Вашингтоны танилцуулсан пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ систем болох “Алтан бөмбөгөр” төслийг ОХУ, БНХАУ руу чиглэсэн гэж олон улсын хэвлэлүүд онцоллоо. Ерөнхийлөгч Трампын мэдэгдсэнээр шинэ системийг гурван жилийн дотор гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэ бол АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейганы эхлүүлсэн түүхэн төсөл юм. АНУ-ын Конгресс Ерөнхийлөгчийн дотоод бодлогын тухай хуулийн төслийг батлан, пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ системийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг хуваарилахаар төлөвлөжээ. Төслийг АНУ-ын сансрын хүчний генерал Майкл Гетлейн удирдаж байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, энэ бол тойрог замд хэт авиан болон далавчит пуужингуудыг устгах лазераар тоноглогдсон 400-1000 хиймэл дагуулаас бүрдэх систем. Иймд “Алтан бөмбөгөр”-ийг зөвхөн хамгаалалтын зорилгоор ашиглахаа Цагаан ордны тэргүүн мэдэгдлээ.
Батлан хамгаалах салбараас илүү Цахиурын хөндийтэй холбоотой
Дэлхийн түүхэнд анх удаа сансарт зэвсэг байрлуулах том амбицаа Трамп анхны бүрэн эрхийнхээ үед гаргасан ч хэрэгжүүлж чадаагүй. Харин 2025 онд засгийн эрхэнд эргэн ирснийхээ дараа пуужингийн довтолгооноос хамгаалах системийг бий болгох тухай зарлигт гарын үсэг зуржээ. CNN агентлагийн уламжилж буйгаар Цагаан ордон Америкийн чадавхыг өргөжүүлэх, Израилын “Төмөр бөмбөгөр”-ийг техникийн үзүүлэлтээрээ гүйцэх үүргийг цэргийнхэндээ өгсөн байна. Зарим шинжээч “Алтан бөмбөгөр”-ийг Пентагон эзэмшихгүй гэж таамаглаж байна. Харин АНУ-ын Батлан хамгаалах яам арилжааны компаниудаас пуужингийн довтолгооноос хамгаалах системийн үзүүлж буй үйлчилгээний захиалгыг худалдаж авч магадгүй. Сансрын эриний шинэ бие даасан хамгаалалтын систем батлан хамгаалах салбараас илүү Цахиурын хөндийтэй холбоотой байж болох юм. Трампын ивээн тэтгэгчид гэгддэг бизнесийн магнатууд “Алтан бөмбөгөр”-т хөрөнгө оруулсан. Тэрбумтан, Засгийн газрын үр дүнтэй байдлын газрын дарга Элон Маскийн эзэмшдэг “SpaceX” компани пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ систем бүтээхэд олгосон санхүүжилтийн жагсаалтыг тэргүүлжээ. “SpaceX”-тэй хамтран цэрэг, тагнуулын байгууллага, банкуудад зориулсан программ хангамж боловсруулдаг “Palantir” старт-ап мөн тендерийг тэргүүлж байна. Тус компанийг АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнстэй холбоотой гэгддэг тэрбумтан Питер Тилл үүсгэн байгуулжээ. Үүнээс гадна Америкийн батлан хамгаалахын “Lockheed Martin” корпорац төсөлд оролцож байна. Уг корпорац нь цэргийн зэвсэг техник борлуулалтаараа дэлхийд нэгдүгээрт бичигддэг, Конгресс дахь хамгийн том лобби хүчний нэг. “Алтан бөмбөгөр” төслийн өртгийг “Блүүмберг”-ийн шинжээчид нэг их наяд гаруй ам.доллароор тооцоолсон. Пентагон 2002 оноос хойш пуужингийн довтолгооноос хамгаалах системд 200 тэрбум ам.доллар зарцуулжээ.
Цөмийн гүрнүүдийн хариу үйлдэл
Ерөнхийлөгч Трампын төлөвлөгөөг ОХУ, БНХАУ ширүүн хүлээж авлаа. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар гарын үсэг зурсан пуужингийн довтолгооноос хамгаалах системтэй холбоотой хамтарсан мэдэгдэлд дурджээ. Тодруулбал, Москва, Бээжингийн зүгээс “Алтан бөмбөгөр” төслийг хамгаалалтын болон довтолгооны гэсэн хоёр чиглэлд ашиглахаас эмээж байна. Хамгийн гол нь уг төслийг хэрэгжүүлбэл сансар огторгуйг цэрэгжүүлэхэд хүргэх эрсдэлтэй. Иймд цөмийн гүрнүүд стратегийн зэвсгийн талаар шинэ хэлэлцээр хийх хэтийн төлөвт анхаарлаа хандуулж магадгүй. Бээжингийн эрх баригчид Вашингтоны шинэ төслийн талаар байр суурь илэрхийлсэн. Ингэхдээ “Алтан бөмбөгөр” төлөвлөгөө нь дэлхийн хэмжээнд, олон түвшний, олон салбарын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг ямар ч хязгаарлалтгүйгээр байгуулах зорилготойг дурджээ. Энэхүү төлөвлөгөөнд хүчтэй довтолгооны шинж бүхий тойрог замын хориглон зогсоох системийг хөгжүүлж, байрлуулахыг санал болгосон байна. Мөн сансар огторгуйн гэрээнд заасан энхийн зорилгоор ашиглах зарчмыг зөрчих нь сансар огторгуйг цаашид дайны талбар болгох, зэвсгийн өрсөлдөөний эрсдэлийг нэмэгдүүлж, олон улсын аюулгүй байдал, цэргийн хэрэглээний системийг гуйвуулах болно. Цагаан ордон “АНУ нэгдүгээрт” үзэл санаагаар хөөцөлдөж, өөрийн үнэмлэхүй аюулгүй байдлыг эрэлхийлсээр байна. Энэ нь олон орны аюулгүй байдлыг алдагдуулахгүй байх зарчмыг зөрчиж, дэлхийн стратегийн тэнцвэр, тогтвортой байдлыг алдагдуулж байна. Үүнд Хятад улс ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд дэлхийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хөгжүүлж, байршуулахаа аль болох хурдан орхиж, том гүрнүүдийн стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хадгалахын тулд бодитой үйл ажиллагаа авахыг Америкаас шаардаж байна гэжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонины №020/24647/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна