Алдарт “Christie's” дуудлага худалдааны ордон өнгөрсөн гуравдугаар сард нэгэн сонирхолтой үйл ажиллагааг анх удаа зохион байгуулсан. “Augmented Intelligence” дуудлага худалдаанд хиймэл оюун ухаанаар бүтээсэн 34 бүтээлийг танилцуулжээ. Худалдааг эсэргүүцэн 6000 гаруй зураач гарын үсэг зурж, хиймэл оюун ухааныг уран бүтээлчээр тодорхойлохгүй байхыг шаардсан билээ. Тэдний шүүмжлэлийг эс харгалзан дуудлага худалдаа болдгоороо болж, зохион байгуулагчид 738 мянган ам.долларын ашиг олсон. Урлагийн түүхч, үнэлгээний агент, шүүмжлэгчид уламжлалт ойлголтыг халж, гартаа бийр барьж үзээгүй хиймэл оюун ухааныг “зохиогч” гэж хүлээн зөвшөөрчээ. Хиймэл оюун ухааны эл ялалт өнөөгийн нийгэмд зохиогчийн эрхийн эмзэг асуудлыг дэлхий нийтээрээ дахин хэлэлцэхэд хүргэлээ.
Бүтээлч эхлэл
Одоогоос 20 жилийн өмнө компьютер тооцоолол, программчлал, харилцаа холбоо, тоглоомын зориулалттай хэрэгсэл байсан бол өнөөдөр зохион бүтээгч болжээ. Австралийн шүүх анх удаа хиймэл оюун ухаан өөрийн гэсэн шинэ бүтээл хийх эрхтэй гэсэн шийдвэрийг гаргалаа. DABUS болон Америкийн зохион бүтээгч Стивен Талер нарын хэргийг шийдвэрлэж анхны алхмаа хийлээ. Холбооны шүүхийн шүүгч Жонатан Бич “Хиймэл оюун ухаан шинэ бүтээлийн зохиогч байж болно” гэж шийдвэрлэснээр Олон улсын оюуны өмчийн эрх зүйн практикт нөлөөлж байна. Стивен Талер бол хиймэл оюун ухааны DABUS системийг үүсгэн байгуулагч. Энэ нь хэд хэдэн AI сүлжээнд ажилладаг сургалтын систем бөгөөд хүний оролцоогүйгээр бие даан шинэ бүтээл “туурвиж” чаддаг. Талер шинэ бүтээлийн патентаа Европын холбоо болон Австрали зэрэг арав гаруй оронд өргөдөл гаргаж, төхөөрөмжийг зохиогчоор бүртгүүлэх хүсэлт гаргасан. Англи эрдэмтний өргөдлийг бүртгэсэн цорын ганц улс бол Өмнөд Африк. Харин Канад, БНХАУ, Герман, Энэтхэг, Израил, Япон, Их Британи, АНУ, Австралийн Оюуны өмчийн газрууд төхөөрөмжийг зохион бүтээгч гэж үзэх боломжгүй тул татгалзсан хариу өгчээ. Талер бууж өгөлгүй Австралийн Холбооны шүүхэд патентын албаны татгалзсан хариуг эсэргүүцэн гомдол гаргасан. Энэ бол хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийн хувьд түүхэн үйл явдал байлаа. Америкийн Хууль зүйн яамны “Үндэсний хуулийн тойм” сэтгүүлд уг явдлыг онцлоод хуульчид хоёр хуаранд хуваагдаж эхэлснийг тэмдэглэжээ. Зарим хуульч AI зохион бүтээгчидтэй санал нийлж, зохиогчийн уламжлалт ойлголтыг хуучирсан гэж үзсэн. Талерын хэргийг Австралид төдийгүй Их Британийн давж заалдах шатны шүүх хэлэлцсэн байна. Хиймэл оюун ухааны системийг бүтээлч бус гэж тайлбарлах хэсэг бий. Жишээлбэл, GPT-2 сүлжээгээр бичсэн жүжгийг Чехэд тавьжээ. Текст боловсруулахад зориулсан тус сүлжээг “OpenAI” компани хөгжүүлжээ. Өгөгдлөөр бичсэн жүжиг нь Сент-Экзюперигийн “Бяцхан хунтайж”-тай төстэй бөгөөд нийгэм, хүний сэтгэл хөдлөл, үхлийг танин мэдэхээр дэлхийд ирж буй роботын түүхийг өгүүлдэг. Хиймэл оюун ухаан буюу алгоритмаар бичсэн симфони, уран зураг, нийтлэлүүдийг “Экономист” болон “The Guardian” сайтад нийтлэх болсон.
Шинэ хандлага
Хиймэл оюун ухааныг бид хүнээс илүү ухаантай робот, супер хүчин чадалтай компьютероор төсөөлдөг байсан. Гэвч энэ нь аль хэдийн орчин үеийн технологийн ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болж чаджээ. Учир нь бид өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутмын амьдралдаа ашиглаж байна. Энгийн нэгэн гар утас, компьютер гэх мэт бүхий л ухаалаг төхөөрөмж болон цахим сүлжээнүүд хиймэл оюун ухаанд суурилжээ. Тэгвэл хиймэл оюун ухааныг робот төхөөрөмжтэй хослуулсан төслүүдийн эрэлт нэмэгдсэн. Роботууд өөрийгөө хөгжүүлэх шинэ шатанд хүрэх тухай мэдээлэл технологийн сэтгүүлүүдэд хэвлэгддэг. Ингэснээр роботууд хүнтэй адил түвшинд сэтгэж, эрх, эрх чөлөө шаардаж мэднэ. Тухайлбал, орон гэр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сонгох, цэргийн алба хаах, бүр цаашлаад иргэншил олгохыг хүсэх болно. Ийм зүйл хэдийн биеллээ олсон. София нэртэй роботод Саудын Араб улс иргэншил олгосноор анх удаа робот хүнтэй адил эрх эдлэх болсон юм. Хүний хийж чадахгүй олон дахин давтагдах үйлдлийг робот хийж, онгоц, машинаас эхлээд бичил эд ангийг угсарч, асар их зардал хэмнэдэг. Роботын давлагаанд хамгийн ихээр өртөх салбар бол тээврийн салбар. 2030 он гэхэд тээвэр агуулахын үйл ажиллагааны 56 хувийг машин гүйцэтгэх боломжтой болно. Дараа нь үйлдвэрлэл болон жижиглэнгийн худалдааны салбарыг нэрлэжээ. Цаг хугацааны хувьд авч үзвэл, 2027 он гэхэд ачаа тээврийн машинууд автомат жолоодлоготой болж, жижиглэнгийн худалдаа 2031 онд 50-иас доошгүй хувь нь автоматжина. 2049 онд роботууд ном, зохиол туурвиж, 2053 онд мэс засал хийнэ. Энэ мэт AI хөгжүүлэлтийн зах зээл эрчимтэй өөрчлөгдөж байна. Тэгвэл өндөр технологи ашиглан бүтээсэн “уран бүтээлийг” хэн эзэмших вэ гэсэн асуулт олныг эргэлзүүлж байна. Судлаачид үүнд AI сүлжээг зохион бүтээсэн хуулийн этгээд эсвэл хиймэл оюун ухааны систем гэсэн хариулт өгчээ. Хүний оюун санаанаас урган гарсан бүтээлүүд аливаа улсын зохиогчийн эрхээр хамгаалагдсан байдаг. Тэгвэл өнөөдөр хууль тогтоогчид AI сүлжээний субъектив байдлын талаар санал нэгдээгүй. Олон улсад өгөгдлийн бүтээлийг хэрхэн шийдвэрлэж байгааг авч үзье. АНУ-ын хуулийн систем нь AI ашигласан бүтээлийн зохиогчийн эрхийг үгүйсгэсэн хатуу хандлага баримталдаг. АНУ-ын Зохиогчийн эрхийн алба 2023 онд “MidJourney”-ын өгөгдлөөр бүтээсэн “Үүрийн гэгээ” график романы эрхийг хассан. Шүүхээс “Зохиогчийн эрхийг зөвхөн хүн эзэмших ёстой” гэж үзсэн 2018 оны жишигт үндэслэн ийн шийдвэрлэжээ. Олон нийтийг “Сармагчингийн дарсан гэрэл зураг” нэрээр шуугиулсан 2018 оны явдал хуулийн жишиг болон мөрдөгдөж буй нь энэ юм. Европын хууль тогтоогчид AI сүлжээг зохион бүтээгчдийг зохиолчийн эрхтэй гэж хүлээн зөвшөөрч эхэллээ. Герман, Францад хиймэл оюун ухааны системийг хөгжүүлэгчдийн эрхийг хүлээн зөвшөөрөх эсэхийг хэлэлцэж байна. БНХАУ-д хиймэл оюун ухааны бүтээлийн зохиогчийн эрхийн асуудал халуун сэдэв болсон. 2020 онд орон нутгийн шүүх хиймэл оюунаар үүсгэсэн контентын эрхийг зөрчсөн анхны хэргийг хянан хэлэлцжээ. Хэдийгээр алгоритм зохиогч байж чадахгүй ч системийг боловсруулсан компани үүсгэсэн агуулгыг нь хамгаалах хууль ёсны сонирхолтой гэдгийг шүүгч хүлээн зөвшөөрчээ. Японы хууль тогтоогчид хүн ба хиймэл оюун ухааны хоорондох "хамтарсан зохиогчийн" загварыг авч үзсэн. Тус улсын Соёлын яамнаас 2022 онд зохиогчийн эрхийг тодорхойлохдоо хэрэглэгчийн оруулсан бүтээлч хувь нэмрийг үнэлэх зөвлөмж гаргасан юм. Монгол Улстай ижил эх газрын Үндсэн хуультай ОХУ-д зохиогчийн эрхийг "бүтээлчээр бүтээл туурвисан хувь хүн эзэмших ёстой" гэж тодорхойлсон. Энэхүү заалт нь хиймэл оюун ухаанаар үүсгэгдсэн контентын эрхийг хүлээн зөвшөөрөх аргагүйд хүргэдэг. Гэхдээ цаг үеэ дагаад Орост ийм тохиолдлууд гарч байна. Москвагийн Арбитрын шүүх 2024 онд “Reface Technologies”-ийн захиалгаар бүтээсэн жүжигчин Киану Ривсийн бичлэгийг ашигласан хэргээр “Business Analytics” компанид 500 мянган рублийн нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргажээ. Шүүх хиймэл оюун ухааны технологийг ашигласан ч өгөгдлийг зохиогчийн эрхийн объект гэж хүлээн зөвшөөрсөн. Учир нь өгөгдлийг бүтээхэд мэдээлэл сонгох, засварлах зэрэг хүний бүтээлч оролцоо шаардлагатай. Энэ бол Орос улсад хиймэл оюун ухааныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр болсон. Орчин үеийн хиймэл оюун ухааны системүүд тодорхой хүсэлт дээр үндэслэн контент үүсгэдэг. Иймд AI сүлжээнд “Малевичийн хэв маягаар зураг зур” гэж хэлсэн хүнд зохиолчийн эрх олгох нь учир дутагдалтайг хуульчид анхааруулж байна. Ялангуяа арилжааны зорилгоор ашиглах буюу дижитал урлагийн шинэ формат, NFT-тэй холбоотой үед. Бусдын хэв маягт суурилсан хиймэл оюун ухаанаар бүтээсэн бүтээлүүдийг токенжуулсан тохиолдол зохиолчийн эрхийн маргаан үүснэ. AI системээр хөгжүүлсэн өгөгдөлд бүтээлийн тусгай эрх зүйн статус олгох учир дутагдалтай, “Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн” гэсэн тэмдэглэгээ нэвтрүүлэхийг зарим хуульч санал болгожээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонины №020/24647/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна