“Оюутан цэрэг” хөтөлбөрт 3000 гаруй оюутан бүртгүүлжээ


“Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхан шатны бүртгэл үргэлжилж байгаатай холбогдуулан бид энэ удаагийн сурвалжилгаа бүртгэлийн үйл явц, сонгон шалгаруулалт, хөтөлбөрийн онцлог болон оюутнуудын суралцах боломжийн талаар бэлтгэн хүргэж байна.

Оюутан залуусыг сургуулиас нь хөндийрүүлэхгүйгээр цэргийн алба хаах боломж олгодог “Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхан шатны бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл үргэлжлэх юм. Бүртгүүлэх хүсэлтэй их, дээд сургуулийн нэг, хоёр, гуравдугаар  дамжааны оюутнууд цахимаар буюу E-Mongolia системээр бүртгүүлэх боломжтой. Харин мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл, сургалтын байгууллагын тодорхойлолт, сургалтад хамруулах тухай зөвшөөрөл, дүнгийн хүснэгтийг бүрдүүлэн харьяа аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж бүртгүүлэх юм. Энэ сарын 4-ний өдрийн байдлаар 3000 гаруй оюутан бүртгүүлжээ.

 

Бүртгэлийн хариуг бүртгүүлсэн цахим шуудан, “E-Mongolia” системээр мэдэгдэнэ

 

“Оюутан цэрэг” хөтөлбөрт оролцох оюутан, суралцагч хэд хэдэн үндсэн шаардлагыг хангасан байх ёстой. Тодруулбал, магадлан итгэмжлэгдсэн их, дээд боловсролын байгууллагын нэг, хоёр, гуравдугаар дамжааны суралцагч, тухайн жилийн зургадугаар сарын 15-наас өмнө 18 нас хүрсэн байх, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сүүлийн нэг жил төлсөн байх, тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх ёстой. Эдгээр шаардлагыг хангасан оюутан бүртгэлийн хугацаанд бүртгүүлэх боломжтой. Ингээд бүртгэл хаагдсаны дараа Батлан хамгаалах яам хүсэлтүүдийг хянан шийдвэрлэж, тэнцсэн эсэх хариуг бүртгүүлсэн цахим шуудан болон “E-Mongolia” системээр дамжуулан мэдэгдэх юм байна.

 

Г.Ялалт: Дүнтэй холбоотой асуудал байвал сургуулийнхаа сургалтын албанд хандаж, баталгаажуулах шаардлагатай 

Бүртгэлтэй холбогдуулан нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалтаас дараах асуултад хариулт авлаа.

 

-Бүртгэлтэй холбоотойгоор зарим оюутны дүнгийн оноо баталгаажихгүй байна гэх асуудал гарч байгаа гэсэн. Энэ талаар зөвлөх зүйл бий юү?

-Тийм ээ, нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Их, дээд сургуулийн нэг, хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд цахимаар, өөрөөр хэлбэл e-Mongolia системээр бүртгүүлж байгаа. Харин политехникийн коллежийн оюутнууд харьяа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт биечлэн очиж бүртгүүлнэ. Цахимаар бүртгүүлж буй оюутнууд, ялангуяа нэгдүгээр дамжааныхан дүнгийн мэдээлэл баталгаажихгүй байх тохиолдол гарч байна. Ийм үед сургуулийнхаа сургалтын албанд хандаж, дүнгийн мэдээллээ баталгаажуулах шаардлагатай. Баталгаажсан дүн мэдээллийн нэгдсэн санд орсны дараа бүртгүүлэхэд ямар нэгэн асуудал гарахгүй.

-Бүртгүүлсэн оюутнуудаас хэрхэн сонгон шалгаруулалт хийх вэ?

-Сонгон шалгаруулалтыг тогтоосон квотын дагуу явуулна. Эхний шатанд квотоос давсан тооны оюутныг бүртгэж авна. Дараа нь шалгуур үзүүлэлтүүдээр шат дараатай шигшиж сонгоно. Юуны өмнө ерөнхий шаардлага хангасан бүх оюутан бүртгүүлэх боломжтой. Үүнээс эхний ээлжид сурлагын оноогоор эрэмбэлж сонгон шалгаруулна. Оноогоор тэнцсэн оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Эдгээр хоёр шалгуурыг хангасан тохиолдолд бие бялдрын шалгалтаар эцсийн байдлаар сонгон шалгаруулна.

-“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд цэргийн 13 мэргэжлээс сонгон суралцах боломжтой гэж байна. Энэ талаар тодруулна уу?

-13 мэргэжил гэдэг нь үндсэндээ хугацаат цэргийн албанд яригддаг мэргэжлүүдийг хэлж байгаа юм. “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд ч мөн адил эдгээр чиглэлээр цэргийн бага мэргэжил эзэмшүүлэхээр төлөвлөж байна. Жишээлбэл, хугацаат цэргийн албанд татагдсан иргэн инженерийн ангид хуваарилагдвал цэргийн инженерийн бага мэргэжил эзэмшиж төгсдөг. Харин хилийн ангид алба хаавал хилийн цэргийн бага мэргэжил эзэмшинэ. Үүнтэй адил “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад ч цэргийн бага боловсрол, мэргэжил олгож төгсгөнө гэж ойлгож болно. Гэхдээ 13 гэдэг тоо нь хатуу тогтсон тоо биш. Үүнээс илүү олон төрлийн цэргийн мэргэжил байдаг. Тиймээс буудагч, явган цэргийн байлдагч, пулемётчин, харвагч зэрэг цэргийн бага мэргэжлүүдийг аль болох өргөн хүрээнд эзэмшүүлэхийг зорьж байна.

-Цэргийн бага мэргэжил олгоход оюутны дамжаа хамаарах уу?

-Оюутны дамжаа хамаарахгүй. Бүх оюутан нэг ижил сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу суралцана. Ямар нэгэн шатлал, дамжааны ялгаа байхгүй. Харин суралцагчийн хүлээж авах чадвар, туршлагаас шалтгаалан ахлах дамжааны оюутан арай илүү хурдан ойлгож, эзэмших боломжтой байж болно.

-Тэгэхээр оюутнууд хугацаат цэргийн алба хаасан хүнтэй адил түвшний мэдлэг, чадвар эзэмших үү?

-Нэг жилийн хугацаатай цэргийн алба хаасан алба хаагчтай яг ижил түвшинд хүрнэ гэж хэлэх боломжгүй. Хугацаа, дадлага туршлагын хувьд харьцуулахад ялгаа бий. Гэхдээ 45 хоногийн сургалтын хугацаанд шахуу хуваарийн дагуу шаардлагатай мэдлэг, ур чадварыг бүрэн олгоно. Ингэснээр оюутнууд цэргийн үндсэн салбартаа дайчилгаа болон бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд хамрагдсан тохиолдолд өөрт ногдсон үүргийг гүйцэтгэхүйц бэлтгэлтэй болно.

 

Дөрвөн сарын хугацаанд сургалтад хамрагдаж, цэргийн бага мэргэжилтэй болно 

Хөтөлбөрийн дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-нийг хүртэл оюутнууд цэргийн хэргийн онолын сургалтад хамрагддаг байна. Энэ хугацаанд дөрвөн төрлийн хичээл үзэж, шалгалт өгөх бөгөөд ерөнхий шалгалтад 60 оноо болон түүнээс дээш оноо авсан оюутнууд дараагийн шатны мэргэжлийн дадлага сургалтад хамрагдах эрхтэй болдог аж.

Онолын хичээлүүдийн сурах бичиг, гарын авлага нь ойлгоход төвөгтэй биш бөгөөд энгийн иргэн ч уншаад ойлгохуйц байдлаар боловсруулсан байдаг гэдгийг холбогдох албаны хүн онцоллоо. Ийнхүү оюутнууд онолын мэдлэгээ авсны дараа зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны хооронд бие бялдрын бэлтгэл болон практик сургалтад хамрагддаг. Хээрийн дадлага, караентины үеэр оюутнууд бодит нөхцөлд сургалт хийж, зэвсэг эзэмших, ашиглах, буутай үүрэг гүйцэтгэх зэрэг практик дадлагуудыг хийж, онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх чадвар эзэмших юм байна. Ийнхүү нийт дөрвөн сарын хугацаанд оюутнууд сургалтад хамрагдаж, цэргийн бага мэргэжил эзэмшдэг байна. Өөрөөр хэлбэл, цэргийн алба хаасанд тооцогдон, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгддэг байна.

 

2014 оноос хойш хөтөлбөрт 10 мянга гаруй оюутан хамрагджээ 

“Оюутан цэрэг” хөтөлбөрт өмнө нь зөвхөн нэгдүгээр дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 онд Батлан хамгаалах яамнаас холбогдох журамд оруулсан өөрчлөлтөөр хоёр болон гуравдугаар дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон. Ингэснээр олон оюутан цэргийн мэдлэг, дадлага эзэмших боломжтой болжээ. Энэ жил Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2000 орчим оюутныг сонгон шалгаруулж, хөтөлбөрт хамруулахаар төлөвлөсөн байна.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 10 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдсан байна. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд цэргийн алба хаасанд тооцогдон, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгджээ. Хөтөлбөрийн гол зорилго нь оюутан залууст эх оронч үзэл, сахилга бат, хариуцлагыг төлөвшүүлэхэд чиглэдэг. Сургалтын агуулга нь зөвхөн цэргийн мэдлэг, дадлагад төвлөрөхөөс гадна эх оронч хүмүүжил, удирдан зохион байгуулах чадвар, бие бялдрын бэлтгэл зэрэг олон талт чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг.

Тиймээс тус хөтөлбөрийг эцэг эхчүүд, багш нар богино хугацаанд сахилга бат, хариуцлагатай дадал, эх оронч үзэл олгодог хөтөлбөр гэж үнэлдэг байна.

Ингээд “Оюутан цэрэг” хөтөлбөр нь жилээс жилд шинэчлэгдэн боловсронгуй болж, оюутан залуусыг цэргийн мэдлэг, дадлага, хүмүүжилд бэлтгэх үндэсний хэмжээний чухал хөтөлбөр гэж олон нийт тодотгож байна.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонины №009/24684/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/01
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31