Д.Тайванжаргал: Уран зураг бол хүний оюун санаанаас зүрхээр дамжин гарах илэрхийлэл юм


Улирлын араншин илэрсэн өнгөрсөн өдрүүдэд дулаан уур амьсгалыг мэдрүүлсэн зураачийн урланд саатлаа. Нутаг нутгийн хайрхнууд налайн дүнхийж, адуу мал нь тааваараа бэлчих дүрслэл зун цагийг санагдуулах ажээ. Энэхэн зуур өнөөдрийн ярилцлагын зочин зураач Д.Тайванжаргал будаг нь хатаж амжаагүй зургаа танилцуулав. Усан дээр сүү дусаах адил цагаан өнгийг шигтгэсэн нь нүдэнд туслаа. Нам гүн дундаас цуурайтах аялгуу мэт далд хийгээд гүн гүнзгий сэтгэгдлийг тодоор дүрслэн үлдээжээ.          

 

-Зургаа бүрэн дуусгаагүй байхад нь түр саатуулчихав уу даа?

-Таныг ирнэ гэдгийг мэдэж байсан болохоор өөртөө чөлөө өгөөд сууж байна. Ярилцлагаа эхлэх үү?

-Тэгье. Та зургууддаа голдуу хангай газрыг дүрсэлжээ. Өөрөө баруун аймгийн хүн үү?

-Би Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Гэхдээ энэ нь бүтээлдээ хангай нутгийг тод томруунаар дүрслэн харуулдаг гэсэн үг биш. Урланд байгаа эдгээр зураг л яг тийм дүрслэлтэй байж таарлаа.

-Уран зураг шиг байгальтай газар орон таны зураач болох сэдлийг төрүүлсэн үү. Эсвэл  төрөлхийн өгөгдлөөрөө тодрон гарав уу?

 -Намайг хоёрдугаар ангид байхад тохиолдсон үйл явдал гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Нэг удаа ээжтэйгээ хамт явж байхад Тэрхийн цагаан нуурын баруун талд Баясгалант хайрхан руу хараад этюд хийгээд сууж байгаа хоёр зураачтай таарсан. Хүүхэд юм хойно гэнэн томоогүй. Ээжийгээ шаналгасаар байгаад тэдний бүтээлийг сонирхон үзэж билээ. Тэдгээр зураач бол Архангай аймгийн төвийн Урчуудын эвлэлийн хорооны гишүүд. Намайг сонирхон гүйгээд очиход өөрсдийгөө танилцуулаад зураг зурах дуртай эсэхийг тодруулан асуусныг санаж байна.

-Таны ой тойнд нэлээд тод үлджээ?

-Тэгэлгүй яах вэ. Тэдгээр зураачийн нэрийг ч санаж байна. Цэгмэд, Батбаяр гэж залуухан зураач нарын өөрсдийгөө танилцуулж байсныг мартдаггүй. Яагаад гэвэл, тэр үеэс л би зураач болно гэж бодсон. Би гуравдугаар ангиа төгсөөд аймгийн төв дээр ирсэн. Нөгөө хоёр зураач маань ч аймгийн төвд байсан. Ингэж би хүүхэд ахуйгаасаа аймгийн төвийн Урчуудын эвлэлийн салбарт очдог болсон. Зураач ах, эгч нарын зурсан зургууд ханаар нь өрөөстэй. Гоё гоё үзэсгэлэнгүүд гаргана. Хамгийн түрүүнд шахуу гүйж очоод үздэг дүрслэх урлагт дуртай хүүхэд байсан юм.

-Зураач нарыг хараад дуурайж зураг зурдаг байв уу?

-Хүүхэд байхдаа завсар зайгаар нь зураг зурна. Одоогийнх шиг юм бүхэн бэлэн байсан биш. Гарын дүйтэй хүн юм юманд л оролцдог байлаа. Хүүхэд байхад төмөр самбар дээр плакат зурна. Зураач ах нар улаан даавуун дээр цавуутай шохойгоор лоозон бичүүлдэг байсан. Зураг зурах дуртай учраас ер нь л хойш суухгүй шүү. Дунд сургуульд байхад аймгийн намын хорооны урд талын цардмал зам дээр хүүхдийн зургийн уралдаан зохион байгуулахад нь идэвхтэй оролцдог сурагчдын нэг нь би. Болоогүй ээ, улсаас хүүхдийн зургийн уралдаан зарлахад нь оролцож түрүүлээд шагнуулж байсан нь надад их урам өгсөн.

-Энэ үед ямар мэргэжил эзэмшихээ тодорхойлчихсон байсан байх. Гэхдээ хүссэн мэргэжлээрээ хуваарь авна гэдэг амаргүй даваа болов уу?

-Тухайн үед Дүрслэх урлагийн дээд сургуулийн хоёр хуваарь манай аймагт ирсэн. Нийтдээ 350-аад хүүхэд хоёр хуваарийн төлөө өрсөлдсөнөөс шалгарч хот руу явж сурахаар болсон. Улаанбаатарт ирээд мэргэжлийн багш нараар хичээл заалгаж, онолын түвшинд судалж эхэлснээ хувь тохиол гэж боддог. Б.Төмөрбаатар багшийнхаа шавь нь болж монументаль чиглэлийг сонгон суралцсан. Абстракт, авангард чиглэл рүү түлхүү судалж сургуулиа төгссөн. Багш маань Оросоос төгсөж ирээд удаагүй. Манай анги багшийн гурав дахь элсэлт нь байж таарсан. Тухайн үед улс орон нийгмийн амьдрал ороо бусгаа байсан үе. Мэргэжлээрээ хоолоо олж иднэ гэдэг хүнд даалгавар биднийг хүлээж байлаа.

Суврага хайрханы намар 70х100 зотон, тос 2021

-Мэргэжлээрээ ажиллах амаргүй байсан байх. Та ажлын гараагаа хаанаас эхлүүлж байв даа?

-Дүрслэх урлагийн дээд сургуулиа 1994 төгсчихөөд Архангайн гуравдугаар арван жилийн зургийн багш болсон. Нэг жил шахуу ажилласан байх шүү. Хүүхэд байхдаа өөрөө яаж уран зурагт дурласнаа санаад тэр мэдрэмжээрээ сурагчдад хичээл заая гэж бодсон. Их ч сонирхолтой байлаа. Хотод юу сурснаа сургуулийн хүүхдийн түвшинд тохируулан сургалтын хөтөлбөрөө бэлтгээд хичээл заасан юм. Гэхдээ нэг их удалгүй, жилийн дараа Улаанбаатар хотод эргэж ирсэн.

-Тухайн үеийн нийгэм ороо бусгаа байсан талаар та хэлсэн. Мэргэжлийн урлагийнхан ч амаргүй цагийг даван туулсан. Зарим урлагаа орхиж ганзагын наймаачин болсон гэдэг?

-Санал зөрчилдсөн, бодол агшаасан зүйлс тулгарч байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ даваад л гарсан. Улаанбаатарт ирээд жилийн дараа Эрхүү хотод зохион байгуулах үзэсгэлэнд оролцох гурван зураачийн нэг нь би болсон. Товчоор бол, өөрийгөө илэрхийлэх боломж надад олдсон юм. Дараа нь хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан.

Битүүний үдэш 100х150 зотон тос, 2019

-Уналт, сэргэлт хосолсон он жилүүд байсан гэж ойлголоо. Гэхдээ ямар ч нөхцөлд олж харж чадвал боломж байдаг гэдэг дээ?

 -Магадгүй л юм. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Улаанбаатарын хамгийн анхны хувийн сургууль болох “Ойн булаг”-т зургийн багшаар хоёр жил  ажилласан. Үүний дараа л чөлөөт уран бүтээлч болохоор шийдсэн. Тухайн үед ямар ч зүйл хялбар байгаагүй. Эрсдэлтэй гэдгийг ч мэдэж байсан. Гэхдээ л эргэлт буцалтгүйгээр чөлөөт уран бүтээлч болно гэж дотроо бодсон. Түүнээс хойш хувийн уран бүтээлдээ анхаарал хандуулсаар өнөөдөртэй золгожээ. Өнгөрсөн хугацаанд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцож, туршлага ч хуримтлууллаа. Одоо бол Өвөрмонголд байдаг “Монголын сайхан” галерейн хамт олонтой  хамтран ажиллаж байна.

Отгонтэнгэр хайрхан 70х170 зотон,тос 2021

-Багшлах хугацаандаа таныг илтгэх хэв маягаа олчихсон байв уу?

-Зураач болгон өөрийн гэсэн онцлогтой. Сургуулиа төгсөөд чимэглэх уран зургийн чиглэлээр явж байгаад зурах аргаа өөрчилж үзсэн. Бидэн дунд хөдөө өсөөгүй хүн ховор. Хот, хөдөөг хослуулсан байдал надад нөлөөлсөн. Хүмүүсийн захиалж зуруулдаг зургууд нутаг усны холбогдолтой. Байгалийн зураг зурахын тулд судалгаа хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Ингэж өөрийн төрөл жанрыг олж авсан. 

-Урландаа бол та эрх дураараа хүн юм. Харин бусад цагт нэг их нээлттэй хүн биш бололтой?

-Би бүрэг талдаа хүн. Урландаа сонсох дуртай дуугаа тавьчихаад ажлаа хийх нь миний хувьд жаргал. Энэ мэдрэмжээс өөрийгөө олж авдаг. Уран зураг бол хүний оюун санаанаас зүрхээр дамжин гарах илэрхийлэл юм. Үүнийг л би урлаг гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, би уран зургийг зүрх, сэтгэлээс гарч байгаа урлаг гэж тодорхойлно. 

Тайгын өглөө 70х100 зотон,тос 2021

-Таныг илтгэх уран бүтээлээ нэрлээч?

-Ерөнхийдөө би нутаг усны зургийг зурахдаа багагүй хугацаанд судалдаг. Орон нутгаар явна, харна. Энд тэнд очоод  судалбар ажил хийнэ. Тэдгээрээс Өмнөговь аймгийн Ёлын амны зургийг миний нэрийн хуудас болсон бүтээл гэж хэлнэ. Ингэж хэллээ гээд сэтгэл ханачихсан гэсэн үг биш. Цаашид өөрийгөө улам хөгжүүлэх, илүү олон зүйлийг үзэж харахаар зорьж байгаа. Мөн гадаадад төлөөлөгчтэй болох зорилготойгоор ажлын хүрээллээ тодорхойлоод явж байна.

-Та гаргасан үзэсгэлэнгүүдийнхээ талаар дорвитой ярьсангүй. Үзэсгэлэн гаргах нь зураачийн хувьд тайлангаа танилцуулсантай ялгаагүй гэж би боддог?

-Би Эрхүү хотод  гаргасан “Цэнхэр хангайн нутаг” үзэсгэлэнд оролцож байсан. Голдуу Буриад зон олонтой учраас монгол тал нутгийн байгалийн үзэмжийг ихээхэн сонирхдог шиг санагдсан. Өвөрмонголын Хянган аймаг, Улаан хад хотод бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Мөн Алшаа аймаг, Хөх хотын соёлын үзэсгэлэнд байнга оролцдог.

-Таны амьдрал яг аялал шиг юм аа?

-Ер нь зургаа зурахын тулд олон газраар явдаг. Удахгүй шинэ төсөл эхлүүлж  магадгүй. “Монголын сайхан” галерейг ажиллуулдаг хүн надад “Өвөрмонголын нутгаар явъя, судалбар хийе” гэдэг санал тавьсан. Түүний хэлж байгаагаар энэ төслийн төгсгөлд үзэсгэлэн гаргана гэсэн. Үүнийг ажил хэрэг болгохоор ирэх намар Өвөрмонгол руу явна.

Их Богдын өглөө 70х120 зотон,тос 2021

-Та бүтээлдээ адууг олон янзаар дүрсэлжээ. Энэ таны онцлог уу?

-Би морь мал зурах дуртай. Хүүхэд насны дурсамж хөдөөний аж байдалтай салшгүй холбоотой. Манай аав, ээжийн эцэг эх малчин хүмүүс. Зургаан настайгаасаа дүүтэйгээ хамт өвөл, зуны амралтаар өвөө, эмээгийндээ очиж малын бэлчээрт өссөн. Зун бол хоёр бор хүүхэд хөдөөгөөр хонь мал хариулж яваад ирдэг. Өвөл нь сайхан үстэй дээл өмсгөчихсөн хоёр нөхөр малын хашаанаас холддоггүй байлаа. Энэ байдал нь морь малын зураг зурах сэдлийг төрүүлсэн юм болов уу.

-Архангай аймгийн 100 жил энэ онд тохиож байна. Энэ нутгаас төрсөн зураач нар хамтарсан үзэсгэлэн гаргана гэсэн. Та бүтээлээрээ оролцох уу?

-Тэгнэ. Энэ жил Архангай аймгийн 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд гаргах аймгийн зураачдын хамтарсан үзэсгэлэнд би оролцоно. Мөн Өндөр-Улаан сумын 100 жилийн ой давхар тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан  уран бүтээлийн үзэсгэлэн гаргах санал ирсний дагуу зургуудаа зурж байна.

-Ярилцсанд баярлалаа.    

Б.СЭЛЭНГЭ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24542/


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.78.158
2023/03/27
0
0
Ангийн найздаа уран бүтээлийн их амжилт хүсьe
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22