Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн залуу тамирчид Улаанбаатар хотноо нэгэн зорилгын дор нэгдлээ. Тэд хоёр жил тутамд зохион байгуулдаг Монголын хүүхдийн спортын зуны VIII наадамд оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор чуулж буй нь энэ юм. Наадмын нээлт энэ сарын 26-нд болсон бөгөөд Монголын спортын салбарын гурван үеийн төлөөлөл галт бамбараа бадраан төв ордондоо хүрэлцэн ирснээр тэмцээнээ албан ёсоор нээв. “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриатай хүүхдийн спортын наадамд 9-17 насны нийт 6120 тамирчин спортын 31 төрөлд 271 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Албан ёсны нээлтээс өмнө спортын зарим төрлийн тэмцээн эхэлж аваргуудаа тодруулах хугацаа ойртжээ. Спортын төв ордон болон Чингэлтэй дүүргийн Спортын ордонд сагсан бөмбөгийн тэмцээн үргэлжилж байна. Охидын ангилалд 20, хөвгүүдийн ангилалд 26 баг тамирчид аваргуудаа тодруулахаар талбайд гарчээ. Эргэн сануулахад энэхүү наадмын сагсан бөмбөгийн өнгөрсөн удаагийн тэмцээний охидын ангилалд Баянгол дүүрэг, хөвгүүдээс Сүхбаатар аймгийн баг түрүүлж байв. Харин энэ жилийн аваргууд ирэх сарын 1-нд тодрох юм. Хүүхдийн спортын наадмын хөлбөмбөгийн тэмцээн аль хэдийнэ эхэлсэн бөгөөд эмэгтэй ес, эрэгтэй 20 баг талбайд гарлаа. Тэдний тэмцээн Монголын хөлбөмбөгийн холбооны болон Шинэ Яармагийн талбайд үргэлжилж байна. Волейболын тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн эрэгтэй, эмэгтэй 30 баг өрсөлдөж, ирэх сарын 4 -нд өндөрлөнө.
Монголын хүүхдийн спортын зуны VIII наадамд шинэ төрөл нэмэгдсэн нь жюү жицүгийн спорт юм. Баянгол дүүргийн БТСГ-ын зааланд энэ сарын 31-нд залуу тамирчид хүч чадлаа сорихоор бэлдэж байна. Энэ удаагийн хүүхдийн спортын наадамд чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, бадминтон, волейбол, сагсан бөмбөг, гимнастик, даам, ширээний теннис, шатар, сагсан бөмбөгийн 3х3, самбо, усанд сэлэлт , таэквондо, дугуй, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, е спорт, модон барилдаан, холимог тулаан, дуатлон, жюү жицү, бүжиг, хөлбөмбөг, хүндийг өргөлт, бокс, пара бочи, пара хөнгөн атлетик, хонхот бөмбөг, диф сагсан бөмбөг 3х3, диф даам, тусгай хөнгөн атлетик,тусгай хамтарсан хөлбөмбөгийн төрөлд аваргуудаа тодруулах юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонины №020/24647/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна