-Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жамбын Батмөнх-
Монголын орчин үеийн түүхийг эргэн сөхөхөд улс орны хувь заяа, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон эгзэгтэй мөч олон байдаг. Түүний нэг нь 1990 оны хаврын улс төрийн хурцадмал байдал юм. Тухайн үед Монголын Төрийн тэргүүн байсан Жамбын Батмөнх “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” хэмээн шийдэмгий хэлсэн нь Монголын ардчилсан өөрчлөлтийг тайван замаар үргэлжлүүлэх боломжийг нээж өгсөн түүхэн шийдвэр болсон билээ. Гэвч тэрхүү түүхэн үгийн цаана эгэл жирийн малчны хүүгийн амьдрал, эрдмийн зам, багшийн ажил, төрийн зүтгэлтний алба, улс орны хөгжлийн төлөөх олон жилийн хөдөлмөр, сорилт бэрхшээлээр дүүрэн амьдралын түүх оршдог билээ.
Хөдөө нутгаас эхэлсэн амьдрал
Жамбын Батмөнх 1926 оны гуравдугаар сарын 10-нд Увс аймгийн Хяргас суманд малчин айлд төржээ. Монголын баруун хязгаарын өргөн уудам тал, салхи шуургатай хатуу ширүүн байгальд өссөн хүүгийн бага нас эгэл жирийн ахуй дунд өнгөрсөн байна. Тухайн үед боловсрол эзэмших боломж хомс байсан ч Жамбын Батмөнх эрдэмд тэмүүлсэн нэгэн байжээ. Тэрбээр нутгийнхаа бага сургуульд, улмаар үргэлжлүүлэн Улаангом хотын дунд сургуульд суралцжээ. Хичээлдээ шамдан суралцдаг, даруу төлөв зан араншинтай түүнийг багш нар нь "Ирээдүйтэй сурагч" хэмээн үнэлдэг байсан гэдэг. Хожим тэрбээр нийслэл хотыг зорьж, МУИС-д элсэн суралцсанаар эрдмийн зам нь жинхэнэ утгаараа эхэлсэн байна.
Эрдмийн замнал, багшийн ажил
МУИС-д 1947-1951 онд суралцаж эдийн засагч мэргэжил эзэмшсэн нь түүний амьдралын томоохон алхам байжээ. Тэр үед Монгол Улс дөнгөж орчин үеийн дээд боловсролын тогтолцоогоо бүрдүүлж байсан цаг үе байсан бөгөөд их сургуулийг төгссөн мэргэжилтнүүд улсын хөгжилд онцгой чухал үүрэгтэй байв.
Их сургуулиа төгсөөд Жамбын Батмөнх багш мэргэжлээрээ ажиллаж эхэлжээ. Тэрбээр олон жил их, дээд сургуулиудад багшилж, тэнхимийн эрхлэгч, орлогч захирал, захирлын алба хашсан байна. Боловсролын салбарт ажиллах хугацаандаа тэрбээр сургалтын агуулгыг шинэчлэх, шинжлэх ухааны судалгааг хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажилд ихээхэн анхаарал хандуулж байв.
Мөн 1958-1961 онд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсад очиж, ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид суралцан эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байна. Ингэснээр зөвхөн багш төдийгүй судлаач эрдэмтэн болж төлөвшжээ. Олон жилийн хөдөлмөр, судалгааны ажлыг нь үнэлж түүнд профессор цол олгосон байна. Тухайн үед боловсролын салбарт хамт ажиллаж байсан хүмүүс түүнийг мэдлэгтэй, тайван төлөв, аливаад нухацтай ханддаг хүн байсан хэмээн дурсдаг.
Засгийн газрын тэргүүн ба бүтээн байгуулалтын он жилүүд
Түүний амьдралын шинэ үе 1970-аад оны эхээр эхэлсэн гэж болно. Тэрбээр тухайн үеийн МАХН-ын Төв хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр томилогдон ажиллаж, улмаар төрийн удирдлагын түвшинд гарч иржээ.
Түүнийг 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилсон нь тухайн үед гэнэтийн шийдвэр байжээ. Их сургуулийн профессор, багш хүн гэнэт Засгийн газрын тэргүүн болсон нь олон хүний анхаарлыг татаж байсан ч түүний удирдсан Засгийн газрын үед Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн салбарт томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөн байдаг.
Тухайлбал, Жамбын Батмөнх 1974-1984 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, төлөвлөлт удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байв. Түүний үед Эрдэнэтийн Зэс-Молибдений үйлдвэр, Багануурын нүүрсний уурхай, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр зэрэг Монголын эдийн засгийн томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Мөн Улаанбаатар хотын Дулааны IV цахилгаан станц баригдаж, эрчим хүчний салбарын хүчин чадал эрс нэмэгдсэн удаатай. Эдгээр үйлдвэр, дэд бүтцийн байгууламжууд өнөөдөр ч Монголын эдийн засгийн тулгуур хэвээр байгаа билээ.
Мөн түүний удирдсан Засгийн газрын үед Монгол Улс шинжлэх ухаан, технологийн салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж байлаа. Үүний нэгэн тод жишээ бол “Интеркосмос” хөтөлбөр юм. 1981 онд Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа сансарт ниссэн нь Монголын түүхэнд томоохон үйл явдал болсон билээ. Малчны хүү сансарт ниссэн тухай мэдээ тухайн үед зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар анхаарал татаж байв.
Нам, төрийн тэргүүн болсон нь
Жамбын Батмөнх 1984 онд Монгол Улсын Төрийн тэргүүн болж, Ардын их хурлын Тэргүүлэгчдийн даргын албыг хаших болсон. Мөн тэрбээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож нам, төрийн дээд удирдлагыг зэрэг хашиж байсан юм.
Дэлхий дахинд улс төр, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүд 1980-аад оны сүүлчээр өрнөж эхэлж байв. Тухайлбал, Зөвлөлт холбоот улсад “перестройка”, “гласность” хэмээх шинэчлэлийн бодлого хэрэгжиж, социалист системийн улс орнуудад ч шинэчлэл хийх шаардлага тулгарч байжээ. Тиймээс Жамбын Батмөнх мөн энэ хандлагыг анзаарч, ил тод байдал, шинэчлэлийн тухай ярьж эхэлсэн байна.
Түүхэн шийдвэр ба үл мартагдах үг
1990 оны эхээр Монголд ардчиллын хөдөлгөөн өрнөж, улс төрийн нөхцөл байдал хурцдаж байв. Жагсаал цуглаан өрнөж, улмаар ардчилсан хүчнийхэн өлсгөлөн зарлаж байсан удаатай. Тэр үед жагсаалыг хүчээр тараах асуудал яригдаж байсан ч Жамбын Батмөнх үүнийг эрс эсэргүүцэн “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” гэж хэлсэн түүний байр суурь Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Ингэснээр МАХН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монгол Улсад ардчилсан өөрчлөлт тайван замаар үргэлжлэх боломж бүрджээ.
Даруу амьдрал, мөнх дурсамж
Албан тушаалаасаа буусны дараа Жамбын Батмөнх улс төрөөс бүрэн хөндийрч, эгэл жирийн амьдралаар амьдарч байв. Түүний гэр бүл тухайн үед эдийн засгийн хувьд амаргүй байдалтай байсан ч тэрбээр амьдралдаа хэзээ ч гомдоллож байгаагүй гэдэг. Даруу төлөв зан чанар нь амьдралынхаа туршид хэвээр үлджээ.
Жамбын Батмөнх 1997 онд таалал төгссөн ч түүний нэр Монголын түүхэнд тайван ардчиллын замыг нээсэн төрийн зүтгэлтний хувьд үлдсэн юм. Түүний төр, нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлж, 1986 онд Сүхбаатарын одон, мөн Зөвлөлт холбоот улсаас Лениний одонгоор шагнажээ. Мөн түүний дурсгалыг хүндэтгэн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн өмнөх талбайд гэрэлт хөшөөг нь босгож, төрсөн нутаг Увс аймгийн Хяргас суманд мөн дурсгалын хөшөө байгуулсан билээ.
Түүний тухай эргэн дурсахад хамгийн тод үлдсэн үг бол “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” юм. Энэ үг нь зөвхөн нэг хүний шийдвэр, зөвлөгөө төдий бус, Монголын ардчиллын хувь заяаг тодорхойлсон түүхэн үнэ цэнэтэй байр суурь болж, олон хүнд үлгэр дуурайл болжээ. Жамбын Батмөнх бол энгийн нэг төрийн албан тушаалтан биш, улс орны ирээдүй, ард түмний амар тайвныг эрхэмлэсэн ухаалаг удирдагч байв. Эрдэмтэн, профессор, багш, Төрийн тэргүүний олон талын ажил үйлс нь Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Тэрбээр улс орны амьдралын хамгийн эгзэгтэй мөчид улс төрийн зөв шийдвэр гаргаж, ардчиллын замыг тайван замаар нээсэн нь түүхийн хуудаснаа ийн мөнхөрчээ.
Жамбын Батмөнхийн амьдрал нь зөвхөн албан тушаал, эрх мэдлийн тухай түүх бус, бүтээн байгуулалт, нийгмийн хөгжлийн бодит гэрч, тууштай хөдөлмөрийн биелэл юм. Түүний хийж бүтээсэн, ард түмэндээ үлдээсэн гавьяа, шийдвэр нь өнөөгийн Монголын эрх чөлөө, тогтвортой нийгмийн үндэс суурь болж, залуучуудын сэтгэлд өнөөдөр ч урам зориг өгсөөр байна.
Түүний ухаалаг зан, тайван нуруу, бусдыг ойлгох чадвар, шударга зарчим нь Монголын улс төрийн түүхэнд ховорхон олддог үнэт зүйлс. Үүгээрээ Жамбын Батмөнх зөвхөн нэг үеийн удирдагч бус, үе дамжсан үнэт туршлага, ардчилсан ухамсрын бэлгэ тэмдэг, монгол хүний оюун санааны өв сан болсон билээ. Түүний амьдрал, бүтээл, гавьяа нь өнөө цагийн монголчуудад улс орныхоо төлөө тууштай зүтгэж, тайван замаар зөв шийдвэр гаргах чадварыг сануулсаар, түүхэн сургамж болон үлдсэн билээ.
Ташрамд дурдахад, Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жамбын Батмөнхийн мэндэлсний ойг жил бүрийн гуравдугаар сарын 10-нд тэмдэглэн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жил түүний мэндэлсний 100 жилийн тэгш ой тохиож байгаа бөгөөд Засгийн газраас Ой тэмдэглэх тухай тогтоолыг батлан Ажлын хэсэг байгууллан ажиллаж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонины №009/24684/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна