Л.Насанбуян: Одоо би илүү урам зоригтой байна


Сэвэлзэх салхийг санагдуулам торгон мэдрэмжээр эгшиг аялгууг хөглөж, поп урсгалын дуунуудыг үзэгчдэд хүргэхдээ уран бүтээлчийн хэв маягаа бүрдүүлсэн дуучдын нэг Монголын Улсын Соёлын тэргүүний ажилтан Л.Насанбуянтай ярилцлаа.

 

-Монгол Улсын Филармонийн дуучнаар олон жил тайзнаа гарч байсан тантай чөлөөт уран бүтээлч болсноос хойш ярилцаж байгаа нь анхны тохиолдол. Мэргэжлийн урлагийн байгууллагад харьяалагдахаа больж юунд ч хайрцаглагдахгүй чөлөөтэйгөөр уран бүтээлээ хийхэд ямар санагдаж байна вэ? 

-Хүүхэд байхаасаа л хүсэж мөрөөдсөн мэргэжлээ эзэмшихээр сургуульд нь суралцаж төгсөөд мэргэжлийн байгууллагад ажиллаж оркестртой дуулсан нь миний амьдралын хамгийн үнэ цэнтэй мөчүүдийн нэг байсан. “Сайнтай, муутай сав дүүрдэг” гэдэг шиг Монгол Улсын Филармонид ажилласан бүхий л цаг хугацаа хар бараан байгаагүй. Уран бүтээлийн амт, үзэгчдийн алга ташилт гээд урлагийн байгууллагаас авсан сайн сайхан зүйл олон. 

Мэргэжлийн урлагийн энэ л байгууллагад миний хүсэл мөрөөдөл биелсэн юм. Яагаад гэвэл сургуулиа дөнгөж төгссөн дуучин бүрд мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллах боломж олддоггүй. Заасан замаасаа хазайж өөр салбарт ажиллах тохиолдол гардаг. Харин надад тэр боломж нээгдсэнээр сурснаа лавшруулж, бусдаас суралцах цаг хугацаа олдсон. Хүний хүсэл мөрөөдөл амьдралыг өнгөтэй, утга уянгатай, зорилготой болгодог. Мэргэжлийн дуучин болохыг хүсэж мөрөөдсөн хөдөөний охины хувьд тэр боломж даль жигүүр болсон. Олон сайхан дурсамжуудыг бүтээж Монгол Улсын Морин хуурын чуулга, симфони оркестр, “Баян монгол” жазз оркестртой хамт нэгэн тайзнаа гарч дуулж байлаа. Хүний амьдрал гэнэтийн үйл явдлаар дүүрэн. 

Төсөөлж ч байгаагүй зүйлийг биеэрээ үзэж туулж, тэмцсэн нь чөлөөт уран бүтээлч болох замын эхлэл болсон. Уран бүтээлчийн хувьд дадал зуршил болсон 13 жилийн амьдралын хэмнэлийг орвонгоор өөрчлөх надад хялбар байгаагүй. Оносон ч, алдсан ч бүх зүйл надаас шалтгаалах учраас шантрах эрх надад байгаагүй юм. Гэхдээ зарим хүний хүсэл тачаалаас болж дассан хамт олон, хайртай тайзаасаа салах харамсалтай байсан.

-Тэсвэр тэвчээрийн талаар энд яриад хэрэггүй байх. Харин таны даван туулах ёстой болсон зүйлсийн талаар асуувал илүү үнэнд ойртох болов уу?   

-Ажлын байрны бэлгийн дарамтаас болж боломжуудаа хаалган, ялгаварлан гадуурхагдсанаас өөртөө итгэх итгэлээ алдсан. Сүүлдээ ажлаас халшрах хам шинжтэй болж, сэтгэлзүйн хувьд бусад уран бүтээлчтэй тайзан дээр мөр зэрэгцэн гарах амаргүй санагдах болсон юм. Бэлгийн дарамт үзүүлсэн хүнтэй тайзан дээр хамт гарахад дууныхаа үгийг алдах хэмжээний сэтгэлзүйн асуудлууд тулгарч эхэлдэг. Эхэндээ “Амьдралд ийм зүйл байдаг, тоохгүй байя” гэж өөрийгөө хүчилсэн ч хүний ой тойноос арилдаггүй юм байна. Одоо тэр бүх зүйлтэй холбоотой муухай дурсамжуудыг мартах гэж, сэтгэл санаагаа эдгээхийн тулд өөрийгөө аль болох завгүй байлгаж хувиараа бизнес эрхэлж байна. Амьдралын шаардлагаар онлайнаар бизнес хийж байгаа ч заримдаа дуугаа дуулмаар санагдаж дотор бачуурдаг. Хүн өдөр тутмын амьдралаас авч байгаа стресс, ядаргаагаа гадагшлуулах өөрт тохирсон аргатай байдаг. Миний хувьд тэр арга нь дуу дуулах байсан. Тайзан дээр гарч дуугаа дуулж үзэгчдийн алга ташилтаас энерги авч дотроо байгаа бачуурлыг гаргадаг байсныг ажлаас гарсныхаа дараа илүү ойлгосон. 

-Монголд мэргэжлийн урлагийн байгууллага цөөн. Тэдгээрт гарсан аливаа асуудал уран бүтээлчдэд ил, нээлттэйгээр яригддаг. Харьяалагдаж байсан байгууллагаасаа гарахад нийгэм, нийтээрээ таныг яаж угтсан бол. Бас ийм үед тайзан дээр гарахын тулд өөрийгөө хэрхэн зоригжуулсан бэ?

-2024 онд ээжийгээ алдсан, ажлаасаа халагдсан. “Хараал идсэн 2024 он хурдан дуусаасай” гэж бодсон. Гэхдээ ийм үед цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөггүй юм билээ. “Мэргэжлийн шалгалтад хангалттай оноо аваагүй. Мэргэжил, ур чадварын хувьд энэ байгууллагад тэнцэхгүй” гэж Филармонийн удирдлагууд надад хэлж байсан. Түүнээс өмнө миний оролцох ёстой тоглолт,  пянзнаас илээр хасаж уран бүтээлчид ч энэ талаар ярих болсон нь үнэн. Энэ тухай байгууллагын удирдлагууд хурлын үеэр ярилцаж “Нэгнийгээ ингэж болохгүй” гэж хэлж байсан боловч намайг ажлаас гарсны дараа хүмүүс нь ч, байгууллага нь ч өөрчлөгдсөн. 

Нэг амаар хоёр өөр зүйл ярьж, зөвхөн нэр хүнд, албан тушаалаа хадгалж авч үлдэхийн төлөө болсон. Надад тохиолдсон зүйлээс өмнө өөр байгууллагын олон эмэгтэй уран бүтээлчид ийм зүйл тулгараад бие сэтгэлээрээ хохирсноо нуун дарагдуулдаг байсан. Ийм зүйл болсныг би зоригтойгоор гаргаж ирснээр надтай адилхан мэдрэмж, өвдөлт авсан эмэгтэй уран бүтээлчид зоригтойгоор дуугарсан. Та ч надтай санал нийлэх байх. Эмэгтэйчүүдийн хувьд ийм асуудлыг нийгэмд ил гаргахад зориг их шаардана. Хүнд хөх, бөгсөө базуулчихаад үзэл бодлоо илэрхийлсний төлөө ажиллах эрхээ хааж боогдуулаад, боломжоо хаалгана гэдэг миний хувьд шударга биш. Тиймээс би дуугүй өнгөрөх замыг сонгоогүй. Зоригтой дуугарсан учраас 13 жил ажилласан байгууллагаа орхиход хүрсэн. Гэхдээ би нэг зүйлийг нүүр бардам хэлнэ.

 Монгол Улсын Филармонид ажиллах хугацаандаа нэг ч удаа сахилгын арга хэмжээ авахуулж байгаагүй. Тайзан дээр нэг ч удаа согтуу гарч дуулаагүй. Байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд дуу дуулахдаа хамгийн сайн гүйцэтгэлтэй байсан. Тийм учраас би асуудлаа шийдүүлэхээр шүүхэд хандсан. Ирээдүйд өөр бусдад учирч болох хүчирхийллийг багасгах зорилготойгоор хэнээс ч айж эмээлгүйгээр ил тод дуугарсан. 

-Хамгийн гол нь та одоо сэтгэлзүйн хувьд эдгэрч чадсан уу?

-Хүн мах цуснаас бүтсэн сэтгэл зүрхтэй амьтан юм болохоороо компьютер шиг “Delete” товчин дээр дараад бүх дурсамжаа устгадаггүй, сэтгэл хөндүүрлээд байдаг. Арай гэж эдгэрэх гээд ирэхээр дахин сануулаад байдаг нь бас асуудал биз дээ. Шүүхийн үйл ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа. Энэ хооронд багахан амрах гэхээр нэхэлтэй юм шиг араас имэйл бичиж сануулна. Цагаан сарын өмнө гэр бүлийнхэнтэйгээ Америк руу явахад Филармониос надад имэйл ирсэн. 

Хоёр шатлалын шүүх хурлын шийдвэрээр ялсан учраас ажилд эргүүлж авах тогтоол гарч өнгөрсөн оны дөрөвдүгээр сард намайг дуудсан. Тогтоолын дагуу Филармонийн удирдлагатай уулзахдаа өмгөөлөгчтэйгөө хамт очсон. Яагаад гэвэл, надад айдас байсан. 13 жил хамтарч ажилласан, хамтдаа тайзан дээр гарсан хүмүүстэйгээ шүүхдэлцээд явахад надад сайхан байгаагүй нь мэдээж биз дээ. Гэтэл намайг Филармонийн удирдлагуудтай уулзахаар очиход тав, зургаан хүн тойроод суучихсан угтсан. Уг нь би тэр уулзалтыг арай өөрөөр  төсөөлсөн. Эерэг бодлоор, бас тийм уур амьсгалтайгаар ярилцаад дуусгана гэж бодсон ч санаснаар болоогүй.

-Хэдийгээр таны амьдралд ийм зүйл болж өнгөрсөн ч  тайзан дээр гараад гялалздаг, гал цогтой охин одоо ч таны дотор байгаа гэдэгт итгэлтэй байна. Амьдрал үргэлжилнэ. Уран бүтээлээ ч хийдгээрээ хийнэ. Яагаад гэвэл таны дууг сонсдог сонсогчид байгаа?

-Филармони 2019 оноос хойш надаас олон шалгалт авсан. Одоо шалгалтын трауматай болчихоод байна шүү дээ. Гэхдээ би болсон бүх асуудлыг сөрж сэтгэлзүйгээ эдгээхийн тулд хичээж байна. Өөрийгөө анагаахын тулд хувиараа бизнес эрхэлж байна. Амьдралаа үргэлжлүүлж, дуугаа дуулахын тулд маш их хичээж байна. Миний пэйжийг дагадаг дагагчид, дуунуудыг маань сонсдог сонсогчдоосоо маш их урам авдаг. Уран бүтээлийн талаар саналыг нь сонсох дуртай.

-Таныг Филармониос гарсны дараа хувиараа уран бүтээл хийхээр хичээж байгааг харах бахархмаар байсан. Өнгөрсөн хугацаанд таныг өөртөө илүү олон боломж нээлттэй байгааг мэдэрсэн байх гэж бодож байна?

-Хүн өөрөө хичээвэл болохгүй зүйл байдаггүй юм байна гэдгийг ойлгосон. Энэ жил би эмэгтэйчүүдийнхээ эрхийн төлөө дуу хийнэ. Энэ бүтээлийг гаргахад эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугардаг, үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг надтай нэгдээд уран бүтээл хийгээсэй гэж хүсэж байна. Өмнө нь ая зохиогч нарын өгсөн дууг дуулж өөр бусдыг бодолгүйгээр явдаг байж. Харин одоо Насаагийн нас 30 гарчээ. Энэ үед бодогдож байгаа зүйл гэвэл, уран бүтээлч хүн гэж гоё хувцас өмсөж харагдахдаа гол нь биш. Амьдрал дээр үзэж туулснаа бүтээл болгох, нийгэмд болохгүй байгаа зүйлийг уран бүтээлээр дамжуулан ил гаргаж, тэмцэн урам зоригийг бусдад өгөх нь чухал болохыг ойлгосон. Намайг шүгэл үлээснээс хойш миний пэйж рүү өөр өөр салбарт ажилладаг бүсгүйчүүд хандсан. Ил гаргадаггүй болохоос эмэгтэйчүүдийн эрхэд халдсан зүйл олон тохиолддогийг мэдсэн. 

-Таныг өнгөрсөнд болсон таагүй дурсамжаас салахад урлаг, дуу хөгжим л туслах юм байна. Багадаа сурсан мэдлэгээ баяжуулан мюзиклд тоглож болно шүү дээ?

-Баярлалаа. Би Баянхонгор аймгийн “Тэмүжин” театрт байхдаа жүжигчний ангид нь суралцаж байсан. Тэр үеийн хичээл, зүтгэл надад маш сайн суурь болж өгсөн гэж боддог. Мэргэжлийн дуучин болоход ч энэ их нөлөөлсөн. Өнөөгийн нийгэм дуучнаас бүжгийн эвсэлтэй, бас тодорхой хэмжээнд жүжиглэж чаддаг байхыг шаардаж байна. Бид клипэд тоглоход дуулахаас гадна тодорхой хэмжээнд жүжиглэх шаардлагатай болдог. Өнгөрсөн жилүүдэд багагүй туршлага хуримтлуулсан. Одоо бүтээл хийхээр илүү гүн гүнзг ий, хүний сэтгэл зүрхэнд хүрсэн бүтээл хийхийг зорьдог болсон байна.

2025 онд гаргасан “Зүрхэнд” дуугаа хийхдээ Монголынхоо үзэсгэлэнт байгаль, Цагаан суваргад очиж зураг авсан. Монголын түүхийн нэгэн хэсэг, сэдэв нь болсон бөөгийн шашны багахан элементээс оруулсан. Уртын дууны шуранхайг өөрийнхөө поп стилийн дуулалтаар, мэдрэмжээрээ илэрхийлэхийг зорьсон. Барууны урлагийг дуурайхаас илүү Монгол үндэстний ондоошил, өв соёлоос уран бүтээлдээ шингээвэл гоё юм байна гэсэн бодол төрсөн юм.

Өмнө нь хэлсэнчлэн, урлагийн хүн гэхээр гоёж гоодохын нэр биш. Фэйсбүүк, инстаграммдаа гоё сайхан зургуудаа тавихаас илүү нийгмийн хариуцлагын хүрээнд үзэл бодлоо илэрхийлдэг байх хэрэгтэй гэж боддог. Урлагийнхан бид чинь ард түмнийхээ хүчинд амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Хэрвээ ард түмэн байхгүй бол бид хэнд зориулан дуу дуулж, яаж ашиг орлого олж амьдрах юм бэ. 

Чөлөөт уран бүтээлч байхын давуу тал нь өөрийнхөө тааваар, хүслээрээ уран бүтээл хийх юм байна.

Би өнгөрснөө үгүйсгэж буруутгахгүй. Байгууллагад байхдаа хайрцаглагдаж байсан байна. Одоо тэгж хичээхгүй. Хэн нэгэнд таалагдах гэж, таашаагдах гэж өөрийгөө хайрцаглахгүй. Өөрийнхөө хүссэнээр, хүссэн үедээ аялж, юуны тулд сайхан дагагчидтай билээ, тэдэнтэйгээ уялдаа холбоотойгоор хувийн бизнесээ хийгээд байгууллагын цалин харж амьдрахгүйгээр цаашаа явна.

-Та яриандаа онлайн худалдааны талаар цөөнгүй дурдлаа. Наймаа хийлээ гээд та дуучин биш болчихгүй. Яагаад үүнийг эмзгээр хүлээж аваад байгаа юм бэ?

-Харин ч надад онлайн худалдаа хийх таалагдаж байгаа. Урам зоригтой ч байна. Өөрөө илүү хичээж ажиллахын хэрээр ашиг орлогоо нэмэх боломж хувийн бизнест байна. Цалингаас илүү ашиг олох боломжтой. Үүнийг яг өөрийнхөө биеэр мэдэрч байж ойлгосон. Цаг наргүй ажилладаг учраас ядарна. Цагаан сарын өмнө Америкаас ирээд шууд л ажилдаа орсон. Сар шинийн барааг арванхоёрдугаар сард татаад авчирчихсан байсан учраас надад амрах цаг байгаагүй. Ингэж хичээж ажилласныхаа хүчинд өнгөрсөн арванхоёрдугаар сард байраа томруулж шинэ байрандаа орлоо.  2019 онд миний охин нялх байсан ч би дуугаа дуулаад шинэ жилээр олсон мөнгөө хурааж байгаад автомашинаа явдаг ломбардад тавьж байрныхаа урьдчилгааг өгч охинтойгоо тусдаа гарч байснаа санаж байна. Сар болгон зээл төлдөг ганц бие, өрх толгойлсон ээж болохоор надад зүгээр суух эрх байхгүй. Энэ нь миний амьдралд түлхэц болж хичээх ёстойг сануулдаг. Өр зээлтэй ч амьдралдаа нэг алхам урагшлахаар өөрөөрөө бахархаж “Чадаж байна шүү дээ. Эмэгтэй хүн хэн нэгний тусламжгүйгээр бүтээж, хийж чадах юм байна” гэдгээ ойлгосон.

-Амьдрал хар цагаан хоёр талтай. Бараан нь байна. Харин хэн таныг зөөллөж, урагш тэмүүлэх урам зориг өгч байна вэ?

-Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр охиноо төрүүлсэн явдал. Дуу дуулах миний амьдралын салшгүй нэгээхэн хэсэг л дээ. Гэхдээ охиноо төрүүлснээрээ аавтай нь амьдрахгүй байсан ч амьдрал надад “Чи энэ охины төлөө хүчтэй байх ёстой” гэж бодогдуулсан. Заримдаа “Надаас ийм хөөрхөн охин төрдөг юм аа” гэж бодогддог. Жаахан юм байж ээждээ урмын үг зөндөө хэлнэ. Тэгэхээр өөрийн эрхгүй хайр хүрээд “Охиныхоо төлөө надад унах эрх байхгүй” гэж боддог. Охиныхоо хүүхэд насыг гэгээлэг дурсамжаар дүүрэн, хүүхэд насыг нь сайхан өнгөрүүлэх юмсан. Аавгүй өсөж байгаа ч  бусдаараа бүрэн дүүрэн , сэтгэл ханамжтай, өөртөө итгэлтэй байгаасай. Гадаадаар явж үзсэн, мэдлэг боловсролтой, хэнээс ч хамааралгүй хүчирхэг эмэгтэй болоосой гэж хүсдэг.

-Ээж охин хоёрын бичлэгийг олон удаа үзсэн. Охин тань бүжгийн эвсэлтэй, бас эвлэгхэн дуулдаг юм шиг санагдсан?

-Эвсэлтэй гэхдээ тийм ч сайн дуулдаггүй. Гэсэн ч “Ээж ээ, би дуучин болно оо” гэдэг. Түүнийг нь би зөвшөөрөөгүй. Эмэгтэй хүн урлагийн хүний амьдралаар амьдрах хэцүү гэдгийг хэлсэн ч “Би олон хит дуутай дуучин болно” гэсэн бодлоосоо ухраагүй л байгаа. 

Бурхан маш их утга учиртайгаар охиныг минь надад илгээсэн. Охиныхоо төлөө, дээр нь бурхан болсон ээж минь намайг дуучин болгохын төлөө их зүйл хийсэн. Тэр хүний хичээл зүтгэл, сэтгэлийг хий дэмий зүйл болгох эрх надад байхгүй. Тэгэхээр илүү хичээх ёстой. Угаасаа хүн болгоны амьдралын зам мөр дардан байдаггүй. Яахав, бурхан надад амаргүй даваануудыг илгээж байгаа ч даваад гарна гэж бодсон учраас өгсөн байх. Тиймээс илүү хүчирхэг байх ёстой гэдгийг ойлгуулахын тулд эдгээр зүйл өмнө минь тулгарч байгаа гэж боддог.

Угийн би шударга, зарчимч ядаргаатай зантай хүн. Тэр зангаараа шүгэл үлээж одоо ч тэмцсээр байна. Миний амьдралд маш том толбо үлдээсэн зүйлийг бусад охид бүсгүйчүүд маань битгий үзэж туулаасай. Над шиг мэдрэмжийг битгий аваасай гэж хүсэж байна. 

-Төгсгөлийн асуултыг танд үлдээе. Охиндоо хэлэх үгээр ярилцлагаа өндөрлөвөл ямар вэ?

-Баярлалаа. Охиндоо хандаж “Ээж нь охиндоо маш их хайртай. Амьдралын минь хамгийн тод өнгө, утга учир болж ээждээ ирсэнд баярлалаа” гэж хэлье.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонины №009/24684/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 



 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/01
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31