Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ


Сүүлийн жилүүдэд эрчтэй явагдаж буй цаг уурын өөрчлөлт хүн төрөлхтнөөс амьд байгалиа устгах уу, аврах уу гэсэн асуулт тавьж, улаан гэрэл асааж байна. АНУ-ын Калифорни, Австрали улсыг нөмөрсөн ой хээрийн түймэр, Сибирийн шатсан тайга, Ойрх Дорнодод дэгдсэн дайнаас үүсэн бий болж буй агаарын бохирдол, улс орнуудын дотоодод, ард түмнийх нь оролцоотойгоор сүйдэж буй байгаль орчны огцом доройтол зэрэг нь тус тусдаа салангид асуудал биш, байгаль орчны, амьд байгалийн томоохон хямрал болж байна.

Хаа сайгүй цөлжилт хүрээгээ тэлж, говь цөл нэмэгдэж, усны нөөц багасаж, мөнх цэвдэг хайлан, метан хий ялгарснаар дулаарлын хурд огцом нэмэгдэж байгаа нь хэрвээ хүн төрөлхтөн байгальдаа “ногоон өнгө” нэмэхгүй бол амьдрах орчин улам хязгаарлагдмал болох гэж буйг дохиолж байх аж. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө оргилд хүрэх тусам байгалиас улам холдсон байх шиг.

Гэвч аливаа асуудал сайнтай, муутай байдгийн жишгээр дэл­хийн зарим улс орон XXI зуун зөвхөн технологийн зуун биш, байгальтайгаа эвлэрэх шинэ эрин байх ёстой гэсэн бодлогыг хэрэгжүүлж, хүлэмжийн хий бууруулж, цөлжилтийн хурдыг сааруулах зоригтой алхам хийж, зарим нь дэлхийд жишиг болохуйц ногоон загваруудыг хэдийнэ бий болгожээ.

Ногоон шилжилтийг тэргүүлэгч Европын орнууд

Европын хойгт орших Дани улс салхины эрчим хүчээр дэлхийд тэргүүлж, эрчим хүчнийхээ ихэнхийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах болсон нь бодлогын тууштай байдлын тод жишээ юм. Тэд хөдөө аж ахуйн салбарт хүртэл нүүрстөрөгчийн татвар нэвтрүүлж, байгальд ээлтэй эдийн засгийн шинэ загварыг бий болгожээ. Харин Швед улс 1990-ээд оноос нүүрстөрөгчийн татварыг хэрэгжүүлж эхэлснээр эдийн засгийн өсөлт ба хүлэмжийн хийн ялгарлыг “салгаж” чадсан анхны орнуудын нэг болоод байна. Өөрөөр хэлбэл, тэд хөгжсөөр байгаа ч байгальд үзүүлэх дарамтаа бууруулж чадсан нь онцлогтой.

Газрын тосны баялагтай ч байгальд ээлтэй бодлогоороо ялгардаг Норвеги улс цахилгаан автомашины хэрэглээгээр дэлхийд тэргүүлж, шинэ автомашины дийлэнх нь цахилгаан болоод байна. Мөн Исланд улс усан эрчим хүчийг ашиглан бараг 100 хувь сэргээгдэх эрчим хүчний систем бүрдүүлсэн нь ирээдүйн эрчим хүчний загвар болжээ.


Дэлхийн хамгийн том “ногоон хэрэм”

Цөлжилттэй тэмцэх дэлхийн хамгийн том туршлага бол Хятад улсын “Гурван хойд бүсийг хамгаалах бүсийн ойн хөтөлбөр”. Хуурай газрын цөлжилт буюу газрын доройтол нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж өрнөхтэй зэрэгцэн цөлжилт ихсэж, газар тариалангийн бүс нутгийн хэмжээ багасаж, сүйтгэх аюулыг урьдчилан харсан өмнөд хөрш цөлжилтөд хамгийн их өртсөн бүс нутгийн 13 мужид хойд болон зүүн хойд хэсэгт өргөн уудам цөлийн бүсийг ногоон ландшафт болгон хувиргах төслөө 1978 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү аварга төсөл нь Өвөр монгол зэрэг хуурай бүсүүдийг хамарч, нийтдээ 35 сая гектар газрыг ойжуулах зорилготой. Зөвхөн Өвөр монголд гэхэд 10 сая гаруй гектар газар нөхөн сэргээгдсэн нь дэлхийд урьд өмнө байгаагүй хэмжээ юм. Өнөөдөр энэхүү “ногоон хэрэм” говь цөлийн тэлэлтийг сааруулж, Бээжин зэрэг хотуудад элсний шуургыг бууруулсан бодит үр дүн үзүүлжээ. Төсөл хэрэгжсэнээс хойш усны нөөц, модны төрөл зүйлийн амьдарч чадах эсэх дээр асуудал гарч байсан тул илүү ухаалаг шийдэл хайж, олон төрөл зүйлтэй ойжуулалтын шатанд шилжиж амжилт олсон байдаг.

Хятадын Засгийн газар цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ ойролцоогоор гурван сая км.кв гэж тооцсон бөгөөд энэ нь нийт газар нутгийн гуравны нэгийг эзлэх хэмжээ аж. Цөлжилт жилд 2640 км.кв хурдтай тэлж, таван тэрбум тонн хөрсний алдагдалд хүргэнэ, экологийн элэгдэлд өртсөн нийт талбай 1.6 сая км.кв-аас дээш гэж тооцоолж байжээ. 2050 онд дуусах энэхүү төслийн үр дүнд тал хээрийн бүсэд суулгасан таримал ой, ойн моддын амьдрах чадвар, ойжуулалтын хэмжээ, байгалийн үзэсгэлэнгээр өнөөдөр дэлхийг гайхшируулж эхэлсэн төдийгүй говь, цөлийн тэлэлт саарч, Бээжин хотын элсний шуурга багасжээ. Энэ туршлагыг өдгөө бусад улс орнууд хэрэгжүүлэхээр шамддаг болжээ.


АНУ-ын ойжуулалтын бодлого

АНУ ойг сэргээх, нөхөн ургуулах тал дээр шинжлэх ухаанд суурилсан бодлогыг XX зуунаас идэвхтэй хэрэгжүүлжээ. Тус улсын ойжуулалтын ажлын гол чиглэл нь ой хээрийн түймэр, байгалийн гамшигт өртсөн газрыг сэргээх, экосистемийн тэнцвэрийг хадгалах, нүүрстөрөгч шингээх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна. АНУ-д ойжуулалт нь зөвхөн мод тарихаар хязгаарлагдахгүй, харин “экосистем сэргээх” цогц ойлголт болж хөгжсөн бөгөөд энэ хүрээнд төрийн байгууллага болон Ойн бие даасан алба, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтран жил бүр сая сая мод тарьж, олон сая гектар талбайг сэргээдэг байна. Мөн 2021 онд батлагдсан REPLANT актын хүрээнд ойжуулалтын санхүүжилтийг нэмэгдүүлж, түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх томоохон зорилтуудыг дэвшүүлсэн  бол 2024–2025 оноос эхлэн Нью-Йорк зэрэг зарим мужид 25 сая мод тарих санаачилга хэрэгжүүлж байгаа аж.


ОХУ: Төрийн бодлого ба хэрэгжилт

Дэлхийн хамгийн өргөн уудам ой модтой орнуудын нэг болох ОХУ дэлхийн нүүрстөрөгчийн тэнцвэрт онцгой үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа Сибирийн тайга нь асар их хэмжээний нүүрстөрөгч шингээх чадвартай бөгөөд энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал нөлөөтэй. Иймээс ОХУ-ын ойжуулалтын бодлого нь зөвхөн байгаль хамгаалах төдийгүй дэлхийн экологийн тогтвортой байдалтай шууд холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд ОХУ ойжуулалт, ой хамгааллын чиглэлд нэгдсэн бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү бодлогын хүрээнд ойн устсан талбайг нөхөн сэргээх, ойн түймэр, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, ус, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг давхар шийдэж байгаа аж. ОХУ “Нэгийг огтолбол нэгийг тарина” гэсэн зарчим баримталж, жил бүр олон сая гектар талбайд ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийдэг байна. 2025–2026 онд тус улс ойжуулалтын бодлогоо илүү эрчимжүүлж,

-Ойн түймрийн дараах сэргээх ажлыг нэмэгдүүлж, шатсан талбайг богино хугацаанд ойжуулах, 

-Алс Дорнод болон Сибирийн бүсэд ойжуулалтын томоохон төсөл хэрэгжүүлэх,

-“Нүүрстөрөгч шингээгч ой” бий болгох зорилгоор ойжуулалтыг уур амьсгалын бодлоготой уялдуулах,

-Ойн хяналт, мониторингийг хиймэл дагуул, дижитал системээр сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна. Эдгээр нь зөвхөн мод тарихаас гадна ойг тогтвортой удирдах, экосистемийг бүхэлд нь хамгаалах тал руу чиглэж буй аж.


Коста Рикагийн амжилттай ногоон хөгжлийн загвар

1970–1980-аад онд ой мод нь эрчимтэй устаж, экологийн доройтолд орсон Рика улс өнөөдөр дэлхийн хамгийн амжилттай “ногоон хөгжлийн” загваруудын нэг болж чаджээ. Байгаль орчны тэнцвэр алдагдах аюул нүүрлэсэн тус улс 1990-ээд оноос эхлэн бодлогоо эрс өөрчилж, байгаль хамгааллыг үндэсний хөгжлийнхөө төвд тавьсан нь энэ өөрчлөлтийн эхлэл болсон байна. Энэ шинэчлэлийн гол цөм нь “экосистемийн үйлчилгээний төлбөр” (PES) хөтөлбөр. Уг бодлогоор ой модоо хамгаалж буй иргэд, газар эзэмшигчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, байгаль хамгааллыг эдийн засгийн хувьд ашигтай болгосон нь онцгой үр дүн авчирсан. Үүний зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлж, өнөөдөр эрчим хүчнийхээ 95 гаруй хувийг цэвэр эх үүсвэрээс хангадаг болсон нь дэлхийд ховор амжилт юм.

Эдгээр бодлогын үр дүнд Коста Рикагийн ойн бүрхэвч дахин 50 гаруй хувьд хүрч сэргэж, биологийн олон янз байдал хамгаалагдан, эдийн засаг нь байгальд ээлтэй хэлбэрт шилжсэн байна. Тус улс зөвхөн байгалиа хамгаалаад зогсохгүй эко аялал жуулчлалыг хөгжүүлж, байгаль хамгааллыг эдийн засгийн өсөлттэй уялдуулж чаджээ. Ирээдүйд Коста Рика улс нүүрстөрөгчийн ялгаралгүй хөгжлийн зорилтыг дэвшүүлж, ойжуулалт, цэвэр эрчим хүч, тогтвортой бодлогыг улам гүнзгийрүүлэхээр зорьж байна.


Газар нутгийнхаа 70 хувийг ойжуулсан Бутан

Бутан улс дэлхийд байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн онцгой загвараараа ялгарч байна. Тус улсын хөгжлийн үзэл баримтлал нь эдийн засгийн өсөлтөөс илүү “Үндэсний нийт аз жаргал” хэмээх ойлголтод тулгуурладаг бөгөөд энэ нь байгаль, хүн, нийгмийн тэнцвэрийг эрхэмлэх бодлогын суурь болжээ. 1970-аад оноос эхлэн байгаль хамгааллыг төрийн бодлогын төвд тавьж, 2008 оны Үндсэн хуульдаа газар нутгийнхаа дор хаяж 60 хувийг ой модоор бүрхэгдсэн хэвээр хадгалах заалтыг оруулсан нь дэлхийд ховор жишээ болсон байна. Энэ бодлого нь бодитоор хэрэгжсэн бөгөөд өдгөө Бутаны газар нутгийн 70 гаруй хувь нь ой модоор бүрхэгдсэн. Ихэнх хэсэг нь дархан цаазат бүс болон хамгаалагджээ.

Тус улс эрчим хүчнийхээ хэрэгцээг усан цахилгаанаар хангаж, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг бүрдүүлж чадсан байна. Энэ нь зөв бодлого, тууштай хэрэгжилт нь өөрөө байгаль орчныг бүрэн хамгаалж, үндэсний хөгжлийг тодорхойлдог болохыг харуулах аж.

Ирээдүйд Бутан улс энэхүү амжилтаа хадгалж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, байгальд ээлтэй дэд бүтэц, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч буй юм байна. Бутаны туршлага нь улс орны хөгжил нь заавал байгаль сүйтгэл дээр суурилагддаггүйн жишээ болж өгч байна.


Монголын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 онд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь Монгол Улсын байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах зорилготой үндэсний хэмжээний томоохон санаачилга. Хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл нэг тэрбум мод тарих зорилт тавьсан. Ойжуулалт хийж, мод тарьж, тарьсан ой, модыг чанартай, урт хугацаанд тогтвортой ургах боломжийг бүрдүүлж, ойн доройтсон талбайг сэргээх, цөлжилт, хөрсний элэгдлийг бууруулах, усны нөөцийг хамгаалах, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлд явагдаж байна. 

Хөтөлбөр эхэлснээс хойш төрийн байгууллагуудаас гадна хувийн хэвшил, иргэдийн оролцоотой олон зуун мянган мод таригдсан бөгөөд уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүд ч нөхөн сэргээлтийн хүрээнд мод тарих үүрэг хүлээж, иргэд ч сайн дурын үндсэн дээр оролцож байгаа юм. Энэхүү хөтөлбөр нь Монгол орны экологийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, ирээдүйд илүү ногоон орчныг бүрдүүлэх стратегийн чухал алхам болох юм. Энэхүү нийтлэлд дурдагдсан жишээнүүд богино хугацааны ажил биш. Арван жил, бүр зуун жил үргэлжлэх тууштай бодлого гэдгийг улс орнууд тодотгож өгчээ. Өнөөдөр тарьсан нэг мод маргааш ой болохгүй ч өнөөдөр л эхлэхгүй бол оройтно гэдэг зарчмыг улс орнууд баримталж буй аж.

Д.Жаргалан

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №012/24687/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/01
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31