Дэлхийн энергийн гурван төвийн хоёр нь Монголд байдаг гэж бодохоор гайхамшигтай. Бас бахархам. Монголд байдаг энергийн хоёр төв бол Хамарын хийд, Дэмчигийн хийд. Эдгээр газрыг зорих дотоод, гадаадын жуулчдын цуваа бүх цаг үед тасрахгүй. Ялангуяа, сүсэгтэн олонд зориулан зохион байгуулдаг шашны наадам болдог ес, мөн сакүра цэцэглэдэг тавдугаар сар оргил үе нь гэж болно. Энэ л жишгээр гэр бүл болон найзуудын хамт ноён хутагт Д.Данзанравжаагийн өлгий нутаг, дэлхийн энергийн төв Шамбалын орныг зорин очиж бие, сэтгэлээ ариусган, төрийн тахилгат Ханбаянзүрх хайрханд мөргөж хамаг бүхнээ даатган залбирсан тухайгаа сийрүүллээ.
Бид алдарт Хамарын хийдийг тавдугаар сарын 23-нд зорьсон юм. Энерги авах гол зорилгоос гадна хүн бүр дотроо давхар хүсэл өвөртлөөстэй. Бидний аяллын хугацаа сакүра цэцэглэдэг сар шувтрах үе хэдий ч би дотроо битүүхэн горьдож байсан бол нөхөр нар мандахыг харж, уухайлах хүсэл тээгээстэй. Харин хүү хүслийн жагсаалтаа цээжилж, охин хөл нүцгэн гүйх тухай ярьж зам хоргооно.
Ийн ойр зуур хөөрөлдөн хөгжилдөж давхисаар. Давхих ч гэждээ яг үнэндээ зарим хэсэгтээ зам үнэхээр “там” байв. Багахангай дүүргээс цааш Говьсүмбэр аймаг хүртэлх нэг хэсэг газар хагарсан, цоорхой ихтэй байсан нь жолооч төдийгүй зорчигч бүрийг тухгүйдүүлж байлаа. Зам сүйтгэгчээр тасралтгүй цувах хүнд даацын автомашинуудыг нэрлэж болохоор. Харин үүний цаана энэ мэт ачааллыг тооцож, автозамаа чанартай барьж байгуулах асуудал хөндөгдөх нь гарцаагүй.
Зам сайхан, машин асуудалгүй бол зорьсон газартаа саадгүй хүрнэ гэдэг дээ. Зам нийтээрээ бус нэг хэсэгтээ л хэцүү байсан тул төлөвлөсөн ёсоор зорьсон газартаа ирлээ. Яг тэр мөчид ургахын улаан наран биднийг тосон мэлтийх нь нүд баясгаж, сэтгэл сэргээм байв. Дүр төрхийг нь үгээр тодорхойлоход ямар ч үг, өгүүлбэр жулдана. Бас буруу харахын зуургүй ургахын улаан наран өнгөө шараар сольсон тул тэрхүү мөчийг утасныхаа камерт бус нүд, сэтгэлдээ буулган үлдээв. Тийм гоё зураглал, ийм сайхан мэдрэмжийг хүн бүр мэдэрч, харахыг хүсэхээс ч аргагүй юм.
Энергийн төвийн хүйс цэг ба бурхны мэлмийн хүч
Ингээд бид гол зорилгодоо буюу энерги авах, эргэл мөргөл хийх ажилдаа орсон юм. Шамбалын орон руу орохоос өгсүүлээд гарах хүртэлх хэсэг бүгд утга учиртай бөгөөд явах дараалалтай. Эхлээд “Шамбалын орны үүд” хэмээн нэрлэгддэг бурхны мэлмийг дүрсэлсэн хэсэгт очно. Үүнийг дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээдэг байна. Мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгадаг бөгөөд энэ нь засал ном уншуулаагүй хүмүүст засал болдог гэнэ.
Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээдэг тул бодлоо төвлөрүүлж, мэлмийг ширтэх учиртай аж. Ширтэн зогсоход ямартай ч хоёр хөмсөгний хоорон дахь цагариг эргэж буй мэт санагдав. Үүнээс гадна нүд ирмэх, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох мэт мэдрэмж төрвөл энерги сайтай, хэрэв, тийм мэдрэмж төрөхгүй байвал Шамбалын орноос энерги сайн хуримтлуулах хэрэгтэй гэж айлддаг байна.
Үүний дараа “Хилэнцийг арилгах алтан хаалга”-аар ороход “Бирдийн ходоод” нэртэй чулуун овоолго байх бөгөөд өөрийн үйлдсэн гэм нүглийг цаасан дээр бичиж шатаасны дараа “Хүслийн хар уул”-ын зүгт цувран байрлах чулуун тойрог бүхий гурван газарт архи, сүү, будаагаа өргөлөө. Цааш явж, энергийн тахилын найман хундаганд авч ирсэн цэвэр усаа дусааж, энергижүүлдэг бөгөөд түүнийгээ бусадтай хуваалцаж, энерги дамжуулдаг байна.
Суварган хүрээний дотор хүрэн улаан чулуу бүхий гэрийн буурь шиг тойрог байх бөгөөд энэ нь энергийн төвийн хүйс цэг. Мөргөлчид гутлаа тайлан тухайн хэсэгт гарч, завилан сууж бясалгах, хэвтэж хөрвөөх зэргээр энерги авахаас гадна ар гэрийхэн болон найз нөхөд рүүгээ утсаар ярьж, энерги дамжуулж байлаа.
Дараа нь энергийн төвийн хүйс цэгийн зүүн хойд тал дахь овоон дээр гарч энерги авахын зэрэгцээ Д.Данзанравжаагийн зохиосон “Үлэмжийн чанар” дууг бүтэн дуулах учиртай. Овоон дээр гарсан мөргөлчидтэй хамт, хөшөөн дээр сийлсэн дууны үгийг харж дуулсан хэдий ч энэ нь надад хүндхэн даалгавар мэт санагдав.
Шамбалын оронд очсон хүн бүр газраас цагаан чулуу авч, жил, овог, нэрээ шившин өргөдөг юм билээ. Энэ нь тус газарт хүрэлцэн ирснээ дуулгаж буй дом аж. Ингээд Шамбалын орны “Мөнгөн хаалга”-аар гарснаар эргэл мөргөл дууссан юм. Гэхдээ аялал өндөрлөх болоогүй.
Умайн агуй ба сакүра хөндийн түүх
Хамарын хийдээс хоёр орчим км газарт Д.Данзанравжаа болон түүний шавь нарын бясалган суудаг, бүтээл туурвидаг байсан агуйнууд, мөн эхийн умай, өвчин эмгэг арилгагч хэмээн шүтэж биширдэг хаднууд байлаа. Мөн өнөөх үзэсгэлэнт сакүра цэцгийн хөндий ч байх нь тэр. Ихэвчлэн тавдугаар сарын эхээр цэцэглэдэг ч тухайн өдрүүдэд хүйтэн байсан тул биднийг очих үед цэцэглэх дүр төрхөө дөнгөж бүрдүүлж байлаа. Сакүран хөндий бий болсон түүх их сонирхолтой юм билээ.
Ноён хутагт Д.Данзанравжаа Монголоос гадна Манж, Төвөд зэрэг газраар аялан ном хаялцаж, эрдэм авьяасаа ард олонд түгээхийн зэрэгцээ од хэлбэрт зэвсгийг гаргууд эзэмшсэн гэдэг. Нэгэн удаа модны мөчрийг од шидэн тасар татахыг харсан нэгэн самүрай хутагтыг биширч, гурван жил Шамбалын оронд шавилан суусан ч тэрхүү эрдмийг нь сурч чадаагүй аж.
Харин нутаг буцахынхаа өмнө багшдаа бэлэг болгон сакүра тарин ургуулсан нь өдгөө Хамарын хийдийг зорих хүмүүсийн бас нэгэн шалтгаан болжээ.
Тухайн хэсэгт байрлах эхийн умайн хэлбэртэй агуйгаар орж гарахад дахин төрсөн мэт сэтгэгдэл төрж, ариуслыг олдог гэж үздэг байна. Дараа нь гар гараасаа барьж, доош буух бөгөөд энэ нь номын анд нөхөр болсон гэсэн утгатай. Мөн тэр хэсгийн улаан хүрэн хаданд биеэ наан үрж, өвчин зовлонгоо эдгээхийг даатгав.
Түүнчлэн Хамарын хийдийг зорин очсон эмэгтэйчүүд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэж “Мөөм овоо”-нд сүү өргөдөг байна. Гэхдээ үнэндээ “Мөөм овоо” бүсгүйчүүдийн хүслийн сүүнд дарагдан дагтаршиж, зөөлөн салхинд сүүний эвгүй үнэр сэнхийх нь аврал эрсэн дохио мэт. Тиймээс “Мөөм овоо”-г угааж цэвэрлэн цаашид сүү өргөхгүйгээр сүслэн залбирдаг болоосой гэсэн бодол тээн дараагийн газар руугаа мордсон юм.
Баянзүрх хайрхан ба хүүгийн хүслийн жагсаалт
Хамгийн сүүлд Хамарын хийдээс 20 гаруй км зайд орших Хүслийн хар уул буюу Баянзүрх хайрхан руу очлоо. Хайрхны бэлд байгалийн боржин чулуугаар хийсэн дөрвөн метр өндөр Бурхан багшийн хөшөөг босгосон байв. Мөн хайрхан руу гарах замыг нь засаж, шат тавихын зэрэгцээ түр амрах цэгүүдийг барьж байгуулсан харагдлаа. Харагдлаа гэсний учир нь тахилгатай хайрхны оргилд зөвхөн эрэгтэйчүүд гарч, овоонд нь сархад өргөн залбирдаг бөгөөд энэхүү уламжлалыг эрчүүд маань гүйцэтгэсэн юм.
Харин эмэгтэйчүүд хайрхны дунд болон бэл хэсэгт байрлах газруудад мөргөл хийж, хүсэл юугаа даатган залбирлаа. Тэр хэсэгт хүүхэдгүй хүмүүс хүүхэд гуйж, идээ будаа өргөдөг “Хүүхдийн овоо” байлаа.
Баянзүрх хайрханд хүслээ бичиж, шатаах тусгайлан бэлтгэсэн хэсэг бий. Хүүгийн хүсэж, зорьж ирсэн шалтгаан энэ. Хүн ихтэй бас ширүүхэн салхитай байсан тул тэнд нэлээд урт дараалал үүсэв. Харин энэ нь хүүд давуу тал болж, тухлан сууж, хүслийн жагсаалтаа эхлүүлсэн юм.
Алсыг ширтэнгээ бодож, “Аа тийн” гээд л инээмсгэлэн хичээнгүйлэн бичих нь хүмүүсийн хайрыг татаж, “Энэ хүүгийн хүсэл биелнэ ээ” гэх ерөөлийн үгэнд илүү их урамшиж, улам хичээнгүйлэн бичих хүү минь өхөөрдөм байлаа.
Хан Баянзүрх хайрхан төрийн тахилгат уулуудын нэг бөгөөд нутгийнхан нь үүнийг Хүслийн уул, Хар уул зэргээр нэрийдэн тахин шүтэж иржээ. Хан гэдэг нь эл хайрханд олгосон цол бөгөөд Монгол оронд хан, богд, гүн, бээл, бэйс, зайсан зэрэг цол өргөмжилсөн 120 орчим уул байдаг аж.
Ноён хутагт ба Шамбалын орны учир
Хамарын хийд байрлаж буй Дорноговь аймаг говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн /1803-1856/ өлгий нутаг. Ноён хутагт 1820 оноос Хамарын хийд, Чойлонгийн хийд, Бүрдэний хийд зэргийг байгуулж, 1840-өөд оноос Улаан сахиусны хийд, Цагаан толгойн хийд, Дэмчигийн хийд зэргийг үндэслэж, мөн театр, номын сан, сургууль зэргийг ч санаачлан барьж байгуулсан, Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийн анхдагч гэгддэг. Одоо мэдэгдэж буй түүний уран бүтээлийн тухайд, 100 гаруй дуу, 300 гаруй яруу найраг, олон арван дэвтэр жүжгийн зохиол, гүн ухааны боть, шашны зан үйлийн бүтээл, уран зургууд бий.
Ноён хутагт Д.Данзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайлган Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьж байжээ. Шамбал гэдэг нь мунхаг харанхуй, аминч үзлийн үндсийг таслан сэтгэлийн гэгээрэлд хүрэх оюуны орон гэсэн утгатай бөгөөд зөвхөн сүнс, оюун санаагаараа очиж чадах аж. Шамбалын орныг 2007 онд сэргээж, 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залжээ.
Ийн бид говийн ноён хутагт Д. Данзанравжаа хэмээх агуу хүний өлгий нутагт хөл тавьж, дэлхийн энергийн төв Хамарын хийдэд морилон саатаж, энерги авч, Хан Баянзүрх хайрханд хамаг бүхнээ даатган сүслэн залбирсан нь их буян заяа буюу.
Уншигч та энэ газрыг зорихоор төлөвлөж байвал эргэл мөргөл хийхэд хэрэглэх арц, хүж, сүү, цэвэр ус, архи, арвайбуудай, хүсэл бичих бал, цаас шүдэнз зэргийг бэлтгэн авч явахыг зөвлөж байна. Мөн энэ ташрамд нэгэн зүйлийг онцлон дуулгахад, энергийн төв рүү нэвтрэхэд монгол хүн 2000, гадаадын иргэн 5000 төгрөг төлж байсан нь хаа сайгүй бүх юмны үнэ тэнгэрт хадаж буй энэ цаг үед арай л бага мэт. Бас цаашид байгаагаа илүү сайн арчиж тордох, байхгүйгээ шинээр барьж байгуулан дэлхийн энергийн төвөө олон улсын аялал жуулчлалын төв болгох боломж дүүрэн санагдав.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонины №020/24647/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна