Эрэлхэг нисгэгчдийн яруу алдар
Эх орныхоо алтан хөрснөөс цацарна
Эргэх дэлхийн өнцөг бүрд түгж
Эрхт түүхийн хуудсыг бүтээжээ. Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Монголын нисэх хүчний нэгэн зууны замнал бол өөдөө тэмүүлсэн амжилт, өсөн дэвжсэн алдрын түүх юм. Энэ түүх бол Монгол Улс тусгаар тогтнолоо бататгах, эх орноо батлан хамгаалах их үйлс, дайны дараах сэргээн босголт, социализмын үеийн эдийн засаг, соёлын их бүтээн байгуулалт, ардчилал шинэчлэлийн амжилт ололтын салшгүй хэсэг билээ. Монгол Улсын нисэхийн салбарынхан шинэ зууныхаа түүхийг “Нисэх хүчин-100 жил” агаарын шоугаар эхлүүлсэн юм. Энэ үеэр байлдааны “МиГ-29” онгоцны үзүүлбэр, шүхрийн үзүүлбэр, цэргийн ёслолын парад, агаарын хөлгийн үзүүлбэр, иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаатай танилцах, “Нисэх-100” үзэсгэлэн, нисэх загварын тэмцээн, урлагийн тоглолтоос бүрдсэн бүтэн өдрийн шоу арга хэмжээ болсныг гэрэл зургийн дуранд буулган сурвалжиллаа. Монголын цэлмэг хөх тэнгэрт үргэлжлэх иргэний нисэхийн шинэ зууны түүхэн замнал сайн үйлс, салбарын амжилтаар дүүрэн, сүүн цагаан мөртэй байх болтугай.
Т.Чимгээ
Эх сурвалж: Монголын үнэн сонины №020/24647/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна