Эрт цагийн анчдын тухай үлгэр домог хүүрнэх дагжуур хуучин зөргөөр навчис үсчүүлэн алхаж, ойн гүн дэх ангийн арьсаар хулдсан дүнзэн байшинд отоглон, шувуудын жиргээ сонсож, моддын үнэртэй агаараар амьсгалан, задгай галын дэргэд хууч хүүрнэн хонох, эр хүн болж төрсний нэгэн бахархал.
Өглөөний нартай уралдан нарлагаа энгэр харах, гахай торлогдуулах, отоонд суух, мөр хөөх гэх мэтчилэн үгс монгол анчдын сорыг босгож, хийморийг сэрээж орхидог. Торлогт орсон гахайн сүр ихт чимээ хэдэн уулын цаанаас сонсогдох нь зүрх хөөргөж, цус булгилуулах шидтэй.
Монголчууд эрт дээр үеэс олзонд нүд аньж сурсан буюу хэзээ гох мултлахаа мэддэг болсон хүнд анчин гөрөөчин нэр хайрладаг байсан. Ийм л нэр төртэй анчдыг “Хүчит морьтон” компани Сибирийн их тайга тийш ангийн аялалд урьж байгаа юм. Улаанбаатар-Эрхүү хот-Листвянка тосгон-Китой гол гэсэн маршруттай 4000 долларын 11хоногийн вип аяллыг дөрөвхөн хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ талаар “Хүчит морьтон” компанийн захирал Д.Сүрэнжавтай уулзаж мэдээлэл авлаа.
Эрхүү
Ангийн аялал маань Дорнод Сибирьт Ангар болон Иркут мөрний бэлчирт орших томоохон хот Эрхүү хүртэл бичил автобусаар зорчиж очсоноор эхэлж байгаа юм.
Эрхүү хотын тухай бяцхан танилцуулга: Эрхүү хотыг 1661онд сууриа тавьсан гэж үздэг бөгөөд казах цэрэг Яков Похабов өвөлжөө барьж сууснаар үүслийг нь тоолдог. XIX зуунд I Николай хааныг унагахаар тэмцсэн Декабристын бослого дарагдсанаар төрийн эсрэг гэмт хэрэгтнүүд болсон зураач, ноёд, төрийн зүтгэлтнүүд Сибирьт цөлөгджээ. Тэдний ихэнх нь Эрхүүд төвлөж барилга байшин барьж, уран бүтээлээ туурвин соёлыг түгээж эхэлсэн нь өнөөдөр Эрхүүгийн содон үзэмж болон үлджээ. 1879 онд их гал түймэр гарч байсан. 1896 онд цахилгаанд холбогдож, 1897 онд төмөр зам бүрэн тавигдаж галт тэрэгний өртөөтэй болж байв. Ангарын эрэг дагуух Эрхүү хотыг хоёр хуваасан усан цахилгаан станцын далан дээр очиж хотыг харж, дэлхийн хамгийн эртний мөс хагалагч онгоц, тансаг сүм хийдүүд (Спасская, Эпифанийн сүм хийд, Польшийн сүм) -тэй танилцаж болно. Адмирал Колчакийн цаазаар авахуулсан газар. Хотын оршин суугчдын зардлаар босгосон түүний цаазаар авахуулсан газар болон түүнд зориулсан хөшөөг үзэж болно. Сибирийн гэгээнтнүүдийн дурсгалууд, Оросын бахархал болсон олон хүмүүсийг (Декабрист, Распутин) оршуулсан Знаменскийн хийд. Хуучин Эрхүүгийн гудамжууд, хотын музей болсон Декабристын 614 эдлэн газрууд. Худалдаачдын гол гудамж (Карл Марксын гудамж) д байрлах маш үзэсгэлэнтэй хуучин чулуун байшингууд. Иркутскийн их сургуулийн барилгууд, түүхт барилгууд нь байрладаг Эрхүүгийн ногоон далан (Гагарина булвар).
