Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй



-Олон улсын жишгээр тэг хаягдлын зарчмыг нэвтрүүлэх ёстой-


Хог хаягдлыг үүссэн хойно нь бус үүсэхээс нь өмнө хэрхэн яаж бууруулж, багасгах гарц шийдлийг эрэлхийлж, Монголдоо нэвтрүүлэхээр зорьж буй “Эко сум” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, тэргүүн Г.Нарантуяатай ярилцлаа.

-Хог хаягдал ямар эрсдэлтэй вэ, ялангуяа эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлдэг вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Ил задгай хаягдсан хог хаягдал агаар, хөрс, гүний ус гээд орчны бохирдол үүсгэж, улмаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Ерөнхийдөө манай иргэд овор хэмжээг нь бууруулах зорилгоор хог хаягдлаа шатаах нь зөв гэдэг. Гэхдээ энэ нь маш их сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс олон улсад хог хаягдал шатаахыг хориглож, сүүлийн үед шатаах зуух гэх мэт энэ төрлийн технологиос татгалзаж байна. Манай Улс Хог хаягдлын тухай хуулиар хог хаягдал шатаахыг мөн хориглосон. Хог хаягдлыг шатаахад аюултай химийн хорт бодис агуулсан утаа, хий асар их ялгардаг. Бас нэг асуудал нь хог хаягдлыг шатаагаад үлдсэн үнсийг аюултай хог хаягдалд тооцдог. Ийм төрлийн хог хаягдлыг тусгай журмаар зохицуулдаг. Дэлхий даяар хуванцар шатаах нь тулгамдсан асуудал болж байна. Хуванцрын үйлдвэрлэлд химийн 16 мянга гаруй бодис тогтмол ашигладаг гэсэн судалгаа бий. Үүнээс хамгийн түгээмэл ашигладаг 4000 гаруйг нь судалж, маш олон бодис дааврын өөрчлөлтөд оруулах, хорт хавдар үүсгэх, амьсгалын замын өвчлөл үүсгэх зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон учраас зарим улс орон эдгээр бодисыг хориглож эхэлсэн. Хог хаягдлаа шатаах нь эдийн засгийн хувьд өндөр  зардалтай, үр ашиггүй төдийгүй хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй гэдгийг олон улс хүлээн зөвшөөрч, үүний эсрэг байр суурь баримталж, шатаах үйлдвэр, технологиос татгалзаж тэг хаягдлын зарчим руу шилжиж эхэлсэн. Учир нь, хог хаягдал Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд асуудлаас хальж, хямралын хэмжээнд хүрсэн.

-Хог хаягдал хямралын хэмжээнд хүрсэн гэдэг нь?

-Төрөх, үхэх нь үнэн гэдэг шиг хүн амьдарч буй цагт хог хаягдал гарах нь тодорхой. Гол нь бид өдөр тутамдаа хэдий хэмжээний ямар бүтэцтэй хог хаягдал үүсгэж байгаагаа анзаардаггүй. Бидний үүсгэж буй хог хаягдлын дийлэнхийг хоол хүнс, бараа бүтээгдэхүүний нэг удаагийн сав, баглаа боодол эзэлдэг. Энэ нь Монгол төдийгүй дэлхий нийтэд хямралын хэмжээнд хүрээд байгаа. Дэлхий глобалчлагдахын хэрээр үндэстэн дамнасан худалдаа үйлчилгээ явагдаж, үүнийг даган шаардлагагүй сав, баглаа боодлын хог хаягдал ихээр гарч байна. Энэ нь бидний зохицуулж чадах хэмжээнээс хэтэрсэн учраас асуудал биш хямралын хэмжээнд хүрсэн гэж хэлж болно.  


-Олон улсын жишиг буюу тэг хаягдлын зарчмын талаар тодруулна уу?

-Дэлхий нийт тэг хаягдлын зарчим буюу хог хаягдлыг үүсэхээс нь өмнө эх үүсвэр дээр нь бууруулах, урьдчилан сэргийлэх шийдэлд анхаарал хандуулж, бодлогоо боловсруулж төлөвлөлөж байна. Тэгэхээр хог хаягдлын асуудал гэхээсээ илүүтэй байгалийн нөөцийн менежмент яригдаж байгаа юм. Байгалийн баялгаар бүтсэн бүтээгдэхүүний хог хаягдлыг эргэлтэд оруулах, дахин ашиглах зэргээр нөөцийг гарздахгүй байх тойрог эдийн засгийн зарчим юм. Ерөнхийдөө тэг хаягдлын зарчим нь тойрог эдийн засагт суурилдаг гэсэн үг. Тиймээс төр засаг хог хаягдал үүссэний дараа шатаах уу, булах уу гэхийн оронд гарахаас нь өмнө яаж байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулах, ямар стандарт, материалтай сав, баглаа боодол ашиглах, түүнийг хэрхэн эргүүлэн татаж, дахин ашиглах зарчмаар бодлогоо боловсруулах хэрэгтэй.

Тэг хаягдлын зарчим бол монголчууд бидний хувьд уламжлалт арга гэж хэлж болно. Өвөг дээдэс маань мал муулахдаа арьс, үс ноос гээд юуг нь ч хаяхгүй, байгалийн нөөцийг ариг гамтай ашиглаж ирсэн шүү дээ. Тэгэхээр бидний хувьд тэр уламжлалаа сэргээн хэвшүүлэх л нэг хэлбэр гэсэн үг.

-Тэг хаягдлын зарчмыг нэвтрүүлж, өдгөө тодорхой үр дүнд хүрсэн улс орны сайн туршлагаас авч хэрэгжүүлж болох ямар шийдэл байна вэ?

-Тэг хаягдлын зарчим нь дэлхий нийтийн хөдөлгөөн болж өрнөж байгаа учраас энэ зарчмаар үр дүнд хүрч буй улс орон олон бий. Улсын хэмжээнд гэхээс илүүтэй хот, дүүрэг, тосгон гээд бага нэгжээсээ эхлээд хэрэгжүүлдэг. Тухайлбал, Филиппин улсын зарим арал, Хятад, Энэтхэг, Солонгос, Малайз улсын зарим хот, дүүрэг гэх мэт. Сингапур улсын хоолны газрууд дахин ашигладаг сав боодол нийтээрээ ашигладаг болж иргэд нь нэг газраас хоол авчихаад савыг нь өөр газар тушаачихаж болдог юм билээ. Мөн Солонгос улс хог хаягдлаа ангилж ялгахгүй бол маш өндөр торгууль ногдуулах жишээтэй. Мөн Япон улсын зарим тосгод иргэдийнхээ эсэргүүцэл шаардлагыг хүлээн авч, шатаах зуух ашиглахаа зогсоож, тэг хаягдлын зарчим баримталж, хог хаягдлаа дахин боловсруулж буй шийдлээрээ тэргүүлж, жишиг болж байна.


-Тэг хаягдлын зарчмыг нэвт­рүүлж ажиллахад үйлдвэрлэгч, хэрэглэгч гээд бүх шатны та­луудын идэвх санаачилга, үүрэг оролцооны асуудал яригдах болов уу?

-Тийм шүү. Хог хаягдал гэхээр зөвхөн нүдэнд харагдах байдлаар нь ойлгож, байгаль орчны л асуудал мэтээр хязгаарлаж ярьдаг тал бий. Гэтэл үнэндээ байгальд хаягдах хүртлээ ямар шат дамжлага дамжсаныг буюу бараа бүтээгдэхүүний амьдралын мөчлөг, үйл явцыг бүхэлд нь хардаггүй. Хэрэв ингэж авч үзвэл, тухайн бараа бүтээгдэхүүн болон түүхий эдийг олборлогч, үйлдвэрлэгч, цаашлаад хэрэглэгч орон ямар эрсдэл үүрч байна, дагалдан ирж буй хүсээгүй хог хаягдлыг зохицуулахад хэр их төсөв хөрөнгө, хүч хөдөлмөр зарцуулах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Ингээд харахаар хог хаягдлыг бууруулахад салбар бүрд хамаатай, бүх талын идэвх оролцоо шаардлагатай.

-Та бүхэн “Эко сум”-ыг ямар арга барилаар “бүтээж” байна вэ? 

-Бид 2018 онд “Эко сум” төрийн бус байгууллагаа байгуулж, түүнээс хойш хог хаягдлын чиглэлээр ажиллаж байна. Одоогоор “Хог хаягдлын тогтвортой менежмент ба Монголын хөдөөд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх нь” төслийг арван дөрвөн суманд хэрэгжүүлж байгаагийн нэг нь Булган аймгийн Хишиг-Өндөр сум. Манай сумын дийлэнх иргэд хог хаягдлаа эх үүсвэр дээр нь зургаан төрлөөр ангилж, хог хаягдал зохицуулах төвд хүргэж өгч хэвшсэн. Хог хаягдлаа зохистой зохицуулдаг “эко сум” болоход иргэдийн санаачилга, идэвх оролцоо маш чухал. Гаднын улс орнуудын сайн жишиг, туршлагыг харахад иргэд нь хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилаад ойролцоох аль нэг  зохицуулах цэгт хүргэж өгдөг . Ингэснээр иргэн ямар хог хаягдал гаргадгаа анзаарч, бууруулах арга хэмжээ авч эхэлдэг. Мөн ямар зүйлд мөнгөө зарцуулж байгаагаа үнэлж, санхүүгээ хянах боломжтой болдог. Тиймээс бид хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд хог хаягдлын менежментээ сайжруулж чадсан  жишиг, загвар сумыг улсынхаа бүс бүрд бий болгох зорилго тавин ажиллаж байна. Үүний хүрээнд зургадугаар сарын 9-12-ны хооронд эдгээр 14 сумаас тус бүр таван хүнийг хамруулсан сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа базааж байна. Сургалтад хамрагдсан багийнхан сумынхаа онцлог, нөөц боломжид тулгуурлан хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн яаж ажиллах, иргэдийн идэвх оролцоог яаж нэмэгдүүлэх гэх мэт гарц шийдлийг тусган ажлынхаа төлөвөлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Харин бид тухайн төлөвлөгөөг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхэд нь техник, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах юм. Ийм байдлаар бүс бүрд загвар, жишиг сум бий болгож, бусад нь тэндээс туршлага судалж, хэрэгжүүлдэг байгаасай гэж зорин ажиллаж байна.


-Зарим иргэн, аж ахуй нэгжүүд хог хаягдлаа ангилж ялгадаг ч, түүнийг нь нийлүүлээд ачдаг асуудал бий. Үүнд ямар гарц шийдэл байж болох вэ?

-Саваа бэлдэхээр саалиа бэлд гэдэг дээ. Аль аль талдаа л идэвх оролцоотой, гарц шийдэлтэй байх ёстой. Иргэд санаачилгаараа ангилдаг ч ангилсан хогийг нь нүдэн дээр нь хольж ачаад явчихаар урам нь хугарч, ахиад ангилахгүй шүү дээ. Тиймээс эхлээд төсвийн тооцоолол болон менежментийг нарийн тооцоолж бэлдэх ёстой. Үүний тулд хог хаягдлын бүтцийн судалгаа буюу ямар төрлийн хог хаягдал түлхүү гардгийг судлахаас эхэлнэ. Хамгийн ихээр үүсдэг хог хаягдлыг зохицуулах суваг бий юу, байгаа бол түүнийг хэрхэн дэмжих, байхгүй бол хэрхэн бий болгох вэ гээд дараагийн шатны оролцогч талуудын үүрэг хариуцлагыг тодорхойлох хэрэгтэй. Цаашлаад иргэн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь хэдэн төрлөөр ангилах нь ойлгомжтой байх ёстой. Энэ мэт үйл явц энгийн бөгөөд тодорхой, хялбар байх тусам иргэд идэвх оролцоо сайтай байна. Тиймээс цаашид хог хаягдлын менежментийг загварчлахдаа нэг талаас иргэдийн ойлголт, оролцоог сайжруулах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх хөшүүргийг бий болгох, нөгөө талаас төрийн үүрэг оролцоо зайлшгүй шаардлагатай. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээтэй адил хог хаягдлыг зохицуулах нь төрийн үүрэг байх ёстой. Яагаад гэвэл, иргэд, олон нийтийн эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалахын төлөө үр дүнтэй, үр ашигтай хэрэгждэг тогтолцоо шаардлагатай. Жишээлбэл, айл өрх, албан байгууллага, аж ахуй нэгж, үйлдвэр гээд ялгаатай байдлаар хураамж төлж, түүнийгээ зөвхөн хог хаягдлыг зохицуулахад зарцуулдаг байх ч юм уу. Ерөнхийдөө төр засаг хог хаягдлыг зохицуулах бодлогоо тэг хаягдлын зарчим руу чиглүүлж, улмаар хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж, стандартыг нь тодорхой болгох хэрэгтэй.

-Хог хаягдлын тухай хуультай шүү дээ?

-Манай одоогийн хууль муу биш. Харин хуулиа сурталчлан таниулах, мөрдүүлэх ажил дутагдаж байгаа нь үнэн. Нөгөө талдаа энэ хуулийг дагасан нарийн дүрэм журмыг боловсруулж, дагаж мөрдөх хэрэгтэй. Хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлаа эх үүсвэр дээр нь заавал ангилах ёстой. Хэрэв ангилаагүй бол хариуцлага хүлээх гэх мэт онцлох заалтууд бий. Сүүлд энэ хуульд үнэлгээ хийж, нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, үйлдвэрлэгчийн хариуцлагыг нэмэгдүүлсэн. Тодруулбал, бүтээгдэхүүнийх нь сав, баглаа боодол хог хаягдал болсон тохиолдолд илүү өндөр төлбөр төлөх зохицуулалт бий. Цаашид сав, баглаа боодлын стандартыг хог хаягдлыг бууруулах талаас нь тооцоолж, боловсруулах хэрэгтэй. Жишээлбэл, компани, брэндээс үл хамаарч ижил стандартын дахин ашигладаг шилэн сав, баглаа боодол ашиглах. Хэрэв стандартын бус сав, баглаа боодол ашиглах бол илүү өндөр төлбөр төлж, хураамжийг нь хог хаягдлыг зохицуулахад зарцуулдаг байх зарчим руу орох зайлшгүй шаардлагатай байна.

-Таныг Солонгос улсад зохион байгуулагдах хуралд оролцохоор явах гэж байгаа гэж сонссон. Сүүлийн асуултаараа тухайн хурлын талаарх мэдээл­лийг хуваалцъя?

-Манай байгууллага Шатаах зуухны эсрэг олон улсын холбоо, “Хуванцраас ангижиръя” олон улсын хөдөлгөөний гишүүн. Энэ удаад Шатаах зуухны эсрэг олон улсын холбооны Зүүн Өмнөд Азийн бүсийн уузалт Солонгос улсын Сөүл хотод болох гэж байна. Энэхүү уулзалтад Монголын “Тэг хаягдлын нэгдсэн холбоо” болон “Эко сум” төрийн бус байгууллагаа төлөөлөн оролцох гэж байна. Энэ уулзалтаар олон улсын чиг хандлага, сайн туршлагуудыг хуваалцаж, бүс нутагтаа хэрхэн яаж ажиллах стартегийг тодорхойлох юм.

С.Юмсүрэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №020/24647/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 9 цагийн өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 14 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 15 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 17 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр