Гүн нойрны учрал


Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Төрийн Баянсангийн “Гүн нойрны учрал” өгүүллэгийг толилуулж байна. Зохиолч, яруу найрагч Т.Баянсан 1969 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. 1986 онд Тэс сумын Таван Улиасны найман жил, 1988 онд Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль, 1992 онд Ховд дахь УБДС, 1995 онд МУИС-ийн дэргэдэх Сэтгүүл зүйн дээд курс төгссөн. 1980-аад оноос уран бүтээлээ эхэлж “Зүс бүгэг андууд” (1991) хамтын, “Тэнгэрийн цавчилт” (2002) үгүүллэг, “Гуниг шагайх үдэш” (2002) яруу найраг, “Cap гуаглах зүсэм үдэш” (2006) яруу найраг, “Хоосонг идэгч” (2009) үгүүллэг, “Хожмын лаатай уншигдах ном” (2012) яруу найргийн номууд болон хөрөг нийтлэл, сэтгүүл зүй, баримтат уран зохиолын бүтээлүүд хэвлүүлсэн байна.

 

Зүсэн зүйл зүүд, амьтдын чуулган тарж, сайны салаа шидэмс үүрийн цагаан гэгээнд нэгдэн алчуур шиг хийсэж, улмаа унаж тунасан үеэр Амгалан эмгэн гүн нойрноос сэрлээ. Сарын турш шөнийн хар гүмд элдэв бие дүрсээр бүжиглэн элэглэж, худал хуурмаг арга мэхний ид дивээр ятган, зүүд нойрных нь зузаан хучлагыг хүртэл сэт сэвгүй хуучих болсон эцсийн унааныхаа эмээл тохоостой байдлаас эмээхдээ тэр нойрсуулагч хэрэглэж байв. Гар хөл, гуя ташааны зузаан мах битүү хөндүүрлэн дүлий өвчний шүдгүй аманд зулгаалгаж, чөрийтөл турж эцээд бараг л хэдэн хэлхээтэй яс үлджээ. Тэрхүү яснуудыг холбогч үе мөчний алтан судас шөрмөсний уяа зангилаа нь арван атгалтаа алдан тавьж, талын нэг тарааж хаяхаас өөр аргагүй нь ээ гэж үгээ хэлэх мэт янгинуулна. Хаа нэгтэйгээс балтгар улаан махан хэлнүүд өрвөс өрвөсхийх шиг санагдахад тамын галын хайрган дөлөнд арьсаа хууртал зүлгүүлж, язран хуйхлагдах вий гэсэн айдас зэгзийн босно.

Амьсгалах тоолон жумжгар ам, хамшгар хамар хуурайшин хахаж цацна. Хоолойг нь ширүүн алчуураар арчин хуурайлсан юм шиг хагсарч, нарийхан зүйлээр зурах шиг болж, зовхи нь чичивгэнэн татна. Ингэж л нэг юм амь утсаа муу совингийн зураасаар дотоод тамиртайгаа залгуулна. Нүднийх нь галгүй болсон хөх толон бодит ертөнцийг онох нь үгүй болов уу гэмээр ч бодол дурсамжийн босгоор гүлгэсхийгээд давчихаж дөнгөлөө. Арав гаруй жилийн өмнө ертөнцийг, бас өөрийг нь орхисон хайрт хань нь түүнийг зураг дээр хамгийн гоё гарсан үеийнхээрээ ширтэн инээмсэглэнэ. 

Залуу сүмбэ насны хун цэнгийн дурсамж нь  далайн шуурга шиг эрчлэн босож ирлээ. Нуруу бүрхэн, ташаа хонго шүргэн асгарсан гил хар үс нь харчуулын нүдийг ширхэг болгоноороо оосорлон татаж, ухархайнаас нь угзран гаргах шахдаг байсан сан. Сайхан явсан эмэгтэй хүн сайхан явсан үедээ бардаж, түүндээ хөөрөн, эрхэмсэн, бас яльгүй сэрэлзүүр загнахыг бараг хүн болж төрснийх нь утга учир гэж үзмээр чиг. Олон харчуул гэзэгнээс нь зүүгдэн дагаад, тунгалаг хар нүднийх нь тушаангуй гялсхийх харцанд ширвүүлэн тээр тэндээ л шон мэт шовойн хоцордог байлаа л.

 Нэг намар Базар гэх залуу эмч тэдний аймагт ирлээ. Шинэхэн эмч шижгэр байх ёстой гэх ч харин эсрэгээрээ Базар бүрэг номой, бүдүүн баараг ч гэмээр хөдөлгөөн удаантай, алиалагчийн гэмээр монцог хамартай бор залуу байв. Хий өвчтэй юм шиг гөлрөнгө атлаа инээвхийлсэн нүдтэй тэрбээр авгай хүүхэнд сээтэн хаях нь бүү хэл айж ичээд зугтана. Сувилагч хүүхнүүд түүний ийм дорой мууг үзэх гэж хажуугаар нь зөрөхдөө шүргэж өдөн, юм хэлэхэд зориуд ам руу нь орчих шахан тулж ширтэн ичээнэ. Энэ дээрэлхэл удаан үргэлжилсэнгүй. Базар эмчийг баалж шоолох сачийтай аавын хүү ч үгүй болов.

 Аргагүй шүү дээ, алдартай жимбэгэр сэвгэрийг адгийн дорой тэр эр уургалж дөнгөсөн нь эмчийн ном, эмэгтэй хүнийг онох ном хоёрт эн тэнцсэн мэргэн харагдсан хэрэг. Амьдралын туршид тэр, эхнэрээ юу ч гэсэн толгой дохин зөвшөөрч, түүнгүйгээр нэг хором ч байж чадахгүй, өөрийгөө бүрнээ хүлж жаргасан юм. Аз жаргалыг хүсвэл хаана ч буй болгож болдог нь эндээс харагдана. Амгалан ослын улмаас эмч байснаа эмнэлгийн хяналтын хүн болсон. Нөхөр нь эмгэг өвчтэй түүнд ганц удаа ч уцаарлаж, ааш зангаа хувиргасангүй.

Ийм сайн хань хүн болгонд заяана гэж үү. Амгалан гуай цээжээ хэржигнүүлэн, уйлах зовуурилахын хооронд гиншив. Эрэмдэг болсноосоо хойш энэ ертөнцийн нарыг тавин жил бүтэн харжээ. Ханиасаа хойш арав гаруй жилийг үдсэн. Үүнийг харин амьдрал гэх үү, юу гэх вэ. Гэнэн цайлган ханиа нөгөө ертөнцөд үдчихээд, алдар нэр, эд хөрөнгөд нь эзэн сууж амьдарсан хүний үнэргүй гэж өөрийгөө зүхэх үе ч байсан. Хүн өршөөлгүй өвчинд ээрэгдсэнээ мэдэхийн ихээр мэдэвч түмэн хүслийн сүмэн замыг ширтсээр байх ажаам. Гэхдээ тийм ч том зүйлийн төлөө амьдраагүйгээ чухам ухаарч амжина. Базар “Аамаа” гэж авгайгаа дуудан эрхэлдэг байв. “Цаадахаасаа нэг хийгээд өг”. “Баазаа минь, архи ууж яах юм бэ. Биеэ боддоггүй юм уу”. “Үүнээс дордчихвол ууж чадахгүй. Тэр үедээ харамсана шүү дээ”. “Тэг ээ, тэг. Миний өвгөн сайн уугаад ав даа хө”.

Тэр үед одохуйн унаа сойчихсон хүн ард хоцрогсдодоо юм юмаар л гайхуулах гэдэг юм уу даа гэж Амгаланд бодогдож байжээ. Үнэндээ хоногоо хүлээж буй нөхөртөө аяллаар явах гэж буй мэт атаархаж байв. Дал хүрсэн байтлаа юу ч мэдэхгүй жаргал зовлон, үхэл амьдралыг ялгахгүй явжээ гэж сүүлд л харамссан юм.

Гарыг нь нэг юм нухаж өвтгөхөд эмгэн толгой чичрүүлэн тэмтэрч үзвэл хиймэл шүд нь таарлаа. Шүдээ хийхгүй олон хоножээ. Гоо сайхандаа анхаарал тавьж байна гэж шүд хийлгэсэн ч үнэндээ идэх, зажлах гэж л хийлгэсэн шүү дээ гэж хорсолтой бодлоо. “Төмөр сэрээ шиг шүд хийлгэхгүй яав чи!” гэж өөрийгөө сүүлчийн удаа зүхлээ.

Зэрэглээнд ганц цагаан зээр торолзоно. Тэнгэрийн хаяа их улаан харагдана. Талийгч хань нь түүний толгойг түшин суужээ. Тэрбээр “Аамаа, хань минь ээ. Шүдээ хийчих, хоёулаа явъя. Энд удаан байсны хэрэггүй ээ. Бусдад муухай харагдаж болохгүй шүү дээ” гэж аргадлаа. Эмгэн “Тийм шүү” гэж сэхээрэн бодмоглолоо. Бодол нь гүйцээгүй байхад далбийсан цагаан гэрэл үхсэн амьдын хоорондох санахын салхинд сийчигдсэн самбай ханыг хэмх цавчив.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №010/24541/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22