Хэдийгээр та ангийн аялалд явж байгаа ч Эрхүү-Тальцын музей - Листвянка тосгон гэдэг маршрут бол Эрхүүд зочилж байгаа хүмүүсийн хувьд заавал үзэх ёстой газар юм. Тэдэнгүйгээр Байгаль нуурын бүс нутгийн ард түмний түүх, соёлыг ойлгох, агуу Байгаль нуур, хүрээлэн буй орчны тухай мэдэх боломжгүй юм. Ан агнуур гэдэг байгаль орчноо танин мэдэх, ан амьтнаа хайрлан хамгаалах, үндэстэн ястны угсаатан зүй, ахуй, түүх соёлын маш том өв юм шүү дээ.
“Тальцы”
Эрхүүгээс нуур хүрэх замын дунд Тальцы хэмээх задгай угсаатны зүйн музей байдаг. Тальцы нь Ангарын эргийн үзэсгэлэнтэй газар байрлана. Угсаатны зүйн музейн үзмэрийг Байгаль нуурын бүс нутгийн уугуул оршин суугчид болох тофаларс ба эвенкүүд, Сибирийн тосгон, буриад ястны эд өлгийн зүйлсээр бүрдүүлжээ. Хамгийн сонирхолтой нь XVII зууны Илимскийн шоронгийн Спасская цамхаг юм. Дэлхий дээр өнөөг хүртэл тэсэж үлдсэн цорын ганц модон цамхаг хэн бүхний сонирхлыг татах нь гарцаагүй. Аялагчид Сибирийн тосгоноор алхаж, усны үйлдвэрүүд, Сибирийн уламжлалт тариалангийн талбайг үзэж, тариачдын овоохойд зочилж болно. Байгаль нуурын бүс нутгийн шинж чанар, уур амьсгал, нуурын бүс нутгийн тогтоц, геологийн хөгжилд үзүүлэх нөлөө. Байгаль нуурын бүсийн газар хөдлөлт, нуурын гарал үүсэл, түүний өсөлт, байнгын шинэчлэлтийн тухай сонирхолтой баримтуудтай танилцаж мэдлэгээ зузаалж болох юм.
Листвянка тосгон
Похабовын өвөлжөөнөөс Байгаль далай хүртэлх 66 дахь километрт Листвянка тосгон бий. Листвянка тосгон нь Байгаль нуураас эх авдаг цорын ганц Ангар мөрний урсац газарт Лиственничная буланд байрладаг. Листвянкагаас та Ангарын эх булаг дахь Бөө чулууг харж, Байгаль нуурын музейд Байгаль нуур хэрхэн, хэзээ үүссэн, түүний ёроол, газар зүйн байдал, нууранд ямар амьд организмууд амьдардаг болохыг сонирхож болох юм. Энэ бүгдийг асар том аквариумуудтай танхимд орж, зөвхөн Байгаль нуурт амьдардаг загасыг үзэж болно. Листвянка тосгоны том загасны захаар орж, Байгаль нуурын үзэсгэлэнт төрхийг тольдон эргээс нь, Дорнодын мөнх цаст цагаан оргилууд, нуурын эсрэг талын Саяны уулсыг харж болно. Интернэтээс нэг бус удаа харж байсан эдгээр гайхамшигтай газруудын эерэг энергиэр өөрийгөө удаан хугацаанд цэнэглэ.
Китой гол
Китой гол зүүн Саяны зүүн өмнөд энгэрт Самарта ба Улзыта голын бэлчирт үүсэж, зүүн хойд зүг урсаж Эрхүү-Черемховская тэгш тал дээр Ангар мөрөнд цутгадаг. М.Н.Мэлхеевийн хэлснээр Китой голын нэр нь эртний Кет (Хэт) овгуудтай холбоотой. Харин нутгийн домог ёсоор бол “Тофалор” буюу тунгус аялгаар “Чонын ам” гэсэн утгатай аж. Китой голд тул, зэвэг, хадран буюу Сибирьский хариус зэрэг загасчдын хорхойг хөдөлгөх загастайгаас гадна голын эрэг дагуух нүхэнд үнэт үслэг ан олноор үзэгдэнэ. Угаас Китой голын хөндий булга, суусар, хэрэм гэх мэт үслэг ан, бор гөрөөс (нутгийнхан үүнийг "ямаа" гэж нэрлэдэг), баавгай, халиун буга зэрэг ан хамгийн элбэг байдаг агнуурын бүс нутаг. Энд л “Хүчит морьтон” компанийн азтай дөрвөн анчин, аялагчийн буух отог бий дээ.
Ангийн отог
Ойн үзэсгэлэнт цоорхойд байгуулсан отог дээр аялагч анчдыг “Хүчит морьтон” компанийн орос түншүүд угтаж авах бөгөөд дөрвөн хүний ор дэрний цагаан хэрэглэл, хөнжил гудсыг Москвагаас захиалж авчруулсан бэлэн зэхээстэйгээс гадна ангийн үсээр чимэглэж ангийн отог гэдгийг бүрэн утгаар нь мэдрүүлэх нь. Орос үндэстний онцлог болсон халуун уурын банн, гараад л Китой голын зайрмагтсан ус руу үсрэн ороход болохоор зайнд баригдсан. Өөрсдийн агнасан гахай, буга, баавгай, хүдэр, бор гөрөөс гээд ямар ч төрлийн ангийнхаа махаар тус отогт байрлах ресторанаар хоол хийлгэж болох бөгөөд өөрсдөө ч хорхог, шорлог, боодгоо хийгээд идэж болох юм билээ.
Гөрөөлөхүй
“Ангийн отгоос ганзага хоосон ирнэ гэж угаасаа боломжгүй юм” гэж Д.Сүрэнжав итгэл төгс өгүүлнэ билээ. Ангийн бүс нутагт ан агнах бүх гэрээ нь хууль ёсны дагуу, зөвшөөрөл нь зардалдаа багтсан гэхээр маш боломжийн үнэ санагдаж байсан. Монголд нэг аргаль намнахад 30-100 мянган доллар төлдөгтэй харьцуулаад үзвэл шүү дээ. Өө нээрэн, аялагч анчин та өөрийнхөө буугаа авч явна гэвэл буу эзэмших зөвшөөрлөө ЦЕГ-ын харьяа Лицензийн төвд барьж очоод л хил давах зөвшөөрлөө гаргуулчих юм билээ. Бас нэг ховорхон олдох боломж гэвэл буу ОХУ-д, Монголд зарагддагаас даруй хоёр дахин хямд байдаг.
Юу хэлэх гээд байгааг минь бууны хорхойтнууд мэдэж байгаа л даа. За тэгээд ижил хийморьтойд нь харагдаж, илүү хийморьтойдоо агнагддаг юм даа араатан амьтас. Ан хийнэ гэж хөөрцөглөж араатан чоныг автомашинаар дахин дахин дайрч, үхсэн эсэхийг нь буугаад шалгачих зориг гаргачихаж чаддаггүй савсгануур харчуул Шивэр их тайгыг зорьж хүрэн халтар баавгайн зүрхэнд онилно гэж хөөрөх вий дээ. Ангийн дөргүй улсыг буу барьж амьтны амь хороож явааг харвал өвөг дээдэс минь “Амьтны амь хороох нь нүгэл” хэмээн зэмлэж “Нүглийн төлөөс эргэж ирэхээрээ хатуу байдаг юм” гэж сануулдаг. Байгаль дэлхийн хишгийг хайрлах ухаангүй эрчүүд бол гэртээ үлд. Ан амьтан, араатан жигүүртнээ, байгаль дэлхийтэйгээ хайрлах сэтгэлтэй, зүрх, зоригтой эрчүүд аялалдаа бэлтгэж, аранзаа дүүргэнэ биз дээ.
ТРАМП ТӨМӨРӨӨ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24543/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна