Тайванийн Тайпей хотод 48 цагийн “А” зэрэглэлийн гүйлтийн тэмцээн боллоо. Зэрэглэл өндөр уг тэмцээнд Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны тамирчид амжилттай оролцоод иржээ. Тамирчид өөрсдийн бэлтгэсэн зайдаа гүйж замаа амжилттай дуусгасан бөгөөд тэднээс энэ дугаартаа 48 цагийн гүйлтийн тэмцээнд оролцсон Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны мастер ангиллын шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Н.Лхагва-Эрдэнийг урьж ярилцлаа. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд урилгаар гүйсэн тамирчдын нэг юм. Түүнчлэн 48 цагийн гүйлтэд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна.
-Юуны түрүүнд олон улсын тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Та эх орондоо хэзээ ирсэн бэ?
-Баярлалаа. Өнгөрсөн сарын сүүлээр Тайванийн Тайпей хотод болсон тэмцээнд манай хэт холын марафон гүйлтийн тамирчид амжилттай оролцож, хэд хоногийн өмнө ирлээ.
-Монголын тамирчдаас та ганцаараа 48 цагийн гүйлтийн тэмцээнд оролцсон. Тэмцээн хэр өрсөлдөөнтэй болов?
-Тамирчид өөр өөр зайд гүйсэн бөгөөд би 48 цагийн гүйлтэд оролцсон Монголын анхны эмэгтэй тамирчин болсон. Бусад тамирчин 24, 12, 6 цагийн уралдаанд гүйлээ. Тэмцээн хамгийн удаан хугацаанд үргэлжилдэг 48 цагийн марафоноор эхэлсэн. Дараа нь 24, 12, 6 цагийн уралдаанууд болсон. Энэ удаагийн 48 цагийн гүйлтэд 10 гаруй орны 81 тамирчин оролцлоо. Олон жил гүйж байгаа туршлагатай тамирчид оролцсон нь тэмцээнийг илүү сонирхолтой болгосон. Анх удаа оролцсон 48 цагийн гүйлтдээ өөрийгөө ялж замаа дуусгаж чадсандаа их баяртай байна. 48 цагийн гүйлт тамирчнаас хурдны тэсрэлт гэхээсээ илүү өөртэйгөө ажиллах чадвар, тэсвэр тэвчээр шаарддагийг ойлголоо.
-Холын зайд, тасралтгүй удаан хугацаанд гүйхэд юунд анхаарал хандуулах шаардлагатай санагдсан бэ?
-Дурдвал олон зүйл бий. Тэдгээрээс хамгийн гол нь туршлага. Тасралтгүй гүйхэд цагаа төлөвлөхөөс эхлээд уралдааны явцад хэрхэн хооллохоо хүртэл бодолцох шаардлагатай болдог юм билээ. Би тэмцээний эхний 24 цагт нэг хэмнэлээр гүйсэн. Харин хоёр дахь өдрөөс уралдаанд оролцож байгаа хүмүүс цөөрөөд ирсэн. Тэр үед шөнө нь 10 минут дуг хийх боломж олдож байлаа.
-Та насныхаа ангилалд нэг, гараандаа 13 дугаар байранд орсон. Бариалсан 10 тамирчны нэг болоход ойрхон байжээ?
-Тийм ээ. “Өмнө нь ийм тэмцээнд оролцоод үзчихсэн байсан бол ч” гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. Гэхдээ энэ тэмцээнд оролцсоноор надад нөөц бололцоо байгааг ойлгосон. Тиймээс одоо оролцох 48 цагийн гүйлтэд хүссэн амжилтдаа хүрнэ гэсэн итгэл дүүрэн байна.
-Тамирчид тэмцээн болох газрын цаг агаарт дасахын тулд багагүй хугацааг зарцуулдаг. Та өмнө нь Тайвань руу явж байсан. Гэхдээ энэ удаа явахад ямаршуу цаг агаар таныг угтсан бэ?
-Өмнө нь явахад үргэлжилсэн бороотой байсан. Энэ удаа төсөөлснөөс өөр цаг агаар намайг угтлаа. Анх очиход халуун бүгчим талдаа байсан. Яг тэмцээн эхлэхэд цаг агаар нь яг л Монголын хаврын хавсаргатай өдөр шиг болчихсон. Бодсоноос өөр байсан учраас жиндэх, даарах тохиолдол гарсан.
-Танд тэмцээнээс өмнө гүйх замаа судлах боломж олдсон уу?
-Олдоогүй. Бид 900 метрийн тойрог замд гүйсэн. Тойрог замын нэг хэсэг газар нь далайн эрэг дагуу байсан учраас тэр хэсгээр гүйх явцад их даарсан. Салхи нь ч их жиндүүхэн. Далайтай ойр хэсгээр гүйхэд салхины эсрэг хүч барж хурд удааширч байлаа. Гэхдээ л уралдаанаа амжилттай дуусгаж 48 цагт 252.136 км гүйсэн.
-Нэг тойрог замаар дахин дахин гүйхэд хурданд нөлөөлөх явдал гарч байв уу?
-Найман цагийн зайтай тойрог замын эргүүлгийг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, тойргоор гүйхдээ нар зөв болон буруу байдлаар гүйлгэсэн гэсэн үг. Удаан хугацаанд нэг чиглэлээр тойрог замд гүйхээр ачаалал өгч байгаа талын ташаа, хөл өвчин орох эрсдэлтэй болдог юм билээ. Тэгээд гүйж гүйж ирээд цагаа харахад 3-4-хөн минут л өнгөрсөн байдаг. Тиймээс сүүлдээ цаг харах хугацаагаа холдуулж гүйсэн.
-Олон цагийн гүйлтийн тэмцээнд оролцохын өмнө туршлага хуримтлуулсан уралдаанууд таны амжилтын жагсаалтад байгаа байх. Тэдгээрээс хамгийн анхных нь хэдэн онд, ямар тэмцээн байсан бол?
-Анх 2018 онд зохион байгуулсан “Улаанбаатар” марафонд гүйсэн. Санаандгүй бүртгүүлээд 10 км замыг 60 орчим минутад ямар ч бэлтгэлгүйгээр туулж бариандаа орсон. Одоо бодоход тэр уралдаанаас хойш л гүйе гэж шийдсэн юм билээ.
-Ямар ч бэлтгэлгүй, амьсгаагаа задлахгүйгээр гүйх амаргүй шүү дээ. Та өмнө нь спортын өөр төрлөөр хичээллэдэг байсан уу?
-“Улаанбаатар” марафонд оролцохоос өмнө ууланд алхдаг байсан. 2012 оноос хойш ууланд алхжээ. Гэхдээ 10 км гүйсний дараа цээжинд цус амтагдаад амаргүй байсан шүү. Хамгийн гол нь гүйгээд ирэхээр хүн олон зүйлээс урам авдаг юм билээ. Тийм гоё энергийг мэдэрсэн болохоор гүйх бодлоо орхиогүй. “Улаанбаатар” марафонд оролцсоноос хойш бага багаар гүйж эхэлсэн. Манай гэрийн хажууханд гүйж болмоор талбайтай. Хааяахан ажил тарсны дараа гүйчихдэг байлаа. Одоо тэнд хөлбөмбөгийн талбай болгон тохижуулсан учраас ажлаа тараад гүйхэд тухтай болсон. 2019 оноос зорилго тавьж “Улаанбаатар” марафонд дахин гүйхээр шийдсэн. Өөрийнхөөрөө бэлтгэл хийгээд орсон болохоор тухайн үед надад чамламаар санагдсан. Дараа нь өөр олон тэмцээн болдгийг интернэтээс олж мэдээд оролцож эхэлсэн.
-Та юунаас мотивац авч хэт холын зайн гүйлтийг сонгон хичээллэсэн бэ?
-Миний аав спортын мастер, тэшүүрчин хүн байсан. Намайг анх гүйж эхлэхэд аав маань амьд сэрүүн байлаа. Тухайн үед “Миний охин бие жижигтэй учраас ойрын зайн гүйлтэд тэсрэлт гарахгүй. Түүний оронд холын зайн гүйлтээр хичээллэвэл ирээдүй бий. Яагаад гэвэл, миний охин бие бялдрын хувьд хурдан сэргэдэг онцлогтой шүү” гэж надад захиж, зөвлөж байсан юм. Тэр жил нь би цэцэрлэгт хүрээлэнд болсон гүйлтийн тэмцээнд оролцсон. Тэмцээний 12 цагийн гүйлтэд түрүүлсэн нь аавын минь хэлснийг бататгаж, их ч урам өгсөн. Хүн гүйлтийн спортоор хичээллэхээр өөрийгөө илүү мэдэрч эхэлдэг юм билээ.
-Өнгөрсөн хугацаанд ямар зайд гүйв?
-12 цагийн гүйлтэд хоёр, зургаан цагийн гүйлтэд нэг, 50 км-ийн гүйлтэд нэг, 24 цагийн гүйлтэд хоёр, сая 48 цагийн гүйлтэд анх удаа гүйлээ. Хэт холын марафон гүйлтийн холбооноос “Говь-225” гээд уралдааныг тогтмол зохион байгуулдаг. Түүнд нь би хоёр жил оролцсон. Энэ гүйлтэд өдөрт 50 км-ийг туулахдаа элсэн цөл, уул хадаар гүйдэг. Уралдаанд оролцсоноор би маш их туршлага хуримтлуулсан.
-Та саяын тэмцээнд амжилттай оролцоод олон улсын хэмжээний мастер болох болзлоо хангав уу?
-Би 2023 оны 24 цагийн гүйлтэд оролцож түрүүлээд спортын мастер болсон. Өнгөрсөн жил 24 цагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод олон улсын хэмжээний мастер болсон.
-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байна вэ?
-Ирэх дөрөвдүгээр сарын 27-нд Багахангайн марафон болно. Энэ улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг. Тэмцээний 100 км-ийн зайд гүйж амжилтаа ахиулахаар бэлтгэж байна. Би өнгөрсөн жил Энэтхэгийн Бангалор хотод болсон 100 км-ийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос ганцаараа оролцож 10:35 цаг гүйж, 13 дугаар байрт орсон. Одоо энэ амжилтаа л ахиулна даа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010/24589/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна