Монгол Ардын Намыг үүсгэн байгуулсан 105 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Т.Баасансүрэнтэй ярилцлаа.
-“Нэг намын түүх яагаад нийт монголчуудын түүх болчихдог юм бэ” гэж асуух хүн олширсон учраас хамгийн түрүүнд танаас энэ асуултад хариулт авъя. Дэлхийн улс оронд 30-40 жилийн хугацаанд өрнөсөн нийгмийн өөрчлөн байгуулалтуудыг Монгол Ардын Намын зөв бодлого төлөвлөлт, ард түмний хувьсгалт урам зориг, хичээл зүтгэлээр 3-4 жилийн дотор хийж чадсанаараа хөгжил дэвшилд хөтөлжээ. Ингэж өөрчлөлтийг оновчтой эхлүүлэхэд хүргэсэн Ардын намын гол хүчин зүйл нь юу байсан гэж та судлаачийн хувьд дүгнэх вэ?
-Гүн гүнзгий утга учиртай. Улс төрийн нам бол үзэл санаа, үйлс зорилго хийгээд үнэт зүйлсээрээ нэгдэж нийлсэн хүмүүсийн нэгдэл юм. Яах гэж тэр вэ гэвэл, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, хөгжил дэвшлийг хошуучлан манлайлж, хүн ардынхаа аж амьдралыг дээшлүүлэх үйлсэд мэдлэг туршлагаа бүрэн зориулж, амь биеэ хайрлахгүйгээр насан турш зүтгэнэ гэсэн сэтгэл, итгэл дээр нийлж нэгдэж байгаа юм. 1919-1920 онд нийслэл Хүрээнд анх байгуулагдсан хувьсгалчдын хоёр бүлгэмийн үндсэн зорилго энэ. Эрмэлзэх арван зүйлдээ өөрсдийн үйл хэргийн зорилгоо яг ингээд тодорхойлоод биччихсэн. Манжийн 220 жилийн боолчлол дарлалаас ангижран эрх чөлөөгөө олж авч, тусгаар тогтнолоо мандуулна. 1911 оны эрх чөлөөний хувьсгалыг үргэлжлүүлж Монголын газар нутгаас гамин, цагаантныг хөөн гаргана. Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Монгол Улсаа байгуулна. Тусгаар тогтнолоо дэлхий дахинд тунхаглан зарлана. Дундад зууны үеийн хоцрогдсон Монгол Улсаа сэргээн мандуулж хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг чиг хандлага, голдиролд оруулж хөгжүүлнэ гэдгээ ил тод зарласан. Хорин онд хоёр бүлгэм нэгдэж нийлээд Тангаргийн гэрээ байгуулахдаа ч, хожим 1921 оны гуравдугаар сарын 1-нд Анхдугаар их хурлаа хуралдуулж МАН-ын хөтөлбөрөө батлахдаа ч ингэж үйлс зорилгоо тов тодорхой илэрхийлсэн байдаг. Монголд үүсэн байгуулагдсан анхны улс төрийн хүчин МАН-ын түүх нийт монголчууд, Монгол Улсын түүх болсны учир утга энэ. Монгол Улсын өнгөрсөн түүх, МАН-ын 105 жилийн түүхэн замналыг ялгаж салгаж зааглах ямар ч аргагүй.
Улс төрийн нам хөдөлгөөн олон улс оронд урт удаан замыг туулж байж эрийн цээнд хүрч тэмцлийн зорилгоо амьдрал практикт хэрэгжүүлсэн байдаг. Бараг гуч, дөчин жилээр яригдах байх. Энэ бол маш нарийн төвөгтэй нийгмийн чухал үзэгдэл. Гэтэл Монголын хувьсгалчид гурав, дөрөвхөн жилийн дотор намаа үүсгэн байгуулж хөл дээр нь босгоод, бүх ард түмнийг араасаа дагуулж, өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлж чадсан нь гайхмаар. Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө эрхэмлэгч гал халуун зүрх сэтгэлтэй Солийн Данзан, Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан нарын зэрэг анхны долоо, тэдний хамтран зүтгэгчдийн эр зориг, эрэлхэг тэмцлийг бишрэхгүй байхын аргагүй. Эх орон, газар шороо, Монгол Улс, монгол түмнээ гэсэн нугаршгүй чин зориг, тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө амь бие үл хайрлан эцсээ хүртэл тууштай тэмцэх цусан тангараг тэднийг нэгтгэж, ган адил бат цул итгэл үнэмшил нь хөдөлгөх гол хүч болж байсан болов уу. Тэдний судсаар эрэлхэг зоригт өвөг дээдсийнх нь халуун цус буцалж байсан гэдэгт итгэлтэй байна. Үүсэж буй болоод 106 дахь жилийнхээ түүхийг бичиж байгаа “Монголын үнэн” сонины өнгөрсөн он жилүүдийн шарласан хуудсууд үүнийг гэрчилнэ. Эдгээрээс ганцхан баримтыг тодотгож хэлье л дээ. МАН бол “Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа мөн” гэж олон хүн хэлдэг, зарим түүх судлаач ч тэгж бичдэг. Энэ үнэн. 1911 оны эрх чөлөөний хувьсгалыг үргэлжлүүлж 1921 оны Ардын хувьсгалыг мандуулаад, эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхаглан зарласан. Анхны хөтөлбөрийн зорилтуудаа хэрэгжүүлсэн. 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнаар тусгаар тогтнолоо улам бэхжүүлсэн. 1945 оны аравдугаар сарын Бүх ард түмний санал асуулгаар үүнийгээ бүр баталгаажуулж, 1961 онд БНМАУ-аа Нэгдсэн үндэстний байгууллагын бүрэн эрхт гишүүн болгож чадсан. Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын бүх гишүүн оронтой дипломат харилцаатай, олон арван улстай худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт өргөн дэлгэрээр хамтран ажилладаг орон болжээ. Зуун жилийн өмнө Монгол нутгаар дайран өнгөрөгч гадаадын нэг биш аялагч жуулчлагч “Чингисийн монгол үндэстэн хүн төрөлхтний түүхээс бүрмөсөн гээгдэж, дэлхийн газрын зургаас Монгол Улс арчигдлаа” гэж бичиж байсан нь худлаа биш шүү дээ. Эл баримт ихийг өгүүлж байгаа биз.
-МАН 1921 онд Ардын хувьсгалыг мандуулах үйл хэргийг ийнхүү оройлон манлайлжээ. XX зуунд Монголд болж өнгөрсөн хоёр дахь буюу 1991 оны Ардчилсан хувьсгалын өрнөлтөд улс төрийн ууган хүчин ямархуу байдлаар хандсан гэж та боддог вэ?
-105 жилийн түүхтэй МАН үүсэн байгуулагдахаасаа эхлээд Монголын ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч байсныг огтхон ч мартаж болохгүй. 1920 онд Хүрээний нууц хоёр бүлгэм нэгдэхдээ ч бидний адил Монгол Улс, монголчуудын төлөө зүтгэх улс төрийн өөр нам буй болбол хамтран ажиллаж хүчээ нэгтгэхэд бэлэн байна гэдгээ тэмдэглэж байжээ. Энэ санаа бодолдоо үнэнч гэдгээ эрх баригч МАХН-ын (тухайн үеийн)удирдлага 1991 онд бүрэн гүйцэд харуулж чадсан. Монголд шинээр үүсэн байгуулагдсан улс төрийн залуу хүчнүүдийн шаардлагад хүндэтгэлтэй, тэвчээртэй хандаж эрх баригч МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон билээ. Бусад улс оронд, тухайлбал социализмын замаар замнагч Румынд гэхэд бослого тэмцэл цус урсгах хэмжээнд хүрч эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчөө гэргийтэй нь хамт буудан хороож байсан тохиолдол бий.
Манайд тийм зүйл болоогүй. МАХН өөрийгөө эрс шийдвэртэйгээр өөрчлөх, намын дүрэм, хөтөлбөрөө үндсэн агуулгаар нь шинэчлэх замаар үлгэр жишээ манлайлал үзүүлж БНМАУ-ын Үндсэн хууль дахь “МАХН бол улс нийгмийг удирдан жолоодох улс төрийн цорын ганц хүчин мөн” гэдэг заалт бүхий агуулгаас татгалзаж, 1992 оны шинэ Үндсэн хуулийг боловсруулан бүх ард түмнээр хэлэлцүүлж батлуулсан. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг Монгол Улсад бүтээн байгуулна гэж тунхаглан зарласан. 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их хурлын 400 гаруй депутатын дал гаруй хувь нь МАХН-ын гишүүд байсан гэдэг биз дээ. Монголд шинээр үүсэн байгуулагдсан улс төрийн бусад шинэ хүчний төлөөлөл ч Үндсэн хуулиа боловсруулж батлуулахад идэвхийлэн оролцсон. Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл нь 1992 оны шинэ Үндсэн хууль болсон гэж хэлж болно. Эрх баригч МАХН 1990 оны хувьсгалт хөдөлгөөнд улс төрийн ууган хүчний буурь суурь зааж нэн ухаалгаар хандаж түүхэн чухал сорилтыг нэр төртэйгөөр давж гарч чадсан билээ.
Мухардалд орсон социализмаас татгалзаж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин, ардчилсан нийгмийн олон чухал үнэт зүйлийг Монголынхоо хөрс шороонд нутагшуулж эхэлсэн. Өнгөрсөн зууны наяад оны сүүлчээр хэвлэл мэдээллийн цензурыг халж, олон ургалч үзлийг дэлгэрүүлэн, улс орноо олон намын системд шилжүүлсэн. Эрх чөлөө, хүний эрх жинхэнэ утгаараа Монголд бодит утгаараа бүрдсэн. Зөвхөн өөрийнхөө мэргэжлийн салбартай холбогдуулж хэлэхэд л Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Иргэдийн мэдээлэл олж авах эрх, ил тод байдлын тухай, МҮОНРТ-ийн тухай зэрэг суурь хуулиуд батлагдан хэрэгжсэн. Би зөвхөн өөрийнхөө салбараар жишээ авч нэрлэв. Энэ мэтээр бүх салбарт хэлэх үгтэй, хийсэн ажилтай гэдэгт эргэлзэхгүй байна.
Монголд өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх нийгмийн урьдач нөхцөлийг бүрдүүлэх, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг нутагшуулах үйл хэрэгт МАН-ын төв индэр болсон “Монголын үнэн” сонин чухал үүрэг гүйцэтгэж, өөрийн жинтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэе. 1921 оны Ардын хувьсгал, 1991 оны Ардчилсан хувьсгалын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд “Монголын үнэн” сонин хамгийн зөв байр суурин дээр баттай зогссон байдаг. Тийм учраас би “Хоёр хувьсгалыг мандуулахад хосгүй гавьяа байгуулсан хэвлэл” гэж хэлэх дуртай.
-Хөгжлийн төв нь боловсролтой, эрүүл монгол хүн болохыг Монгол Ардын Нам эртнээс тодорхойлж ажилласан нь өнгөрсөн түүхээс харагдаж байна. Хүн ардаа бичиг үсэгтэй болгох, эрүүл монгол хүнийг төлөвшүүлэхийн тулд ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн талаар товч дурдана уу?
-1921 онд Ардын хувьсгалыг мандуулаад эрх баригч МАН-аас эх орондоо хэрэгжүүлж чадсан эргэлтийн чанартай гайхамшигт том амжилтад тал бүрийн өв тэгш боловсролтой, эрүүл саруул цоо шинэ монгол хүнийг буй болгож төлөвшүүлсэн баримт тэргүүн ээлжид дурдагдах ёстой. Таван зуухан мянган хүн амтай, цөөн тооны сэхээтэн, лам хуваргуудыг эс тооцвол бараг бүх нийтээрээ бичиг үсэггүй иргэдтэй монгол орныг хүлээж авсан МАН хүн амаа 3.5 саяд хүргэж, бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсаныг түүх гэрчилнэ. Монгол Улсад боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй хэрэгжиж эхэлсэн. Зөвхөн нийслэл хотноо төдийгүй 21 аймаг, 330 сумандаа ерөнхий боловсролын сургуулиудтай болсон. 1940-өөд онд байгуулагдсан МУИС маань өнөөдөр бүл нэмж их, дээд сургуулиуд Монголд хэдэн арваараа тоологдох болжээ. Олон улсын нэр хүндтэй байгууллага ЮНЕСКО-гийн алтан медалийг хүртсэн баримт хуучраагүй байна. ХБНГУ, Скандинавын цөөн тооны улс орныг эс тооцвол дэлхий даяараа олон улс оронд дээд боловсрол өнөөдөр ч өндөр үнэ өртөгтэй хэвээрээ байгаа.
Өнгөрсөн зууны хорь, гуч, дөчөөд онд Монголд яр тэмбүү зэрэг нийгмийн халдварт өвчин хот хөдөөгүй нийтлэг тархацтай, хүмүүс нь бөөс хуурсандаа баригдсан, сумын төвүүд халуун усгүй, заримд нь эмнэлэг, улаан булан ч байхгүй л байсан шүү дээ. Өнөөгийн зарим хүүхэд, залуу насныханд ингэж хэлбэл итгэхгүй. Худлаа ярьж байна л гэж хэлнэ. Гэвч бодит байдал их өөр байсан. Үнэнийг мартаж болохгүй. Улс орон даяар “Соёлын довтолгоо” нэртэй бүх нийтийг хамруулсан кампанит ажил өрнүүлж төв суурин газруудаа халуун усаар хангаж, ариун цэвэр, соёлжилтыг айл өрх бүрд хүргэж нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгсөн хэрэг.
Өнгөрсөн хугацаанд Монголын хүн ам долоо дахин өсөөд зогссонгүй, дундаж наслалт мэдэгдэхүйц нэмэгдэж эмэгтэйчүүд 70-аас дээш, эрэгтэйчүүд 60-аас цааш наслах болжээ. Боловсрол болоод эрүүл мэндийн салбарт шинжлэх ухаан, техникийн ололт амжилтыг тууштай тасралтгүй нэмэгдүүлж, уг салбарт боловсон хүчний зөв бодлого хэрэгжүүлсний нэг бодит үр дүн энэ юм. Би өнгөрсөн зууны тавь, жараад оны үеийн хөдөө орон нутгийн монгол эмч нарын гавьяат үйлсийг үнэн бодитоор түүхэнд бичиглэн үлдээх зорилгоор “Сумын эмч” гэдэг нэртэй телевизийн долоон ангит уран сайхны кино бичиж нийтийн хүртээл болгосондоо баяртай байдаг.
-Монголын шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулсан цаг хугацаа 100 жилээр яригдана. Алсдаа Монголын хөгжлийн нэг тулгуур болохыг тооцоолсон учраас энэ салбарын хөгжилд анхаарахыг Ардын нам бодлогодоо тусгаж ирсэн нь олон зүйлээс харагдаж байна?
-Тантай санал нэг байна. Монголын ШУА-ийн анхдагч суурь дэвсгэр болсон Судар бичгийн хүрээлэнг Онхуудай Жамьян, Жамсраны Цэвээн гэдэг их соён гэгээрүүлэгч эрдэмтэн мэргэд үүсгэн байгуулалцаж удирдан зөв чиглэлээр зүглүүлж чиглүүлж хөгжүүлсний ач гавьяаг бахархууштай. Сүүлд Базарын Ширэндэв хэмээх том академич толгойлж удирдсан. Тэд бүгдээрээ МАН-ын гишүүд, шинжлэх ухааны ололт амжилтыг практикт тууштай хэрэгжүүлэгч хошуучлагчид байв. Монголын эрдэмтдийн бүтээл туурвил өнөөдөр дэлхийн хэмжээний эрдэм шинжилгээний төрөлжсөн сэтгүүлүүд, эрдэм шинжилгээний бичгүүдэд төдийгүй бие даасан ном бүтээл болон Орос бас Америкт хүртэл хэвлэгдэх болжээ. Харин шинжлэх ухааны төрөл бүрийн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн улсын төсвийн оноолт санасан хэмжээнд хүрэхгүй өчүүхэн бага хувь эзэлж байгааг шүүмжилнэ. “Улс орныг хөгжүүлье гэвэл шинжлэх ухаанд зарцуулах төсвөө нэмэх ёстой. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Ш.Бирагийн хэлсэн нэг үг бий. “Өлсөж байгаад ч хамаагүй бүгдээрээ бүсээ чангалж шинжлэх ухаанаа хөгжүүлцгээе” хэмээн уриалсан байдаг юм.
-Монгол Улсын бүтээн байгуулалтын өнгөрсөн түүх Монгол Ардын Намын боловсон хүчний бодлоготой нягт уялдаж иржээ. Энэ бол улс төрийн ууган хүчний алсын хараа ямар байсныг илтгэж буй баримт мөн гэвэл та зөвшөөрөх үү?
-Зөвшөөрнө. Өнөөгийн Монгол Улсын хөгжил дэвшил, хүрсэн түвшний үр дүн бол үе үеийнхний бүтээлч үйл ажиллагааны хамгийн тод ул мөр юм. Өөрөөр хэлбэл, “Боловсон хүчин бүхнийг шийднэ” гэсэн намын бодлогын үр дүн. Ажлаа арван хуруу шигээ мэддэг, мэдлэгтэй чадвартай боловсон хүчнийг зөв газарт нь зөв байршуулна гэдэг бол маш нарийн урлаг, их том ухаан юм. Боловсон хүчнийг шатрын нүүдэл шиг нарийвчлалтайгаар тооцон бодож боловсруулан ухаалаг нүүдэл хийх шаардлагатай. Цүнх баригчдыг бус мэдлэгтэй, мэргэжилтэй, туршлагатай боловсон хүчнүүдийг төлөвлөгөөтэйгөөр бэлдэж шинжлэх ухааны гүн гүнзгий үндэслэл, тооцоо судалгаатайгаар байршуулж үр дүнг нь хүртэх явдал манай нийгмийн тэргүүлэх зорилтын нэг байх ёстой болов уу. Ахмад, дунд, залуу үеийнхний тэнцвэрт харьцаа маш чухал. Ахмадуудынхаа амьдралын туршлага дадлагыг дараа үеийнхэн нь өвлөн аваад үргэлжлүүлэн хөгжүүлж шинэ мэдлэг мэдээллээр баяжуулж хэрэгжүүлэх үүрэгтэй юм.
-Эцэст нь танаас эх орон гэх том агуулгын товч тайлбарыг сонсмоор байна. Яагаад гэвэл, бидний ярилцлага Ардын нам үүсгэн байгуулагдсан баяр, "Эх орончдын өдөр"-тэй ойр нийтлэгдэх юм байна?
-Том агуулгыг товчоор тайлбарлана гэдэг тун хэцүү. Эх орон, газар шороо, тусгаар тогтнол, үндэстэн ястан, тэдний зан заншил, ахуй соёл, улс нийгмийн хөгжил дэвшил гэдэг бол аугаа их гүн гүнзгий ойлголт юм аа. МАН бол Солийн Данзан, Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатараас эхлээд Юмжаагийн Цэдэнбал, Жамсрангийн Самбуу зэрэг үе үеийн түүчээлэгч зүтгэлтнүүд, алаг морьтой Дандар баатар, Эх оронч Пэлжээ, залуу жанжин Лхагвасүрэн, Сансарын нисгэгч Ж.Гүррагчаа, хоньчин баатар Төрийн шагналт Цогтгэрэл гээд мянга мянган эх орончийг төрүүлсэн улс төрийн хүчин. Тэд бүгдээрээ энэ намын гишүүд байсан. Улс нийгмээ хошуучлан манлайлж хөгжил дэвшлийн төлөө тэмцэгчид байсан. Тийм учраас бүтэн зууны турш засгийн эрхийг дангаараа болон бусад улс төрийн хүчинтэй хамтран барилцаж ирсэн Монгол Ардын Нам бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгаа байсан, цаашид ч байсаар байх болно гэдэгт гүн итгэлтэй байгаагаа илэрхийлье. Энэ бол ганц миний санал бодол биш, олон хүн ингэж хэлнэ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонины №009/24684/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (1)