Европын холбоо, АНУ-ын худалдааны дээд хэмжээний уулзалт Шведийн Лулеа хотод боллоо. Энэ хотод Европын ган үйлдвэрлэлийн төв, АНУ-ын технологийн аварга “Мета” компанийн мэдээллийн серверүүд байрладаг. Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед эхэлсэн чөлөөт худалдааны “Transatlantic Trade and Investment Partnership” хэлэлцээрт АНУ болон Европын холбооны арилжааны ашиг сонирхол тэргүүлэх байр суурь эзэлдэг. Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед тарифын солиорлоос үүдэж Чөлөөт худалдааны хэлэлцээр зогсож, маргааныг шийдвэрлэх улс төрийн зориг мохсон. Трампын засаг захиргаа ган, хөнгөн цагааны импортын гаалийн татварыг нэмсний дараа хоёр тал тарифын эсрэг тэмцэлд орсноор худалдааны харилцаа хамгийн доод цэгтээ хүрчээ.
Европын удирдагчид АНУ-тай эдийн засгийн интеграцчлалыг улам ойртуулж, түгшүүр төрүүлж буй үндэстний хөдөлгөөнөөс үүдэлтэй улс төрийн хүчтэй дарамтаас болж хэлэлцээрийг зогсоосон юм. Тухайн үед Цагаан ордон Европын автомашин импортын татварыг нэмнэ хэмээн сүрдүүлж байсан ч талууд тарифыг бууруулахаар тохиролцсон. Шинжээчид АНУ хэд хэдэн фронтод худалдааны дайн зэрэг хийхэд бэрх учир аль нэгэнд нь тусгайлан буулт хийсэн гэж энэ байдлыг дүгнэдэг. Ерөнхийлөгч асан Трамп ган, хөнгөн цагаанаас гадна БНХАУ-аас нийлүүлдэг 100 гаруй нэр төрлийн бараанд 25 хувийн татвар ногдуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан.Ингэснээр дэлхийн ДНБ-ий бараг 40 хувийг үйлдвэрлэдэг, хамгийн том эдийн засагтай хоёр орны хооронд жинхэнэ ёсоор “худалдааны дайн” дэгдсэн билээ. Түүнчлэн Канад, Мексик гэсэн хөрш орнуудынхаа нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд АНУ татвар ногдуулсан удаатай. Европын орнууд ган, хөнгөн цагаанд ногдуулсан татвараа хүчингүй болговол хэлэлцээр хийх болзлыг Вашингтонд тавьж байсан. Харин АНУ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тавьсан хатуу шаардлагаа сулруулахыг европчуудаас шаарддаг.
Энэ мэтчилэн харилцан болзол шаардсан хэлэлцээрт ахиц гарч энэ удаад цаг уур, өндөр технологи, 6G зэрэг цаг үеийн сэдэв худалдаатай нягт уялдаатай болсныг онцолжээ.
Европын холбооны Худалдаа, технологийн зөвлөл нь 27 гишүүн орны худалдааг нэмэгдүүлэхэд чиглэсэн өмнөх хүчин чармайлтаасаа илүү гадаад руу хандсан бодлого баримталж байна. Ингэхдээ ирээдүйн эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой технологи, үйлдвэрлэлийн стандарт, зохицуулалтын талаар хэрхэн хамтран ажиллахаа ярилцжээ. Ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа Д.Трампын үеийн хоригийг зөөллөж, АНУ импортын нэмэлт татваруудаа сулласан нь Европын холбоонд худалдааны бодлогын том ялалт болсон юм. Байдены засаг захиргаа уламжлалт тарифын хэлэлцээрээс илүү ажилчин төвтэй худалдааны бодлогыг баримталж байна.
Өнгөрсөн үеийн худалдааны загварыг дэлхийн шинэ дэг журам, даяаршилтай хэрхэн нийцүүлэх нь Атлантын далайг дамнасан бодлого боловсруулагчдын тулгамдсан сэдэв. Арав хүрэхгүй жилийн өмнө хоёр тал огт өөр стратеги баримталдаг байсан. Худалдааны түншүүдээ АНУ-ын технологийн компаниудад нийцэх дижитал зохицуулалтыг нэвтрүүлэх, Европын зах зээлээ америк хөрөнгө оруулагчдад нээхийг шаардсангүй. Харин АНУ-ын ажиллах хүчний өрсөлдөөний талбарыг тэгшитгэхийн тулд гадаадын мэргэжилтнүүд, байгаль орчны стандартыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарчээ. Үүний зэрэгцээ худалдааны шинэ дүрмийг тогтоох төв байх ёстой Дэлхийн худалдааны байгууллага нөлөөгөө алдсаныг энэ удаагийн хэлэлцээр харууллаа.
Европын холбооноос Вашингтонд Элчин сайд байсан Хюго Паемен “БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд олон улс талархан хүлээн авсан. Энэ үйл явдал Хятад улсыг өөрчилнө гэж бодож байсан ч Бээжин тус байгууллагыг тодорхой цэг хүртэл өөрчиллөө. Конгресс зориудаар гадаадад үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл, батерей, ашигт малтмалыг чөлөөт худалдааны түншийнх биш бол оруулахгүй байх хуулийг боловсруулсан” гэжээ.
АНУ-ын улс төрийн намууд гадаад бодлогын чиг хандлагын талаар маргаан өрнүүлж байна. Ардчилсан намынхан болон Бүгд найрамдахчууд уур амьсгалын өөрчлөлт, Украины дайн, АНУ-ын холбоотнуудтайгаа харилцах харилцаа зэрэг чухал сэдвээр санал нийлдэггүй. Европын холбооны гишүүн орнуудын хувьд АНУ гадаад аюулгүй байдлын бодлогынх нь гол хэсэг байсаар ирсэн. Тиймээс ч 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг анхааралтай ажиглаж байна. Бүгд найрамдах болон Ардчилсан намын гадаад худалдаа, стратегийн аж үйлдвэрийн бодлого, хилийн чанад дахь хөндлөнгийн оролцоо нь нийтлэг байдаг. Харин эрчим хүч, уур амьсгал, холбоотнуудын ашиг сонирхол, олон улсын институцэд хандах хандлагын хувьд хоёр намын гадаад бодлого эрс ялгаатай. Тиймээс Цагаан ордны удирдлага солигдох нь бодлогод гүнзгий өөрчлөлт оруулна. Европчуудыг АНУ-ын гадаад бодлогын мэтгэлцээнд нухацтай хандаж, бэлтгэлтэй байхыг сануулж байна. Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхныг Америкийн эдийн засгийн неолиберал үзэл баримтлал нэгтгэдэг. Европын холбооны эдийн засгийн болон улс төр, дипломатын хүчин чадал, дотоод интеграцын хөгжил, нарийн төлөвлөсөн хөгжлийн төлөвлөгөө зэргийг харвал энэ цаг үед бүрэлдэж буй олон туйлт харилцааны орчинд нэгэн шинэ хүндийн төв, геополитикийн үндсэн тоглогчдын нэг болох төлөв ажиглагдаж байна. Европын холбоо цаашид Холбооны системтэй Нэгдсэн улсын хэв шинж рүү алхам алхмаар дөхөж буйг батлан гаргаж буй үзэл баримтлал, баримт бичиг, бодлогын чиглэл, стратеги, шийдвэрүүд зэргээс нь анзаарч болно.
Олон улсын тавцанд энэ форматаар нэгдсэн Европын тоглолт хийхээ Брюсселийн эрх баригчид зарлаж байна. Дэлхийн тавцанд Европын холбоо бие даасан том хүч болж гарч ирэх нь АНУ-д ч ашигтай хувилбар болно. Олон туйлт харилцааны орчинд глобал асуудлуудад АНУ дангаараа оройлоход хүч тарамдаж буй энэ үед Европын холбоо нь АНУ-ын стратегийн ашиг сонирхолд нийцэх юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна