Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа



Дэлхийн олон улс оронд дайны гал ноцож, айдас түгшүүр дагуулсан мэдээллүүд ар араасаа цуварч байна. АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагаа Иранд эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газар тухайн бүс нутагт байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах талаар яаралтай арга хэмжээ авч, мэдээллээр хангаж, заавар, зөвлөгөө өгч эхэлжээ. Ойрх Дорнодын бүс нутагт өнөөдрийн байдлаар Монгол Улсын 469 иргэн байгаа юм. Үүнээс 321 нь байнга оршин суугч, 148 нь түр зорчиж буй иргэд байна. Түр зорчиж буй 148 иргэн бүгд буцах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд байнга оршин суугчдаас 20 иргэн мөн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Зарим улсын агаарын орон зай хаагдсан, нислэгүүд хязгаарлагдмал байгаа тул иргэдийг зохион байгуулалттайгаар татан авах ажиллагааг эхлүүлэхэд хүндрэлтэй байгаа юм байна. Нөхцөл байдал цаг, өдрөөр өөрчлөгдөж байгаа учраас Гадаад харилцааны яам боломжит хувилбаруудыг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэдэг мэдээллийг өгөөд байна.

Харин монголчуудын хувьд Цагаан сар, Эх орончдын өдөр, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэх мэтээр цуварсан их баяр ёслол үргэлжилж байна. Монгол Ардын Нам үүсэж байгуулагдсаны 105 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагын асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барихаар бэлэн болсныг зарласан нь өнгөрөгч долоо хоногийн онцлох мэдээллүүдийн нэг байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр “Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр, ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийг хангах Үндсэн хуульд заасан чиг үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд иргэд, олон нийтийн парламент дахь хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барихаар болж байна. Монгол Улс парламентын засаглалтай орон. Тиймээс парламентын дархлаа, парламентын нэр хүнд өөрөө тухайн улсын язгуур эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үздэг” хэмээн мэдэгдсэн юм. Жагсаалтаар орж ирсэн, ёс зүйн хариуцлагаас үргэлж зугтаадаг, олон нийтийн сүлжээгээр элдэв мэдээлэл цацдаг эрхэм гишүүдэд энэ хуулийн төсөл нэн халгаатай байх нь дамжиггүй.

Энэ жил нийтдээ 29 улсад суух Элчин сайдыг шинээр томилж байгаа. Харь оронд эх орноо төлөөлөн суух Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Итгэмжлэх жуух бичгээ гардан авч эхэллээ. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт Монгол Улсаас Оросын холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Даваа, Монгол Улсаас Арабын нэгдсэн Эмират улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Амгалангийн Ананд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулан өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр томилогдож буй Элчин сайд нарт “Монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, боломжит бүх хэлбэрээр дэмжиж байх”-ыг онцгойлон захилаа.

Өнгөрөгч долоо хоногт Засгийн газар хуралдаж, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Хэрвээ энэ төсөл батлагдвал жил бүр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээг төвлөрсөн байдлаар Засгийн газрын түвшинд тогтоодог зохицуулалтыг өөрчилж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын шилжилт хөдөлгөөнийг төлөвлөх тогтолцоонд шилжүүлэх юм. Мөн малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар таван га хүртэлх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааны зориулалтаар нэг га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуулалтыг тодорхой болгож, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг дэмжих боломж бүрдэх юм байна.

Засгийн газрын хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ төсөлд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нэрийг Төрийн нууцын тухай хууль болгон өөрчилж, тус хуулиар зөвхөн төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгажээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Албаны нууцын жагсаалтад албаны 894 нууц байна. Төрийн нууцын тухай хууль батлагдсанаар энэ бүхэн ил болно” гэж мэдэгдлээ.

Хилийн бүс нутагт их хэмжээний газар олгосон тухай асуудал сүүлийн хэдэн долоо хоног олны анхаарлыг татсан. Засгийн газар өнгөрөгч долоо хоногт хуралдаж, автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор “Смарт Эко Транс” ХХК-тай байгуулсан үйл ажиллагааг эхлүүлэх гэрээ болон хилийн Гашуунсухайт боомтод тус компанид олгосон газар ашиглуулах гэрээний хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны зургадугаар сарын 13-ны өдрийн А/618 дугаар тушаалыг хүчингүй болголоо. Гашуунсухайт боомтод олгосон 66 га газрыг “Смарт Эко Транс” ХХК 2022-2025 он хүртэлх хугацаанд гэрээ байгуулаагүй, зөвшөөрөлгүйгээр ашигласан бөгөөд Засгийн газрын шийдвэрийг зөрчиж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгч Засгийн газар солигдож байх хугацаанд буюу 2025 оны зургадугаар сарын 13-нд шийдвэр гаргаж, газар ашиглах эрх олгосон нь тодорхой болоод байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 12 тэрбум хувьцааны 8.8 тэрбум буюу 73.5 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК, долоон сая хувьцааг 488 үндэсний аж ахуйн нэгж, 3.2 тэрбум хувьцааг Монгол Улсын 3.4 сая иргэн тус тус эзэмшдэг. Хувьцаа өвлөх эрхийн зохицуулалт, буцаан эзэмших боломжийг нэг удаа сэргээн олгох эсэх, 2024 оноос хойш төрсөн 124 мянган иргэний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг дээрх танилцуулгадаа дурджээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 онд хуваарилсан ногдол ашиг олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллах, мөн 2025 оны ногдол ашгийг улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрт, тухайлбал дулааны цахилгаан станц барих төсөлд хөрөнгө оруулах чиглэлээр иргэдээс санал авах асуудлыг зохион байгуулах эсэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтод даалгалаа.

Хэдхэн сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Улс төрийн намууд сонгуулийн ажилдаа бэлтгэж, Монгол Ардын Нам эв эеийг эрхэмлэхийг уриалж байгаа. Харин сүүлийн 10 гаруй жил тамга тэмдгээ булаацалдсан Ардчилсан намынхан дунд ахиад л хэрүүл тэмцлийн гал дүрэлзэж эхэлжээ. Арай гэж эвлэрсэн Ардчилсан намыг ашиг сонирхлын зөрчлөөсөө болж хагалах ажлыг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гардан гүйцэтгэсэн тухай мэдээлэл цацагдаж эхлээд байна. Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, дотоод сонгуулийг зохион байгуулах бүрэлдэхүүнийг байгуулсан. Гэвч АН-ын гишүүд энэ бүрэлдэхүүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй, гарсан шийдвэрийг нь дагахгүй, таарамжгүй хүмүүсийг нэг аймаг, дүүрэгт хуваарилсан хэмээн гишүүд нь шүүмжилж байна. Парламентад суудалтай Иргэний зориг ногоон намын хувьд ч дотооддоо эв нэгдэл муутай, эсэргүүцэл ихтэй байгаагаа нуугаагүй. Тус намынхан УИХ-д суугаа гишүүд, намын даргаа шүүмжилсээр байгаа юм.

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт холбогдсон нэр бүхий 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ. Бүтэн дөрвөн жилийн турш үргэлжилж, УДШ-ээс буцсан энэ хэрэгт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүтэй өндөр албан тушаалтнууд оролцож, мэдүүлэг өгч байна.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонины №009/24684/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/01
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31