Монгол Улсад шинэ тутамд хөгжиж буй асар, майхан түрээс, эвент зохион байгуулдаг “Хас майхан” компанийн захирал М.Уужимтөгстэй ярилцлаа.
-Асар түрээсийн үйлчилгээ, соёлын үйл ажиллагаа зохион байгуулахад туслан гүйцэтгэдэг нь шинэ тутам санагдлаа. Захиалагч талтай хамтран ямар төрлийн эвент зохион байгуулж байна вэ?
-Бид сервис үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулаад есөн жил болж байна. Цар хүрээгээ өргөжүүлэхээр “Хас майхан” компаниа 2017 онд байгуулсан. Соёл, урлагийн бүх төрлийн үйл ажиллагаа нээлттэй өдөрлөг зохион байгуулдаг. Албан байгууллага, компани, худалдааны төвүүд өдөрлөг, задгай талбайн үйл ажиллагаа явуулахдаа манай асар, сандал, ширээ, тайз, гэрэл, хөгжим, өсгөгчийг түрээсэлж, бид ч захиалгын дагуу угсардаг. Түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг учраас нэр, хаягаа бичүүлж, сурталчилгаа хийдэггүй. Цаашдаа ч энэ чиг шугамаа баримтална. Нэг хэсэг барууны соёл гэж ярьдаг байсан бол одоо Азийн соёл давамгайлах боллоо. АНУ, Европ ч ялгаагүй ази хэв шинжийн үйлчилгээний соёлыг хүлээн зөвшөөрч, нэвтрүүлж эхэлсэн. Сервис үйлчилгээ цаг хугацаанаас хамаардаг. Хоосон танхимыг маргаашийн хуралд зориулж тохижуулах захиалга ирвэл шалыг нь хивсэлж, таазаа карказ, гэрлээр чимэглэж, хурлын ширээ засаж, хөгжим пультээ суурилуулж, шалгадаг. Хуралд ирсэн хүмүүст танхим чухал болохоос биш биднийг мэдэх шаардлагагүй. Захиалагчдын баярласан сэтгэл, талархлаас л урамшдаг. Өглөө 09:00 цагаас ажил эхэлж орой тэдэд дуусна гэсэн ажлын цагийн хуваарь байдаггүй. Хагас цэрэгжилтийн байдалтай л ажиллаж байна. Хүний хөдөлмөр цаг, минутаар хэмжигддэг тул бусдад төвөг учруулж, ажлаа цалгардуулахгүй байх зарчим баримталдаг.
-Үйлчилгээний соёлыг дагаад урлагийн тоглолт, баярын өдөрлөгүүдийн цар хүрээ, агуулга өргөжиж, иргэдэд хүрч эхэлсэн гэж хардаг. Сервис үйлчилгээний зах зээл хэр эрэлттэй байдаг вэ?
-Монголчууд баярын асрыг улсын наадмын эрээн майхнаар төсөөлж ирсэн. Арван жилийн өмнө асар майхантай өдөрлөгийн соёл манай улсад түгээмэл дэлгэрээгүй байлаа. Хурим, хүүхдийн үсний найр, буяны ажилд зориулж сургууль, цэцэрлэгээс сандал, ширээ гуйдаг байсан шүү дээ. Бид үүнийг бага багаар халж, сервис үйлчилгээний стандартыг нэвтрүүлж чадлаа. Өөрөөр хэлбэл, зах зээлд хэрэглээгээ мэдрүүлсэн учраас манай компани салбартаа танигдсан. Сүхбаатарын талбайн өдөрлөгийг жирийтэл өрсөн цагаан асаргүй төсөөлөхөд хэцүү болсон. Үйлчлүүлэгчдэд тухтай байх зорилгоор асар дотор сандал, ширээ тавьдаг. Тусгайлан зассан асарт тавтай суугаад тоглолт үзэхэд сэтгэл хангалуун байна. Бид сард олон арван эвент зохион байгуулдаг, энэ бол байдаг л ажил гэсэн өнцгөөс захиалгадаа хандахыг хүсдэггүй. Үйлчлүүлэгчийн хувьд тийм биш шүү дээ. Үйл ажиллагаа бүр давтагдахгүй. Нэг үйл ажиллагааг арав, зуу, мянга гээд тоо хамаагүй хүн хүлээж байдаг учраас бид цагтаа л ажлаа дуусгаж, зохион байгуулагчдад хүлээлгэж өгдөг. Бид үйлчилгээний ийм соёлыг Өмнөд Солонгосоос сурсан. Дотоодын зах зээлд ашиг олохоос илүү БНСУ-ын эвентийн соёлыг эх орондоо нэвтрүүлж, хөгжүүлэхийг зорьдог. Манай залуучууд энэ чиглэлээр БНСУ-д ажиллаж байсан туршлагатай.
-БНСУ-аас сурсан гэж ярилаа. Өмнөд Солонгост энэ чиглэлээр олон жил ажилласан уу?
-Их сургуулиа төгсөөд л БНСУ-ыг зорьсон. Сервис үйлчилгээний компанид ажиллаж, салбартаа манлайлсан. Том ч компани байв. Компанидаа монгол залуучуудаа ажиллуулж, дадлага туршлага хуримтлуулсан. Монголын шоу бизнесийн салбарыг Азийн түвшинд хүртэл хөгжүүлэх зорилготой ажилладаг байлаа. Биднээс гадна солонгосчууд ч ажиллана. Тэднээс илүү хөдөлмөрлөж, оройд гарах зорилгоо биелүүлсэн. Солонгосын эвентийн зах зээлд өөрийгөө таниулж чадсан. Солонгосчуудын сэтгэж хийж чадаагүйг, дэлхийн оддын тоглолтын тайзыг монгол залуус угсардаг байлаа. Тухайлбал, Эминем, Леди Гага, PSY дуучны “Ганнам стайл” тоглолт, Азийн хэмжээний фестиваль болох “Mnet” авардсын тайзыг би удирдан зассан. Гэхдээ би супер оддын тоглолтыг Монголдоо зохион байгуулаагүй шүү гэж өөртөө хэлдэг. Харин олон улсын түвшинд зохион байгуулсан эвент гэвэл “Дижитал нейшн 2021” буюу “ICT EXPO” харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын үзэсгэлэн байна. Олон улсын хэмжээний төслүүд дээр хамтран ажилладаг. Хамгийн сүүлд “Торгоны зам” олон улсын авто раллийг зохион байгуулахад оролцсон.
-Гадаадад ажиллаж, сурсан залуус эх орондоо ирээд тэр чиглэлээрээ бизнес хийх нь ховор. Гэтэл та БНСУ-д ажиллаж байхдаа л сервис үйлчилгээг Монголдоо хөгжүүлэх зорилго тавьжээ?
-Миний үеийн хорь гаруй насны залуусаас хүний нутагт тууштай, шантралгүй хөдөлмөрлөж чадсан нь эх орондоо ирээд бизнес хийж байна. Өмнөд Солонгост ажил хийж, цаг барих зэргээр олон зүйл сурсан. Биднийг эх орондоо ирэхэд шоу, эвентийг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг компани ховор байв. Тэдгээр компани өнөөдөр манайхыг түрээслэж, үйл ажиллагаагаа явуулж байна. “Хас майхан” компани энэ зах зээл рүү шууд орохгүй. Эхлээд сервис үйлчилгээгээ 100 хувь гүйцэтгэж, таниулах хэрэгтэй. Дэлхийн хэмжээний од ирэхэд бид тоглолтыг зохион байгуулж чаддаг, нөөц бололцоотой байх ёстой. Нэр хүндийн төлөө зүтгэдэг залуус богино хугацаанд гарч ирээд замхардаг. Ажлаа даруухан, төгс хийх чадварыг бас л солонгосчуудаас сурсан. Ажлын шугамаар БНСУ-ын компанийн захирлуудтай уулзаж байв. Тэд ажилтнуудтайгаа зэрэгцэж хоолоо идээд ажлаад явдаг. Дүү нар аа, хоолыг ингэж, ингэж ажилла, амьдрал ийм байдаг юм гэдгийг үйлдлээрээ үлгэрлэсэн. Түүнийг л монгол хөрсөнд буулгах гэж чадан ядан ажиллаж байна. Монголд үйл ажиллагаа явуулахад олон сорилттой тулгардаг. Гэрээнд заасан гүйцэтгэлийн цалингаа өгөхгүй бултдаг аж ахуйн нэгжүүд бий. Тэр бүрд шантраагүй, урагшаа хараад л зүтгэж байна. Ямар нэгэн зээл, санхүүжилт авдаггүй. ЖДҮ-ийн зээлд хамрагдах гэхээр барьцаа хөрөнгө нь том обьект байх ёстой болдог. Манайх обьектод санаа зовдоггүй, 20 гаруй чингэлэгт тоног төхөөрөмжөө хадгалдаг. Олон улсын жишиг ч тийм байдаг. Шороо тоос, ус нэвтрүүлдэггүй, галын эрсдэлгүй, аюулгүй агуулах нь чингэлэг юм. Гэтэл Монголд чингэлгийн агуулахыг үл хөдлөхөд тооцдоггүй. Ажиглаад байхад манай компани Монголын жишгээс арай өөрөөр явдаг. Яах аргагүй БНСУ-д сурснаараа л ажиллаж байна.
-Ажилтнууддаа хатуу шаардлага тавьдаг уу. Цалин, нийгмийн асуудалд нь хэр анхаардаг вэ?
-Ажилд орохоор ирсэн залуус нэгдүгээрт, хоёрдугаарт цалин, гуравт ажиллах цаг, дөрөвт хоол асуудаг. Үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс ажилчдаа өлсгөхгүй, ядраахгүй, үр бүтээмжтэй ажиллуулахыг л хүснэ. Манай монгол залуус нэг газраас нөгөө рүү “ниссэн”, цаг аргацаасан биш энэ ажлыг хийж суръя, дараа нь гартаа оруулж мэддэг болъё гэсэн зорилготой бол улс хөгжинө. Бид ажилчдадаа “Ажлаа сайн хий, аюулгүй байдлаа ханга, хамгийн чанартай хоол ид, амлалтаа биелүүл, цагаа барих дадлыг амьдралын хэвшлээ болго” гэдэг. Бүх зүйл уялдаа холбоотой. Ажлаад сурчихсан хүний амьдралыг даахын төлөө компани зүтгэж таарна. Компани хөгжиж, томорвол ажилчдын амьдрал дагаад дээшилнэ, улс орон дэвжинэ.
-Хөшигний ард байдаг учраас танай компанийн үйл ажиллагааг хүмүүс төдийлөн мэдэхгүй байгаа. Зохион байгуулсан арга хэмжээнүүдээсээ дурдана уу?
-Сүүлийн үед зохион байгуулсан ихэнх үйл ажиллагаанд манайх туслан гүйцэтгэгчээр оролцож байна. Мэддэг хүмүүс манайхыг “Гадаа болдог эвентүүдийг гаргаахгүй юм аа” гэдэг. Өнгөрсөн зуны хитүүд болох “Ice Top”, “Дижитал”-ын тоглолт, “Плейтайм”, говьд болсон фестивалийг зохион байгуулахад оролцлоо. Төв цэнгэлдэх хүрээлэнд гарсан намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд дангаараа оролцсон. Номын баярт түрээсийн бусад компаниудтай хамтран туслан гүйцэтгэгчээр оролцож ирсэн.
-Зуны дэлгэр цагт задгай хүлээн авалт зохион байгуулдаг болсон. Танайх ийм захиалга гүйцэтгэдэг үү?
-Хотоос гарч байгалийн сайханд хуримаа хийх сонирхолтой залуус олон болсон. Тэрэлжид болсон олон сайхан хуримын зохион байгуулалтад оролцлоо. Айл гэр гал голомтоо бадрааж буй чухал баяр учраас тохижилт, үйлчилгээг дээд зэргээр байлгахад анхаардаг. Хүн хүний бодол, мөрөөдөл ондоо учраас нэг хэвийн засал, менюнд баригддаггүй. Захиалагчидтайгаа ярилцаад асар, гадаад орчноо тохижуулдаг. Манайх 300-1000 м.кв асартай. 200-300 хүний багтаамжтай, Монголдоо томд тооцогдох асар.
-Цаг үргэлж ашгийн төлөө ажилладаггүй л байх. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эвент зохион байгуулдаг уу?
-Өнгөрсөн жилийн Хүүхдийн баяраар Монголын хүүхдийн ордонтой хамтран өдөрлөг зохион байгуулсан юм. “Шангрила” центрээс Монголын хүүхдийн ордон хүртэлх гудамжны авто замыг хааж, баярын уур амьсгалд тохируулан тохижуулсан. Хүүхдэд зориулсан үйл ажиллагаа, хоол хүнс үйлдвэрлэдэг компаниуд багачуудад хямдралтай үнээр үйлчилсэн. Хүүхэд, эцэг эхчүүдэд таалагдсан. “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн “Степпе арена”-д болоход манайх шигшээ багийн тамирчдадаа зориулж асар барьсан юм. Манай жүдочид бие халаалтаа хийгээд тэмцээндээ оролцсон.
-Шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэх үү?
-Задгай талбайн эвентүүдийг олон төрлөөр зохион байгуулдаг боллоо. Гэтэл манай орон дөрвөн улиралтай. Хүйтэн, сэрүүн саруудад дотор орчинд экспо зохион байгуулдаг. Одоогоор Монголд тусгаарлагч хана босгодог. Бид энэ үйлчилгээгээ илүү боловсронгуй, өртөг зардал багатай болгохоор судалж байна. Манай улсад болж буй үзэсгэлэн, үйл ажиллагааны 70 хувь нь Улаанбаатарт төвлөрдөг. Орон нутагт төсөв бага учраас олныг хамарсан соёлын арга хэмжээ төдийлөн болдоггүй. Асарны ард түрээсийн компани л байдаг гэж ойлгож болохгүй. Цаана нь худалдаа эрхлэгчид байдаг. Стандартын дагуу асарт бүтээгдэхүүнээ зарвал худалдан авагчдад илүү хүрнэ. Тиймээс бид 21 аймгаа асартай болгож, сервис үйлчилгээг дэлгэрүүлэхээр ажиллаж байна. Өмнөговь аймаг, Дархан хотыг асартай болгосон. Дархан хотын захиргаа асартаа ЖДҮ эрхлэгчид, намрын ногоон өдрүүд зэрэг олон үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, бидний зорилго бага багаар биелж л байна.
Байгууллагын нэр: Хас майхан ХХК
Хаяг: БГД, 6-р хороо, Кёкүшю цамхаг долоон давхар 716 тоот
Цахим шуудангийн хаяг: Хас майхан
Утасны дугаар: 9976-9599
Х.ЭРДЭНЭЗАЯА
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24543/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна