-ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙД-
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойг угтаж МЗЭ-ийн Хөвсгөл аймаг дахь Утга зохиолын нэгдэл, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ, ЗДТГ хамтран “Сэтгэл шувуу” яруу найргийн наадмыг долдугаар сарын 4-нд зохион байгуулахаар боллоо. “Сэтгэл шувуу” яруу найргийн наадмаар тус сумын уул ус, ард түмнийг яруу үгийн дээдээр баясгах, яруу найргийн өв санг баяжуулах, түгээн дэлгэрүүлэхийг зорьжээ.
Төмөрбулаг сум баатруудын өлгий нутаг. Энэ нутгаас Улсын Баатар Л.Даваадорж, Д.Гунгаа, Хөдөлмөрийн баатар Б.Ёндонжамц, “Монос” группын захирал Л.Хүрэлбаатар , П.Цагаач тэргүүтэй олон баатрууд төрж гарсан байдаг. Мөн эрдэмтэн мэргэд, алдартан, авьяастнуудаараа энэ нутаг зартай. Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярын аав Санжаа, Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, нэрт хөгжмийн зохиолч Ж.Жаргалсайхан гээд олон алдартан энэ нутгаар овоглодог.
Тэдний нэг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Найдангийн Цагаач. “Монголын үнэн” сонинд ажиллаж байхдаа нэрт соён гэгээрүүлэгч, Хөдөлмөрийн баатар, сэтгүүлч Л.Түдэвтэй ханилан гал голомтоо бадраасан түүхтэй.
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Н.Цагаач гуай энэ насны амьдралаа гэр бүл, хань ижил, эрдмийн ажилд зориулсан хүн. Түүний талаар “Найдангийн Цагаач бол дэлхийд танигдсан номын сангийн мэргэжилтэн, аргазүйч, Олон улсын номын санчдын холбооны бие даасан гишүүн бөгөөд дэлхийн номын сангийн дэвшилтэт арга технологи, шинэ соёлыг Монголдоо түгээн дэлгэрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн нийгэм соёлын зүтгэлтэн, нэрт соён гэгээрүүлэгч юм” гэж судлаачид дүгнэсэн байдаг.
Тэрбээр 1965 онд Улсын төв номын санд /хуучин нэрээр/ Хүүхдийн уншлагын танхимын номын санчаар ажилд оржээ. Улмаар Ном бүрдүүлэх солилцооны номын санч, хэлтсийн дарга, номын сангийн дарга, захирлын албан тушаалд дэвшин 30-аад жил ажиллажээ. Өндөр насны тэтгэвэртээ гарсны дараагаар Анагаах ухааны их сургуулийн номын сангийн даргаар ажиллахдаа олон улсын стандартыг нэвтрүүлэхийн төлөө олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна.
Монголын оюуны өргөө, номын ертөнцөд насаараа ажиллахдаа тэрбээр эрдэмтэн зохиолч Л.Түдэвийнхээ мэдлэг оюуныг тэлэхэд өөрийн чадах мэдэхээр ямагт тусалж ирсэн байдаг. Өнөөдөр Н.Цагаач хэмээх эрхэм хүмүүний үлдээсэн номон суваргууд, дэлхийн хөгжлийг Монголдоо авчирч нутагшуулсан номын сангийн цахим шинэчлэл, шинээр хэвшүүлсэн соёлууд эзнийхээ тухай ихийг ярьж, олныг тодотгосоор байгаа юм.
Энэ онд “Монголын үнэн” сонины 105 жилийн ой, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ой тохиож байна. Тиймээс Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд зохион байгуулах “Сэтгэл шувуу” яруу найргийн наадмыг “Монголын үнэн” сонин хамтран зохион байгуулж, тэргүүн байр эзэлсэн яруу найрагч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлэн Н.Цагаачийн нэрэмжит шагналыг гардан авах юм.
Ингээд МЗЭ-ийн Хөвсгөл аймаг дахь Утга зохиолын нэгдлийн тэргүүн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Сарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-“Сэтгэл шувуу” яруу найргийн наадмыг хэд дэх жилдээ зохион байгуулж байна вэ?
-Би Хөвсгөл аймгийн Утга зохиолын нэгдлийн даргаар 18 дахь жилдээ ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд улсын хэмжээний яруу найргийн тав дахь наадмаа “Сэтгэл шувуу” нэртэйгээр санаачлан зохион байгуулахаар ажиллаж байна. Хамгийн анхны улсын хэмжээний яруу найргийн наадмаа 2010 онд “Б.Чингүнжав: Тусгаар тогтнол, газар шороо” нэртэйгээр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулж байлаа.
Энэ яруу найргийн наадамд 30 гаруй яруу найрагчид оролцсон юм. Дараагийн наадам 2012 онд академич Б.Ширэндэв гуайн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Тархинаас ургасан суут ухаан” нэртэйгээр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд, 2015 онд “Алунгоо хатан ижий – Эв нэгдэл” улсын хэмжээний яруу найргийн наадмаа Улаанбаатар хотод тус тус зохион байгуулсан. Хөвсгөл аймгийн Утга зохиолын нэгдлийн түүхт 70 жилийн ойг сурталчилж, тэмдэглэн өнгөрүүлэх жилийн үйл ажиллагааны хүрээнд улсын хэмжээний “Эртний сэтгэл” яруу найргийн наадмыг Хөвсгөл далайн эрэгт зохион байгууллаа.
Энэ жил Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд “Сэтгэл шувуу” тав дахь наадмаа зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум бол дайчин хөдөлмөрч ард түмнээрээ алдартай, байгалийн үзэсгэлэн бүрдсэн түүх домгийн өлгий болсон нутаг. Энэ сайхан нутагт маань нутаг нутгийн яруу найрагчид хуран чуулж утга яруу шүлэг найргаа дуудах гэж байгаад нутгийн зон олон маань маш их баяртай байгаа. Улсын хэмжээний яруу найргийн наадмыг Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батбаяр гээд олон байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс дэмжиж байгаа.
Мөн эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгчдийг эгнээнээсээ төрүүлж, олноо танилцуулж, улс орныхоо 105 жилийн түүхийг баринтаглан хадгалсан Монголын анхны тогтмол хэвлэл “Монголын үнэн” сонин хамтарч ажиллаж байгаад баяртай байна.
-Энэ удаагийн яруу найргийн наадмын нэр сонирхол татлаа. Яагаад “Сэтгэл шувуу” гэж нэрлэсэн бэ?
-Би 2010 онд “Сэтгэл шувуу” яруу найргийн номоо хэвлүүлж байлаа. Манай сумаас олон яруу найрагч, зохиолч төрөн гарсан байдаг. Тухайлбал, Ядамын Данзан гэж гайхалтай яруу найрагч байлаа. Нэрт соён гэгээрүүлэгч Лодонгийн Түдэв агсны гэргий МУСГЗ Найдангийн Цагаач гуай манай нутгийнх. Бидний үеэс дурдахад “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Болорцэрэн гээд нутгаас угшилтай сайхан яруу найрагч байна. "Сэтгэл шувуу” яруу найргийн наадам маань Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумынхаа 100 жилийн ойд өргөж байгаа бэлэг юм.
-Яруу найргийн наадмын шалгаруулалтыг яаж зохион байгуулах вэ?
-Шүлгийн сэдэв чөлөөтэй. ”Сэтгэл шувуу” яруу найргийн наадамд оролцох найрагчид тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл гурван шинэ шүлгээ utgazohiolkh@gmail.com хаягаар ирүүлнэ. Шалгарсан 20 яруу найрагчийг наадамд урьж оролцуулна. Шагналын сангийн тухайд нийт таван байр, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Мөн зохион байгуулагчийн нэрэмжит шагналыг таван яруу найрагчид олгоно.
Н.Энх
Эх сурвалж: Монголын үнэн сонины №020/24647/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна