​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг саадгүй хүргэх, борлуулах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тэгш хүртээмж-Итгэл” үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Энхжаргалтай ярилцлаа.

 

-Сүүлийн үед хүмүүсийн амны уншлага болоод байгаа хүртээмж гэдэг үгийн агуулгаас ярилцлагаа эхэлье. Өргөн утгатай энэ үгийг та хэрхэн тайлбарлах вэ?

-Хүртээмж гэдэг нь хамгийн товчоор тэгш боломж хүртэх хүний эрх юм. Өөрөөр хэлбэл, аливаа үйлчилгээ, эсвэл нөөц бололцоог хүртэх, хуваарилахад тухайн хүнд ногдож буй хувь хэмжээ, боломж, ашиглах нөхцөлийг товчхондоо хүртээмж гэж хэлдэг. Энэ нь юмсыг ашиглахад саадгүй хялбар байдал, хүртсэн хувь хэмжээ, түүнчлэн тэгш боломжийг илэрхийлдэг. Хүртээмж, тэгш оролцоо нь  хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүй байх НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтын үндсэн уриа юм. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хүн бүр нийгмийн орчин, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, цахим мэдээллийн үйлчилгээг төрөөс ч, хувийн хэвшлээс ч ялгаварлалгүйгээр, бие даан, аюулгүй, тэгш боломжоор саадгүй ашиглах, хүнд ээлтэй нөхцөлийг хэлнэ гэсэн үг. Энэ нь зөвхөн барилгад налуу зам тавих биш, мэдээллийн нээлттэй байдал, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхийг хэлдэг.

-Манай улсын  нөхцөл байдалд хамгийн хүртээмжгүй, бага оролцоотой байгаа бүлэг нь хөгжлийн ялгаатай  иргэд. Тэдэнд хэн нэгний тусламжгүйгээр нийгмийн харилцаанд орох, бие даан үйлдэл хийх боломж хомс байдаг. Энэ хүрээнд нөхцөл байдалтай нь танилцаж судалгаа хийсэн үү?

-Бид өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тэгш хүртээмж-Итгэл” үндэсний зөвлөлийг байгуулсан. Энэ хүрээнд зүүн бүсийн гурван аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, хүртээмж ямархуу байгаа нөхцөл байдалтай танилцахаар УИХ-ын гишүүн О.Саранчулууны удирдлаган дор ажиллаад ирлээ. Энэ удаад Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нөхцөл байдлыг судалж үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тодорхой ажлуудыг эхлүүлсэн нь авууштай байсан. Үзвэр үйлчилгээний байгууллагууд налуу шаттай болж, тулгуур эрхтний хүндрэлтэй хүмүүст зориулсан тохируулгатай хэрэгслийг хийсэн нь энэ чиглэлд анхаарал хандуулж эхэлсний илрэл. 

Гэхдээ орон нутгийнхан тэдгээр санаачилгаа мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж хэрэгжүүлээгүйн улмаас стандартад нийцээгүй. Тодруулбал, тэргэнцэртэй хүмүүст зориулж налуу шат хийсэн нь хэлбэрийн хувьд харилцан адилгүй, өндөр нам зэргээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ганцаараа зорчих боломжгүй байсан. Тодорхой сэдвээр, тухайлбал санхүүгийн боловсрол олгох мэдээлэл өгөх шаардлага үүсэхэд сонсголын бэрхшээлтэй иргэдтэй ажиллах дохионы хэлмэрч байгаагүй. Цахим хэлбэрээр мэдээлэл өгөхөд харааны бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмжийг хангасан брайль үсэгтэй эсвэл тусгай программуудыг нэвтрүүлж, ашиглаж хэвшүүлээгүй улмаас учир дутагдалтай байгаа нь харагдсан. Гэхдээ энэ зөвхөн  зүүн бүсийнхний асуудал биш. Бусад бүсийн аймгуудад ч нийтлэг тулгамдаж байгаа асуудал учраас бид цаашдаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай эрх зүйн орчныг нэн тэргүүнд бүрдүүлэхээс эхлэх нь зүйтэй гэж үзсэн.

-Ингэж асуухын учир нь, та өнгөрсөн оны эцсээр байгуулсан “Тэгш хүртээмж-Итгэл” үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах болсон. Хүн асуудал өөрт нь тулгарахаар илүү судалж мэдэрдэг. Та энэ зөвлөлийн үйл ажиллагааг авч явах болсноор шийдвэрлэх ёстой ажлаа хэрхэн эрэмбэлээд байна вэ?

-Энэ зөвлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй бизнесийн орчныг бүрдүүлэх хүсэлтэй, тэдэнд чин сэтгэлээсээ тусалж дэмждэг, сайн үйлсийн төлөө нөхцөл болзолгүйгээр, цалин урамшуулалгүйгээр чин сэтгэлээсээ ажилладаг, нийгмийн идэвхтэй санаачилгатай иргэдийн нэгдэл учраас бид хамтдаа ажлуудаа төлөвлөөд явж байна. Манай зөвлөлийн элч төлөөлөгч, амбасадороор УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар маш идэвхтэй дэмжин ажилладаг. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй өмнө нь сурч ажиллаж байсан, гэр бүл, найз нөхөд, хүрээлэл дунд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг хүмүүс манай зөвлөлийн үйл ажиллагаанд санаачилгатай, идэвхтэй оролцдог. Мөн салбар салбарын төлөөлөл болсон иргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллаж эхлээд байна. Тэдний төлөөлөл бол банк санхүүгийн салбарын эмэгтэйчүүд. Зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний асран хамгаалагчдыг санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээнд хэрхэн хамруулах талаарх саналыг УИХ-ын гишүүд, тэр дундаа амбасадор О.Саранчулуунд тавьсан. Улмаар бид банк санхүүгийн салбарын эмэгтэйчүүд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес эрхлэхэд хүртээмжтэй байдал ямархуу байх талаар үнэлгээ дүгнэлт хийж, тэдний бизнесийг олон нийтэд таниулан сурталчлах,  санхүүгийн боловсрол олгох, зээл, санхүү хөрөнгө оруулалтын бүтээгдхүүн үйлчилгээг бий болгон хөгжүүлэхээр санаачилга гарган, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах олон улсын өдрийг бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагчдыг оролцуулан, тэдний хийсэн бүтээгдэхүүний яармаг худалдаа, бизнесийн танилцах нэтворкинг эвент  зохион байгуулаад байна.

-Хэчнээн хүнийг хамруулсан, ямар арга хэмжээг хаана зохион байгуулсан бэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн хүрээнд “Equality for all” буюу бүх хүнд тэгш, хүртээмжтэй байдлыг бий болгох уриатай ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг “Шангрилла” зочид буудалд зохион байгуулсан. Яагаад ийм өндөр өртөгтэй газар үйл ажиллагаа зохион байгуулсан юм бэ гэж хүмүүс  асуух байх. Учир нь, энэ буудал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлсэн байсан. Ганцхан жишээ дурдахад, манай  зөвлөлөөс зохион байгуулсан арга хэмжээнд тэргэнцэртэй 20 гаруй иргэн ирсэн. Тэдний хувьд үйл ажиллагаанд бие даан оролцох, ариун цэврийн өрөөнд ороход хүртэл асуудал үүсээгүй. Бүгд хэн нэгнээс хараат бусаар бие даан оролцох боломжтой байсан юм.  

Манай зөвлөлөөс зохион байгуулсан “Equality for all” эвентэд 200 хүн оролцсон. Бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, асран хамгаалагч 100 хүнийг бид зочноор урьж оролцуулсан. Харин нөгөө 100 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжин үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэн нийгмийн хариуцлагын хүрээнд, тогтвортой хөгжлийн төлөө тэдгээр хүмүүсийн эрхийг хамгаалах өдөрт зориулан арга хэмжээнд үнэ төлбөргүй оролцоход дэмжин ажилласан. Тэдний томоохон төлөөлөл нь “Голомт” банк юм.  Манай зөвлөл тус банктай санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүүгийн боловсрол олгох, бизнес эрхлэхэд нь таатай санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд анхдагч банкаар ажиллах санаачилга гаргасан. Өнөөдрийн байдлаар Төрийн банк болон М банк бидний санаачилгыг дэмжин хамтран ажиллахаар болоод байна.

Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ипотекийн зээлд хамруулах хүсэлтийг ГБХНХЯ-д тавьж, дараалал харгалзахгүй авдаг болох, нийт зээлийн багцын 10 хүртэлх хувийг тэдэнд зориулах хүсэлтийг тавьж нааштай хариу авсан.

-Дахин давтагдашгүй бүтээл, монгол өв соёлоо өвлөн уламжилж яваа эрхмүүд хөгжлийн ялгаатай иргэдийн дунд олон. Тэдний бүтээлийн үнэ цэнийг өсгөх, харилцаа холбоог нь хэрхэн өргөжүүлэхээр зорьж байна вэ?

-“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлдвэрлэв” гэсэн худалдааны тэмдэг, шошгыг гаргаж, баталгаажуулахаар Оюуны өмчийн газарт хандаад байна. УИХ-ын даргын “Чөлөөлье”, Монгол Улсын Засгийн газрын “Цэгцэлье” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчид, тэдний асран хамгаалагчдын бүтээгдэхүүн үйлчилгээг шошгожуулан, худалдаа үйлчилгээ, борлуулалтын сүлжээнд нэвтрүүлэх энэхүү санаачилгыг дэмжин боломжоор хангаж өгнө гэдэгт манай зөвлөл итгэлтэй байна. Бид “Монсертф” ХХК-тай шошгыг гэрчилгээжүүлэхэд хамтран ажиллахаар санамж бичиг зурсан. Энэхүү санамж бичгийг байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг стандартын дагуу баталгаажуулах боломж бүрдэх юм.

Энэ компани хариуцлагатай бизнесийнхээ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагчдын бүтээгдэхүүн, үйлчилгээг Хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлдвэрлэснийг нотолгоожуулан баталгаажуулалтыг хийж өгөхөөр тохирсон. Энэ ажлын үр дүнд бид шилдэг бүтээгдэхүүн, шилдэг бизнес эрхлэгч эрэгтэй, эмэгтэй гэсэн номинацаар нэр дэвшүүлэн шилдгүүдийг шалгаруулсан. Улмаар “Шилдэг бүтээгдэхүүн”-ий шагнал авсан бизнес эрхлэгч маань“Номин” сүлжээ дэлгүүрүүдээр хоёр жилийн хугацаанд ямарваа нэгэн төлбөргүйгээр бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах үйл ажиллагаа явуулах эрхээр шагнуулсан юм. Энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ олон нийтэд илүү саад бэрхшээлгүйгээр борлуулагдах боломжийг олгохын төлөө бид ажиллана. Үүнээс гадна Бизнес зөвлөл байгуулахаар төлөвлөж байна.

МҮХАҮТ-ын дэргэд байгуулагдах Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес зөвлөл нь дөнгөж өсөн бойжиж байгаа бизнесийг томоохон бизнес эрхлэгчтэй холбож өгөх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд туслах зорилготой. Өөрөөр хэлбэл, тэдгээр бизнесийг менторлож, халамжлан дэмжиж сургах, хүрээг нь тэлэх,  зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой бизнес зөвлөлийг байгуулахаар төлөвлөж байна. Мөн НҮБ-ын эдийн засаг нийгмийн асуудлыг хариуцсан Азийн байгууллагад энэ чиглэлээр олон улсын сайн туршлагыг нутагшуулахад хамтран ажиллах, техникийн тусламж дэмжлэг хүссэн. Удахгүй сайн хариу ирнэ хэмээн хүлээж байна. 

-Та саяхан СоцИнтернийн эмэгтэйчүүдтэй хамт АНУ-ын Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 70 дугаар чуулганы үеэр зохион байгуулсан “Прогрессив Аллайнс”-ын “Ялгаварлан гадуурхахын эсрэг, жендэрийн тэгш бус байдлын ялгааг арилгах нь” сэдэвт хуралд оролцсон. Энэ үеэр хууль дүрмээ шинэчлэн, баттай  мөрдүүлж хэрэгжүүлэхийг шаардахаас гадна бодит алхам акц үйлдлүүдийг хийхийг гишүүн намууд, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд, тэдний удирдлагуудад уриалсан тухай сонслоо?

-Тийм ээ, би СоцИнтернийн эмэгтэйчүүдтэй хамт “Прогрессив Аллайнс”-ын хуралд оролцож, Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн  Д.Үүрийнтуяагийн мэндчилгээг хүргэсэн. Энэ үеэр түүний холбооны ерөнхийлөгчөөр сонгогдохдоо танилцуулсан “WOMEN” хөтөлбөрийг танилцуулаад ирлээ. Энэ жилийн чуулганыг “Бүх эмэгтэйчүүд, охидын шударга ёсонд хүртээмжтэй байх боломжийг хангах, бэхжүүлэх, үүнд хүртээмжтэй, тэгш эрхэд суурилсан хууль эрх зүйн тогтолцоог дэмжих, ялгаварлан гадуурхсан хууль, бодлого, практикийг арилгах, мөн бүтцийн саад бэрхшээлийг шийдвэрлэх” сэдвийн хүрээнд зохион байгуулсан. НҮБ-ын 180 гаруй гишүүн улсын төлөөлөгч, дэлхийн 4600 иргэний нийгмийн болон эмэгтэйчүүдийн байгууллагуудын төлөөлөгчид  оролцсон. Комиссын 70 дугаар чуулганы хүрээнд хэлэлцэж буй тэргүүлэх сэдвийн үр дүнг НҮБ-ын гишүүн бүх улс орон хамтран хэлэлцэж, тохиролцсон дүгнэлт (Agreed Conclusions) хэлбэрээр баталж, энэ жилийг НҮБ-аас “Rights, Justice, Action, For ALL Women and Girls” буюу “Эрх, шударга ёс, үйлдэл, бүх эмэгтэйчүүд, охидын төлөө” уриаг дэлхий даяар дэвшүүлж, тогтолцооны саад бэрхшээлийг арилгахыг уриалсан.  Мөн Ирланд, Люксембургийн төлөөлөгчидтэй тусгайлан уулзалж ирэх тавдугаар сарын 16-нд Ирландын нийслэл Дублинд "Эмэгтэйчүүдийн манлайлал: Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг бууруулах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэхэд хиймэл оюуныг ашиглах нь” сэдэвтэй монгол эмэгтэйчүүдийн олон улсын чуулган, Люксембургийн Хөрөнгийн биржтэй хамтран  “Women in Finance” хамтарсан дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар ярилцаж тохиролцсон. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр энэ удаагийн ажлын айлчлал бүтээмж өндөр болсныг онцлон дурдмаар байна. 

-Ярилцлагаа Монгол Улс дээрх чуулганд ямар амжилттай оролцсон талаар асууж өндөрлөе?

-Монгол Улсын 2024 оны УИХ-ын сонгуулиар эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 25.4 хувьд хүрч, Азийн дунджаас давсан. Жендэрийн тэгш бус байдлын үзүүлэлтүүдийн нэг болох эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдлаар манай улс дэлхийн 26 орны хамтаар тэргүүн байрт жагссан амжилттай. Мөн боловсролын үзүүлэлт 2019 онд дэлхийн 143 орноос 71 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бол 2024 онд тэргүүн байрт орж, охид, эмэгтэйчүүдийн боловсролын түвшинд ахиц дэвшил гарсан. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг тусгаж, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, уян хатан ажлын зохицуулалтыг дэмжих зэрэг чухал өөрчлөлтийг хэрэгжүүлсэн амжилтаар чуулганд оролцоод ирлээ.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №012/24687/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.121.38
2026/03/31
0
0
Халамж авагсдын 99 хувь нь өөрсдийгөө шизофренитэй гэж жүжиглэдэг гуйлгачид юм. Улсын мөнгийг эдгээр гуйлгачдад өгдөг СЭМҮТ-ийн их эмч нар чадваргүй ба тэд улсын төсвийг алдагдалд оруулж, АНУ-ын даалгаврыг биелүүлдэг
Хариулах
Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/01
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31