Үндэсний сэтгүүлзүйн 103 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан сэтгүүлч мэргэжлийн үнэ цэн төдийгүй өнөөгийн сэтгүүлзүйн чиг хандлагын талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүлзүйн медиа технологийн тэнхимийн багш Д.Оюунбаттай ярилцлаа.
-Зуу гаруй жилийн түүхтэй Монголын сэтгүүлзүйн хөгжлийг дүгнэвэл, бид өнөөдөр ямар замаар хэрхэн явж байна вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
-Монголын сэтгүүлзүйн тухай ярихад хоёр үе шатанд хувааж үздэг. Мэдээж анх үүсэж байгуулагдсан цаг үеийг харьцангуй ардчилсан, чөлөөт байдалд байсан гэж ярьдаг. Социализмын үед бол үзэл суртал давамгайлсан. 1990-ээд оноос олон ургальч үзэл бүхий чөлөөт хэвлэл бий болсон. Дүгнэж хэлбэл, гаднын улс орнууд, тэдний сэтгүүлзүй ямар замыг туулж ирсэн, түүнийг л бид бага багаар туулаад явж байна. Манай улсад сэтгүүлзүй, хэвлэл мэдээлэл их залуу гэж бид ярьдаг шүү дээ. Орчин үед технологийн эрин үед сэтгүүлзүй улам нарийсан хөгжиж байна. Түүнийг дагаад өрсөлдөөн их боллоо. Хоорондоо ч өрсөлдөж байна. Түүний зэрэгцээ иргэний сэтгүүлзүй, актив студи гэх юм уу, сошиалд хүмүүс бүгд хоорондоо өрсөлдөж байна. Гэхдээ сэтгүүлзүй бол мэргэжлийн чиг баримжаагаараа технологийн энэ эрин үеийг, цаг үеэ мэдэрч түүнтэйгээ цуг хөл нийлүүлэн алхаж явна. Би хувьдаа ингэж л харж байна.
-Орчин үеийн сэтгүүлзүй цахимжсан. Сошиалд өргөн талбар нээгдсэн. Үүнээс үүдэн мэргэжлийн сэтгүүлчдийн орон зай шахагдаж, хэн дуртай нь мик, камер бариад хэвлэл, мэдээлэл, сэтгүүлчийн дүрд тоглох боллоо?
-Технологийн дэвшил нь тэдэнд тийм боломжийг олгоод байна л даа. Нэг талаар энэ нь мэдээллийн багтаамжийг нэмсэн эерэг үзэгдэл гэж харж байгаа хэсэг байхад нөгөө талд сэтгүүлзүйн үнэн байх, цаашлаад мэргэжлийн байх энэ шинж чанар, зарчмыг хооронд нь хольж хутгаад байдаг хүмүүс олон байдаг. Тэгэхээр энэ нь тэр талаараа сөрөг үзэгдэл болчихож байгаа юм. Иймд сэтгүүлзүй өөрөө тэднээс ялгарах хэмжээнд байх ёстой. Та түрүүнд хэллээ, камер, мик бариад “дүрд тоглож байна” гэж. Яг тэгээд камер бариад гараад явж байгаа хүн олон бий. Сэтгүүлч нэртэй хүн ч дунд нь гүйж яваа шүү дээ. Сургууль төгссөн гэдэг ч хаана сурсан, ямар мэргэжил эзэмшсэн нь тодорхойгүй ийм хүмүүс ганц камер бариад хэвлэл мэдээлэл, сэтгүүлч гээд явж байдаг. Тэр бүү хэл, ганц камер ч үгүй сайтууд бас байна. Редакцгүй сайтууд гэж хүмүүс ярьж, бичээд байдаг. Тэгэхээр эд нар бол нөгөө хэвлэл, мэдээллийн цааш мэдээлэл түгээх ажлыг хийгээд байгаа юм шиг боловч тэнд нь мэргэжлийн цензур, редакцийн үйл ажиллагаа байхгүй. Энэ бол сөрөг үзэгдэл. Тиймээс бид мэргэжлийнхээ зарчмыг илүүтэй харуулж, редакцийн бодлого чиглэлээ баримталж явах ёстой.
Технологийн эрин үед хурд хэрэгтэй гээд газар дээрээс нь шууд лайвдаж, мэдээлэл дамжуулж байна гэдэг. Гэтэл өнөөдөр үүнийг давуу тал гэж харахааргүй болсон. Бүгд л нэг камер барьж, утсаар лайв хийсэн хүмүүс, тэнд сэтгүүлчийг очихоос өмнө сурвалжилга хийчихэж болж байгаа байхгүй юу. Айхтар том мэргэжлийн сурвалжилга гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ тэнд яг юу болов гэдгийг харуулчихаж байна шүү дээ. Тухайлбал, энд бөмбөг дэлбэрлээ гэдгийг Иранд байгаа жирийн иргэн лайв хийчихэж болж байна. Тэр хүмүүсээс сэтгүүлчид юугаараа ялгарах вэ гэвэл, бид баримттай, олон талтай, эх сурвалжтай, мэдээллээ илүү баталгаажуулж, анализ хийж, тоо баримт, дата оруулаад мэдээлбэл илүү мэргэжлийн болно. Тэгэхээр яарч уралдах гэхээс илүү анализ хийсэн, мэргэжлийн сэтгүүлзүйн чиглэл рүү хөгжих нь зөв юм.
-Цахим сэтгүүлзүй хөгжсөнөөр тогтмол хэвлэлийн орон зай хумигдаж, өдөр тутмын сонин цөөрч, улирал тутам гардаг сэтгүүлүүд бараг л хаагдсан. Үүний сөрөг талыг та хэрхэн харж байна вэ?
-Сэтгүүлзүйн чиг хандлага өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Арваад жилийн өмнө цаасан сонин цаашид байх уу, үгүй юу гэж ярьж байсан бол өнөөдөр эргээд цаасан сонин заавал байх ёстой гэлцэх боллоо. Цаасан сонин дээр илүү аналитик, мэргэжлийн сэтгүүлзүйн жинтэй бүтээлүүд гарч байна. Дээр нь хүмүүс цаасан сониноо бариад уншихыг илүү хүсдэг гэх нь бий. Америкийн хэвлэлүүдийг харахад захиалагчийн тоо нь эрс багассан ч түүнийгээ онлайн хувилбартай болгож, бизнес загвараа өөрчлөөд явж байгаа жишээнүүд байна. Түүнээс цаасан сонин, сэтгүүл бүр байхгүй болно гэж байхгүй. Цаасан сонин цаг үедээ зохицуулаад үргэлжлээд явж байгаа. Хүмүүс залхуу болсон, уншихаа больж байна гэж ярьдаг ч уншдаг хүмүүсийн тоо буурахгүй байгаа.
-Та бол мультимедиа чиглэлээр ирээдүйн сэтгүүлчдийг бэлтгэж байгаа багш. Орчин үеийн залуус цахим сэтгүүлзүйг түлхүү сонирхож, суралцах болсон. Гэхдээ тэдний хүсэл эрмэлзэл, сонирхол хаашаа чиглэж байгааг асуумаар байна?
-Аль ч салбарт хүмүүсийн сонирхол бүүм болдог үе гэж байдаг юм байна. Монголын сэтгүүлзүйд телевиз нэг хэсэг тийм байсан. Одоогоос арав гаруй жилийн өмнө залуус телевиз рүү хошуурч байлаа. Тэгвэл өнөөдөр цахим сэтгүүлзүй рүү шилжих болсон. Тэр дундаа мультимедиа, видео контентыг оюутан залуус ихээхэн сонирхож байна. Үүгээрээ өөрсдөө бие дааж бүтээл хийдэг, түүнийгээ сэтгүүлзүйтэй холбохоор яг ямар контент хийдэг вэ, юу хийж чаддаг хүн болдог юм бэ гэж ихээхэн сонирхож орж ирдэг. Тэгж ирж байгаа оюутан залуусыг бид энд хүлээж аваад орчин үеийн мультмедиа сэтгүүлч гэж ямар хүн байх ёстой вэ. Юу мэддэг, чаддаг байх ёстой вэ гэдгийг нь шат дараатай, системтэйгээр зааж сургадаг.
Манай сургууль сургалтын студиэс эхлээд материаллаг бааз, хичээлийн агуулга, төрлүүдээс эхлээд суралцагчдынхаа мультимедиа чадварыг хөгжүүлэх чиглэлийн хичээлүүдийг заадаг. Энэ нь практик голдуу. Миний хувьд энэ чиглэлийн хичээлүүдийг оюутан сурагчдад зааж, программ дээр голдуу ажиллуулдаг. Камер, тоног төхөөрөмж дээр дадлага хийлгэдэг. Тиймээс манай оюутнууд хөтлөлтөө өөрөө хийж хоолойгоо уншчихдаг, гэрэл зургаа авч, лабораторид очоод монтажаа хийчихдэг гээд олон чадварыг эзэмшиж төгсдөг. Мэдээж зөвхөн программ бичээд, түүнийгээ заагаад байхгүй, сэтгүүлчийн ёс зүйн хичээлүүд ордог. Энэ хичээлдээ нэлээн ач холбогдол өгдөг.
Манай сургууль сэтгүүлзүйн оюутнуудаас ихэвчлэн бүрдсэн “Хүмүүнлэг уншигчид” клубтэй. Сэтгүүлзүйн сурах бичгүүдээс гадна уран зохиолын, хүний хөгжлийн, танин мэдэхүйн номуудыг уншуулдаг. Сонины сэтгүүлчид сайн мэдэх байх, уншихгүйгээр сайн бичихгүй шүү дээ. Бичихгүйгээр сайн сэтгүүлч болохгүй. Тиймээс бид оюутан сурагчдаа сайн уншуулах ажлыг хослуулж хийдэг.
-Тэгэхээр ийм олон чяадварыг эзэмшиж байгаа танай сургуулийн оюутнууд төгсөхөөсөө өмнө ажлын байраа бараг олчихдог байх нь ээ?
-Ихэнх нь ажлын байраа олж, ажлын байрны урилга авч байна. Манай оюутнууд дадлагажих явцдаа редакц байгуулж, сайт ажиллуулдаг. Дөрөвдүгээр дамжаа төгсөж, ажлын талбарт гарах үед сайн бичдэг, цахим талбарт ч сайн ажиллах чадвар суусан байдаг. Тиймээс яг сайн юмаа мэддэг болоод гарч байгаа хүүхдүүдийг хэвлэл, мэдээллийн аль ч байгууллага шууд авъя гэдэг. Төгсөх ангидаа дадлагаар энд тэнд очиход чадвар нь харагддаг гэсэн үг л дээ. Тэгээд л тэр дор нь “Ажилд авъя” гэдэг урилга ирдэг дээ.
-Сэтгүүлч мэргэжлээр суралцагчдын тоо нэг хэсэг буурсан. Одоо ямар байна вэ?
-Суралцагчдын тооны хувьд нэг хэсэг нэлээд цөөрөх хандлагатай байсан. Гэхдээ сүүлийн хоёр жилд нэмэгдэж байна. Сэтгүүлч мэргэжлийг сонирхох хандлага сэргэж, нэмэгдэж байна. Сүүлийн үеийн залуус мэдээлэл сайтай болсон. Аав ээж нь ч мэдээлэл сайн авч байна. Нэгэн үе бид сэтгүүлчийн мэргэжилд дурлаж, телевизээр гардаг хүн болж байвал цалин мөнгө нь сонин биш гэдэг хандлагаар огт судлахгүйгээр орж байсан бол өнөөдөр хүүхдүүд төгсөөд хаана ажиллах вэ, цалин нь ямар байдаг вэ, юу хийх вэ гэх зэргээр бүгдийг судалдаг болжээ. Нэг давуу тал нь одоо ажлын байр хангалттай байх болжээ. “Сэтгүүлчээр сайн бэлтгэгдсэн хүүхэд байна уу” гэж байнга л асууж байх юм байна шүү дээ. Нэг газар очоод сайн ажиллах юм бол боломж нээлттэй байна уу гэж хардаг.
-Цахим талбарт мэдээллийн олон сайт бий болсон. Тэдний бодлого, чиглэл, чиг хандлагыг та ажиглаж, анзаардаг байх. Хөгжлийн ямар түвшинд байна гэж хэлэх вэ?
-Сайтууд хөгжиж байна. Сайн нь ч байна, муу нь ч байна. Сайн гэдгийг юун дээр үндэслэж хэлж байна вэ гэвэл, дата-д суурилсан, мэдлээллийн хэлбэрийн хувьд ч гэсэн ихээхэн анхаарч байгаа сайтууд байна. Жишээ нь, карусель хэлбэр байна, үйл явдлыг тоймлодог, олон постер болгоод хийж байгаа, нөгөө талаас тэд ихэвчлэн дата дээр сайн ажиллаж байна.
Зөвхөн нэг хүн дээр очоод микрофон өмнө нь тавиад суух биш тухайн хүний ярьж байгаа сэдэв, тэр асуудлыг илүү анализ хийж, тоон дээр хүмүүст хэлж ярьж ойлгуулах ажлууд хийгдэж байгаа нь давуу талтай юм. Инфографикийг маш сайн хийдэг, дата дээр сайтар ажиллаж байгаа сайтууд байна. Видеогоо ч төрөл бүрээр нь хийж байна шүү дээ. Нэг хэсэг сайтууд бол түрүүн хэлсэнчлэн камер бариад шууд гардаг, тэгээд нэг хүний өмнө очоод микрофон бариад зогсдог, эсвэл лайв хийдэг, тэр нь бүгд ижилхэн. Эсвэл бүгд нэг хэвлэлийн бага хурал харуулаад явдаг. Нөгөө бол маш ёс зүйгүй, тухайлбал, нэг хүний хаалгыг цөм цохиж ороод лайв хийдэг явдал ч байна. Эдгээрийг сэтгүүлзүй гэж харахад хэцүү. Нэг л төрлийн үйл ажиллагаа, хүн болгон очоод хийчихэж болохоор ажил байхгүй юу.
Хүмүүсийн мэддэг болчихсон лайвчид байна шүү дээ, байгууллагын хаалга цөм цохиж ордог. Тэд нараас ялгарах юм юу байна. Тэгэхээр тэр сэтгүүлчид илүү аналитик сэтгүүлзүйгээ хийгээд, дата болон контентод суурилсан сэтгүүлзүй хийвэл үр дүнтэй болов уу. Сүүлийн үед анзаарч байхад нэг контентод суурилсан, зөвхөн видеонд суурилах биш тэр нь даацтай нийтлэл байх уу, түрүүний ярьсан карусель нь байх уу, энэ контентуудынхаа агуулгад маш сайн анхаарч, түүгээрээ эргээд үзэгч, хэрэглэгчээ татдаг ийм бизнес загвартай болоод байх шиг байна. Үүнийг манайд эхнээсээ зарим сайтууд хийж эхэлж байна.
-Сүүлийн үед улстөрчдийн ёс зүйн асуудал хэрээс хэтэрч, гишүүнээс эгүүлэн татах хуулийн төсөл санаачлах хүртэл өндрөө авлаа. Яг үүн шиг сэтгүүлчдийн ёс зүйн асуудал олон нийтийн шүүмжлэлийн бай болох болсон. Энэ юутай холбоотой вэ?
-Тэр үнэн. Сэтгүүлзүйн нэр хүнд унасан нь ч ёс зүйгүй сэтгүүлчидтэй холбоотой. Нөгөө редакцгүй сайтуудаас өгсүүлээд хаалтын гэрээ байгуулаад явж байгаа сэтгүүлчидтэй ихээхэн холбоотой. Тэд хаалт хийгээд, нийгэмд үүсээд байгаа, зайлшгүй сурвалжлах ёстой асуудлуудыг сурвалжлахгүй байгаа тал бий. Нөгөө талаас, зориуд хэн нэгэн рүү дайрч давшилдаг ч юм уу, хэн нэгнийг байгаа болгож онилоод захиалагчдад төлбөртэйгөөр үйлчлэх байдлаар цалинжаад явдаг газрууд байна.
Ер нь олон ургальч үзэл, бүх талыг харуулна гэхээс илүү аль нэг талыг баримтлах нь угаасаа нийтлэг, дэлхий нийтэд байдаг л үзэгдэл. Тухайлбал, АНУ, Д.Трампыг сурвалжилж байгаа байдлаар нь бид CNN, Focus news-ийг жишээ татдаг шүү дээ. CNN бол Д.Трампийг хүчтэй шүүмжилдэг, либерал үзэлтэй хэвлэл. Гэтэл Focus news нь Д.Трампийн талд байх жишээтэй. Ийм зүйл байдаг. Гэхдээ бодит зүйлийг л гаргадаг. Гэтэл биднийх болохоор илүү субьектив талыг барьдаг. Улс төрийн бай болгож гэдэг юм уу, тийм байдлаар яваад байдаг. Нөгөөтэйгүүр, харилцаа хандлагын асуудал байна. Мэргэжлийн бус байгаа байдал, лайв хийж байхдаа гаргаж байгаа үг хэл, үйлдлүүд байна. Хэн нэгний өмнөөс хэн нэгнийг буруутгах, шүүх явдал хэрээс хэтэрсэн. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг гэм буруутай мэтээр яллах, ихэвчлэн хохирогчдыг нь эргүүлээд гэм буруутай мэт нийгэмд харуулдаг үзэгдэл ч байна. Нэр дурдаад яах вэ, нийтлэг ийм байдалтай байгааг хүмүүс мэдэж байгаа.
Хүн эд хөрөнгөөрөө хохирчихоод байхад хохироосон хүмүүс дээр нь очоод уянгалаад байдаг. Ингээд хохирсон нь биш, хохироосныг нь зөв зүйтэй мэт болгож олон нийтэд харуулаад байж байгаа тохиолдлууд их гарч байна. Тэгэхээр ёс зүйн асуудлыг ярих л ёстой. Энэ нь нэг талаас мэргэжлийн бус байгаагаас болдог юм байна. Хоёрдугаарт, тухайн хүний өөрийнх нь хүмүүжил, боловсролоос их шалтгаалдаг. Өөрөө ёс суртахуунгүй бол тэр хүний удирдаж байгаа редакц тийм л байна шүү дээ. Редакцийн бодлого гээд байх юм тэнд байхгүй. Тиймээс хувь хүн өөрөө маш сайн боловсрох учиртай, боловсролтой байх ёстой. Ёс суртахуунтай байх ёстой. Түүний тулд олныг судалж мэдэх хэрэгтэй, их унших хэрэгтэй гэж боддог. Манай сэтгүүлчдэд нийтлэг байгаа нэг зүйл бол боловсролын хувьд хангалтгүй байна уу даа гэж харагддаг.
-Уншихаа больсноос олон сөрөг зүйл гарах болсон гэлцдэг. Унших бол ухаарахын эхлэл гэх нь бий. Танай сургууль “Хүмүүнлэг уншигч” клуб нээсний утга учир бас энэ болов уу?
-Ном унших, уншихгүйн тухайд ийм нэг үг байдаг шүү дээ “Үг золбиншиж, тархи атаршина” гэж. Түүн шиг уран зохиолын нэг ном аваад уншиж байгаа хүн тэндээс ёс суртахууны том хичээл олж авч байдаг. Тэр номд ганц уран зохиол ч бус тал бүрийн мэдлэг явж байгаа. Сэтгэл судлалын ном уншиж болно. Хувь хүний хөгжлийн ном гэхээр бид баян аав, ядуу аав, яаж баяжих вэ, яаж амжилтад хүрэх вэ гээд байдаг. Гэтэл тийм биш, хувь хүний хөгжил гэдэг хүний хөгжил гэж юу юм бэ. Өөрийгөө сэтгэл санаа, оюун бодол, бие махбодын хувьд яаж хөгжүүлэх ёстой гэдэг асуудлыг ярьдаг.
Тэгвэл бид хүний хөгжил гэдгийг буруу ойлгож, өнгөц түвшинд хараад яваад байдаг учраас түүнийг нэг их сонирхож уншдаг ч үгүй байх. Тэгээд уншихгүй байгаа хүн яах вэ гэхээр өөрийнхөөрөө бүхнийг шийднэ. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг, түүгээрээ л шийднэ. Өөрт нь зөв гэж харагдаж байгаа зүйлийг л зөв гэж харна. Гэтэл ёс суртахуун гэдэг бол зөв буруугийн, сайн муугийн тухай ойлголтыг судалж байдаг шинжлэх ухаан шүү дээ. Ёс суртахууныг судалж байдаг ёс зүйн салбар байх нь. Үүнийгээ мэдэхгүй, ерөөс сайн муугийн тухай ойлголт байхгүй хүн чинь яаж нийгэмд гараад сайн үйлдэл хийх юм бэ, тийм биз. Тэгээд мэдээ, сурвалжилга, авч байгаа зүйл нь яаж олон нийтийг сайн сайханд уриалах юм бэ. Юуг сайн гэж харуулах юм. Юуг муу гэж харуулах юм бэ.
Тэр өнцөг нь юу байх вэ гэдэг маш эвгүй байгаа байхгүй юу. Тиймээс би оюутан, суралцагчдадаа хэлдэг юм, “Та хэд бол жирийн хүмүүс биш шүү. Та нар жирийн хүмүүсийн уншиж, сонсож мэдэж байгаа зүйлд чиглэл өгч, бас тэднийг зөв талд нь сэхээрүүлэх, соён гэгээрүүлэх ажил хийж байдаг хүмүүс. Өнөөдөр манай боловсрол тааруу байгаа гээд бид ярьж байна. Арван жилийн боловсрол нь хангалтгүй байгаа нь үнэн. Зөвхөн гэр бүлийн боловсрол хүмүүжлээр юм уу, эсвэл арван жилийн боловсрол, их сургуульд олж авсан мэдлэгээр хязгаарлагдахгүй насан туршийн боловсрол маш чухал. Авах ёстой мэдлэгээ номоос авч уншиж, мэдэж, судалж сураад нэг ч гэсэн ёс суртахуунтай хүн бий болох юм бол, ялангуяа сэтгүүлчид илүү олон хүнд, бусдад түүнийгээ түгээх боломжтой ажил мэргэжил шүү дээ.
-Сүүлийн үед хиймэл оюун ухаан бүх салбарт нэвтэрлээ. Саяхан сэтгүүлчид бүх мэдээ, мэдээллээ хиймэл оюун ухаанаар бэлтгүүлдэг телевиз байна гэж хэсэг шуугисан. Ингэхээр бид цаашид юу болох вэ?
-Бүх салбарт хиймэл оюун ухааныг ашиглаж байна. Сэтгүүлзүйд ч нэвтэрч байна. Ирээдүйд сэтгүүлчид байх юм уу, үгүй юу гээд ярьцгааж байна. Би шавь нартаа хиймэл оюун ухааныг цаг үетэйгээ нийцүүлээд ашигла гэж хэлдэг. Гэхдээ туслагч маягаар л ашиглана уу гэхээс биш нөгөө хиймэл оюун ухааныг дээрээ гаргаад түүнээсээ “Би юу ярих вэ, би юу нийтлэх вэ” гээд бурхнаа юм уу, дарга, редактороо болгоод суугаад байж болохгүйг анхааруулдаг.
Хиймэл оюун ухаан ажил ихээхэн хөнгөвчилж өгдөг. Тухайлбал, миний гар аргаар тоолох байсан олон тоонуудыг гаргаад өгөх жишээтэй, угтаа тооны машин л гэсэн үг юм. Тэр утгаараа бидний олон жил ашиглаж байгаа Google-ийг илүү амарчилж, бас нарийсган хэрэглэж байгаа л хэлбэр. Үүнийг бид ашиглаж болно. Гэхдээ лавлах, туслагч байдлаар шүү дээ. Гэтэл сэтгүүлч хүн мэдээ, нийтлэлээ түүгээр бичүүлнэ гэдэг чинь өөрийгөө дорд үзэж, байраа тавьж өгч байгаа л асуудал. Ингэх юм бол тэр хүн тэнд цалин аваад суугаад байх хэрэг юун.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: Монголын үнэн сонины №009/24684/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна