“Солонго” нүдний эмнэлгийн мэс заслын эмч Б.Солонготой ярилцлаа.
-“Солонго” нүдний эмнэлэг иргэдэд ямар эмчилгээ, оношилгоог үзүүлж байна вэ?
-Манай эмнэлгийг хүмүүс сайн мэднэ. “Солонго” нүдний төв эмнэлэг “Дүнжингарав” худалдааны төвийн урд “Санрайс” хотхонд байрладаг. 2006 онд байгуулагдсан, энэ жил 20 жилийн ой тохиож байна. Харин таны ирсэн Натур төвийн “МPM” центрт байрлаж буй энэ салбар нь “Солонго” хараа заслын төв бөгөөд 2023 онд байгуулагдсан.Манай эмнэлэг үндсэн гурван салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
“Солонго” хараа заслын төвд хараа тэглэх хагалгаа хийдэг. Үүгээрээ хүмүүст илүүтэй танигдсан. 2023 онд Германы компанитай хамтран тоног төхөөрөмжөө оруулж ирж, Монголдоо хараа тэглэх хагалгааг цогцоор нь хийдэг Монголын анхны иж бүрэн төвийг байгуулснаар гурван жил болж байна. Гурван салбарын үйл ажиллагааны чиглэлүүд нь тусдаа бие даасан хэлбэрээр явагддаг. Үндсэн салбар дээр нүдний болрын хагалгаа, нүдний өөх болон мах авах, зовхины, нүдний даралтын гээд нүдтэй холбоотой хараа тэглэхээс бусад бүх төрлийн оношилгоо, эмчилгээг хийдэг.
Харин хараа заслын төвд ид залуус, 20-40 насны шил зүүдэг хүмүүс эхний тусламжгүйгээр лазерын туяагаар тод харуулах буюу хараа тэглэх хагалгааг хийж байна. МУБИС-ийн урд талын “UBH центр”-т байрладаг “Солонго” хүүхдийн нүдний эмнэлэгт зөвхөн хүүхдийн нүдэнд зориулсан тусламж үйлчилгээ үзүүлдэг. Манай гурван салбар нүдний цогц үзлэг, оношилгоог хийж, бусад үйлчилгээ шаардлагатай бол тэр тал руу нь чиглүүлж зөвлөгөө өгдөг.
-Монголчуудын дунд нийтлэг байгаа нүдний эмгэг нь юу вэ. Иргэд ямар төрлийн эмчилгээ, үйлчилгээг түлхүү авдаг вэ?
-Нүдний эмгэгүүд их төлөв нас дагасан өөрчлөлтүүдтэй холбоотой байдаг. Монголчуудын дунд нүдний болрын цайралт, нүдний даралт ихсэх өвчлөл зонхилдог. Энэ нь насжилттай холбоотой. Дараа нь уур амьсгалтай холбоотой хүрээлэн буй орчноос шалтгаалах эмгэгүүд байдаг. Сүүлийн үед залуусын дунд яалт ч үгүй хараа муудах, нүдний шил зүүх асуудлууд бий болж байна. Энэ чиглэлд хараа тэглэх хагалгаа хийлгэх, ингэснээр шилнээсээ салах боломжтой. Түүнээс гадна нүдний хуурайшилт, нүдний цочмог үрэвслүүд дараагийн байрыг эзэлдэг гэж хэлж болно.
Нүдний чиглэлээрх эмнэлгийн тусламж үйлчилгээг Монголд ажиллаж буй бүхий л нүдний эмнэлгүүд үзүүлж ирсэн. Насжилттай холбоотой нүдний эмгэгүүд болох болор солих, нүдний даралтын өөрчлөлтүүд нь явсаар мэс заслын заалт руу орж ирчих гээд байдаг. Тэгэхээр хүмүүс нүдний болрын хагалгааг амьдралдаа нэг удаа заавал хийлгэдэг гэж хэлж болох юм. Энэ хагалгааг хийлгэхгүй хүн бараг байхгүй. Тиймээс хараа алдалтыг цаг алдалгүй оношлуулж эмчлүүлж байх шаардлагатай юм. Нөгөө талаас хараа алдалт, шил зүүх нь нийгмээс шалтгаалж үүсэж байдаг учраас хараагаа муутгахгүйн тулд хүмүүс нүдний эрүүл ахуйг сахиж, нүдээ хайрлах нь чухал. Нүдээ хайрлаж чадахгүй бол хараагаа муутгаж, шил зүүхээс аргагүй байдал руу орно. Шил зүүж байгаад хараа тэглүүлэх мэс засал хийлгэснээр шилтэй мэт тод харах боломж бас бий.
-Бага насны хүүхдүүдийн дунд хараа алдалт их байгаа нь ихэвчлэн дэлгэцийн хамааралтай холбоотой юу?
-Хүүхдүүд товлолт хугацаандаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, байнга хянуулж явахгүй бол нэгэнт хараа муудаж, тэр нь даамжирсан тохиолдолд эргэж сэргэх байдал тун бага байдаг. Тэгэхээр товлосон хугацаандаа эмчдээ үзүүлж, шил зүүх заалттай бол тэрийгээ байнга зүүж явах хэрэгтэй.
Сүүлийн үед шууд утгаараа дэлгэц буюу хэрэглээнээс хамаарч хүүхдүүдийн дунд харааны эмгэг тохиолдож байна. Насанд хүрсэн таван хүний нэг нь харааны асуудалтай байгаа бол хүүхдүүд дээр тэр тоо багасаж, тархалт нь нэмэгдэж орж ирэх хандлага ажиглагдаж байна. Хүүхдүүдийн хувьд олдмол харааны эмгэг их болсон. Төрөлхийн хараа муутай хүүхдүүд тодорхой хэмжээнд байгаа. Тэр бол бусад шалтгаанаас хамаардаг. Гэхдээ олдмол харааны эмгэгтэй хүүхдүүдтэй харьцуулахад цөөхөн. Олдмолоор хараа муудаж байна гэдэг бол тухайн хүүхэд эхээс төрөхдөө, бага насандаа хараа сайтай байсан гэсэн үг. Гэтэл тогтмол хэрэглэж байгаа хэрэглээ, хүрээлэн буй орчны асуудлуудаас болж шил зүүдэг болчихож байна. Үүнийг эрт үед нь мэдэж, арга хэмжээ авахгүй бол болохгүй. Яаж мэдэх вэ гэвэл, хүүхэд сургуульд орохын өмнө 2-3 удаа нүдний эмчид хандсан байх ёстой.
Гэтэл үүнийг эцэг эхчүүд мэддэггүй. Хүүхдэд төрсний дараа нүдний үзлэг хийгддэг, гурван настайд болон сургуульд орохын өмнө хараагаа шалгуулж, түүнээс хойш жил тутам үзүүлж явах ёстой. Энэ хугацаануудыг алдаж, хүүхэд чинь ямар нэгэн ндний асуудалтай байхад нь шийдэж чадахгүй болчихвол цаашаа хянахад хэцүү болно гэсэн үг. Тиймээс товлолт хугацаанд хүүхдээ нүдний эмчид үзүүлж хэвших хэрэгтэй юм. Эцэг эхчүүд л хүүхдээ эмчид үзүүлэхгүй бол хүүхэд өөрөө мэдэхгүй шүү дээ. Хараа муутай хүүхэд “Хүн юмыг ингэж л хардаг юм байна” гэсэн ойлголтоор, ээж аавдаа ч хэлж чадахгүй, ойр дотнынхон нь мэдэхгүй нүдний эмгэгийг даамжруулаад явчихдаг. Эрт үзлэгт хамрагдаж шилээ тогтмол зүүгээд явсан бол хараа алдалтыг шийдэх, цаашид арга хэмжээ авах боломжтой шүү дээ. Тэгэхээр хараа алдалтаас урьдчилан сэгийлэх нь хамгийн чухал юм.
-Хэрэв нүдний эмгэг, хараа алдалтаас урьдчилан сэргийлж чадахгүй бол юу болохыг мэргэжлийн үүднээс тайлбарлаж өгнө үү?
-Харааны эмгэгээс урьдчилан сэргийлж чадахгүй бол цаашид харааны мохолт явагдана. Энэ нь даамжрахаар сайжрал авахгүй болоод эхэлдэг. Нүд нь “залхуураад” ажиллахаа болиод эхэлнэ. Энэ тохиолдолд эмчлэгдэхэд хэцүү.
-“Залхуу нүд”, нүдний “залхуурал” гэдэг үг содон сонин сонсогдож байна. Бодвол мэргэжлийн хэллэг байх. Юу болохыг тайлбарлаж өгнө үү?
-“Залхуу нүд” гэхээр хүмүүс сүүлийн үед мэддэг болж байгаа. Эмч, эмнэлгийнхэн бол “мохос хараа” гэдэг нэршлээр ярьж, бичдэг. Энэ нь нүдний дотор байдаг хараанд оролцдог булчингууд, түүний үйл ажиллагаа саардаг гэж ойлгож болно. Нүдний бүтцийг харахад ямар ч өөрчлөлтгүй. Гаднаас нь харахад эрүүл юм шиг харагдана. Гэтэл нүдний үйл ажиллагаа цаанаа саараад байна гэсэн үг. Нүдний харах үйл ажиллагаа саарч, харааны мохолт бий болсноор “залхуу нүд” үүсдэг. Нүд нэг “залхуураад”, суучихвал богино хугацаанд тэрийг нь арилгаж, харааг сэргээхгүй бол насан туршдаа тэр хэвээр үлдчихдэг. Энэ бол хүүхдэд маш аюултай.
-Орчин үеийн анагаах ухааны дэвшил болсон хараа тэглэх хагалгааг хүмүүс их сонирхдог. Энэ хагалгааг танай эмнэлэгт цогцоор нь хийж байгаа юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-”Шилнээс салмаар байна” гэсэн хүмүүс энэ төрлийн хагалгааг сонирхож, хийлгэж байна. Шилнээс салахын тулд яах вэ гэхээр лазерын туяагаар нүдний бүрхүүлийнх нь хэлбэрийг өөрчлөх байдлаар энэ хагалгааг хийдэг. Энгийнээр яривал хүн өөрөө хүсээд зовхиндоо давхраа хийлгэдэг шүү дээ. Тэрийг гадна талын зовхины арьсыг их, бага хэмжээгээр өөлж аваад хийдэг. Тэгвэл хараа тэглэх хагалгаа ерөнхийдөө төстэй. Гэхдээ нүдний арай өөр бүтэц буюу нимгэн эвэрлэг бүрхүүл гэж нэрлэдэг хэсэг дээр лазерын туяагаар үйлчилж, бүрхүүлийнх нь хэлбэрийг өөрчилдөг. Ингэхээр тухайн хүн заавал шил зүүх шаардлагагүйгээр аливаа юмыг шилтэй мэт тод хардаг болох ийм хагалгаа юм. Хараа тэглэх хагалгаа Монголд анх 2003 оноос хийгдэж эхэлсэн.
Манай “Солонго” эмнэлэг 2006 оноос хараа тэглэх хагалгааны нэг хэлбэр болох зүслэгтэй хагалгааг эхлүүлсэн. Одоо хараа тэглэх хагалгаа дэлхий дахинд хөгжсөөр ерөнхийдөө таван төрлийн мэс заслыг хийдэг болсон. Аргачлалаараа хоорондоо арай өөр болохоос эцсийн зорилго нь адилхан, тухайн хүнийг 100 хувь хардаг болгох зорилго бүхий ийм хагалгаа юм. Манай эмнэлэг дээр бүх төрлийн хараа тэглэх лазерын хагалгааг хийж байгаа. Лазерын мэс заслыг хийлгэх тохиромжтой эсэхийг ирж эмчид үзүүлж, шинжилгээнд хамрагдсаны дараа шийднэ. Мэдээж эмчийн үзлэгээр тухайн хүнд хамгийн тохиромжтой хувилбарыг зөвлөдөг. Тухайн хүн өөрөө ирж үзүүлэхгүй л бол ямар нэгэн шилний хэмжээ, мэс заслыг зөвлөх боломжгүй. Нүд бол хамгийн нандин, эмзэг эрхтэн шүү дээ. Маш нарийн бөгөөд нимгэн хэсгүүдээс бүтдэг эмзэг бүтэцтэй. Тэгэхээр хараа тэглэх хагалгаа тохиромжтой эсэхийг маш олон шинжилгээний дүнг үндэслэж байж зөвлөгөө өгнө. Хэрэв мэс заслын эмчилгээг сонирхож, шилнээсээ салмаар байгаа бол ирж үзүүлж, эмчээс зөвлөгөө авах нь тухайн хүнд хэрэгтэй.
Монголд нүдний бүх төрлийн хагалгаа нэвтэрч, нутагшсан. Заавал гадагшаа явж хийлгэх, буцаад хяналтын асуудал гэх зэргээр аль аль талдаа зардал чирэгдэл болох шаардлагагүй юм. Учир нь хараа тэглэх мэс засал Монголд нэвтрээд 20 гаруй жил болсон. Манай нүдний эмнэлгүүд бүгд бүх төрлөөр нь хийж байгаа, дутуу нэг ч төрлийн эмчилгээ, оношилгооны асуудал байхгүй. Технологи, тоног төхөөрөмж нь бүрэн, дээр нь мэргэшсэн эмч нар, мэргэжлийн хамт олон байгаа учраас аль ч талдаа асуудал байхгүй гэдгийг бардам хэлэх байна.
-Танай эмнэлэг тоног төхөөрөмж, эмч, боловсон хүчний хувьд хүрэлцээтэй юу?
-Лазерын хагалгаа учраас мэргэшсэн хамт олон гэдгээс гадна мэдээж тоног төхөөрөмж чухал байдаг. Энэ чиглэлд Герман технологи дэлхий дахинд тэргүүлдэг. Ер нь бол тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг монополь гэж хэлж болох 5-6 компани дэлхийд бий.Тэр дотроос Герман технолги, Европ технологи нь хараа тэглэх буюу лазерын хагалгаан дээр дэлхийд номер нэг байгаа.
Манай эмнэлэг ХБНГУ-ын SCHWIND брэндийн лазерын хоёр төрлийн тоног төхөөрөмжийг хагалгаандаа ашигладаг. Мөн энэ хагалгаа танд тохирох эсэхийг тодорхойлдог мэс заслын өмнөх үзлэгийн багаж төхөөрөмж ч бас энэ брэндийнх юм. Эмч, эмнэлгийн ажилтан, ажиллах боловсон хүчний хувьд энэ чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн хамт олон үйлчилгээ үзүүлж байна. Нүдний эмч нар дотроо олон чиглэлээр мэргэшдэг. Миний хувьд 2024 оноос хойш хараа тэглэх хагалгааг хийгээд явж байна.
-40 хүртэлх насныхан лазерын хагалгаа тохиромжгүй гэж үздэг юм байна. Тэгэхээр түүнээс дээш насныхан хараа алдалт, харааны эмгэгээ хэрхэн шийдвэл зохистой вэ?
-Хамгийн түгээмэл тохиолддог зүйл бол 40-өөс дээш насныхан ерөнхийдөө нүдний болрын асуудалтай болоод эхэлдэг. Гэхдээ мэдээж дөнгөж 40 гараад ийм болдог гэсэн үг биш. Ихэвчлэн болор нь хэт их цайх, эсвэл элэгдэж муудсан, хатуурсан, тунгалаг байх ёстой нүдний болор манан татаж сааралтаад эхэлдэг. Ингэж явсаар солихоос өөр аргагүй болдог. Тэр нас нь их төлөв дунджаар 60, түүнээс дээш байх нь бий. Цайсан болрыг авч оронд нь холын, ойрын дундын гээд тохирсон хэмжээ, таарах размерыг нь тогтоон хиймэл болрыг мэс заслын аргаар суулгадаг. Тэгэхээр хараа нь тодорно. Бусад тохиолдолд ямар эмгэг, зовиур байгааг тодруулж, тохирсон эмчилгээг нь хийгээд явдаг.
-Нүдээ хайрлах, хараа алдах эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар манай уншигчид болон иргэдэд зөвлөгөө өгнө үү?
-Хүн нүдээрээ хараад аливаа мэдээллийн 80-85 хувийг авдаг. Тэгэхээр төдий чинээ чухал эрхтэн юм. Бид тухайн зүйлийг амтлахгүй, барьж үзэхгүй, тэмтрэхгүй атлаа нүдээрээ шууд хараад ийм юм байна, тийм амттай байх гэхчилэн мэдээлэл авчихдаг. Хараа муудахын хэрээр амьдралын чанар багасаж, төвөгтэй болж эхэлдэг. Ажлаа хийж чадахгүй, стресс бухимдал нэмэгддэг. Хараа нь бүр муудвал хүний гарт орох асуудал ч яригддаг. Тэгэхээр амьдралын чанараа сайн байлгахын тулд хараа сайтай байх ёстой. Хараа сайтай байхын тулд нүдээ хайрлах, эрүүл ахуйн дэглэмийг сахих болдог.
Хамгийн нэгдүгээрт, тогтсон товлосон хугацаанд нүдний эмчид үзүүлж хянуулж явах шаардлагатай. Нөгөө талаас, орчин үед дэлгэцийн хэрэглээ, хүрээлэн буй орчны асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, дэлгэцийн хэрэглээгээ бууруулах шаардлагатай. Хүмүүс өдөрт дор хаяж 8-10 цагийг дэлгэц ширтэж өнгөрүүлдэг болсон, тэгж ажилладаггүй хүн бараг байхгүй. Хоногийн 24 цагийн 10 цагийг нь тийм байдалтай, үлдсэн 7-8 цагийг унтаж өнгөрүүлнэ. Бусад үед гэртээ байгаа ч утсаа байн байн харж байдаг. Үүнтэй холбоотой нүд их ядардаг. Нүдээ ядраагаад байвал хараагаа муутгаад байна гэсэн үг. Нүдээ амрааж, дэлгэцийн хэрэглээний цагаа зөв зохицуулж, нүдэндээ тодорхой хэмжээний чийгшил өгөх, өдөртөө хангалттай хэмжээний ус уух хүртэл асуудлыг эмч нар зөвлөдөг. Энэ бүхнийг зохицуулаад явбал харааны чанар, чадал буурахгүй.
Ч.Үл-олдох
Эх сурвалж: Монголын үнэн сонины №009/24684/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна