Б.Чинбат: Монгол Улсын үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд бүсчилсэн бодлого чухал үүрэгтэй

unen
17 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас энэ оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд Ерөнхий сайдын санаачилгаар улсын хэмжээнд “Бүсчилсэн хөгжлийн форум-2024”-ийг ирэх сарын 1, 2-нд зохион байгуулахаар төлөвлөж буй. Энэхүү форумын өмнө бүс тус бүрээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулж, бүсийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, нөөц боломж, давуу тал зэргээ тодорхойлон зөвлөлдөж байна. Энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх хөгжлийн бүсүүдийн урьдчилсан хэлэлцүүлэг баруун бүсийнхээр эхэллээ. Энэ үеэр МУИС-ийн профессор Б.Чинбаттай ярилцлаа. 

-Юуны түрүүнд уншигчдад бүсчилсэн хөгжил, бүс нутгийн бодлого гэдгийг хэрхэн тодорхойлж буй талаарх тайлбар, мэдээллийг өгөх нь зүйтэй болов уу? 
-Бодлогын талаас нь яривал, бүсчилсэн хөгжил гэдэг нь төр, засгаас эдийн засгийг чиглүүлэх, зохицуулах арга хэмжээний нэг хэсэг, нэг бүрдэл гэж хэлж болно. Чөлөөт болон төрийн зохицуулалттай эдийн засаг гэж ярьдаг шүү дээ. Аливаа улс орны төр, засаг бол эдийн засгийнхаа хөгжилд оролцох, чиглүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ гүйцэтгэж байгааг нь төрийн зохицуулалттай гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр бүсчилсэн хөгжил гэдэг бол төрийн зохицуулалтыг хийх, хэрэгжүүлэх нэг арга хэрэгсэл. Тухайн улс орны аль бүсийг ямар чиглэл, төрөлжилтөөр хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудалд төр, засаг анхаарал хандуулах нь байна. Аль бүс нутгаа түрүүлж хөгжүүлэх вэ, аль бүс нутагт татаас дэмжлэг үзүүлэх вэ, аль бүс нутгийг ямар чиглэлээр хөгжүүлэх вэ гэдэг нь төрийн бодлогын хэмжээнд яригдах ёстой. Манай улс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай шүү дээ. Ер нь аль ч улс орон нутаг дэвсгэрийнхээ онцлогийг маш нарийн харгалзаж үзэн бүсчлэл бий болгодог. Бүс нутгийн бодлого гэдэг бол аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистик, боловсрол, эрүүл мэнд, соёл гэх мэт салбар бүрийн бодлогуудыг тухайн нутаг дэвсгэр дээр хооронд нь уялдуулж, зангидах явдал юм. 


-Жишээлбэл, салбар бүрийн бодлогуудыг хэрхэн уялдуулж зангидах вэ? 
-Жишээлбэл, эдийн засгийн зорилт байгаль хамгаалах зорилттой эсрэгцэх асуудал бий. Эдийн засгаа хөгжүүлэх гээд уул уурхайдаа анхаарч, байгаль орчноо сүйтгэдэг байж болохгүй. Тиймээс аль ч бүс нутаг эдийн засгийнхаа зорилго зорилтоо байгаль хамгаалах зорилттойгоо уялдуулах хэрэгтэй болж байгаа юм. Энэ мэтчилэн салбарын бодлогуудыг хооронд нь маш нарийн зангидаж, тухайн нутаг орны хөгжлийг тогтвортой явуулахад чиглүүлсэн бодлого бол бүсчилсэн хөгжлийн бодлого гэдгийг дахин тодотгон хэлье.

 
-Манай улсын урт хугацааны бодлого буюу “Алсын хараа-2050”-тай энэхүү бүсчилсэн хөгжил, бүс нутгийн бодлого ямар байдлаар хэрхэн холбогдож байна вэ? 
-Ер нь аливаа улс орон хөгжихийн тулд өнөөдөр ямар түвшинд хүрэв, цаашид хаана хүрэх вэ гэдгээ тодорхойлсон байх ёстой. Одоогоор Монгол Улс эрдэс түүхий эд, мал аж ахуйн түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэл экспортын бүтцэд голлон зонхилсон харагдаж байна. Үүн дээр худалдаа, санхүү, мөнгө хүүлэлтийн тогтолцоо нэмэгдэнэ. Эдгээр нь нийгмийн нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь өндөр байгаа юм. Ардын хувьсгалын өмнө ч ийм л байсан. Одоо ч ийм л байна. Гэхдээ өөрчлөлт, шинэчлэлт гарч байгааг үгүйсгэхгүй.  Үүнээс харахад нэгдүгээрт, эдийн засгийн нөхцөл байдал ийм түвшинд байна. Хоёрдугаарт, байгаль орчин бидний нүдэн дээр доройтож байна. Гуравдугаарт, ардчилсан нийгмийн үндэс суурь тавигдчихсан атал баян, хоосны ялгаа, нийгмийн талцал гүнзгийрсэн. Энэ бол бидний хүрсэн өнөөдрийн түвшин.  Тэгвэл цаашид хаа хүрэх вэ. Ямар түвшинд очих вэ. Энэ асуудал одоо хамгийн чухал. Монгол Улс онгон дагшин байгаль, өргөн уудам нутагтайгаараа давуу талтай.  Тэгэхээр энэ онгон дагшин байгалиа хэвээр нь хадгалж, хойч ирээдүйдээ өвлүүлэн үлдээх нь Монгол Улсын үндэсний тэргүүн зэргийн асуудал, зорилго байх ёстой.  Дараагийнх нь, том, даацтай гэхээсээ илүү байгальд ээлтэй, өөрийгөө тэтгэх ногоон эдийн засгийг бүрдүүлэх явдал юм.  Үүнийг хийж хэрэгжүүлэхгүй бол бид цаашаа хол явахгүй. Харин нийгмийн салбарт, иргэд нь чинээлэг амьдралтай, хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулах ёстой. Ийм гурван чухал асуудлыг хооронд нь уялдаа холбоотойгоор алсын хараа болгож, баримжаалах ёстой. Онгон дагшин байгалиа хадгалсан, өөрийгөө тэтгэх, ногоон эдийн засагтай, чинээлэг амьдралтай ард иргэд бүхий хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах гэдэг энэ асуудал бол Монгол Улсын үндсэн зорилт, урт хугацааны хөгжлийн философи байх ёстой. Үүнийг хийж, хэрэгжүүлэхэд бүсчилсэн хөгжил, бодлого чухал үүрэгтэй. 


-Таны сая хэлсэн онгон дагшин байгалиа хадгалсан, өөрийгөө тэтгэх, ногоон эдийн засагтай, чинээлэг амьдралтай ард иргэд бүхий хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах зорилтод бүсчилсэн хөгжил ямар үүрэгтэй байх вэ? 
-Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгаль газарзүйн маш олон бүс бүслүүрээс бүрэлдэн тогтдог, мөн үүн дээр түүх соёл, улс төр, геополитик, үйлдвэрлэл аж ахуйн, нутаг дэвсгэрийн гээд ялгаа их. Тиймээс бид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүс нутгуудад хувааж, тэр бүс нутаг бүрийнхээ онцлогт тохирсон бодлого, төлөвлөлтийг хийж хэрэгжүүлэх ёстой. “Алсын хараа”-д тусгагдсан үндсэн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бүс нутаг болгон ямар үүрэгтэй оролцох вэ гэдэг асуудал яригдана. Би “Алсын хараа”-г боловсруулах явцад бүсчилсэн хөгжлийн асуудалд нь оролцсон юм. Тухайн үед буюу 2019 онд баруун, хойд, өмнөд, зүүн, нийслэл гэсэн таван нутаг гэж бүсчлэх хувилбарыг дэвшүүлсэн. Харин тэр үед Завхан, Говь-Алтай аймаг баруун бүсэд биш наашаа татагдах хүсэлтэй буйгаа тухайн аймаг, орон нутгийн удирдлага, ард иргэд тавьж байсан. Үүнийг харгалзан үзэж зургаан бүсэд хуваасан.


-Монгол Улсыг зургаан бүсэд хуваасан шалтгаан, үндэслэл нь юу байсан бэ? 
-Нийслэл дэх хүн амын хэт төвлөрөл, түгжрэл, агаар, хөрсний бохирдол, нийгмийн үйлчилгээний хүртээмж, орон нутаг дахь ажиллах хүчний хомстол, эдийн засгийн төрөлжилт зэрэг харилцан адилгүй байдлыг тэнцвэржүүлэхийн тулд Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх нь  зүйтэй гэж үзэн газар нутгийн байршил болон бусад хүчин зүйлсийг харгалзан хөгжлийн зургаан бүсэд хуваасан. Тухайлбал, баруун бүс Баян-Өлгий, Увс, Ховд аймаг, хойд бүс Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймаг, зүүн бүс Дорнод, Сүхбаатар, Хэнтий, төвийн бүс Дархан-Уул, Төв аймаг болон нийслэл Улаанбатар хот багтаж байгаа юм. Зүүн өмнөд бүс нь Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, баруун өмнөд бүс нь Архангай, Баянхонгор, Өвөрхангай юм. Ийм зургаан бүсийн санал гаргасан. Эдгээр зургаан бүс тус бүрдээ онцлогтой. Тухайлбал, байгаль газар зүй, нийгэм, эдийн засаг болон хүн амын потенциал, түүх, соёл уламжлал, улс төр геололитик, үйлдвэрлэл төрөлжилтийн гэх мэт олон талын ялгаатай. Гэхдээ бид аль ч бүс дээр түрүүн хэлсэн гурван зарчмаа л баримтлах ёстой. Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Увс нуурын сав газарт үйлдвэржилт хөгжүүлж, хүүхдийн зулай мэт эмзэг байгаль орчныг сүйтгэж болохгүй шүү дээ. Монгол Улсын нутаг дэвсгэр гурван ай савд хуваагддаг бөгөөд цэнгэг усны нөөцийн 50 гаруй хувь нь хойд бүсэд байрладаг. Тэр нь дэлхийн цэнгэг усны нөөцийн 20 хувийг эзэлдэг. Тэгэхээр бид хойд бүсэд байрлах цэнгэг усыг бохирдуулахгүй, нөөцийг нь хомстуулахгүй байх ёстой болж байгаа юм. Энэ бол зөвхөн Монгол Улсын биш хүн төрөлхтний эрх ашгийн асуудал. Энэ мэтчилэн бүх бүс байгаль хамгааллын зорилгоо тэргүүн эгнээнд тавих ёстой. 


-Бүс нутагт эдийн засгийг төрөлжүүлж, хөгжүүлэх тухай асуудалд та ямар саналтай байна вэ? 

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 2020, 2030, 2040 оны ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажилд би оролцсон. Тухайн үед дэвшүүлсэн гол асуудал бол Төв аймаг, нийслэл Улаанбаатар хотыг хамруулж төвийн бүс болгон хөгжүүлэх явдал байсан юм. Энэ талаар Улаанбаатар хотыг 2030 оныг хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд туссан. Үүнд үндэслэн эхний ээлжид зангилаа бүсээ тогтоох ёстой болж байгаа юм. Улаанбаатар хотод нийгэм, эдийн засаг, хүн амын асар их тэнцвэргүй, төлөвлөөгүй төвлөрөл бий болсон.  Нийслэлийн хувьд одоогоор Монгол Улсын хүн амын 47 хувь, газар нутгийн 0.3 хувийг эзэлж байна. Нийслэлийн энэ их төвлөрлийг сааруулах асуудлыг өнгөрсөн хугацаанд ярьсаар ирсэн. Одоо ч ярьж байна. Тэгэхээр эхний ээлжид Төв аймаг болон нийслэлийн хүрээнд төвлөрлийг задлахаас гадна Улаанбаатар хоттой уялдуулж тухайн аймгийг хөгжүүлэх шаардлагаар ийм бүсийг бий болгосон. Аль ч улс орны нийслэл хот түүнийг тойрсон аль нэг аймаг, засаг захиргааны нэгжүүд нийслэлийн бүс нутгийг бүрдүүлж, хөгжүүлдэг. Манай улс ийм асуудлаа шийдэлгүй, өдий хүрсэн. Гэхдээ бид одоо энэ асуудлыг шийдэх эхлэлийг тавьж байна. 

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24581/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 15 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 15 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 15 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 15 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 16 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 17 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 17 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 17 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 17 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 17 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 17 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 17 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 18 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 18 цагийн өмнө