Бүрэн бусын онолч


Монголын Уран зургийн галерей хаврын сүүлчийн сарыг үзэгчдийн цуваа, уран бүтээлчдийн халуун яриатай үдлээ. Тэр дундаа Д.Дорждэрэмийн бие даасан үзэсгэлэн Монголын урлаг, соёлын онцлох үйл явдал болж байна. Энэ бол өөрийгөө уран бүтээлээрээ илэрхийлж ирсэн 25 жилийн замналд үзэл санаа, агуулгын цоо шинэ үргэлжлэл. Агуу математикч Курт Гёделийн “Бүрэн бусын теоремууд”-аас эш татан нэрлэсэн эл үзэсгэлэнгээрээ тэрбээр тайлахыг оролдсон цаг хугацааны хэлхээс, талархал, тайвшрал, зүй тогтлуудыг илэрхийлжээ. Д.Дорждэрэм бол ультра контемпорари уран бүтээлч, олон нийтэд баримлаар илүүтэй танигдсан. Уран бүтээлчийн өгөгдөл, зүй тогтлыг шүтэн, ухамсартай, ухамсаргүйн заагт орших оюун санаа, хүн төрөлхтний онцлогийг орчин үеийн баримал, зураг, абстракт, холимог техник зэрэг олон төрлөөр илэрхийлж хэв маягт баригдсангүй. Байгалийн хэрнээ туйлширсан, зөөлөн атлаа хүч чадал дүүрэн ухаалаг хэрнээ зоригтой сүнслэг атлаа орчин үеийн эдгээр бүтээлүүд нь сонгодог дүр төрх, сюрреалист агуулгатай.

“Бүтээлүүд маань надаас урган гарсан ч өөр өөрийн эзэн, орчин нөхцөлтэй”

Д.Дорждэрэм  1981 онд хүндийн өргөлтийн тамирчин Ц.Даваагийн ууган хүү болон Улаанбаатар хотод мэндэлжээ. Социалист тогтолцоот нийгэмд бага насаа өнгөрүүлж, ардчилсан нийгмийн шилжилтийн үеэр өсвөр насны босгыг давахдаа урлагт дурлав. Хүн бүр хүүхэд насныхаа дурдатгалыг өчигдрийн үйл явдал шиг тодорхой санадаггүй. Гэхдээ аль таван настайдаа баримлын шавраар морины  дүрс гаргаснаа уран бүтээлч одоо ч мартдаггүй. Энэ бол өөрийгөө илэрхийлэх гэсэн  анхны оролдлого байв. Тэр цагаас л урлагт дурлан, хүсэл мөрөөдлөө зориулсан тухайгаа “Би багадаа их ганцаардмал хүүхэд байв. Гурван дүүтэй ч яаж ийж байгаад л нэг газар очоод ганцаараа суучихдаг, хүүхдүүдтэй тэр бүр тоглохгүй. Багаас хамт байсан тэр ганцаардал намайг уран бүтээлчийн зам руу хөтөлсөн болов уу. Дөрвөн настайдаа биеийнхээ талтай тэнцэх хэмжээтэй морийг баримлын шавраар хийж билээ. Хүмүүс мундаг барималчин болох хүүхэд гэж магтаад л. Тэгэхэд өөрийгөө барималчин юм байна гэж бодсон” гэж дурсдаг. Зураач,  барималч болохоор шийдэн ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Үйлдвэр урлалын коллеж, Дүрслэх урлагийн дээд сургуульд боловсрол эзэмшин, мэргэжлийн уран бүтээлчийн гараагаа тавьжээ. Түүний бүтээлүүдээс Монголын Уран зургийн галерейн сан хөмрөг, Япон улсын Азийн урлагийн музей зэрэг гадна дотнын олон цуглуулагчдад хадгалагдаж байна. Азийн орчин үеийн урлагийн музейд буй бүтээлүүдээ тэрбээр “Байх ёстой газраа очсон” гэж  үздэг.  Сингапурын урлагийн музей 2008 онд зохион байгуулсан "Oнцлох бүтээлийн уралдаан"-д түүний “Орон зай дахь дуу хоолой” бүтээл олон нийтийн санал хураалтаар тэргүүлж, "People's Choice Award" шагнал хүртсэн. Уг  бүтээл нь Д.Дорждэрэм хэмээх хувь авьяастнаас гадна уламжлалт сэдвээс илүү уламжлалт бус илэрхийллийг түлхүү авч үздэг Монголын шинэ үеийн залуу уран бүтээлчдийн чадавхыг харуулсан юм. Тэрбээр  2009 онд Герман, Итали  улсад бүтээлээ танилцуулж, хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцон, өөрийнхөө туурвилч процессыг хөгжүүлсэн. Харин өдгөө урьд барьж авч байсан концепцоо илүү төгөлдөржүүлэхийг хичээх болжээ. Түүний “Орон зайд” бүтээл нь 2024 оны Монгол Улсын шилдэг бүтээлээр нэрлэгдэж, Уран зургийн галерейн сан хөмрөгт үлджээ. Уран бүтээлч сэтгэлгээгээ мэдэрч өссөн учраас одоог хүртэл урлагт үнэнч зүтгэсээр. Цар тахлын өдрүүдэд “Хөл хорьсон ч сэтгэл хорьж чадахгүй” хэмээн хаалттай галерейн орон зайд хамгаалалтын хувцастай шинэ уран бүтээлээ туурвиж байсан удаатай.   Тэрбээр “Зөвхөн зураг гэлтгүй, миний баримал, инстоляц надаас төрсөн оюун санааны хүүхдүүд минь. Би түүнд зориулж, тэрний, энэний төлөө гэж зурдаггүй. Миний бодлоор бүтээл туурвина гэдэг жирэмсэн болохтой адил. Санаа эхлээд орж ирнэ, дотроо бодож, боловсруулж удаан явна. Тэгээд нэг л өдөр дотроос тэсрэх мэт гарч ирдэг. Хорвоо дээр байгаа бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой юм шиг санагддаг. Бүтээлүүд маань надаас урган гарсан ч өөр өөрийн эзэн, орчин нөхцөлтэй” хэмээв.

Цаг хугацааны хэлхээс

Д.Дорждэрэм Монголын орчин үеийн урлагийн “Хөх нар”  төвийн гишүүн. Тэр бол Монголын уран баримлын орон зайд шинэ эхлэл тавьсан уран бүтээлч. Бид байгальтай нягт холбоотой, ойрхон  амьдардаг нүүдлийн соёлоороо алдартай бас гайхуулах дуртай. Авчиг органик бодисыг шинэлэг байдлаар орчин үеийн урлагт төдийлөн ашигладаггүйд шүүмжлэлттэй ханддаг. Иймд амьтны арьс, шир, эвэр зэрэг жинхэнэ нүүдэлчин ахуйн материалыг түгээмэл ашиглахыг зорьдог байна. Ингэхдээ байгалийн бүтэц, хэлбэр, уян хатан чанарыг өөрчлөлгүй бүтээлдээ шингээдгээрээ онцлог. Тухайлбал, аргалийн эврээр спираль хэлбэртэй хүний амьдралыг бэлгэджээ. Байгалийг илүү ойроос харж, өвөрмөцөөр дүрслэх нь орчин үеийн урлаг шинэ сэтгэлгээний арга барилыг эрэлхийлж буйг батлах мэт.  “Эргэн тойрноо сайтар ажиглавал хүмүүсийн дүр төрх, хөдөлгөөн эсвэл зан араншингаас нь амьтанлаг шинжийг харж болно. Бид эвэргүй л болохоос адилхан амьтан. Нөгөө талаас яривал тэдгээр нь цаг хугацааг илэрхийлдэг. Тухайн амьтан том болж, өсөх тусам эвэр нь ургана. Эвэрний эрчлээсүүд бол цаг хугацаа, дурсамжийн тойрог. Өөрөөр хэлбэл, хүний үзэж туулсан зүйлс, өнгөрүүлсэн цаг хугацааг хэсэг хэсгээр нь CD дээр хуулахад том цомог болно доо. Тэр бүгдийг зэрэгцүүлээд тавибал яг л эвэрний эрчлээс шиг харагдана. Миний ихэнх бүтээлийн гол сэдэв бол цаг хугацааны хэлхээс, дурсамж. Сүүлийн үед Монголд контемпорари буюу орчин үеийн урлаг эрчимтэй хөгжиж байна. Миний өвөөгийн амьдарч байсан үеийг одоотой харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай. Хэрэглээнээс эхлээд хүмүүсийн үзэл бодол, сэтгэлгээ нь тэс өөр. Ийм нөхцөлд контемпорари урлаг орших нь зайлшгүй. Гаднаас нь хараад гарын үзүүрээр хийчихмээр, эсвэл баахан хог новш овоолчихож байна гэж ойлгодог хүмүүс үзэгчдийн төдийгүй бидний дотор ч байх юм” гэж уран бүтээлийн үзэл санаагаа тодорхойлсон. Уран бүтээлч хүний түүх бол бүтээлүүд нь. Бэлгэ тэмдгийн бүтээлүүдээрээ уран бүтээлчийн үзэл бодол, егөөдлийг илэрхийлжээ. Үзэгчийн уран сэтгэмжийн мэдрэмж, тайлах, ойлгох төрөлхийн сониуч занг өдөөнө. Мөн одоо цагт бид юу мэдэрч, ойлгож буйг орчин үеийн сэтгэлгээгээр өөрийн бодол санаагаа дэвшүүлэн харуулсан бөгөөд нийгэм чам руу чиглэсэн бай, харин орон зай ба байгальд дүрвэгсэд хэрхэн оршихыг түүний бүтээлүүдэд хүүрнэх мэт.


Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №020/24647/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 9 цагийн өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 13 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 14 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 17 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр