АНУ, Израилийн тал Ираны удирдагчдын байр, орон сууцны хорооллуудад агаарын цохилт өгсөн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зорилгодоо хүртэл шаардлагатай хугацаанд цэргийн ажиллагаа үргэлжилнэ гэж мэдэгджээ. Талууд хамтарсан цохилт өгсөн шалтгаанаа Ираны цөмийн болон пуужингийн хөтөлбөр, аюулгүй байдалд заналхийлсэнтэй холбон тайлбарлалаа.
Гэхдээ мөргөлдөөн олон жилийн зөрчилдөөнөөс үүдэлтэй. Иран, Израиль улс 1980-аад оноос хойш зөрчилдөөнтэй ирсэн. Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл цахим хурал хийж, гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар аюулгүй, тогтвортой байдлаа хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахаа мэдэгдсэн. Дубай, Доха, Манама, Рияд хотуудад хүчтэй дэлбэрэлтүүд сонсогдсон тухай эх сурвалжууд бичсэн. Дубай нисэх буудалд халдлага бүртгэгдсэн тухай ч мэдээлжээ. Мөн Ираны тал Абу Даби хот дахь Израилийн Элчин сайдын яам, төлөөлөгчийн газарт цохилт өгчээ.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи “Бид Персийн булангийн орнууд дахь хөршүүд рүүгээ дайраагүй. Манай бай бол эдгээр улс дахь АНУ-ын байгууламжууд. Хөршүүд энэ дайнд шийдвэр гаргагчдад гомдлоо хэлэх ёстой” гэж “Аль Жазира” сувагт ярьжээ. Энэ удаагийн хямрал зөвхөн Иран, Израилийн мөргөлдөөнөөр хязгаарлагдсангүй. Ирак, Сири, Ливан зэрэг орныг хамарсан. Түүнчлэн дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлөн, олон улсын дипломат тэнцвэрийг сорьж буй өргөн хүрээний хямрал болоод байна. Иймд НҮБ яаралтай гал зогсоох хэлэлцээ хийх санал гаргажээ. Газрын тос, байгалийн хий экспортлогч орнуудын зах зээл савлаж Европын орнууд дипломат яриа хэлэлцээрээ сэргээхийг уриаллаа.
Тегеранд 40 хоногийн гашуудал зарлав
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи тэргүүтэй цэрэг, улс төрийн зүтгэлтнүүд агаарын дайралтад өртөн амь эрсэдлээ. Исламын Бүгд найрамдах улсын эрх баригчид эхэндээ уг мэдээллийг үгүйсгэж байв. “Фарс” агентлагийн мэдээлснээр дээд удирдагчийн ажлын байр агаарын цохилтын анхны бай байлаа. Энэхүү дайралтын үеэр Али Хаменеин охин, ач хүү, хүргэн, бэр амиа алджээ. Орон даяар 40 хоногийн гашуудлын хугацаа зарлаад байна. Хаменеиг Исламын дэглэмийн бэлгэдэл гэж үздэг.
Ираны Засгийн газар шашны төв болох Машхад хотын сүмд гашуудлын туг байршуулжээ. Улмаар Аятоллагийн аллагыг хариуг авахаа амлаад байна. Шилжилтийн үед Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Шүүхийн тэргүүн Голам Хоссейн Мохсени-Эжей нар дээд эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Шинэ дээд удирдагчийг шашны 88 теологичоос бүрдсэн Шинжээчдийн зөвлөл сонгоно. Улс төрийн чадамжтай, ёс суртахуун, эрх мэдлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн, төрдөө үнэнч шашны зүтгэлтэн нэр дэвшдэгээрээ онцлог. Ираны эрх баригчид эрх мэдлийг шилжүүлэх журмыг тодорхойлсон бөгөөд олон улсын агентлагууд залгамжлагчдын жагсаалт гаргасан.
CNN агентлагийн боломжит жагсаалтад Али Хаменеин хүү Можтаба Хаменеи, Шинжээчдийн зөвлөлийн дэд дарга Алиреза Арафи, Исламын Бүгд Найрамдах Улсыг үндэслэгч Рухолла Хомейнигийн ач хүү Хасан Хомейни нар багтжээ. “Нью-Йорк таймс” сонинд бичсэнээр, Али Хаменеи амьд ахуйдаа залгамжлагчаа урьдчилан тодорхойлж, эрх мэдлийг шуурхай, хяналттай шилжүүлэх тухай тохиролцсон байх. Дээд удирдагч Ираны улс төрийн системд чухал үүрэгтэй, Засгийн газрын бүх салбарыг тэргүүлж, гол шийдвэрүүдийг тодорхойлдог. Мөн исламын шашны эрх зүйн асуудлаар шийдвэр гаргадаг аж. Али Хаменеи 1989 оноос дээд удирдагч, де-факто төрийн тэргүүний албан тушаалыг хашжээ.
Стратегийн цэг-Ормуз
Персийн булангийн хямрал дэлхийн эдийн засгийн артери болох Ормузын хоолойг бүрмөсөн хаах эрсдэлтэй. Иран улс уг хоолойн хойд эргийг хянадаг. Олон улсын газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн 20 хувь Ормузаар дамжин өнгөрдөг. АНУ болон Израилийн цохилтын хариуд Тегеран үндсэн боомтыг хаахаар сүрдүүлсэн. Тээвэрлэгчид эрсдэлээс зайлсхийж, үйл ажиллагаагаа түр зогсоожээ.
Хэрэв Ормуз боомтыг хаавал Саудын Араб, АНЭУ, Кувейт, Иракийн нийлүүлэлт тасалдах юм. АНУ Венесуэлийн газрын тосыг хориглосонтой холбогдуулан ОХУ нийлүүлэгч болно. Зайлшгүй шалтгаанаар ханш өсөж магадгүйг шинжээчид анхааруулж байна. “Goldman Sachs”-ын шинжээчид 130 хувиар өснө гэж таамаглажээ. Ерөнхийлөгч Трамп Цагаан ордонд эргэн ирэхдээ америкчуудад хямд бензин амласан. Дэлхийн газрын тосны хямрал түүний төлөвлөгөөний нэг хэсэг биш. АНУ бол газрын тос, байгалийн хийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд бодит хангамжийн хомсдолд шууд өртөхгүй. Цаашилбал, үнийн огцом өсөлтөөс урьдчилан сэргийлэх газрын тосны стратегийн нөөцтэй.
Харин Европ бол өөр. ОХУ-аас эрчим хүчний салбараа салгасны дараа Европын холбоо газрын тос, байгалийн хийг нээлттэй ханшаар авч, зах зээлийн үнээс хамааралтай болсон. Хэрэв Ормузын бүслэлт хоёр сараас дээш үргэлжилбэл Европ дахь хийн үнэ гурав дахин нэмэгдэх аж. Хамгийн том үйлдвэрлэгч Америк экспортоо нэмэгдүүлэх боломжгүй, терминалууд хүчин чадлаараа ажиллаж байна. Ерөнхийлөгч Трамп Улаан тэнгисийн хуситуудын бүслэлтийг шийдвэрлэхээ амласан ч Европ, Азийг холбосон далайн гол замыг нээж чадаагүй.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонины №009/24684/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна