-Энэхүү технологийн гол онцлог нь тухайн газар орны унаган мод бутыг үрээр нь ургуулах, ингэхдээ хүчирхэг үндсийг бий болгодог-
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд дэлхий нийтээрээ анхаарал хандуулах болсон энэ цаг үед манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн нь олон улсын анхаарлыг татаж байна. Монгол хүн бүр дор бүрнээ энэ хөдөлгөөнийг дэмжиж өөрсдийн төглийг бий болгохоор хүчин чармайлт гаргаж байгаа. Айл өрхүүд ч хашаандаа мод бут тарьж ургуулан, зарим нь бусдадаа суулгац өгч дэмжиж буй нь үнэхээр талархууштай. Гэхдээ бид энэ идэвхтэй үйлдлээрээ ирээдүйн ойг бий болгох боломжтой юу. Зөвхөн нэг бутыг хөрсөнд булаад өнгөрөх бус 10, 20 жилийн дараа ч ургах моддыг ургуулж чадаж байна уу. Жил болгоны хавар, намар хэдэн мянган суулгацыг хүссэн газраа тарьдаг. Гэвч тэр нь эргээд ургах боломжтой юу гэдэг асуултад хариулт олохоор мэргэжлийн байгууллагад хандсан юм. Мод үржүүлгийн хувьд сайн үр дүн үзүүлэх технологийг туршин олон улсад хэрэгжүүлж буй эрдэмтэн Уэйн Хинтонтой онлайнаар холбогдож ярилцлаа.Удахгүй болох бүх нийтээрээ мод тарих ажилд ач тусаа өгөх мэдээллийг хүргэх нь ярилцлагын гол зорилго юм.
-Юуны түрүүнд миний ярилцах саналыг хүлээн авсанд талархсанаа илэрхийлье. Олон улсын сэтгүүлээс танай “Root maker” технологийн талаар уншиж сонирхсон асуултдаа хариулт авахаар тантай холбогдлоо. Ярилцлагын эхэнд та мод үржүүлгийн шинэ технологийнхоо талаар танилцуулж болох уу?
-Таны сонирхон асууж байгаа “Root maker” технологийг судлан гаргаж ирсэн эрдэмтэн бол доктор Карл И Вайткомб юм. Иелийн их сургуульд ургамлын экологи, цэцэрлэгжүүлэлт, агрономичоор докторын зэргээ хамгаалсан. Энэ эрдэмтэн модны үндсийг яавал илүү хурдан ургах, амьдрах чадвартай болохыг туршиж нутагшуулсан. Тэр агаар чөлөөтэй сэлгэх боломжтой, бортогон хэлбэртэй сүүний савны ёроол хэсгийг тайран, савандаа суулгацыг тарьсан нь амжилттай болсноор түүнд “Root maker” технологийг гаргах санаа төрсөн. Товчхондоо “Root maker”бол модны суулгацыг тусгай бортогонд ургуулах технологи юм. Оюуны өмчийн эрхтэй энэхүү технологийг Хойд болон Өмнөд Америк, Европын орнууд, Азийн улс орнуудаас Монголд нутагшуулж, амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. “Root maker”-ийн хамгийн гол онцлог нь тухайн газар орны унаган мод бутыг үрээр нь ургуулах, ингэхдээ хүчирхэг үндсийг бий болгодог. Энэ технологийн дагуу ургуулсан суулгацаар ойжуулалтын төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
-Энэхүү технологийг ойжуулах ажилд ашиглах нь ямар ач холбогдолтой вэ?
-Олон талын ач холбогдолтой. “Root maker” технологиор тарьсан суулгац хөрсөнд дасан зохицохдоо хурдан. Зөв хэлбэртэйгээр салаалсан сахлаг үндэсний тусламжтайгаар модны амьдрах чадвар илт нэмэгддэг. “Root maker” технологийн бортогонд ургуулсан суулгац нь зөв, жигд хөгжилтэй учраас ойжуулалтад илүү үр дүнтэй байдаг. Тиймээс Монголд энэхүү технологийг нэвтрүүлэх нь олон талаараа ач холбогдолтой гэж бид үзэж байгаа юм. Энэхүү технологи нь харьцангуй богино хугацаанд шинэ ойг үүсгэж, цаашилбал уур амьсгалын өөрчлөлтийг зогсооход үр дүн авчирна. Технологийн дагуу бойжуулсан суулгацын хувьд дахин дахин усжуулалт, арчилгаа шаардахгүй. Дасан зохицох өндөр чадвартайг энд онцолмоор байна. Дасах, ургах чадвар сайтай суулгацыг ашиглах нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэхээс гадна ойжуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд гол түлхэц болно.
-Унаган модны төрөл зүйлийг сонгон авч ойн орчныг бүрдүүлдэг тухай сэтгүүлээс уншсан. Энэ нь экологийн хувьд ямар давуу талыг бий болгож байна вэ?
-Оновчтой асуулт байна. Яагаад тухайн газар орны унаган мод бутыг ойжуулах ажилд хэрэглэх шаардлагатай вэ. Учир нь, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал нөлөөтэй. Байгаль, бидний хүрээлэн буй орчинд байгаа бүх бодгаль харилцан шүтэлцээтэй. Үүнийг алдагдуулахгүйн тулд “Root maker” технологи тухайн газар орны унаган мод бутыг онцлон авч үздэг. Хэрвээ тухайн нутаг орны унаган модыг тарихгүй бол хүрээлэн буй орчны экосистемд нөлөөлөх эрсдэлтэй. Өөр газраас авчирсан суулгац болон унаган мод бутнаас өөр төрөл зүйлийг тарьж ургуулах нь үр дүнгийн хувьд тааварлашгүй. Гарах үр дагаврыг тооцоолоход бэрх гэсэн үг юм. Өөр бүс нутгийн мод тарьснаараа биологи, экологийн болон санхүүгийн хувьд асар их алдагдалд хүргэж болзошгүйг бид мэднэ. Тухайлбал, Америкт л гэхэд бид жил бүр тэрбум орчим ам.долларыг гаднаас өөр ургамал авчирч тарьсны хор уршгийг арилгахад зарцуулж байна. Тиймээс монголчууд бидний гаргасан алдааг битгий давтаасай гэж бодсон хэрэг.
-Монголд ургадаг модны түгээмэл төрлийг ашиглан ойжуулалт хийх боломжтой юу?
-Би боломжтой гэдгийг өмнө нь хэлсэн. Монгол Төв Азийн экосистемийн нэг хэсэг. Нутгийнх нь мод бутны үрээр ойжуулах ажлыг хийх нь хамгийн зөв арга болно. Ялангуяа энэ цаг үед. Монголын цөлжилтөөс үүссэн шороо Хятад, Солонгос, Япон болон дэлхийн бусад улс оронд асуудал дагуулж байна. Хэрвээ та бүхэн хамтын хүчээр тэрбум модыг тарьж, ургуулж чадвал дэлхий нийтийн хувьд ач холбогдолтой. Харин үндэсний хэмжээний энэ ажилдаа “Root maker” технологийг ашигласнаар зорилтдоо илүү хурдан хугацаанд хүрэх боломжтой гэж зөвлөмөөр байна. Мөн манай технологийг ашиглан хүнсний зориулалттай жимс, самрын модыг тарьж, ургуулж ч болно. Ингэснээр нүцгэн үндэст суулгацаар ойжуулалт хийснээс илүү хурдан үр дүнд хүрнэ.
-Модны үндсийг суулгах хөрс ямар байх нь туйлын чухал. Энэ тал дээр “Root maker” аргачлал хэрхэн санаа тавьсан бол?
-“Root maker” технологийг ашигласнаар модны ургах чадварыг нэмэгдүүлж, сахлаг үндэсний системийг бий болгосноороо хөрсний органик бүтцийг богино хугацаанд сайжруулна. Мод бутнууд намар навч юм уу шилмүүсээ хаяна. Ингэснээр хөрсөнд илүү их хэмжээний органик ялзмагийг нэмэгдүүлж байдаг. Ургах чадвар сайтай эрүүл суулгац хөрсний экосистемийг хурдан сэргээдэг гээд дурдвал олон талын ач холбогдолтой. Ойжуулалт хийсний дараа хөрс өөрөө нөхөн сэргээх чадвартай болдог юм. Үүнээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, эрүүл хөрсийг бий болгох нь зөв тарьж, ургуулсан суулгацтай салшгүй холбоотой. Үүнээс хүмүүсийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх шалтгаалах гинжин хэлхээтэй байдаг юм.
-Энэ аргачлалд мод үржүүлгийн газрын суулгацыг ашиглаж болох уу. Хэрвээ тийм бол ямар нөхцөлд, ямар хэлбэртэй саванд тарьсан суулгац байх ёстой вэ?
-Уламжлалт аргаар суулгасан, нүцгэн үндэстэй мод бутыг “Root maker” технологийн тусламжтайгаар дахин ургуулах боломжгүй. Нүцгэн үндэстэй суулгац нь байгаль дээр дасан зохицохын тулд маш их эрчим хүч шаарддаг. Суулгасны дараа бие дааж ургахад тийм хялбар байдаггүй. Энд нэмж нэг зүйлийг тайлбарлан хэлье. Ойжуулалтыг хийх газрыг сонгох нь маш чухал ажил. Зөв газарт мод бут тарьснаар цөлжилтийг бууруулахын зэрэгцээ хот газрын хэт халалтыг ч бууруулах боломжтой. Мөн агро ойг хөгжүүлэхэд нь өндөр ач тустай. Энэ нь цаашдаа мал болон амьтны хоол хүнс, амьдрах таатай орчныг бий болгох юм. Тэрбум мод зөвхөн байгаль орчинд төдийгүй хүний эрүүл мэнд, амьдрах орчин болон амьтдын амьдралын чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй, дэлхий дахинд ач холбогдолтой гэж би бодож байна. Гаднаас мод бут оруулж ирж ойжуулалтыг хийх нь байгаль орчинд болон орон нутгийн эко системд удаан хугацаанд маш том сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Үүнд ойжуулалтын энэ аргыг ашигласнаар ямар үр дүнг гаргана гэж та бүхэн төсөөлж байна вэ?
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхээр болсныг сонсоод би талархан хүлээж авсан. Хэдийгээр бид өөр улс оронд ажиллаж, амьдарч байгаа ч эх дэлхийн оршин суугчид шүү дээ. Тиймээс танай улсад эхлүүлсэн ажлыг дэмжиж ажиллахаар шийдэж хамтран ажиллах бүхий л боломж бололцоог эрэлхийлж байна. Уур амьсгалын ихээхэн өөрчлөлттэй энэ үед “Тэрбум мод” хэмээн нэрлэсэн ойжуулах ажил зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтэд эерэг дохио өгөх томоохон ажил болно гэдэгт итгэлтэй байна. Энэ утгаараа бид “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх боломжтой төсөл хэмээн үзэж байгаа. Бүх нийтийн оролцоотойгоор оновчтой зохион байгуулж чадвал энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх боломжтой шүү дээ. Бид энэ төсөлд өөрсдийн талаас бүх л дэмжлэгийг үзүүлэх сонирхолтой байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн монголчуудын хувьд ажлын байр бий болгохоос гадна мод үржүүлгийн соёлыг Монгол Улсад хөгжүүлнэ гэж найдаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна