Европын хөлбөмбөгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лигийн 2022-2023 оны улирлын тоглолт дуусахад хоёр сар гаруйн хугацаа үлджээ. Өнгөрсөн долоо хоногт аваргуудын лигийн шөвгийн наймын сугалаа болов. Сугалаагаар
Реал Мадрид (Испани)-Челси (Англи)
Манчестер Сити (Англи)-Бавари Мюнхен (Герман)
Интер (Итали)-Бенфика (Португал)
Милан (Итали)-Наполи (Итали)
хоорондоо таарав.
“Реал Мадрид”-“Челси”-гийн хожсон нь “Манчестер Сити”-“Бавари Мюнхен” хоёрын ялсантай шөвгийн дөрөвт тоглоно. Харин “Интер”-“Бенфика”-гийн хожсон нь “Милан”-“Наполи” багийн ялагчтай таарах юм. Эндээс харвал Португалын аварга “Бенфика”-г аз ивээж, ёндоо нь гүйдэггүй юм бол Италийн гурван багаас нэг нь финалдах магадлалтай. Мэргэжилтнүүдийн таамаглалаар “Наполи” финалдах магадлалтай. Тэд энэ улиралд Сери А лигтээ ч амжилттай яваа. Жил бүрийн намар эхэлж дараа оны хавар өндөрлөдөг тус тэмцээн энэ удаад 68 дахь нь гэж тоологдож байна. Дунд шөвөгт шалгарсан найман багаас зургаа нь аваргуудын лигийн цом өргөсөн. Харин “Манчестер Сити”, “Наполи” клуб энэхүү цомыг авч үзээгүй юм. Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб 1956 онд анхны цомоо өргөснөөс хойш нийт 14 удаа тус тэмцээнд түрүүлэв. Хамгийн сүүлд өнгөрсөн жилийн аваргаар тодорсон учраас энэ жил цолоо хамгаална. “Реал”-ын залуус 1956-1960, 2016-2018 онд тус тус дараалан түрүүлж байлаа. Тэгвэл Италийн шилдэг клубүүдийн нэг “Милан” долоон удаа уг цомыг өргөжээ. Тэд хамгийн сүүлд 2007 онд буюу 16 жилийн өмнө аваргуудын лигт түрүүлсэн юм. Германы үнэмлэхүй аварга “Бавари Мюнхен” зургаан удаа цом авсан бөгөөд сүүлд 2020 онд түрүүлж байлаа. Тэгвэл Италийн Милан хотын өөр нэг баг болох “Интер” клуб 1964, 1965, 2010 онд, Португалын “Бенфика” 1961, 1962 онд “Дэлдэн чихт”-ийн эзэн болсон юм. Харин Английн Лондоны “Челси” 2012 онд анх удаа аваргуудын лигийн цом өргөсөн бол үүнээс есөн жилийн дараа буюу 2021 онд дахин энэхүү нэр хүндтэй тэмцээнд аваргалж байлаа. Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолт ирэх сарын 11, 12-нд, хариу тоглолт 18, 19-нд болно. Хагас шигшээгийн эхний тоглолт тавдугаар сарын 9, 10-нд, хариу тоглолт 16, 17-нд болох хуваарьтай. Харин финалын тоглолтыг зургадугаар сарын 10-нд Туркийн Истанбул хотын Ататуркийн нэрэмжит Олимпын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах юм. Дунд шөвөгт үлдсэн найман багаас түрүүлэх магадлал өндөртэй нь Английн “Манчестер Сити” болохыг супер компьютер таамаглажээ. Тэгвэл хамгийн бага магадлалтай нь Италийн “Милан” юм. Зөвхөн супер компьютер гэлтгүй мэргэжилтнүүдийн олонх нь Английн “Манчестер Сити”-г түрүүлж, түүхэндээ анх удаа аваргуудын лигийн цом өргөнө гэж тааварлаж буй.
Манчестер Сити vs Бавари Мюнхен
Европын багуудыг чансаагаар тэргүүлж буй Германы “Бавари Мюнхен” ( 100 ), Английн “Манчестер Сити” ( 88.8 оноо) баг шөвгийн наймд хоорондоо тоглоно. Оноолтын талаар “Манчестер Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гвардиола юу ч хэлээгүй. Гэхдээ “Энэ улиралд аваргуудын лигт “Манчестер Сити” баг түрүүлж чадахгүй бол надаас хариуцлага нэхээрэй” гэж сугалаанаас өмнө тэрбээр ВВС-д ярилцлага өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, тэрбээр түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй буй нэгэн. Харин “Бавари Мюнхен”-ий дасгалжуулагч Нигелсмэн Германы телевизэд сэтгэгдлээ хуваалцахдаа ““Манчестер Сити”-тэй арай л эрт таарлаа. Сугалаанаас тойрох, зугтах аргагүй. Харин эрт таарсандаа олзуурхаж байна. Энэ бол том сорилт, өдөлт юм. “Сити”-г хожоод, алсдаа аваргын цом өргөх тэр үед “Бавари Мюнхен”-ийг аз түшсэн гэж хэлэх хүн гарахгүй. Тиймээс энэ оноолт надад болон багт маш их эрч хүчийг бэлэглэснээрээ давуу талтай. Бид бэлтгэлээ улам сайжруулж, дээд зэргээр бэлдэнэ. Гвардиола довтолгоонд анхаардаг, бусдад бөмбөг өгөх туйлын дургүй гэдгийг мэднэ. Гэхдээ надад түүнээс хуулж авсан зүйл байхгүй. Тэдний багт Кильян Мбаппегаас ч илүү хурдан, биеийн хөгжил сайтай Эрлинг Хааланд бий ч, түүнээс дутахгүй олон довтлогч манайд байна. Өнгөрсөн улиралд бид эхний тоглолтдоо алдаа гаргасан. Түүнийгээ л давтахгүй байхад хожих магадлал маш өндөр. Ямартай ч хоёр тоглолтын нийлбэрээр ялагч тодрох нь бидэнд ашигтай” гэж ярьжээ. Германы багийн хувьд энэ улиралд аваргуудын лигт нэг ч гоол алдаагүй гэдгээрээ онцлогтой. Хоёр баг зөвхөн аваргуудын лигийн хүрээнд хоорондоо зургаан удаа таарч тоглохдоо бие биенээ тус бүр гурав хожсон байна.
Реал Мадрид vs Челси
Аваргуудын лигийн сүүлийн хоёр улирлын аварга багууд энэ улирлын шөвгийн наймд таарсан бөгөөд найм дахь удаагаа тулах нь ээ. “Челси” клуб 2021 онд түрүүлсэн бол Испанийн эзэн хааны баг өнгөрсөн улиралд аваргалсан юм. Хоёр баг өмнө нь хоорондоо долоон удаа тоглоход тус бүр хожиж, нэг тэнцсэн гэх статистик байна. Ингэхдээ сүүлийн гурван жилд нь дараалан хоорондоо таарч байгаа нь энэ. 2020-2021 оны аваргуудын лигийн улиралд шөвгийн дөрөвт хоорондоо таарахад “Челси” хоёр тоглолтын нийлбэрээр 3:1-ээр буулган авч финалд шалгаран, улмаар тэр чигээрээ аваргын цом өргөсөн түүхтэй. Тэгвэл өнгөрсөн жил шөвгийн наймд хоорондоо таарлаа. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5:4-өөр “Реал” хожиж, цаашлаад “Дэлдэн чихт”-ийг 14 дэх удаагаа өргөж байв. Тэгвэл энэ улиралд шөвгийн наймд дахин таарлаа.
Интер vs Бенфика
Хоёр баг өмнө нь ердөө хоёрхон удаа таарч тоглосон нь Евролиг. Одоогоос 19 жилийн өмнө хасагдах шатанд таарахад эхний тоглолтод нь тэнцэж, хариу тоглолтод “Интер” 4:3-аар буулган авч байжээ. Италийн “Интер” сүүлийн таван тоглолтдоо ердөө ганцхан хожиж, нэг тэнцэн, гурван хожигдсон байх юм. Хамгийн сүүлд Сери А лигийн хүрээнд “Ювентус”-т хожигдсон. Тэгвэл “Бенфика” сүүлийн таван тоглолтдоо бүгдэд нь хожсон супер статистиктай байгаа юм.
Милан vs Наполи
Тэд Евролиг болон аваргуудын лигийн хүрээнд хоорондоо анх удаа таарч байгаа нь энэ. Харин Сери А лигт 19 удаа таарахад “Наполи” 11 хожиж, тав тэнцэн, гурав хожигдсон байх юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сарын 19-нд таарахад “Наполи”-ийн залуус “Милан”-ыг талбайд нь 2:1-ээр буулган авч байжээ. “Милан” сүүлийн таван тоглолтоос нэг хожил, хоёр тэнцээ, хоёр хожигдол амссан. Харин “Наполи” 4:1 гэсэн амжилттай явна.
Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24542/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна