сүхбаатар нар Орос руу явж ирээд, тангаргийн гэрээний асуудлаа ярьсан. Цаг үеийн байдал нь Монголд хуралдах нөхцөл бүрдээгүй. Хүрээ цагаатны хяналтад орсон. Харин Богд хааны оролцоо их өндөр байсан. Жишээлбэл, Дүйнхэр бурхныг Ардын нам бүтээж, “Анхны долоо”-д зүүж өгөөд, өөрийн дотоод цамцаа тайлж Д.Бодоод адисласан гэх мэтчлэн Богд хааны дэмжлэг их байсан.
-Богд хэрвээ дэмжээгүй бол сонин. Богдын Засгийн газрын Ерөнхий сайдын шавь Д.Бодоо, Г.Чагдаржав нар Анхны Засгийн газарт багтсан.Анхны Засгийн газар байгуулаад Богд хаантай тангарагийн бичиг байгуулсан байдаг. Монголчуудын хүсэл, эрмэлзэл дээр тулгуурсан Засгийн газар байгуулсан гэж болох уу?
-Орчин үеийн улс төрийн хэллэгээр Эвслийн Засгийн газар байгуулсан. “Анхны долоо”-гоос Д.Бодоо Ерөнхий бөгөөд Гадаад хэргийн сайд, Д.Сүхбаатар Бүх цэргийн жанжин, С.Данзан Сангийн сайд. Гэтэл “Түшмэдийн нам”-ын Магсаржав Шүүх яамны сайд, Дотоод хэргийн яамны сайд Да лам Пунцагдорж. Д.Бодоогийн дараа Жалханз хутагт Ерөнхий сайдаар томилогддог. Засгийн газарт бүлгэмүүдийн төлөөлөл багтсанаас гадна Богдын эрх үүргийг тодорхой зааж өгсөн. Богд хаантай таван сайд харьцахаар гэрээндээ тусгасан байдаг. Энэ бол төрийн бүтэц, уламжлалаа их тооцож хийсэн ажил.
-1921 оны хувьсгалын үйл явцыг харахад бүх зүйл санамсаргүй хийгээгүй. Яагаад үндэсний хувьсгал гэж нэрлэж байгааг тодотгохгүй юу?
-Ардын нам байгуулсан нь нийгмийн захиалга байсан. Тусгаар тогтнолоо хамгаалж, шашин, үндсээ бататгах үндэсний ардчилсан үзэл санаан дээр энэ хүмүүс Богд хаан болон алтан ургийн угсааны ноёд, сэхээтнүүдтэйгээ нийлж хувьсгал хийсэн. Хятад, Оросын бүс нутгийн геополитикийн асуудал дээр монголчууд өөрсдийн орны тусгаар тогтнолоо авч гарсан түүхэн үйл явц.
Цэвээн Жамсран гуайн бичсэн “Монгол газар бошгийг халах явдлын тулгар болсон товч түүх “ гээд 1926 онд гарсан бүтээл бий. Тэр дотор “Олноо өргөгдсөн Цагаан сард Ардын намыг ёслон, хувьсгалын төр хэмээн гал улаан тугийг барьж, ариун шашин хэмээн гал шар тугийг намилзуулан өргөв” гэсэн байдаг.
Би өнөөдөр “Анхны долоо”-гийн түүхэн үүргийг нийгэмд гаргах ёстой гэж боддог. Тиймээс өнгөрсөн жил МАН “Анхны долоо” сан байгуулаад, Монгол Улсыг босгож ирсэн түүхэн үүргийг таниулахыг зорьж байна.
“Анхны долоо” Монголын нийгэм, эдийн засгийн амьдралын долоон салбарыг үүсгэсэн
-“Анхны долоо”-г харахаар бие биенээ нөхсөн, чиглэл чиглэлийн хүмүүс байна гэж харж болох уу?
-“Анхны долоо” бол Монголын нийгэм, эдийн засгийн амьдралын долоон салбарыг үүсгээн байгуулсан эцгүүд гэж хэлж болно. Тухайлбал, Д.Сүхбаатар орчин үеийн цэрэг, аюулгүй байдлын батлан хамгаалах салбар. Бүх цэргийн жанжнаар ажиллаж байхдаа гаргасан шийдвэрүүдийг нь харахад манай батлан хамгаалах салбарын суурийг тавьсан байдаг. Г.Чагдаржав гуай бол Англи, Армени орж, Харилцан турших хоршоог байгуулж, худалдааны салбарыг босгосон хүн. Гэтэл Д.Бодоо гадаад харилцаа, төрийн бичгийн суурийг тавьж, соён гэгээрүүлсэн. Д.Лосол гуай намын Хяналтын байгууллагыг олон жил удирдсан хүн. Төрийн хянан шалгах байгууллагын үүслийг тавьсан. Одоогийн хяналт, шалгалтын байгууллагын үндсийг тавьсан хүн. С.Данзангийн өөрийнх нь амьдралын замнал их. Монголын санхүү, эдийн засгийн салбар энэ хүнтэй салшгүй холбоотой. Тэр үеийн гадна, дотных хүмүүстэй харилцаад, ард олны амьдралтай танилцсан хүн. Д.Догсом гуай бол маш том бичгийн хүн. “Догсом хурц” гэж тухайн үедээ хамгийн том бичгийн хэргэмтэй. Одоогийнхоор бол академич. Тиймээс “Анхны долоо”-гийн мэдлэг, чадвар, эрдэм боловсрол тусгаар тогтносон Монголын үндэс суурийг тавьсаныг нийгэмд сайн таниулах ёстой гэж боддог. Х.Чойбалсан бол анхнаасаа Д.Бодоогийнд байсан.
-“Анхны долоо” Монголын хувь тавилангийн суурийг тавьсан. Үүний дараагаар Анхдугаар Үндсэн хуулийг батлах явц хэрхэн өрнөсөн бэ?
-1921 оны Ардын хувьсгал ялаад, намар нь Түр хурал байгуулсан. Тэр үед Тангаргийн гэрээ Үндсэн хуулийн акт болсон. Эндээс Богд хаан, Засгийн газар, яам, тамгын газар тус тусдаа юу юу хариуцахаа хэлэлцэж байгаа юм. Улсын хурал бий болгоод хамжлагат ёсыг халаад Бүгд найрамдах засаглал руу орох шийдвэрүүдээ гаргадаг. Ингээд Үндсэн хуулийн эхийг боловруулах албан ёсны комисст С.Магсаржав, Цэвээн Жамсран, Бат-Очир гурав багтсан. Бичгийн энэ эрхмүүд олон орны хууль судалсан байдаг. Ингээд Анхдугаар Үндсэн хуулийг анхны боловсруулсан үндэсний ардчилсан үзэл санаан дээрээ тулгуурлан баталсан. 1924 оны Анхдугаар Үндсэн хууль батлахын өмнө Д.Бодоо, Д.Сүхбаатар нас барсан.
Богд хаан тавдугаар сард нас барсан. Гэтэл итгэж, түшиж байсан Орос нь “Гадаад Монгол танайх” гэдэг гэрээг Хятадтай гэрээ хийсэн. Тиймээс Оросуудтай ойлголцож, түшиглэх зүйл болсон. Үндсэн хууль баталсан процесс амаргүй болсон байдаг. Үзэл санааны хувьд ч хуваагдаад, дахиад том хэлмэгдүүлэлт явсан байдаг. Энэ бүхний ард “Тусгаар тогтносон Бүгд найрамдах Улс” гэдэг тусгаар тогтнолоо баталгаажуулаад авсан нь том зүйл. Бүх хувьсгал Үндсэн хуулиа баталж байгаа ялалтаа бататгана. Сонгох сонгогдох, эмэгтэйчүүдийн эрх гээд маш олон зүйлийг тусгасан. 1940, 1960, 1992 оны гээд дөрвөн Үндсэн хуульдаа “Тусгаар, Бүрэн эрхт Монгол Улс” гэдгийг бататгаж өгсөн. Бүх Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг тусгаж өгсөн байдаг.
-Монголчууд анхны төрт улс Хүннү, Шаньюй-гийн үеэс наран, саранг шүтдэг. Эзэн Чингис хааны наран, Өндөр гэгээний наран, саран, Богд хааны соёмбо үсэг... гээд. Хэдийгээр Зөвлөлтийн нөлөө Үндсэн хуульд байсан ч төрийн бэлгэдлээ солиогүй?
-Үндсэнээ хамгаална гэдэг нь энэ. Үндэс гэдэг чинь бэлгэдэл, төрийн ёс. Газар улсын үндэс гэж бүх хуульд байгаа.
“МАН өөрөө хэлмэгдсэн”
-МАН удирдаж байх үетэй холбоотой улс төрийн хэлмэгдүүлэлтийн нөхцөл байдлын талаар дурдахгүй юу?
-Бид хэлмэгдүүлэлтийг учир шалтгаанд нь холбож үзэх ёстой. Би МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд биш XX зууны эхэн үеийн түүхийг судлалыг уншсан хүний хувьд хэлэхэд “МАН бол өөрөө хэлмэгдсэн”. Намын Их хурлууд ойр ойрхон болсон байдаг. 1934 онд намын IX Их хурал хуралдсаны дараагаар 1940 он хүртэл Их хурлаа хийж чадаагүй. Яагаад гэвэл хурал хуралдуулах бүтэцгүй болсон. Учир нь одоогийнхоор Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаад Их хурлаа зарлах ёстой. Гэтэл маш олон хэлмэгдүүлэлт яваад, тэр бүтцүүд нь хурдан солигдсон. 1940 онд МАН-ын X Их хурал хуралдахад Х.Чойбалсан л үлдсэн байдаг. Тиймээс нам өөрөө хэлмэгдсэн байлаа.
-“Шинэ эргэлтийн бодлого”-оор сэргээх засах гэж оролдог байдаг?
-Үндэсний хөрөнгөтнүүдийг дэмжих, үйлдвэржилтийн бодлогын хүрээнд гадныхантай хамтрах оролдлого хийж байна.
-Улс орны эдийн засаг ямар нөхцөлд байсан бэ?
-1911 оны үндэсний хувьсгал, 1921 оны ардын хувьсгалтай эдийн засаг холбогддог. 1921 оны хувьсгалын дараагаар Монгол Улс өөрийн гэсэн төсөв, үйлдвэр заводгүй байлаа. Тиймээс Оросоос гурван сая төгрөг зээлсэн. Оросууд зээлсэн мөнгөө хянах хүн явуулаад, анхны төсөв, орлого, зарлагыг нээж өгсөн. Үүнтэй зэрэгцээд үйлдвэрлэлийн процесс явсан байдаг. Манай амьжиргааны түвшин ч хүндэрсэн үе. Эдийн засгийн үндсэн бодлогыг 1923 онд батлаад 1940 онд хүртэл хэрэгжүүлсэн байдаг. Үндсэн суурь нь мал аж ахуйг хөгжүүлэх. Эдийн засагчийн хувьд С.Данзан гэдэг хүний маш том оролцоо эдийн засгийг сэргээхэд нөлөөлсөн.
XX зууны эхэн үед эдийн засгийн суурийг сайн тавьсан. 1920-иод оны сүүлээр Архины үйлдвэр, Талх чихрийн цех, аж үйлдвэрийн комбинат, худалдааны сургууль байгуулсан. Германуудтай хамтраад геологийн лаборатори, америкуудтай экспидиц хийж баялаг судаллаа. С.Данзан өөрөө экспидицид явсан. Тиймээс Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Монголын төрийн барьж ирсэн үндсэн үзэл баримтлал нэг шугамд дээр буюу тусгаар тогтнол гэсэн байр суурь дээрээ байсан. Ер нь XX зуунд 200 жилд алдсан тусгаар тогтнолоо олж, сэргээн мандаад эхэлсэн. 1945 онд бид НҮБ-ийн бүрэн эрхт улс болж чадсан. 1990 онд өнөөгийн ардчилсан бүрэн эрхт Монгол Улс оршиж чадсан. Өнөөдрийн олон улсын нөхцөл байдал дунд “Монгол хожиж гарах” хэрэгтэй.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонины №009/24684/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна