Алла Пугачёва тайзнаа эргэн ирнэ


2026 оны эхээр Израилаас нүүж, Кипрт тансаг орд харшдаа нөхөр, хүүхдүүдийн хамт төвхнөсөн Алла Пугачёваг энэ зун тайзнаа эргэн ирнэ гэх мэдээлэл тархсан нь оросуудыг багагүй шуугиулаад авлаа. Гэвч энэ жил 77 нас хүрч байгаа алдарт дуучин олон сараар бэлтгэл сургуулилалт хийх, бие сэтгэлийн ачаалал даах боломжгүй гэж Оросын зарим мэдээллийн хэрэгслүүд бичжээ. Түүнчлэн, 2009 онд өөрийн хүслээр тайзнаас бууж, 2022 оны хавар Орос, Украины хоорондох дайны улмаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн эх орноосоо дүрвэж гарсан Алла Борисовнаг буцаж ирэх шаардлагагүй хэмээн сошиал орчинд давлагаалах хүмүүс цөөнгүй. Тэрбээр оросуудыг “босгоны боолууд” гэж нэрлэсэн удаатай. Иймд Алла Пугачёва олон нийтэд тоглолтоо сонирхуулах нь улс төрийн агуулгатай болж мэдэх бөгөөд 2025 онд Украины бизнесмэнүүдийн урилгаас татгалзсан нь ийм учиртай бололтой.

Түүний нөхөр Максим Галкиныг ОХУ-ын Хууль зүйн яамнаас гадаадын тагнуул хэмээх жагсаалтад оруулсан. Харин Пугачёва Орос, Украины цэргийн тусгай ажиллагааны тухайд төвийг сахисан байдалтай, буцах замаа бүр мөсөн хаалгүй үлдээсэн. Гэлээ ч үзэгчдийн өдөөн турхиралт, үзэн ядалт, сөрөг хандлагаас эмээх нь ойлгомжтой хэрэг юм. 2024 онд Юрмалад болсон Максим Галкины тоглолт дээр нэгдүгээр эгнээнээс нэгэн үзэгч хараал тавин доромжилж, үүний тулд тасалбар худалдаж авснаа ч нуугаагүй. Алдарт Лайма Вайкуле энэ жил Юрмалад зохиох фестивальдаа Пугачёваг урьж дуулуулах болов уу гэж продюссер Евгений Бабичев ярилцлага өгчээ. Аллаг урлагийн зам сонгоход нь томоохон үүрэг гүйцэтгэж, тулж түшсэн хөгжмийн зохиолч Раймонд Паулсын 90 насны ой мөн давхцах юм байна.

 

Сүүлийн үеийн мэдээ  

Москва мужийн Солнечно­горск хотод байрлах хувийн усан онгоцны зогсоол бүхий Пугачёвагийн эдлэн газар, орд харшийг Байгаль орчны хяналтын газраас Истра голын усан санд эрсдэл учруулсан гэх дүгнэлт гаргаж, шүүхийн шийдвэр ёсоор нэг сарын дотор засвар хийж, хор хохирлыг барагдуулахгүй бол ойрын хугацаанд нурааж магадгүй болжээ.   

Түүнчлэн, Пугачёвагийн эзэмшдэг “Рецитал” барааны тэмдгийн хугацаа дууссан тул хүчингүй болгосон гэдгийг Оюуны өмчийн газраас мэдээлсэн. 2026 онд “Кристина” барааны тэмдгээ хураалгах эрсдэлтэй болсон. Алла Пугачёвагийн өндөр настны тэтгэврийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй ч хэрэв гэмт хэрэгт буруутгагдан, улмаар гэм буруутай нь тогтоогдвол төрийн шагналуудыг хураан авч, нэмэлт урамшууллыг хасна гэж Дотоодыг хамгаалах албаны бэлтгэл дэд хурандаа, хуульч Елена Браун мэдэгдсэн.

 

Алла хэвлэлд 

1960-аад оны дундуур эстрадын тайзнаа анх гарч, Зөвлөлт төдийгүй олон улсын үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулсан ЗХУ-ын Ардын жүжигчин, ОХУ-ын Төрийн шагналт Алла Пугачёва урын сандаа 500 гаруй дуутай. Эдгээрээс 100 орчим дууг өөрөө зохиосон.

“Багадаа би их бүрэг, ичимхий хүүхэд байсан болохоор хүнтэй харилцах тал дээр асуудалтай, “зэрлэг хүн” хочтой явлаа. Үнэндээ бусадтай харилцах цаг надад байгаагүй. Үргэлж хичээл хий, сурч боловсор гэх шахалтан дор өссөн болохоор жилдээ ганц сар амардаг, гэхдээ яаж амрахаа мэддэггүй хүүхэд байв.” (М.Н.Ермоловагийн нэрэмжит театрын удирдаач Олег Меньшиковт өгсөн ярилцлагаас)

“Зүрх сэтгэл доргиосон ямар эмгэнэлт явдал багадаа туулав гэж үү? Эцэг маань ээжийг цохиод авахад би дэргэд нь байсан юм. Амьдралдаа ганц удаа гар хүрсэн нь тэр. Юу болсныг мэдэхгүй. Дараа нь аав уучлал гуйсан, угаас тэгнэ шүү дээ. Гэхдээ би жинхэнэ цочрол гэж юу болохыг тэгэхэд мэдэрсэн юм. Тэр айдас миний зүрхнээс огт салаагүй үлдсэн. Сөхөж ярьдаггүй байсан ч уг явдлыг ер мартаагүйг минь манай эцэг нас бартлаа мэддэг байсан... Эмэгтэй хүнийг цохиж зоддог эр хүн миний хувьд хүн биш. Ийм үзэлтэй өссөн юм, би.” (“Долоо хоног” хэвлэлд өгсөн ярилцлагаас)

“Эмээ маань боловсрол мэдлэгтэй, гэрийн багш хүн байв. Франц дуу, шүлэг их мэднэ. Харахад ширүүн дориун, инээж наргих нь ховор. Дүү бид хоёрт хатуухан хандана. Эмээгийн үг хууль. Харин ээж бол дэгжин хувцасладаг, эелдэг зөөлөн ааштай, хоол хийх, дуу дуулах дуртай, эргэн тойронд нь олон хүн хүрээлж байдаг. Романтик эмэгтэй байсан гэх үү. Ажил хийхгүй олон жил амьдарч байгаад, аавыг нас барсны дараа уйлж шаналж суусангүй, шуудхан ажилд орж, инженерийн диплом аваад, шат шатаар өгссөн юм. Гайхалтай хүн... 1986 онд Самарад тоглолттой явж байхад ээжийн маань үхлийн тухай мэдээ ирж билээ.” (“Долоо хоног” хэвлэлд өгсөн ярилцлагаас)

“Би анхнаасаа драмын жүжигчин байсан шүү. Дуулъя гэж бодоогүй. Ер нь дуучин гэж өөрийгөө нэрлэж яваагүй. Би бол дуулдаг эмэгтэй.” (М.Н.Ермоловагийн нэрэмжит театрын удирдаач Олег Меньшиковт өгсөн ярилцлагаас)

“Тооцоотой, ухаалаг төрсөн гэж өөрийгөө боддог. Найз нөхдийн хамт дэггүйтэж явсан үе бий. Миний дотор хоёр өөр хүн оршдог юм. Нэг нь гэр оронд, нөгөө нь ажил албанд илэрнэ. Мэргэжлийн хувьд би хэнийг ч, тэр байтугай өөрийгөө ч өршөөлгүй хатуу чанд шаардлага тавина. Бүгдийг нь төмөр гарт зангидах хэрэг гардаг болохоор тэр. Зангидсаар ч ирсэн. Гагцхүү үүний ачаар л би амжилтад хүрсэн, одоо ч дажгүй үргэлжлүүлж явна. Миний охинд энэ зан чанар илэрдэг, би их баярладаг юм.” (“Долоо хоног” хэвлэлд өгсөн ярилцлагаас)

“Эхэн үедээ миний хоолойн хүч сулхан байсан. Гэхдээ бусдыг соронздох сонин увдистай. Үүнийг би их эрт мэдсэн. Гэртээ дуулж чаддаггүй байсан болохоор оройн цагаар хөгжмийн сургууль руу гүйж хүрээд, хүнгүй танхимд дураараа дуулдаг байлаа. Өөрөө сонсох гэж зохиогоод л дуулчихна. Хонгилд хүний хөлийн чимээ гармагц тэр хүнд зориулаад ая өргөнө, дотоод хүчээрээ татъя гэж зорино. Хаалганы цаана хүн ирээд чагнаж байгаа нь мэдэгддэг сэн. Тэгэхээр нь юу ч анзаараагүй мэт, байдаг чадлаараа хичээж дуулна. Дотоод мэдрэмжээ чөлөөтэй, хөнгөн гаргаж чадаж байна гэдэг бол хамгийн гайхалтай. Энэ чинь ялалт.” (“Сноб” сэтгүүлд өгсөн ярилцлагаас)

“1972 онд намайг найруулагч дуудаж, Шаинскийн “Хаан, цэцэгчин, салбадай гурав” дууг дуулуулж бичлэг хийх боллоо. Бүх Зөвлөлтийн уралдаан болохоос хоёр жилийн өмнө. Би нагац эгчийн оёж өгсөн жигтэйхэн хээнцэр богино банзлыг өмсөөд очлоо. Алтадмал шаглаатай хилэн хар бөсөөр хийсэн. Урлагийн бүтээл гэсэн үг! Тэр бичлэгийг тухайн үеийн Радио, телевизийг удирдаж асан Лапин олоод үзжээ. Тэгээд намайг хар жагсаалтад оруулчихсан юм. Богино банзлын төлөө хоёр жил! Ийнхүү 1974 онд л Бүх Зөвлөлтийн эстрадын дуучдын уралдаанаар би дэлгэцнээ гарах боломжтой болж билээ. Гуравдугаар байр эзэлсэн юм даг.” (“Сноб” сэтгүүлд өгсөн ярилцлагаас)

“Зарим эмэгтэй дуучид намайг тэдний боломжийг хаасан гэж нэг хэсэг ярьцгаах дуртай болсон юм. Бүтэлгүй, амжилтад хүрээгүй хүмүүс л дээ. Тэр ч байтугай нэг нь зурагтаар гарах боломжоо надаас болж алдсан, хориг тавиулсан гэж ярьсан удаатай. Гэтэл би чинь өөрөө яажшуу хорионд орчихгүй байх вэ гээд чичирч суусан үе шүү дээ. Дэлгэцээр гарахад хүний нүүр царай, зөв төрх чухал байдаг юм гэж тэр дуучинд очиж хэлмээр санагддаг.” (М.Н.Ермоловагийн нэрэмжит театрын удирдаач Олег Меньшиковт өгсөн ярилцлагаас)

“Би ч мөнгийг олохоос биш, хэрхэн хаашаа үрэгдэж оддогийг нь мэддэггүй хүн юм. Хүмүүст бэлэг өгөх дуртай. Нэн ялангуяа амьдралын боломж тааруу улсад тус болохыг дандаа хичээж явдаг. Хөгжимчдөд гэх мэт. Үүнтэй холбоотой юм сан уу, нэг харахад өөрөө мөнгөгүй болчихсон гүйж явах үе олонтаа.” (“Сноб” сэтгүүлд өгсөн ярилцлагаас)

“Намайг хөгширчээ, өтөлжээ гэж хэчнээн шуугиад яах билээ? Өөрсдөө мөнхийн залуу байх юм шиг. Будаж шунхадлаа гээд ч яах билээ? Насыг нуух аргагүй. Нуух ч хэрэггүй. Намайг идэрхэн байхад залуу хүнд итгэл, настай хүнд хүндлэл өгдөг байв. Орчин үед инстаграм  тун сонирхолтой. Уйдсан үед зугаатай. Гэхдээ намайг тэнд хөгшин хөвөө гээд л тасралтгүй бичээд байдгийн учрыг би олдоггүй. Би хөгшин нь үнэн. Хөгшрөхгүй байж чадахгүй. Сэтгэл зүрх минь залуугаараа гэж хэлэх ч хүсэл алга. Тийм ээ, хорвоогийн жамаар өтөлж байна. Унтаад сэрэхгүй байх вий гэж боддог насан дээрээ ирчихлээ. Инстаграмчдын бичсэн үгийг тоохгүй орхидог. Өнөөдрийн энэ өдөр яаж амьдарч, ямар хором мөчийг хэрхэн өнгөрүүлэх вэ гэдэг л надад чухал. Жил сараар биш, өдөр хоногоор төлөвлөж боддог болно, энэ насыг насалсан хүн бүр үүнийг мэдэх байх.” (М.Н.Ермоловагийн нэрэмжит театрын удирдаач Олег Меньшиковт өгсөн ярилцлагаас)

“Би өнгөрсөн цагийг санагалзаж амьдардаггүй. Ганцхан зүйл сэтгэлээс гардаггүй нь, тал нуга, балжингарам, хонгорзул цэцэг. Зарим үед нойр хүрэхгүй бол би тэр нугад эмээгийнхээ гараас хөтлөөд, зүүн талын ойгоос нь бөөрөлзгөнө түүж байна гэж төсөөлдөг. Тэнд манай байшин бий, харьж очоод халуун цай, эсвэл сүү ууж, жигнэмэг иднэ гэдгээ мэдэх тул аяндаа тайвширна. Ямар сайхан гэж санана? Хөгшрөхийн сул тал нь... Гэхдээ хөгшрөх гэж яг юуг хэлэх вэ? Залуу насаа бодоод байхыг хэлнэ. Хөгшрөөд эхэлсэн байна гэсэн үг биз? Тийм болохоор би хүүхэд насаа бодож тайтгардаг юм. Магадгүй, зөнөж мунгинатлаа их насалж, ахиад хүүхэд шиг болох биз... Улс орны амьдрал хэцүү байх тусмаа ард иргэд нь инээж хөхрөөд байдгийг та анзаарсан уу? Хошин үг хэл газар авдаг. Тийм үе манайд урьд нь ч байсан шүү дээ.” (сэтгүүлч Владимир Познерт өгсөн ярилцлагаас)

“Орчин үеийн хөгжмийн талаар сайн мэдэхгүй байна. Одоо цагт бүх мэргэжил нэг л тийм... Юу гэж хэлмээр юм бэ... Дууны үг бичиж байгаа нь, ая зохиох нь... Хэлэхэд хэцүү юм. Сонирхолтой зүйл сонсогддоггүй. Нэг л болохгүй байна. Ерөнхийдөө таалагддаггүй. Тэтгэврийн хөгшин дуучин дэмий үг хэллээ гэх байх. Ангалын ирмэгт бөөндөө ирчхээд байх шиг санагдаж байна. Бид унах ёстой болов уу. Унаад, юм мөргөж байж ухаан сэхээ орох ёстой биз. Ойлгож байна уу? Хаа сайгүй ийм байдалтай. Нэг л юм болохгүй байна даа. Юуг нь бүү мэд.” (сэтгүүлч Владимир Познерт өгсөн ярилцлагаас)

“Амьдарсан он жилүүдээ, алдар нэрээ шүүн тунгааж явсангүй. Сүүлийн үед харин: “Бурхан минь, онц гойд юмгүй амьдарч дээ”- гэж бодогдох боллоо. Та Высоцкийг ярилаа. Тэр чинь ердөө эр хүн, би эмэгтэй хүн. Гоц ялгараад байсан юмгүй. Эмэгтэй хүн учраас ая дуугаараа хүүхнүүдийн зүрх сэтгэлд илүү нэвтэрсэн байж магадгүй. Түүнээс биш ямар нэгэн далд санаа шингээж, өнгөрсөн амьдралын туршлагаа би дуулж үзээгүй. “Хаад бүхнийг чадна” гэдэг дууг маань янз бүрээр тайлбарлаж, надтай холбож залхталаа ярьж, бичицгээсэн. Ихэнхдээ хүмүүсийн таамаг, элдэв цуу яриа л намайг алдрын оргилоос буулгахгүй байсан гэвэл хилсдэхгүй.” (сэтгүүлч Владимир Познерт өгсөн ярилцлагаас)

“Галкинтай гэрлэсэн минь хэмжээлшгүй аз жаргал юм шүү. Дэндүү их авьяастай, халамжтай эр хүний дэргэд эцэст нь би жаргаж сууна.

Таван хүнтэй гэр бүл зохиож амьдарч үзсэний хувьд үүнийг би баттай хэлж байна. Түүнийг минь гадаадын тагнуул гэж зарласнаас хойш манай охин, хүү хоёрыг сургуулийн орчинд дээрэлхэх нь хэмжээнээс хэтэрч, бид Израиль руу дүрвэх болсон. Дүрвэх бэлтгэл байгаагүй. Хилээр 30 мянган доллар авч гарах зөвшөөрөлтэй, тийм хэмжээний мөнгө түрийвчлээд гарсан даа. Түүнээс хойш хэд хэдэн удаа би Орост түр ирээд буцахдаа Грязь тосгонд байх байшингийн учрыг олох, студид дуу бичүүлэх, загвар зохион бүтээгч Валентин Юдашкины оршуулгад оролцох зэрэг ажил амжуулсан юм” (Катерина Гордеевад өгсөн ярилцлагаас)

“Таван гэрлэлт дундаас хамгийн эхний Миколас Орбакас, мөн сүүлийн Максим Галкин хоёртой жинхэнэ ёсоор гэр бүл болсон. Бусдыг нь дэмжлэг гэж хэлэхэд болно. Москва хотын иргэн болж бүртгүүлэх, гадаад явах, нэрд гарах зэрэгт нь би дэм үзүүлсэн гэх үү дээ. Киркоровыг аваад үзэхэд, нэрд гаргасан уу? Гаргасан шүү. Чадах бүхнээ би тэр хүнд зориулсан. Надад талархаж явдаг гэж боддог.” (Катерина Гордеевад өгсөн ярилцлагаас)

 Д.Оюунгэрэл

Эх сурвалж: Монголын үнэн сонины №009/24684/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/01
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31