Олон улсын театрын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 27-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийн босгон дээр Монголын театрын түүхийг нэгэн хуудсаар баяжуулах шинэ уран бүтээлийн тухай таатай мэдээллийг уншигчдадаа хүргэе. Энэ бол ДБЭТ-ын тайзнаа цоо шинэ үндэсний сонгодог балет тавигдах гэж байгаа тухай юм. “Дангина” нэртэй энэхүү балетын хөгжмийг Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайван бичжээ. Балетмейстерээр нь ДБЭТ-ын балетын гоцлооч МУСТА Г.Батчимэг, удирдаачаар нь МУСТА Ц.Гансүх, ерөнхий зураачаар нь МУСТА Ц.Ганзориг, МУСТА Д.Батнасан нар ажиллаж байгаа аж. ДБЭТ-ын тайзнаа 1990 оноос хойш Х.Билэгжаргалын “Бөртэ чоно”, Ц.Нацагдоржийн “Гүюг хаан”, А.Батдэлгэрийн “Арванхоёр жил”, Б.Шаравын “Зуурдын орон”, С.Соронзонболдын “Их домог”, А.Батдэлгэрийн “Гэсэр Номун хан”, “Тэнгэрийн ташуур” гэсэн долоон бүтээл тавигджээ. 2011 оноос хойш шинэ балет тавигдаагүй байгаа тул “Дангина” балетын сураг ажиг сонгодог урлагийн ертөнцөд нэгэн гэгээн чимээ болж байна.
“Дангина” балет ДБЭТ-ын энэ жилийн төлөвлөгөөнд багтан, бэлтгэл сургуулилалт нь эхэлснээс хойш хөгжим судлаачдын анхаарлыг татаж, зарим нь шүүмж, тэмдэглэл ч бичжээ. Тухайлбал, уран сайхны удирдагч, хөгжим судлаач С.Энхбулаг, доктор Д.Ариунаа, Д.Энхцэцэг нарыг дурдаж болно.
Дээрх судлаачид “Дангина” балетын тухай “Энэ балетын хөгжмийн аялгууг тусгайлан авч судлууштай санагдаж буй. Учир нь энд сонгодог балетын уламжлалт хөгжмийн илэрхийллийг дуурьслын шинэ хэлбэрээр “уянгын дуулалтай” хэмээн тодорхойлж болохуйц гаргахыг эрмэлзсэн. Тойрон бүжиг, цэргүүдийн бүжиг зэрэг олны үзэгдлүүд, гоцлол бүжгийн номерууд орсон зэрэг нь хэрэв энэхүү бүтээлийг бүжгийн дэгээр амилуулбал өдий зэрэгт хүрсэн Монголын балетын урлагийн хөгжилд түлхэц болохуйц ач холбогдолтой, нямбай бүтээл болжээ гэж үзэж байна” хэмээн үнэлжээ. Уянгын дуулалтай балет гэдгийн хувьд хөгжмийн зохиолч өөрөө сайн дуучин, мөн дууны олон сайхан аялгуу зохиосон туршлагатай холбон авч үзэж болох талтай гэсэнтэй санал нийлэхээс өөр аргагүй. Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайваны хувьд 500 гаруй мэргэжлийн болон нийтийн дуу зохиосон, магтуу, оратори зэрэг дуулаачийн томоохон бүтээлүүд бичсэн туршлагатай хөгжмийн зохиолч. Мөн тэрбээр “Мойлхон”, “Дангина” зэрэг уран сайхны найман киноны хөгжмийг зохиосон юм. Эрхэм хөгжмийн зохиолчтой энэ сэжүүрээс учиг хөвөрдөн ярилцлаа.
-Хоёр жилийн өмнө уулзаж байхад та “Дангина” балетынхаа тухай ярьж байсан. Тэр үеийг бодвол балет маань юу юугүй тайзнаа тавигдах гэж байна. Та энэ түүхэн домгийг нэлээд судалж, бүтээл хийх шиг боллоо. “Дангина” гэж кино хийсэн. Одоо балет?
-“Дангина” гэж дуу анх бүтээсэн. Энэ дуу маань хүмүүст хүрч “Морин хуур-2018” наадмын тэргүүн байрын шагнал хүртэж, бид маш их баярласан. Энэ дууг маань манай нутгийн залуу дуучин, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, МУСТА Доржсүрэнгийн Нямдаваа өөрийн гэсэн өнгө аясаа гаргаж, сайхан дуулж хүмүүст хүргэсэн. Бас манай Өмнөдэлгэр сумын харьяат, МУСТА Л.Чулуунбаатар маань ч сайхан дуулсан. МУСТА Ө.Цэрэнчунт мөн сайхан дуулсан. Тун удахгүй МУГЖ Ц.Төвшинтөгс “Дангина” дууг маань дуулна гээд нэлээд эрчимтэй бэлтгэлдээ ороод явж байна. Энэ дууг дуучид их сонирхдог.
Энэ дууны хөгжмийг бичсэнээсээ хойш дангина гэдэг үгийг ч, түүх, домгийг нь ч судалж эхэлсэн. Дангина гэдэг үгийг монгол хэлний толиос харахад хурмастын дагина гэж тайлбарласан байдаг. Түүх, домгийнх нь агуулга энэ нэрэндээ их гоё таарч байгаа юм. Нарийндаа бол чиний “Дангина” гэдэг шүлгээр дуу бичсэнээс болж эхнэр маань “Дангина” гэдэг киноны зохиолыг бичсэн юм. Энэ киноны зохиолыг бичихдээ маш их судалгаа хийсэн. Чухам хэзээ, ямар цаг үед дангина гэдэг нэр үүссэн юм бэ гээд судалсан. Хорь түмэдийн Хорьдой мэргэний анхны эхнэр нь Баргужин гоо, түүний охин нь Алун гоо эх. Харин хоёрдугаар эхнэр буюу Шаралдай гоо хатныг анх ингэж нэрлэсэн юм билээ. Яагаад тэгж нэрлэсэн бэ гэхээр Хорь түмэдийн ноён Барга баатарын хүү Хорьдой ан хийж яваад нэг гоо хүүхэн дагуулаад ирж гэнэ. Гэрэл цацарсан гоо сайхан бүсгүй байж. “За чи хаанаас ийм хүүхэн дагуулаад ирэв” гэхээр нь Хорьдой мэргэн сандрахдаа аавдаа “Энэ тэнгэрийн дагина. Тэнгэрээс бууж ирлээ” гэсэн чинь “Тэгвэл наадах чинь хурмастын дагина юм байна” гэж ээ. Хурмастын дагина гэдэг нь тухайн үеийнхээ нэрээр дангина гэж нэрлэгдэж байж. Би кинон дээрээ Шаралдай гоо хатны дуу гэж нэлээд том хэмжээтэй, бараг ари шиг дуу тусад нь хийсэн. Энэ бүхнээс үндэслээд бодоход нэг талаас “Дангина” маань бодит амьдралаас сэдэвлэгдсэн. Нөгөө талаас харвал дангина хатан бол монголчууд бидний эртний өвөг дээдэс, өндөр дээд эмэг гэж болох, таван хүү төрүүлсэн хурмастын дагина ээж байжээ.
Бид ОХУ-ын Буриадад очиж “Дангина” киноныхоо зургийг авсан. Балетмейстер А.Батдэлгэр ах маань надтай хамт тэнд очиж, киноны хөгжим дээр ажилласан юм. Тэгээд А.Батдэлгэр ах “Миний дүү чи “Дангина”-гаараа балет хийчихвэл яасан юм” гэж санал тавьсан. Би ч “Ёстой гоё санаа байна” гээд л. Миний эхнэр хамт явж байсан. Хань маань МЗЭ-ийн гишүүн, зохиолч, найруулагч хүн байсан. Тиймээс энэ саналыг хүлээж аваад шууд “Дангина” балетын либреттийг бичсэн. Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлтэй, эхлэл, төгсгөлтэй ийм балет бичсэн. Балетад хурмаст тэнгэрийн долоон хун гарна. Шаралдай гоо хатан бол Хан хурмастын долоон гүнжийн отгон охин нь гэх домогтой. Манай буриад, баргууд хус модон сэрэгтэй, хун шувуун гарвальтай гэж өөрсдийгөө хэлдэг. Хун шувуун гарвальтай гэхээр энэ Шаралдай гоо хатантай холбогдоно. Ингээд Баргужин гоо, Баргужин төхөм, Алун гоо эх гээд ярихаар яалт байхгүй монголчуудын өндөр дээд эмэг, өндөр дээд ураг удам болж байгаа юм. Одоо ингээд балет маань тун удахгүй театрын тайзанд тавигдаж, түмэн олныхоо сонор, мэлмийг мялаах гэж байна.
-Энэ балетыг ДБЭТ-ын тайзнаа тавья гэдэг шийдвэр хэзээ гарав?
-2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд ДБЭТ-ын дарга, МУГЖ Ц.Төвшинтөгс дуудаад “Театрын 60 жилд зориулаад таны балетыг тавья. Ганцхан санхүүжилт хүнд байна. Яам туслахгүй, театр мөнгөгүй” гэсэн. “Шийдвэр гарч байгаа бол яаж ийгээд тавья” гээд л зүтгэчихсэн. Одоо балетынхаа үндсэн бүрэлдэхүүнийг гаргаад ажиллаж байна. Балетын явц сайн байгаа. Сайн байгаа гэдэг нь тайз декорац хийх ажил нь бараг дууссан. Хувцас, хэрэглэл оёх зэрэг ажил 50-60 хувьтай явна. “Дангина” балет хоёр цаг орчим үргэлжилнэ. Хөгжмийн хувьд нэгдүгээр бүлгээ дуусгаад өгчихсөн. Хоёрдугаар бүлгийн бүх ноот өнөө маргаашгүй бэлэн болно. Тэгэхээр балетын үндсэн бүрэлдэхүүн, балетын гол ноён нуруу босчихож байна гэсэн үг. Балетмейстер маань гуравдугаар үзэгдлээ тавьж дуусаад, дөрөвдүгээр үзэгдэлдээ орж байна. Маш амжилттай явж байна. Санхүүжилт дээр миний найз “Монзол” группийн ерөнхийлөгч Ч.Чинбат тусалж байна. Одоогоор санхүүжилтийнхээ 70-80 хувийг авчихсан байгаа.
-Тэгэхээр “Дангина” балет хөшгөө нээх тун ойртжээ дээ?
-Төлөвлөгөө ёсоор бол дөрөвдүгээр сарын 22,23-нд тавина гэж байсан юм. Гэтэл дундуур нь “Макбет” дуурийг гадаадын удирдаачтай тавихаар болж, хугацаа нь хойш шахагдаад зургадугаар сарын 3,4-нд нээлтээ хийхээр болсон. Балетын хөгжим, оркестр, ноот бүх юм нь бэлэн болсон. Оркестр сургуулилалтдаа орж эхлэх гэж байна. Дөрөвдүгээр сард театр нэлээд ачаалалтай байх юм билээ. Дундуур нь ганц нэг сургуулилалт хийж байгаад тавдугаар сарын сүүлээр нэлээд эрчимтэй бэлтгэлдээ орох байх. Балетаа чадвал энэ ондоо хэд хэд тоглуулчих санаатай байна. Манай балетыг ОХУ-ын Буриадын театрынхан маш их сонирхож байгаа. Нээлтийг нь ирж үзье, уриарай гэсэн. Би тэднийг урина. Мөн БНСУ-ын модерн балетын хэсэг хүмүүс их сонирхож байна. Үндэсний маань балет ингээд гадагшаа хилийн чанадад гараад, тоглогдоод ирвэл сайхан шүү дээ. Өнөөдөр Монголын балетуудаас гадагшаа явж, гадаадын театруудад өөрсдийнхөө бүрэлдэхүүнээр тоглох нэг хэрэг. Гадаадын жүжигчид тоглож, гаднын театрын тайзнаа тавигдана гэдэг ондоо. “Дангина” балет маань гадаадын гурав, дөрвөн оронд тавигдчих юм бол Монголын балетын нэг сайхан бүтээл дэлхийн улс түмний, ялангуяа Азийн ард түмний мэлмий, сонорыг мялаах юм даа гэсэн горьдлого байна.
-“Дангина” балетын хөгжмийн тухай сонгодог балетын уламжлалт хөгжмийн илэрхийллийг дуурьслын шинэ хэлбэрээр баяжуулсан гэж судлаачид үнэлсэн байна лээ?
-Энэ ийм учиртай. Гадаадын балетыг судлаад үзэхээр заавал өөрийнхөө үндэсний урлаг, ардын дуунаасаа балетын хөгжим дотроо уламжилж оруулсан байдаг. Ийм үндсэрхэг үзэл гэх үү, эсвэл үндэсний гэх тавил байдаг юм билээ. Би энэ жишгээр балетын хөгжим дотроо үндэсний онцлог шингэсэн ардын дуу, хөгжмөөс, бас өөрийн бүтээлээсээ ашигласан. “Дангина” киноны Дангина хатны дууны аялгуу энэ балетын үндсэн хөгжим. “Дангина” дуугаа хөгжүүлчихэж байгаа гэсэн үг. Вариаци дээр, адажио дээр яаж хөгжүүлэх юм. Бүр сүүлд нь па-де-де дээр таван хэсэг хөгжим нийлээд явахаар үүний аль хэсэг дээр “Дангина” дуунаасаа шигтгэх вэ гэх мэтээр бодсон. Хоёрдугаар үзэгдэл дээр “Мойлхон” киноны хөгжмөөс орж ирж байгаа. Б.Шарав ах /Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн/ “Мойлхон” киноны хөгжмийн оркестровкийг хийж байхдаа энэ киноны Дугарын дууг “Энэ чинь ерөөсөө хатарын хөгжим болсон байна шүү дээ, чи их муу нохой юм. Өөрөө үүнийгээ анзаарч байна уу. Яг ийм буриад импровизацтай аяыг би одоо хүртэл олж чадахгүй байгаа шүү дээ” гэж байсан. Би үүнд нь их урамшиж, баярлаж байлаа. Тэгээд Б.Шарав ах “Ерөөсөө чамаас одоо хийх юм юу ч байхгүй. Чи киноныхоо хөгжмийг биччихсэн байна. Ах нь оркестровкийг нь хийгээд өгье” гээд л. Тийм сайхан хүн байсан. “Мойлхон”-ы Сэндэмийн дууг сонсчихоод энэ их гоё болж гээд л. Ер нь аливаа аялгуу том зохиолд үнэ цэнтэй болж орж ирэхээрээ тэр нь цаашаа маш олон хөгжим болж “үржих” боломжтой болдог. “Дангина”-гийн аялгуу яг тийм маягаар явсан. Дээр нь буриад, барга ардын дуунаас балетдаа жаахан жаахан шигтгэж оруулсан. Орох ч ёстой. Жишээ нь би барга ардын “Үхэрт хүйтэн” дуунаас сэдэвлэн 2011 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы жүжигчидтэй хамтарч кино хийсэн. Энэ дуу анх яаж дуулагдаж байсан, дараа нь яаж өөрчлөгдөж, хөгжиж ирсэн гэдгийг судалж байсан. Хайр сэтгэлийн эмгэнэлтэй түүх, домог агуулсан дуу л даа. Тиймээс энэ дууны аялгууг балетдаа шигтгэж оруулсан.
-ДБЭТ-ын тайзнаа 12 жилийн дараа шинэ балет тавигдах гэж байгаа нь сонгодог урлагийн ертөнцийн нэг том үйл явдал гэж бодож байна. Үндэсний балет цөөн байгаагийн учир юунд байна вэ?
-Ойрын үед үндэсний бүрэн хэмжээний балет тавигдаагүй байгаа. Нэг зүйл хэлэхэд балет, бүжгэн жүжиг хоёроо ялгаж салгах цаг болсон. Манай Монголд үндэсний бүжгэн жүжиг, сонгодог дуурь үүсэж, хөгжөөд 60 жил болж байна. Дуурийн театр маань байгуулагдаад 60 жил болжээ. Балет гэдэг үг өөрөө орчуулагддаггүй. Европт ч, Азид ч балет гэдэг нэрээрээ л явдаг. Балетын тавил нь бүжгэн жүжгээс өөр юм аа. “Нарны домог” гэх мэт чуулгад тавьж байгаа бүжгэн жүжгүүд бол үндэснийхээ бүжгийн аргачлалаар тавигдаж байгаа, том хэмжээний бүтээлүүд. Харин балет гэдэг өөрийн гэсэн дугаар, номертой, өөрийн гэсэн адажио, вариаци, па-де-де гээд сонгодог хэсгүүдтэй. Энэ бүхэн нь өөрсдөдөө таарсан тавилын хугацаатай, секундтэй, тэрэндээ таарсан хөгжимтэй байдаг. Тавил гэхэд бүжигчид хөлийнхөө эрхий хуруун дээр яаж гоё явдаг билээ дээ. Үндэсний бүжгэн жүжиг бол тэгж явахгүй. Ийм ийм ялгаа байдаг. 1985 онд балетмейстер Б.Жамъяндагва гуай эд нар балетыг бүжгэн жүжиг гэж орчуулсан юм билээ. Үүнийг бид халах цаг нь болсон. Ямар ч байсан дэлхий нийтээр хэлэлцэж байгаа нэр томьёог хэрэглэж балетаар нь нэрлэж явах ёстой юм байна гэж бодож байгаа. Балет тавина гэдэг үнэндээ том хөдөлмөр байдаг юм байна. Мэргэжлийн том хөгжмийн зохиолчид маань яагаад балет руу орохгүй байгаа юм гэдгийг би нэг их ухаж хөөцөлдөж, ойлгох гэж хичээсэнгүй. Уулаасаа эд нар маань анзаарч, ажиглаж л явдаг байх. Би Монголынхоо шинэ залуу хөгжмийн зохиолчдыг үндэсний сонгодог балет, үндэсний сонгодог дуурийн хөгжим бичээч гэж уриалмаар байгаа юм. Энэ бол маш том бүтээл. Ялангуяа балетын онцлог нь дуурь шиг үг хэллэг гэж байдаггүй болохоор зөвхөн хөгжим, бүжгийн хөдөлгөөн хоёроор бүх хэллэг, агуулга нь илэрхийлэгдээд явчихдаг. Үүнийг манай залуус их сонирхох байх гэж бодож байна. Хоёрдугаарт, манай үндэстний туулж ирсэн түүх, домог яриа, сайхан зохиолуудыг үндэсний сонгодог болгож хөгжүүлэхэд балет, дуурь хамгийн чухал. Дуурь гэхэд хамгийн сүүлд Б.Шарав ахын бичсэн “Чингис хаан” дууриас хойш өөр олигтой томоохон дуурь сонсоогүй л байна. Бид юм болгон дээр хойч үеэ, ирээдүйгээ бодож, тэдэндээ өвлүүлж үлдээх бодлогыг барьж л бүтээлээ туурвих нь чухал юм болов уу.
Г.СОНИНБАЯР
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24542/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна