“Монголчууд багийн спортын төрөлд амжилт гаргахгүй” гэж дүгнэдэг цаг ард хоцорсныг сагсан бөмбөг харуулж байна. Сайн дасгалжуулагч, санхүүгийн тусламж, хичээл зүтгэлийн нийлбэр дүнд амжилт гаргах нөхцөл бүрддэгийг спортын энэ төрлөөс мэдэж болно. Үүний үр шимээр сагсан бөмбөг тоглох сонирхолтой хүүхэд залуус мэргэжлийн тамирчин болтлоо дэвшиж, үзүүлж байгаа амжилттай дүйцэхүйц цалин урамшуулал авдаг болсон. Өнөөдөр Улаанбаатар хотыг дэлхийн чансааны тамирчид зорин ирж зохион байгуулж буй тэмцээнд өрсөлддөг болоод байна. Удахгүй эхлэх шинэ сар Монголын сагсан бөмбөгийн хорхойтнуудын хувьд онцлогтой байх болно. Сүхбаатарын талбайд ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авахаар зэхэж байна. Ирэх сарын 23-29-ний өдрүүдэд үргэлжлэх тэмцээний багуудын хэсгийг зарлаад удаагүй байгаа юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх сүүлийн тэмцээн Баку хотод болж өндөрлөснөөр ФИБА 3х3 дэлхийн чансааны дагуу хэсэгт хуваагджээ. Манай улсын эрэгтэй шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “B” хэсэгт АНУ, Латви, Япон, Монтенегро улстай таарчээ. Эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Сербийн шигшээ баг ирэх сарын 24-нд Азийн цомын аварга Австралийн багтай нээлтийн тоглолтыг хийнэ. Тэд АНУ, Токиогийн олимпын алтан медальт Латви улсын баг багтсан “В” хэсгийг онцолж байна. “C” хэсэгт Франц, Европын хүчирхэг Австри болон Чили, Пуэрто Рико, Канад гэсэн Америк тивийн хүчтэй багууд багтсан. “D” хэсэгт олимпын алтан медальт Нидерландын шигшээ, Литвийн багтай өрсөлдөх нь олон нийтийн сонирхлыг зүй ёсоор татаж байна. Манай улсын эмэгтэй шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “D” хэсэгт Испани, ХБНГУ, Украин, Бразил улстай учраа таарлаа. Эмэгтэй баг Парисын олимпын аварга ХБНГУ, мөнгөн медальт Испани, Америк тивийн хүчтэй баг Бразил, Европын төлөөлөл Украинтай нэг хэсэгт багтаад байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонины №020/24647/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна