Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Ятгын концерт”-д зориулсан бүтээлийг үзэгчдийн зүрхэнд хүртэл бүжгээрээ илэрхийлж, Монголын мэргэжлийн үндэсний бүжигчдийн төлөөлөл болон “Authentic Mongolia” тоглолтод оролцсон Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Э.Номинтой ярилцлаа.
-Монголын мэргэжлийн урлагийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн тоглолтын бүрэлдэхүүнд багтан дэлхийн “A” зэрэглэлийн театрт үндэсний язгуур урлагаа сурталчлан таниулахдаа хэний, ямар уран бүтээлийг сонгон бүжиглэсэн бэ?
-Монголын найрал хөгжмийг дэмжигчдийн холбооны тэргүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Буянбаатарын санаачилсан “Authentic Mongolia” тоглолт Австри улсын “А” зэрэглэлийн дөрвөн театрт амжилттай боллоо. Энэхүү тоглолтод би Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий бүжиг дэглээч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан О.Ууганбаярын “Бүсгүй заяа” бүжгийг бүжиглэсэн.
Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын энэхүү бүтээлийг Монгол Улсын Гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ тоглож бүжигт маань хөг аялгуу нэмлээ. Хүсэл зоригийг маань бадрааж, мөрөөдөл биелүүлсэн энэхүү үзүүлбэрээ “Азийн ятгын хатан хаан” хэмээн олноо хүндлэгдсэн эрхэм уран бүтээлчтэй хамт үзэгчдэд толилуулсан нь миний урам зоригийг бадраалаа. Мөн СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн , бүжиг дэглээч Д.Баярбаатарын “Аягат биелгээ”-г тайзнаа Морин хуурын чуулгын морин хуурч О.Төмөрхуягтай хамт үзэгчдэд хүргэсэн. Бидний уран бүтээлээ толилуулсан театруудад фонаграмм тавьдаггүй, зөвхөн амьд хөгжимтэй тоглодог учраас Монголынхоо мэргэжлийн урлагийн шилдэг хөгжимчидтэй тайзнаа гарсан нь надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүллээ.
-Энэ удаагийн тоглолтыг хүлээн авах байдал, үр дүнгээс дараагийн уран бүтээлчид явах эсэх нь тодорхой болно гэж ойлгосон. Австри улсад үргэлжилсэн тоглолтын уур амьсгал, үзэгчдийн хүлээн авч байгаа байдал болон орчин ямар байсан талаар мэдээлэл өгөөч?
-Франц, Герман, Бельги, Итали гэх мэт улс оронд уран бүтээлээ хүргэж байсан болохоор Европын үзэгчдийн урлагт хандах хандлага ямар гэдгийг барагцаална. Гэхдээ Австри шиг үзэгчидтэй улс орон ховор. Үүний учир шалтгаан нь тэд урлагийн бүтээл ойлгодог, урлагийн мэдрэмжтэй иргэдээ бодлогоор бэлддэг юм билээ. Биднийг тоглолтоо хүргэж байхад өөр танхимд голдуу хүүхэд сонгодог бүтээл үзэхээр ирж байхтай таарсан. Хэдийгээр тэдгээр хүүхэд бүтээлийг бүрэн дүүрэн ойлгохгүй ч сэтгэл зүрхэнд нь тод үлдэнэ. Дараа дахин үзэхэд илүү гүн гүнзгий мэдэрч ойлгодог болсноор ирээдүйд урлагийн бүтээлийг хайрладаг иргэд болон төлөвшинө.
Ийм бодлогыг Австри улсаас олж харсан. Үүнийг илтгэх мэт бидний тоглолтыг хүлээн авсан үзэгчдийн сэтгэл хөдлөл, илэрхийлэл гайхалтай байлаа. Тэд урлагийн бүтээлийг хүний амьдралын байнгын хэрэглээ гэдгийг ойлгож тэр хэрээрээ хэрэглэж, хүлээн авч сурсан юм шиг санагдсан. “Ялаа нисэх нь сонсогдоно” гэдэг шиг амьсгаа даран нүд салгалгүй ажиглаж, анхаарлаа бүрэн дүүрэн хандуулж хүлээн авч үздэг үзэгчид бол австриуд. Ийм гайхалтай орчинд тайзан дээр гараад сэтгэл цадсан мэт мэдрэмж авлаа. Дээр нь үзэгчдээс монгол бүжгийг үзэж уйлахыг хараад үндэсний язгуур урлаг, өв соёлоороо бахархмаар сэтгэл төрсөн. Миний бүтээлийг, миний илэрхийлэхийг хүссэн бүжгийг чин сэтгэлээсээ хүлээн авч, ойлгохыг харах надад ч үнэхээр сайхан сэтгэгдэл үлдлээ.
Бидний зорилго биелж “мөс хагалах” тоглолтынхоо ард амжилттай гарлаа. Одоо тоглолтууд ар араасаа хөврөх байх. Зөвхөн биднийг гэлтгүй Монголын мэргэжлийн урлагийнхан ирээд тоглоход бүрэн дүүрэн хүлээж авахаар сэтгэл ханамжийг энэ удаагийн тоглолтоор үзүүлсэн гэж бодож байна.
-Та Үндэсний урлагийн их театрынхаа уран бүтээлчидтэй айлчлал болон аялан тоглолтоор олон улс орноор явсан. Харин энэ удаа тайзан дээр ганцаараа гарсан нь нэг бодлын сорил болсон болов уу?
-Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчидтэйгээ 21 жилийн хугацаанд олон ч удаа айлчлан тоглолтоор явсан. Мөн солист уран бүтээлчийн хувьд цөөнгүй орноор явж тоглон монгол үндэсний урлагаа сурталчилжээ. Харин энэ удаагийн “Authentic Mongolia” тоглолт мэргэжлийн урлагийн шилдэг уран бүтээлчдийг сонгон оролцуулснаараа онцлог байсан учраас хариуцлага гэдэг үгийг л дотроо байнга бодож явлаа. Алсын хараатай, том төслийн эхлэлийг сайн тавих юмсан, уран бүтээлчийн хувьд гологдчихгүй байх юмсан гэж бодоод хариуцлагатай байх гэж их хичээлээ.
-Хувь уран бүтээлчийн хувьд энэ удаагийн тоглолтоос юуны талаар сурч мэдсэн бэ?
-Энэ удаагийн тоглолтод Монгол Улсын филармони, Морин хуурын чуулга, УДБЭТ, Монгол Улсын консерватори, “Улаанбаатар” театраас уран бүтээлчид сонгогдон оролцсон. Миний хувьд ҮУИТ-ын Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгаа төлөөлж энэ удаагийн тоглолтод оролцсондоо баяртай байна. Бид Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн урагшилж явааг харуулж чадсан. Хөгжимчид маань дэлхийн сор болсон хөгжмийн бүтээлүүдийг монгол хөгжмийн зэмсгээр тоглолоо. Үүнийг сонгодог урлагийн бүтээлийг хүлээн авч үзсээр ирсэн Австрийн үзэгчдийн илэрхийлэл, хариу үйлдлүүдээс харж болохоор байсан. Үндэсний язгуур урлагийн бүтээл бий бийлгээ мэргэжлийн түвшинд хөгжиж тайзны бүжиг болтлоо түгэн дэлгэрсэн болохыг харуулсан. Үзэгчдээс “Хүний амьдралыг бүрэн хүүрнэх ийм бүжгийг үзсэнгүй” гэж хэлж байсан нь үүнийг илтгэх болов уу.
-Та бүжиглэхийн зэрэгцээ өөрийгөө байнга хөгжүүлдэг. Бүжгээс гадна улс төр, менежментээр сурсны хувьд барууны урлаг соёлын хөгжил, үнэт зүйл, бодлогын талаар дүгнэлт хийгээд ирсэн байх?
-Би Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын консерваторид суралцсаныхаа дараа МУИС-д улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр суралцаж төгссөн. Мөн бизнес менежментээр магистрын зэргээ хамгаалсан. Урлагийн менежмент, бодлогын талаар үргэлж бодож явдаг, энэ хүрээнд хувь нэмрээ оруулах юмсан гэж хүсэж мөрөөддөгийн хувьд Австри улсын соёлын бодлого үнэхээр агуу юм байна гэдгийг мэдэрсэн. Австрийн соёлын бодлого нь боловсролтойгоо хоршиж явдаг. Хүүхдийг хөлд ороогүй байхаас нь хөгжмөөр боловсруулж, үзэгчдээ бэлддэг. Моцарт, Штраус, Брамсаа сонсгодог, багаасаа сонссоор сэтгэл зүрхэнд нь дасал болсон байдаг учраас насанд хүрсэн хойноо ч түүнийг дахин сонсохыг хүсдэг, театрт очиж сонсдог юм байна. Талхыг өдөр тутам иддэг шиг сонгодог хөгжмийг өдөр тутмын хэрэглээ болгосон байна. Ийм бодлоготойгоор соёл урлагаа хүмүүст хүргэдэг. Тэр ч утгаараа хүн бүр театрт зорьж очиж сонгодог хөгжмийн тоглолт үздэг. Ойлгодог болохоор илүү үнэлдэг, урлагийнхан нь ч гэсэн өндөр цалин, нийгмийнхээ дээд зиндааны хүмүүс байдаг учраас цагаахан атаархал төрж байлаа.
-Бүжигчдийг би цаг хугацаатай уралддаг гэж боддог. Улиран одож байгаа цагийн харгуйд туршлага хуримтлуулж байгаа ч орон зай алсардаг тул гуниг дагуулдаг болов уу?
-Бүжигчид эрч хүч, авьяас чадвар, гоо үзэсгэлэн, залуу сайхнаа тайзан дээр үзүүлж, гайхуулчихаад 20 жил болоод л тэтгэвэртээ гардаг. Яг ийм цаг хугацаа миний өмнө тулж ирээд байна. Би ҮУИТ-т 21 дэх жилдээ ажиллаж, одоо бараг ахмад бүжигчин нь болсон. Гэсэн хэдий ч бүжгээ гэсэн сэтгэл зүрх үргэлж халгиж цалгиж байдаг учраас холдож төвддөггүй. Одоо хөлөндөө байнгын тариа тариулж, эмчилгээтэй байгаа ч тайзаа бодсон хэвээр. Эмч маань “Тэсэх хүртлээ тэвчиж байгаад хагалгаандаа ороорой” гэж надад хэлсэн. Олон газар, олон янзын тайзан дээр, олон жил бүжиглэсэн болохоор туршлагаараа бүтээлүүдийнхээ ард одоохондоо гараад л байна. Ингэж удаан явж болохгүй. Энэ сайхан зүйлээ хэзээ нэгэн цагт орхих нь ойлгомжтой. Тэр талаар бодохоор дотор харлаад хэцүү болдог. Гэхдээ энэ бодит байдал, үнэн зүйл учраас туулаад л гарна даа.
-Үндэсний тайз, мэргэжлийн бүжигчдийн уралдаан, хэмнэл дунд 20 гаруй жил амьдарсан таны дараагийн алхам юу байх бол?
-Одоохондоо дотор харанхуйлаад хэцүү мэдрэмж төрөөд байна. Уг нь би эртнээс Соёлын яаманд, бодлого тодорхойлдог газар нь өөрийн хуримтлуулсан мэдлэгээ урлагийнхандаа хэрэгтэй ажилд гар бие оролцоод явахыг хүсдэг байсан. Яг тулаад ирэхэд 27 жил тайзан дээр амьдарсан болохоор гэнэтхэн түүнийгээ орхиж компьютерийн ард сууна гэж төсөөлж чаддаггүй юм байна. Санаанд нэг л багтаж өгдөггүй. Одоо бодохоор хямраад байна.
-Монголын мэргэжлийн урлагийн байгууллага цөөн, түүнд орших уран бүтээлчийн орон зай хязгаарлагдмал байдаг. Ийм нөхцөлийг мэдэрч, ажиллаж байгаагийн хувьд ямар зүйлийг хийж бүтээе гэж боддог вэ?
-Мэргэжлийн урлагийн байгууллагын хөгжил өндөр түвшинд байгааг, боловсорсон байна гэдгийг бидний цөөхөн уран бүтээлчид сая өөрсдийн биеэр баталж харууллаа. Ийм уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудалд төр засаг маань анхаарал хандуулж дэмжээсэй. Эдгээр мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаа уран бүтээлчид цөөхөн шүү дээ. Мэргэжлийн урлагийн академик таван театртай. Ядаж эдгээр театрт ажиллаж байгаа уран бүтээлчдийнхээ цалин хангамжийг нэмж мөнгө бодохгүйгээр уран бүтээлдээ төвлөрөх боломжийг олгоосой гэж хүсдэг. Ингэж чадвал эдгээр театрт ажиллах уран бүтээлчийн өрсөлдөөн нэмэгдэнэ. Энэ хэрээр уран бүтээлчийн хувьд хөгжиж өсөн дэвжинэ.
Дээрээс нь үзэгчдийг багаас нь бэлдэх хэрэгтэй юм байна. Урлагийн хэрэглээг устай харьцуулдаг болсон нөхцөлд соёл урлагийг нийгэм хүлээн зөвшөөрнө, үнэлнэ, хүндэлнэ. Хөгжим сонсоод сэтгэл нь хөдөлдөг хүмүүс хэзээ ч хар бараан зүйлд хутгалддаггүй. Хатуу сэтгэлтэй хүн болж төлөвшдөггүй нийгэм эерэгшинэ шүү дээ. Тиймээс төр засгаас урлаг соёлыг бодлогын түвшинд хөгжүүлж хүндээ хүрсэн шийдвэрүүдийг гаргадаг байгаасай гэж хүсдэг юм.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №012/24687/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу.
Сэтгэгдэл (4)