Энэ түүхийн эзэн Нямын Пүрэвжав нь 1932 оны хувьсгалын эсэргүү бослогын үеэр Тариатын хүрээний сургууль болон хайрт шавь нарынхаа сурч боловсрох гэгээлэг ирээдүйн төлөө мятаршгүй тэмцэж явсан боловсролын түүхэнд алтан мөрөө үлдээсэн, Монголын боловсролын үүсэл хөгжлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, эх орон, ард түмэн, ирээдүй хойч үеийнхээ төлөө халуун амиа зориулсан хатан зоригт багш юм.
Эх орон хойч үеийнхээ төлөө тууштай тэмцэж явсан Монголын анхны пионерийн ахлах удирдагч, анхны шинэ үсгийн багш нарын нэг байсан билээ. Бүхий л бэрхшээлийг сөрөн зогсож, сөхрөлтгүй тэмцсэн энэ багш бол Монголын түүхэнд мөнхрөөд зогсохгүй эх орончийн үлгэр дуурайл, бодит жишээ болсон баатарлаг хүү юм. Түүний энэхүү богинохон боловч гэгээлэг амьдралын түүх нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн хүн төрөлхтөнд сургамж өгөхүйц үнэн түүх билээ. Тэр бол зүгээр нэг багш байгаагүй. Тэрбээр хүүхэд багачууд, хайрт шавь нартаа мэдлэг боловсрол олгохын төлөө зүрх сэтгэл, эрдэм оюунаа зориулсан, хүнд цаг үед ч бүхий л бэрхшээлийг сөрөн зогсож, итгэл үнэмшлээсээ хоромхон ч няцаагүй, эх орон, ард түмэн болон өөрийн үзэл бодолдоо үнэнч байж чадсан эрэлхэг зоригт багш байсан юм. Ийм түүхийг зөвхөн Монголд биш дэлхий нийтэд хүргэх учиртай.
Бидний хувьд энэ түүх зүгээр нэг судалгааны сэдэв биш, гэр бүлийн дурсамж, амьдралтай минь холбогдсон үнэ цэнтэй өв юм. Би хүүхэд байхдаа Монголын радиогоор, багш нарын баяр болгоноор Н.Пүрэвжав багшийн тухай найраглал уншигддаг байсныг тод санадаг. Тэр үед радио бол хүмүүст ертөнцтэй холбогдох хамгийн ойр, гэрэлт цонх байсан. Тэр найраглалыг сонсож байхад ээж минь “Энэ мундаг багш бол “Уран” Мижиддоржийн төрсөн ах нь шүү дээ” гэж хэлж байсан нь миний ой тойнд тод үлдсэн. Түүний дүү болох “Уран” Мижиддоржийн ууган хүү Хоролсүрэнтэй гэр бүл болсны дараа манай гэрийн номын санд С.Лувсангийн “Мөнх алдартны нэг” хэмээх 1968 онд хэвлэгдсэн, нэлээд элэгдэж хуучирсан нэгэн ном байж билээ. Нөхөр маань “Энэ миний авга ахын тухай ном, миний ах жинхэнэ баатар хүн байсан” гэж бахархалтайгаар хэлэхэд би сонирхон авч, хэд хэдэн удаа шимтэн уншиж байлаа.
Тэр номыг унших бүрд 19 настайдаа эх орон, боловсрол, ирээдүй хойч үеийнхээ төлөө амь биеэ зориулсан тэр багшийн тухай бодохоор зүрх шимширч, бас бахархал төрдөг байлаа. Тиймээс “Яагаад энэ хүнийг үнэлээгүй юм бол. Яагаад энэ түүхийг мөнхжүүлж, баатар болгоогүй юм бол?” гэх мэт асуулт биднийг зүгээр орхиогүй. Тиймээс бид энэ бодит түүхийг сэргээж, Монголын ард түмэнд мэдүүлэн таниулж, нийгэм олон нийтэд хүргэх ажлыг эхлүүлээд байна.
Н.Пүрэвжавын төрөл төрөгсөд, ах дүү нарын хүүхдүүд нь өдгөө ч амьдарч байгаа бөгөөд тэд энэ түүхийг үеэс үед дамжуулан хадгалж, үргэлжлүүлэн судалж байна. Н.Пүрэвжавын төрсөн ах Н.Базар нь гайхамшигтай уран дархан төдийгүй гэлэн сахилтай хүн байсан бол дүү Н.Мижиддорж нь маш сайхан зурдаг, бурхан бүтээдэг, уран сийлбэр хийдэг, ерөөлч магтаалч, алиа хошин зантай, ард түмний дунд “Уран Мижиддорж” хэмээн хүндлэгдсэн хүн байсан. Мөн ах Н.Магсар нь Монгол Улсын анхны мастер тогооч байсан бөгөөд түүний охин Цэенсүрэн дурсахдаа “Аав минь дүү Пүрэвжавыгаа их санадаг байсан. Багшилж байсан Тариат суманд нь хүртэл очиж байсан удаатай. Мөн 70-аад оноос эхлэн Монголын радиогоор багш нарын баяраар Пүрэв ахын тухай найраглал явахад радионд чихээ наан надтай хамт уйлан сонсдог байсан” хэмээн дурсан ярьсан юм.
Н.Пүрэвжав нь хөгжмийн өндөр мэдрэмжтэй, хуучир, шанз, морин хуур, лимбэ тоглодог, жүжиглэх авьяастай, тухайн үеийн залуучуудыг уриалан дуудаж, жүжиг, урлагийн тоглолтоор дамжуулан соён гэгээрүүлэх ажилд идэвхтэй оролцдог байсан гэдэг. Мөн солгой гараараа нэг л зураасаар гар салгахгүй зурдаг онцгой авьяастай байсан тухай ам дамжин яригддаг.
Түүний дүү “Уран” Мижиддорж ахыгаа өнгөрөхөд дөнгөж 12 настай байсан бөгөөд ахынхаа хувь заяаны эмгэнэлт агшныг зүрх сэтгэлдээ тээн, хожим ухаан сууж, ах эгч, нутгийн хүмүүсийн яриа, ном сонин, Монголын радиогоор явдаг найраглалаас сэдэл авч, тэр эмгэнэлт агшныг төсөөлөн зурж, уг зургийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын музейд өгсөн нь энэ түүхийн нэгэн чухал баримт болсон юм.
Бид Н.Пүрэвжав ахыгаа алдаршуулан мөнхжүүлэх ажлын хүрээнд Архангай аймгийн Тариат сумын ерөнхий боловсролын сургуульд Нямын Пүрэвжавын нэрэмжит монгол хэл, бичгийн танхим байгуулж, орчин үеийн ширээ сандлаар хангаж, боловсролын яамны дэмжлэгтэйгээр 75 инчийн лед дэлгэц, компьютер зэрэг тоног төхөөрөмжөөр тохижуулж өгсөн. Мөн энэхүү ажлын хүрээнд холбогдох яам, агентлаг, байгууллагын дэмжлэгтэйгээр С.Лувсангийн “Мөнх алдартны нэг” номыг нэг ч үг, үсэг өөрчлөхгүйгээр хоёр дахь хэвлэлтэд шинэчлэн хэвлүүлж, хавтасны зургийг орчин цагт нийцүүлэн зураач, Соёлын тэргүүний ажилтан Р.Баярсайханаар зуруулж, мөн тухайн үеийн Богдхан уулын аймгийн Дэлгэрцогтын уулын хошууны төвд байгуулагдсан танхимын сургуулийн зургийг Н.Пүрэвжавын төрсөн эгч Н.Дамдинсүрэнгийн хүү Ардын боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш, сийлбэрч зураач Н.Тулга нь зурсан бөгөөд уг зургийг Ардын боловсролын тэргүүний ажилтан, пионерийн удирдагч, Дундговь аймгийн ахмад багш Н.Майхүү олж, сэргээн засварлуулан номын хавтсанд оруулан хэвлүүлсэн. Мөн бид өөрсдийн хөрөнгө санхүүгээр нэмэлт хэвлэлийг гарган, сургалт судалгаа, сурталчилгааны ажилд ашиглаж байна.
Н.Пүрэвжавыг алдаршуулах төслийн багт Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Гавьяат багш өдгөө 97 настай ахмад сурган хүмүүжүүлэгч Д.Дамдинжав багш бидэнтэй төслийн эхнээс зөвлөгчөөр хамтран ажиллаж байна. Ахмад багшийн сэтгэл, итгэл, дэмжлэг нь бидний хийж буй ажилд маш их урам зориг өгдөг билээ. Багш минь энэ ажлыг хийх нь багш, сурган хүмүүжүүлэгч хүний үүрэг гэж ярьдаг. Мөн тэрбээр Архангай аймгийн Тариат, Дундговь аймгийн Сайнцагаан суманд бидэнтэй хамт очиж, багш, оюутан сурагчид, ахмадууд болон хойч үеийнхэнд энэхүү түүхийг чин сэтгэлээсээ хүргэж, сурталчлан таниулах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар явна.
Энэхүү төслийн ажлын хүрээнд продюсор Х.Цэрэнчунт, найруулагч, урлаг судлалын ухааны доктор, профессор Т.Төмөр-Очир болон түүний багтай хамтран ажиллаж байна. Найруулагч болон түүний баг энэхүү түүхэн баримтат киног бүтээх ажлыг эрчимтэй, хурдацтай урагшлуулж, зураг авалт, ярилцлага хийгдэн, түүхэн эх сурвалжуудаас судлан, архивын баримт материалуудад тулгуурлан баримтат киноны бэлтгэл ажил тасралтгүй үргэлжилж байна. Ийнхүү найруулагч болон түүний баг энэхүү түүхэн баримтат киног Монголын ард түмэнд дэлгэцнээ хүргэхээр зорин ажиллаж байна.
Л.Алтанцэцэг /Төсөл санаачлагч /
2026.04.01
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна