Бодол, хүсэл зоригоороо нэгдсэн залуусын төлөөлөл болж, эзэмшсэн мэргэжлээрээ нийгэмд түүчээлэн яваа Б.Ёндондаштай ярилцлаа. Эдгээр өдрүүдэд 28 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Социал демократ Монголын залуучуудын холбооны Багануур дүүрэг дэх салбар холбооны дэд тэргүүн тэрбээр пауэрлифтингийн спортын мастер цолтой. Кипр улсад болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн манай улсын хүчний спортын төлөөлөл юм.
СДМЗХ бол залуучуудын чөлөөт орон зай
-Социал демократ Монголын залуучуудын холбоо үүсэн байгуулагдаад хүнтэй зүйрлэвэл насанд хүрч нийгэмд тодорхой байр суурь эзлэхийн зэрэгцээ Монголын хамгийн том залуучуудын нэгдэл болж чаджээ. Аймаг, дүүрэг бүрд салбартай энэ байгууллагын Багануур дүүрэг дэх холбооны нэг хэсэг болсон нь одоогоос хэдэн жилийн өмнөх үйл явдал байв?
-Холбоогоо Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо нэршилтэй байхад гишүүн нь болсон. Тухайн үед хүсэл зорилго нэг залуучуудтай танилцаж, үйл ажиллагаанд нь оролцох болсондоо баяртай байснаа санаж байна. Тэр цагаас хойших долоон жилийн хугацаанд холбооноос зохион байгуулсан ажилд оролцож, одоо дүүргийнхээ залуучуудын байгууллагын дэд тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Харин Монгол Ардын Намын гишүүн болсон нь түүнээс өмнөх үйл явдал. Арван жилийн сурагч байхаасаа нийгмийн ажилд идэвхтэй, олон нийтийг хамруулсан ажил зохион байгуулахад оролцдог байсан нь нам хэмээх хүний нэгдлийг судлах сонирхлыг төрүүлсэн. “Яагаад?” гэсэн асуулттай олон удаа тулгарсан болохоор өөрөө энэ намын гишүүн болж ойлгохыг хүссэн байх. 2009 онд 18 нас хүрээд удаагүй байхдаа Монгол Ардын Нам /МАХН/-ын гишүүн болж байв. Баянхонгор аймагт бүрэн дунд боловсрол эзэмшсэн би оюутан болж нийслэл хэмээх их хөлийн газартай танилцаж 2015 оноос суурьших болсон юм. Багануур дүүрэгт амьдралаа зохиож тэндхийн залуучуудын байгууллагын нэг хэсэг нь болж байлаа. Социал демократ Монголын залуучуудын холбоо бол залуусын буухиа. Үе тэнгийн залуус нэг баг болж хамтдаа хөгждөг залуучуудын чөлөөт орон зай. Эндээс л бид ажил амьдралын гараагаа эхлүүлж цаашлаад нэг нэгэндээ дэм болдог. Гэр бүлтэй болж, ажил хөдөлмөр эрхлэх, төлөвлөх үедээ бид холбооныхоо нэг хэсэг нь байдаг. Миний ажил амьдралын гараа ч үүний адил үргэлжилж байна. Багануур дүүргийнхээ залуучуудтай ажилласан долоон жилд үе тэнгийнхнээсээ суралцаж, холбооны нэг хэсэг байсан ах, эгч нараасаа олон зүйлийн талаар мэдэж авсан. Одоо ч гэсэн үйл ажиллагаа зохион байгуулахад хамтдаа хийж, бүтээж байна.
-Оршин буй газар нутгийн байдал, түгээмэл үйл ажиллагааны чиглэлээс шалтгаалан дүүрэг болгон онцлог чанартай байдаг. Та дүүргийнхээ ийм онцлогийг юу гэж тодорхойлох вэ?
-Манайх Улаанбаатар хотоос 130 километрийн зайтай. Бусад дүүрэгтэй харьцуулахад хүн ам сийрэг байдлаараа ялгарах байх. Нийслэл шиг түм түжигнэдэггүй болохоор танихгүй хүн гэж бараг үгүй. Энэ онцлогоороо нэгнээ дэмжин ажиллахад дөхөмтэй. Үйл явдал болоход богино хугацаанд нэгдэн нийлдэг. Дээр нь холбооны өмнөх үеийн ах, эгч нар маань биднийг дэмжин ажилладаг гээд дурдвал олон зүйлийн талаар тоочихоор байна. Хамгийн сүүлд бид дүүргийнхээ намын гишүүдийн дунд спортын таван төрөлт өдөрлөг зохион байгуулсан. Хүн бүрийг хамруулах зорилготойгоор энэ өдөрлөгийг бид бие даасан хийлээ. Аливаа үйл явдлын дараа “Би оролцох байсан юм” гэсэн санал, шүүмж гардаг. Бидний хийсэн спортын бэсрэг наадмын дараа тийм зүйл болоогүй нь дүүргийнхээ намын гишүүн оролцоог тэгш хуваарилж чадсан гэсэн бодлыг төрүүлсэн.
-Залуучуудын байгууллагад төлөөлөл бүрийн санал бодол чухал. Төв холбооноос хэрэгжүүлж байгаа ажлын тухай мэдээллийг цаг алдалгүй авч гишүүдийнхээ саналыг тусгах, үйл ажиллагаандаа шингээхэд бэрхшээл тулгардаг уу?
-Дүүргийн салбар холбооны нарийн бичгийн дарга Даваадулам энэ тал дээр анхаарал хандуулан ажилладаг. Төв холбооноос өгч байгаа үүрэг чиглэл, мэдээллийг бидэнд дамжуулж мэдээллийн гүүр болдог. Бид нэн шаардлагатай тохиолдолд хурал зарлаж бусдадаа мэдээлэл өгөхийн зэрэгцээ санал бодлыг нь сонсох дарааллаар ажиллаж ирсэн байна. Бид саяхан холбооныхоо санаачлан хэрэгжүүлсэн кино, уран бүтээлийн төсөлд бүтэн багаараа оролцсон. Киноны нээлтэд 25-уулаа оролцохын тулд автобус хөлсөлж бүх хүний оролцоог ханган ажиллалаа.
Намын гишүүнээр 16 жил, залуучуудын байгууллагын төлөөллөөр долоо дахь жилдээ ажиллаж байна
-Намын дэргэдэх залуучуудын байгууллага гэхээр хэн нэг даргын цүнх баригч эсвэл албан тушаалд дэвшихийг хүссэн хүмүүс байдаг мэтээр олон нийт харах болсон. Яг уур амьсгалыг нь мэдрээд залуучууд дунд ажиллаж байгаа хүний хувьд та энэ тухай юу гэж хэлэх вэ?
-Аливаа юмс шат дараалалтай. Олонх хүн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуульд сурсны дараа ажлын талбарт гардаг. Миний бодлоор нам ч үүний нэгэн адил дараалалтай. Гэхдээ энэ зөвхөн миний л харах өнцөг. Хэн нэгэн 18 нас хүрээд СДМЗХ-нд гишүүнээр элсэх эрх нь нээлттэй. Харин үүний дараа идэвхтэй байх уу, үгүй юү гэдэг нь тухайн хүнээс шалтгаална. Ингэж яваа залуучуудыг нийтээр нь өрөөсгөлөөр харах оновчгүй санагддаг. Миний хувьд намын гишүүн болоод 16 жил, залуучуудын байгууллагын төлөөллөөр долоо дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд залуустаа аль чадахаараа тусалж мэргэжилдээ эзэн болохын төлөө хичээсээр ирсэн.
-Би СДМЗХ-г үеийнхнээсээ урам зориг авч “Би ч гэсэн чадах юм байна” гэсэн мэдрэмжийг суулгадаг газар гэж харсан?
-Өөртөө байхгүй зүйлийг бусдаас олж харж бий болгохын төлөө хичээхийг авууштай чанар гэж боддог. Өнгөрсөн хугацаанд холбооныхоо залуусаас их зүйл сурсан. Нөгөө талдаа тэдний хувьд ч би өөр нэг харах өнцөг нь байж чадсан болов уу гэж боддог. Би ХААИС-ийн газар зохион байгуулагчийн ангийг төгссөн. Бараг 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл ирсэн юм шиг олуулаа суралцахдаа “Дэм дэмэндээ” гэдгийг мэдсэн. Тиймээс ангийн даргын хувьд дүн гарахад тааруухан нэгнээ дэмжээд, олуулаа дэмнээд гаргаад ирэх юмсан гэж боддог байв. Хүний төлөө гэсэн энэ зан чанарыг би өвөөгөөсөө өвлөж авсан. Ингэж залуучууд өөртөө байхгүйгээ бусдаас олж хараад бий болгоно гэдэг зөв үйлдэл, өөрийгөө бүтээж байгаа нэг хэлбэр гэж боддог. Хүн төгс байх албагүй. Харин тийм болохын төлөө хичээж хөдөлмөрлөх эсэх зөвхөн өөрөөс нь шалтгаална.
-Дүүрэг бүр харилцан адилгүй асуудалтай. Нийслэлээс алслагдсан танай дүүрэгт залуучууд хамтдаа хөгжиж боловсроход юу шаардлагатай байна вэ?
-Манай дүүрэгт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ховор байдаг. Бид ч гэсэн дүүрэгтээ кино театр, үзвэр үйлчилгээний цэгтэй болж дэлхийд нээлтээ хийж байгаа кинонуудыг үзэхийг хүсэж байна. Орчин цагийн тохижилттой цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэхийг хүсдэг. Одоо манай дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн барьж байгаа ч хараахан ашиглалтад ороогүй. Соёлын төв барьж байгуулж байгаа ч үзэгчдээ хүлээн авахад хол байна. Манай дүүргийнхэн маш спортлог. Тэмцээн уралдаан зохион байгуулахад залуучууд маань идэвхтэй оролцдог. Үүнийг нь дэмжээд бүтээн байгуулалт хийж орон зайг нь бүрдүүлээд өгвөл бидэнд илүү их боломж бий.
-Та ч спортын сэдэв хөндлөө. Ярилцлагаа таны пауэрлифтингээр хичээллэсэн тухай үргэлжлүүлье гэж бодлоо?
-Би 2017 оны төгсгөлөөс пауэрлифтингийн спортоор хичээллэж эхэлсэн. Одоо спортын мастер цолтой. Багануур дүүргийнхээ “Air sok” клубт хичээллэдэг, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин. Хамгийн сүүлд Кипр улсад зохион байгуулсан олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. МПНХ-ны ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад 14 тамирчин хүч чадлаа сорьсноос есөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтай ганзага дүүрэн ирээд байна. Миний хувьд нийлбэр дүнгээрээ мөнгөн медаль хүртсэнээр хувийн амжилтаа нэг шатаар ахиуллаа.
Нийлбэр дүнгээр 710 кг-ыг өргөвөл хамгийн том зорилгоо биелүүлнэ
-Жингээс хамаарч тамирчны ачаалал авах чадвар харилцан адилгүй. Дээр дурдсан тэмцээний хэдэн кг-ын жинд та оролцсон бэ?
-Миний хувьд 2018-2020 оны хооронд 66, 2020-2024 онд 74, 2025 оноос 83 кг-ын жинд хүч сорьж байна. Анх Бүх ард түмний спартакиадад 2022 онд оролцож 74 кг-ын жинд түрүүлсэн. Энэ жинд 600 кг-аас дээш өргөсөн бол спортын мастер цолны болзол хангадаг. Би тухайн үед болзлыг хангаж спортын мастер цолтой болсон. 2024 онд болсон пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд өрсөлдөж, 242 кг сууснаар дээд амжилтыг шинэчилсэн. Одоо 710 кг-ыг өргөх зорилготой. Ингэж чадвал олон улсын хэмжээний мастер цолны болзол хангаж илүү олон тэмцээнд оролцох боломжтой болох юм.
Ирэх наймдугаар сарын 3,4-нд Бүх ард түмний 16 дугаар спартакиад болно. Одооноос тэмцээнийхээ бэлтгэлд орж хамгийн том зорилгоо биелүүлэхийг хүсэж байна. Классик пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2026 онд Монголд болно. Энэ тэмцээнд оролцохын тулд мөн одооноос бэлтгэл хангаад эхэлсэн.
-Та өөрийгөө хөгжүүлэн нийгэмд тодорхой байр суурь эзэлж орон зайгаа бий болгоод явж байна. Одоо юу хийж бүтээхийг зорьж, хүсэж байгаа бол?
-Би диплом дээрх бичээстэй мэргэжлээрээ ажилладаг. Энэ мэргэжлээсээ “урвая” гэсэн бодол өнгөрсөн хугацаанд төрж байгаагүй. Зарим хүн “Салбараа соль, уул уурхай руу орж ажиллавал ирээдүйтэй” гэж зөвлөдөг. Гэхдээ дөрвөн жил сурч, арван жилийн хугацаанд ажилласан мэргэжлээрээ бүтээмжтэй ажиллахын төлөө зорьсоор ирсэн. Юугаа ч мэдэхгүй намайг угтсан ажлын байрандаа төлөвшиж мэддэг бүхнээ бусадтай хуваалцаж байна. Харин одоо дүүргийнхээ хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд зөв төлөвлөлт хийчих юмсан гэсэн чин хүсэлтэй явж байна даа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна