Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байна


Загварын салбарт шинэ өнгө төрх тодруулах зорилгоор анх удаа зохион байгуулсан “Racing top model” тэмцээний шалгаруулалт өндөрлөж тунаж үлдсэн 32 оролцогчоос  шилдгийн шилдгээр Б.Халиунаа шалгарчээ. Эрч хүчтэй төрх, өөрийгөө илэрхийлэх байдлаараа бусдаас содон байсан тэрбээр мөрөөдлөө биелүүлэх анхны алхмаа энэхүү тэмцээнээр хийж байна.

-Таны амьдралын сонир­холтой нэгэн аялал энэ удаагийн топ модель шал­гаруулах тэмцээнээр эхэлж байна. Анхны алхмаа амжилттай хийгээд урам зоригоор дүүрэн явна уу?
-Өөртөө илүү итгэлтэй боллоо. Үнэнийг хэлэхэд би тийм ч нээлттэй хүн биш. Бага байхаасаа л олон таван үггүй хүүхэд байсан. Тэр болгон дуугараад байхгүй ч сонирхсон зүйлүүддээ цаг зав гаргах дуртай. Бусдын нэгэн адил дуулж, бүжиглэнэ. Ээжийнхээ өндөр өсгийтийг углачихаад тайзан дээр явж байгаа мэтээр өөрийгөө төсөөлнө. Охид шиг ягаан өнгөнд дуртай хүүхэд байсан нь одоо ч хэвээрээ. Дэлгүүрт ороод хувцас сонгохдоо, ахуйн чанартай эд хэрэглэл цуглуулахдаа ч голдуухан ягаан өнгөтэйг нь сонгочих гээд байдаг талтай. Эмэгтэйлэг гэх үү, эсвэл сонирхол юм уу саяхан тэмцээнд оролцохдоо ч ягаан өнгөнөөс салаагүй шүү /инээв/.

-Бүрэг ичимхий байсан таныг юу тайзан дээр гара­хад нөлөөлсөн бэ?

-Итгэл. Гэр бүл, найз нөхөд маань намайг мөрөөдөлдөө хүрч чадна гэж итгэсэн учраас би “Racing top model” тэмцээнд оролцсон. Тэд надтай хамт байсан учраас зоригтойгоор хүмүүсийн өмнө  бикинитэй гарч, өөрийгөө илэрхийлэхийг хүссэн. Бас олдсон боломжийг алдахыг хүсээгүй болохоор камерын өмнө гарсандаа одоо баяртай байна. Мэдээж эхний зураг авалтаас эхлээд мэдэхгүй, чадахгүй зүйл олон байсан. Хичээсэн учраас, зориглосон болохоор эхлүүлсэн ажлынхаа ард гарахыг хүссэн юм. Үр дүнд нь би одоо энэ цомыг гартаа атгаад зогсож байна.

-Таныг БНСУ-д сурдаг гэсэн. Топ модель шалгаруулах тэмцээнд оролцохын тулд Монголд ирсэн юм уу?

-Би нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийг төгсөөд БНСУ-д сурахаар явсан. Эхний жилдээ хэлний бэлтгэлд хамрагдаж үргэлжлүүлэн сонирхсон мэргэжлээрээ сурахыг хүссэн ч чадаагүй. Эрүүл мэндээс шалтгаалан өнгөрсөн жил буцаж ирсэн. Магадгүй тэр үед багаасаа мөрөөдсөн модель болох карьераа эхлүүлье гэж бодсон байх. Тухайн үед юу хийхийг хүсэж байгаагаа ээждээ хэлсэн. Эхэндээ тодорхой хариу хэлээгүй ч намайг дэмжиж байгааг нь мэдсэн учраас эхний шалгаруулалтдаа оролцсон.

-Загварын тайзан дээр гоё, сайхан болгон нь гарчихдаггүй. Тодорхой шаардлага хангаж, багагүй зүйл сурч байж алхах боломж олдоно. Загварын ямар ч мэдлэггүй танд энэ удаа хэн зөвлөж алхаа гишгээгээ жигдлэхэд тусалсан бэ?

-“Андра” академийн багш Б.Жагзмаа, Б.Мөнхчимэг нараас маш их зүйл сурсан. Шалгаруулалтын үед зураг авахад дэргэдээс зөвлөсөн нь надад их нэмэр болсон. Оролцогчдын хэрхэн зургаа ава­хуулахыг харсан учраас тэдэнтэй төстэй байхыг хүсээгүй. Зураг болгоноо өөр өнцгөөс авахуулахын тулд их хичээсэн.

-Анхных гэхэд мотоциклтой авахуулсан зураг чинь тун дажгүй байсан шүү?

-Шалгаруулалтын анхны зургаа авахуулаад фэйсбүүк дээр тавигдахад ээжээс шүүмжлэл сонссон. Төсөөлснөөс нь арай өөр байсан байх л даа. Тухайн үед ах, эгч нар маань ээжид тайлбарлаж ойлгуулснаар тэр яриа удалгүй намжсан. Зургийн хувьд янз бүрийн сэтгэгдэл дагуулсан ч би хувьдаа нэг их хүндээр хүлээж аваагүй. Харин ч “Болох юм байна” гэсэн бодол төрсөн.

-Сонирхон асуухад, зурагт гарсан шивээсийг та нөхцөл байдалдаа тааруулан зуруулсан уу?

-Сорвио нуухын тулд хийлгүүлсэн жинхэнэ шивээс. Солонгост байхдаа хийлгүүлсэн учраас ээж мэдээгүй байсан. Ирээд ёстой балрах дөхсөн. Учир явдлыг маань сонсоод азаар гайгүй өнгөрсөн.

-Үнэнийг хэлэхэд  таныг ягаан далавч, бикинитэй тайзан дээр гарч ирнэ гэж төсөөлөөгүй. Олны жишгээр авьяас номинацад оролцохдоо дуулж, бүжиглэх болов уу гэж бодсон?

-Тэмцээний авьяас номинацад хэрхэн оролцох талаар ээжтэйгээ зөвлөлдөхөд “Хүн бүр дуулж, бүжиглэнэ. Моделиуд юу үзүүлдэг вэ. Түүн шиг байх хэрэгтэй” гэсэн. Тэгээд л  яв ягаан өнгийн далавч, бикинитэй тайзан дээр, үзэгчдийн өмнө гарахаар шийдсэн. Эхэндээ сандарч хүмүүс хэрхэн хүлээн авах бол, шүүгчид хэрхэн дүгнэх бол хэмээн эмээсэн. Ийм бодолтой, бикинитэй олны өмнө алхахад уур амьсгал санаснаас өөр, бүр тэс өөр. Үзэгчид алга ташихыг сонсоод өөртөө илүү итгэлтэй болсон. Энэ ташрамд, надад зориулан шигтгээ болгоныг нь оёсон эгчдээ баярлалаа. 

-Дууны аянд далавч, бики­нитэй алхах таныг ха­раад к-поп од Лиса са­наанд орсон шүү?

-Би “BlackPink” хамтлаг, тэр дундаа Лисагийн дууг сон­сох дур­тай. Түү­­ний “Вик­ториа секрет” шоуны үеэр бикини, да­лавчтай гарч дуулахыг харсан. Түүнээс санаа авч тэмцээний хувцсаа сонгон оёулсан юм. Ихэмсэг хэрнээ өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх түүний төрх хараа булаам байсан.  

-Ээжийнхээ зөвлөснөөр өөр сонголт хийсэн нь бусдаас содон харагдахад нөлөөлжээ. Ээж тань урлагийн хүн үү?

-Манай ээж хүүхдийн эмч, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаад гурван жилийн өмнө тэтгэвэрт гарсан. Аав маань хувиараа бизнес эрхэлдэг. Би айлын бага, хоёр ахтай. Том ах маань хөдөө байдаг. Багаасаа хурдан морь унаж, малд нүдтэй хүүхэд байсан учраас одоо ч сонирхлоо дагаж яваа. Хөдөө ажиллаж, амьдарч байгаад өнгөрсөн жилээс хурдан морь уяж эхэлсэн. Би хотод аав ээж, дунд ахтайгаа хамт амьдардаг. Хүмүүс айлын бага, дээр нь ганц охин гэхээр намайг эрх танхи өссөн гэж боддог ч тийм биш. Хоёр ахтай учраас эршүүд талдаа өссөн.

Ээжийн хувьд миний хамгийн том дэмжигч бас зөвлөх. Гадаадын бичлэгүүдийг үзчихээд над руу зургуудыг нь явуулдаг.Хэдийгээр ээж маань загварын салбарын хүн биш ч маш мэдрэмжтэй.  Миний хамгийн дотнын зөвлөгч байж чаддаг.

-Тэмцээний ялагчийг зарлах өдөр олон улсын тэмцээн болоод хөл хөдөлгөөнтэй байсан. Үүний зэрэгцээ топ модель болохоор тэсэн ядан хүлээж байгаа та бүхэн ч хүлээлт ихтэй байгаа харагдсан?

-Дрифтийн спортыг 2021 онд Дархан-Уул аймагт явж байгаад анх удаа үзсэн. Их халуун өдөр байсан ч нэг их түүртээгүй. Сонирхолтой санагдаж өөрийн эрхгүй сэтгэл хөдөлсөн. Залуусын тоноглосон автомашинуудыг уран жолоодохыг хараад адреналин ялгардаг юм билээ. Түүнээс хойш дрифтийг тодорхой түвшинд сонирхож эхэлсэн. Энэ удаагийн шалгаруулалтад оролцоход энэ бас нөлөөлсөн гэж бодож байна. Яг тэмцээний ялагчийг тодруулдаг өдөр машин, мотоциклийн  нүргээн, хү­мүү­сийн хөөрч доргиж бай­гаа илэрхийллийг хараад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй байсан. Тийм уур амьсгалтай орчин нөхцөлд ягаан далавчтайгаа гарахад үзэгчид их халуун дотноор хүлээж авсан. Гар утсаараа зураг авч, алга ташаад ирэхээр хүн өөрийн эрхгүй урам авдаг юм билээ. 

-Аялал болгон дурсамж үлдээдэг шиг энэ тэмцээн ч танд олон боломжийн үүд хаалгыг нээсэн байх?

-Тэмцээн уралдаанд оролцож байгаа хэн ч “Чадна, түрүүлнэ” гэсэн зорилготой байдаг. Би ч гэсэн адилхан. Гэхдээ яг тэмцээний шилд­гээр намайг шалгарсан гэж зарлахад итгэж өгөөгүй. Тулгамдаад юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа. Хамгийн гол нь энэ тэмцээнд оролц­соноор надад олон боломж нээгдсэн. Залуучууд голдуу хамт олны нэг хэсэг болж тэднээс их зүйл сурсан. Бас найзуудынхаа хүрээллийг нэмсэн. Өөрийгөө илүү хөг­жүүлэх ёстой юм байна гэж бодсон. Карьерынхаа эхлэлийг амжилттай тавьж чадсандаа баяртай байна. Одоо би “Мисс Монголиа” тэмцээнд оролцохоор бэлдэж байна. Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байна.

-Ярилцсанд баярлалаа.    

 Б.Сэлэнгэ

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №020/24647/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 9 цагийн өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 13 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 14 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 16 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр