Л.Алтанцэцэг: Зөн совиндоо итгэж шийдвэр гаргаснаар дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ


 Монголын спортын ертөнц өнгөрсөн долоо хоногт дуулиан, шуугиантай байж манай тамирчид олон улсад эх орныхоо төрийн далбааг өндрөөс өндөрт мандууллаа. Дэлхийн тавцанд Монголын нэрийг мандуулсан тамирчдын нэг нь Дорнод аймгийн харьяат боксын олон улсын хэмжээний мастер, ОБЕГ-ын харьяа “Аврагч” спорт хорооны тамирчин  Л.Алтанцэцэг юм. Тэрбээр сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж Монголын боксын спортын түүхэнд онцгой амжилт үзүүлснийг спорт сонирхогчид мэдэх биз. Өнгөрсөн өдрүүдэд Монголын ард түмэн тамирчдаараа бахархаж, тэдэнд урмын үгсээ харамгүй хайрлалаа. Дэлхийн рингнээс мөнгөн медальтай эх орондоо ирсэн “Аврагч” спорт хорооны тамирчин Л.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж Монголын боксын спортын түүхэнд онцгой амжилт үзүүлсэн танд халуун баяр хүргэе. Баяр хүргэсэн урмын үгс өнөөдрийг хүртэл тасраагүй байх. Сэтгэгдлээ хуваалцаад ярилцлагаа эхлүүлэх үү?

-Маш их баярлалаа. Монголын боксын спортын шилдэг тамирчин ах, эгч нарынхаа амжилтыг буухиалж дэлхийн аваргаас медаль хүртсэндээ баяртай байна. Хамгийн түрүүнд надад энэ спортын “А” үсгийг заасан Дорнод аймгийн дасгалжуулагч Т.Эрдэнэбаяр багшдаа баярлалаа. Боксын спортоор хичээллэсэн 10 гаруй жилийн хөдөлмөрийн үр шим гарч байна. Энэ медалийг зүүсэн нь би боловч ард нь олон хүн байгаа шүү. Зарим үед сэтгэл хөдлөөд хэлэх үг олдохгүй юм.

-Энэ жилийн ДАШТ-д өмнөхөө бодвол харьцангуй олон орны тамирчин оролцох шиг боллоо. Тулаанууд хэр хүнд байв?

-Улс орнуудын хамгийн шилдэг тамирчид ДАШТ-д ирж байгаа гэдэг утгаараа өрсөлдөгч бүхэн хүчтэй байлаа. Миний жинд 32 тамирчин өрсөлдсөн. Сугалаагаар жингийнхээ эхний 10-т багтдаг тамирчидтай таарсан. Гэхдээ өөртөө итгэлтэй байсны хүчинд энэ медалийн эзэн болж чадлаа. Нийт таван тулаан хийж дөрөвт нь 5:0-ээр ялж, финалд 0:5-аар ялагдлаа. Сүүлийн тулаан дээр миний тоглолт огт гараагүй учраас харамсалтай санагдаж байна. Таарсан таван тамирчинтайгаа өмнө нь тулалдаж үзээгүй. Энэтхэгт очоод л тэмцээн болохын өмнө бидний гар утсыг хурааж авсан. Тэр нь ч зөв болсон юм билээ. Тэмцээн дуусаж, хоолоо идээд л амарна. Тэгэхгүй бол сошиалаар аялж, өрсөлдөгч нарынхаа бичлэгийг үзэх зэргээр шөнө амрахгүй байсан биз. Утасгүй учраас юу ч бодохгүй, тайван унтана. Тулаантай өдөр огт ядраагүй, эрч хүч дүүрэн байсан шүү. Формдоо орно гэдэг нь л энэ байх. Ядардаггүй, сандардаггүй, юу ч бодохгүй маш тайван байсан. Шөнөжин толгойгоо ажиллуулахгүй маш тайван унтаж, хэнтэй тулалдахаа ч мэдэхгүй л байлаа. Рингэнд гарахын өмнө л өрсөлдөгчөө мэдэж байгаа юм чинь.

-Монголын боксчид анх удаа сэтгэлзүйчтэй явлаа. Давуу тал ажиглагдав уу?

-Үнэхээр давуу талтай юм билээ. Бид өмнө нь сэтгэлзүйчтэй явж үзээгүй шүү дээ. Ядаж л тулааны өмнө, дараа сэтгэл санааг хэрхэн засахаа тэд мэддэг юм байна. Магадгүй Монголын баг ДАШТ-д амжилттай оролцоход нөлөөлсөн хүчин зүйлийн нэг нь сэтгэлзүйчтэй байсных биз. Түүнээс гадна багш нартайгаа яг нэг хүн шиг байж чадсаны хүчинд амжилтад хүрсэн гэж бодож байна.

-Тамирчин хүн бүрийн мөрөөдөл олимп, дэлхийн аваргаас медаль хүртэж төрийн далбаагаа өндөрт мандуулах. Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдыг хараад цагаахан атаархал төрж байсан байх. Харин энэ удаа өөрөө дэлхийн аваргаас медаль хүртэж, төрийн далбаагаа мандууллаа. Тэр агшинд юу бодогдов?

-Гавьяат тамирчин М.Нандинцэцэгийн хэлсэн үг санаанд орсон. Нандиа эгч хэлэхдээ “Аливаа зүйл цаг хугацаатай, ээлжтэй. Тэр болтол яарах хэрэггүй. Бүх зүйл цаг хугацааны дагуу л ирнэ. Тиймээс шантрах хэрэггүй. Толгой чинь ажиллаж эхэлнэ.  Зорилгоо өмнөө тавиад хичээгээрэй. Цаг нь ирсэн бол үе үеэрээ медальд хүрнэ. Эгч нь Шинэ Делид гурван удаа ирж байлаа. Гурав дахь дээрээ медаль авсан” гэж байсан юм. Би ч мөн адил Нандиа эгч шиг гурав дахь удаагаа Шинэ Делид ирж, дэлхийн медальтан боллоо. Сайхан тохиол байна. Энэ үг үнэн байж. Цаг нь болсон учраас би өнөөдөр дэлхийн аваргаас медаль хүртлээ шүү дээ. Боксын эмэгтэй тамирчдынхаа медалийн жимийг гаргасан Нандиа эгчдээ баярлалаа. Өнөөдөр ч гэсэн сэтгэл зүрхээрээ бидэнтэй хамт байж, зааж зөвлөж байдагт баярладаг юм.

-Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, Гавьяат тамирчин Д.Отгондалай нар хамт явлаа. Дэлхийн медальтнуудтай явахад сэтгэл зүйд хэр нөлөөлсөн бэ?

-Хоёр ах бидэнд маш их хань болсон. Олон сайхан яриа өрнүүлж, биднийг тэмцээнээс өөр зүйл бодоход их дэм болсон. Хөдөлмөрийн баатар, гавьяатуудын нөмөр нөөлөг их байсан. Сэтгэл зүйд ч эергээр нөлөөлсөн.

-Та одоо олны танил боллоо. Нисэх онгоцны буудал дээр тосож авахаас л мэдрэгдсэн байх. Энэ мэдрэмжээсээ хуваалцаж болох уу?

-Үнэхээр гоё санагддаг юм билээ. Шоконд орсон шүү. Хамгийн гол нь би хамт олонтой гэдгээ мэдэрлээ. Амжилт гаргаж эх орондоо ирээд аав, ээж, ах, эгч нартаа үнсүүлэх сайхан байсан. Танихгүй хүмүүс хүртэл миний нэрийг дуудаж, баяр хүргэх тэр мөчид “Би одоо олны танил болсон юм байна” гэж бодогдсон. Мэдээж хаана ч явсан биеэ зөв авч явах, хичээх үүрэг хариуцлага оногдож байна.

-Та анх 48 кг-д өрсөлддөг байснаа жин өгссөн. Гэтэл сая дахиад хуучин жиндээ үзлээ. Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-51 кг бол олимпын жин. ДАШТ-д доод жиндээ тулалдах саналыг би багш нарт тавьсан юм. Яагаад ч юм амжилт үзүүлэх юм шиг санагдсан. Багш нарт “Би том амжилт үзүүлэх юм шиг санагдаад байна. Жин хасаад 48 кг-д оролцъё” гэсэн. Тэд ч зөвшөөрсөн. Зөн совиндоо итгэсэн минь онож, амны билгээр би дэлхийн аваргаас медаль хүртлээ.

-Бокс тийм ч амархан спорт биш. Тэр дундаа эмэгтэй хүнд. Яагаад энэ спортоор хичээлэх болов?

-Би Дорнод аймгийнх. Миний хичээллэсэн анхны спортын төрөл шатар байсан. Боксын дугуйлан нь хажуу талын ангид хичээллэдэг. Нэг л өдөр ангийн хажуугаар явж байгаад яагаад ч юм энэ спортоор хичээллэмээр санагдсан. Биеэ хамгаалж сурмаар байсан учраас гэрийнхэндээ ч хэлэлгүй шууд багштай нь уулзаад л хичээллэж эхэлсэн. Бас нэлээд хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байлаа. Одоо бодоход зөн совин ч байсан байж магад. Гурав хоногийн дараа багш маань “Чамд эвсэл, ирээдүй байна. Улаанбаатар хот руу тэмцээнд явна аа” гэсэн. Анхны тэмцээн маань “Аврагч” спорт хорооны дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр багшийн нэрэмжит тэмцээн байсан. Мөнгөн медаль хүртээд  урам зориг авч байлаа. Түүнээс хойш энэ спортод сэтгэл, оюун, бие бялдраа хоёргүй сэтгэлээр зориулах болсон.  Бокс бол урлаг, спорт хосолсон төрөл юм. Шатар тоглоход оюун ухаанаа ашигладаг. Харин бокс тоглоход хөл, гар, оюун ухааныг ашиглана. Өрсөлдөгчөөсөө илүү хурдтай байхын тулд рингэн дээр бүжиглэж байгаа юм. Тэгэхээр яалт ч үгүй урлаг гэж хэлж болно.

-Гэрийнхэн нь хэр хүлээж авсан бэ?

-Би айлын ганц охин. Хоёр ахтай. Боксын тэмцээнд явах гэж байгаа гэдгээ л хэлсэн. Тухайн үед эмээ, ээж хоёр эмэгтэй хүүхэд байж шатрын спортоороо л амжилт гаргахыг бодохгүй гээд их дургүй хүлээж авсан. Гэхдээ тэмцээнд явахыг маань хориглоогүй. Би ч итгэлийг нь алдаагүй медальтай очсон болохоор тэгсэн үү, хүсэл, мөрөөдлийг минь ойлгосон уу их дэмждэг болсон доо. Манай удамд эмэгтэй хүүхэд тогтдоггүй болохоор ээж их эмзэг хүлээж авсан юм шиг санагддаг.

-Хэдийгээр өөрөө дурлаж их спортын хүн болсон ч шантрах үе гарна биз?

Шантрах үе байлгүй яах вэ. Үе тэнгийнхэн ганган, дэгжин байгааг хараад яагаад заавал ингэж өөрийгөө зовоов гэж боддог л байсан. Өдөрт ихэнх цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Мөн хээрийн бэлтгэлд гарна. Заримдаа олон цагаар ч бэлтгэл хийх тохиодол бий. Хамгийн гол нь техник. Техник болоод сэтгэл зүйн хувьд бэлтгэл сайтай бол амжилт, ялалт ойрхон. Ялагдсан ч алдаагаа ойлгоод дараагийнхаа тэмцээнд давтаж гаргахгүйн тулд бэлтгэлээ сайн хийдэг. Хялбархан тамирчин гэж байхгүй. Бүгд л ялалт байгуулах зорилготой шүү дээ. Үүнээс өмнө дөрвөн ДАШТ-д оролцоод медаль хүртээгүй. Түүнээс болж шантарч байсан орхих тухай бодож байсангүй. Харин дэлхийн аваргаас өөр тэмцээнд оролцоод ялагдсаны дараа спортоо орхих тухай бодож байсан шүү. Тэр бүрд багш нар маань итгэл хайрладаг байлаа.

-Жилийн дараа олимп болно. Энэ талаар бодож байна уу?

-Эхлээд ирэх намар болох Азийн наадамд амжилттай оролцохыг хүсэж байна. Тэр тэмцээнээр олимпын эрхийн асуудал яригдаж магадгүй.

-Дэлхийн аваргын шагналын сан маш өндөр байлаа. Мөнгөн медалийг 50 мянган ам.доллар дагалдсан. Нууц биш бол шагналын мөнгөөрөө юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Боксын тамирчдын хөлс хөдөлмөрийг өндрөөр үнэлж байгаа нь сайн хэрэг. Шагналын мөнгөө авсны дараа хэрэгтэй зүйлдээ зарцуулна даа.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Дараагийн тэмцээнд тань амжилт хүсье.

-Баярлалаа. 103 жилийн түүхтэй сониноор дамжуулан намайг үргэлж дэмждэг Монголын боксын холбоо болон тамирчдадаа, “Аврагч” спорт хороо, ОБЕГ-ын удирдлагууддаа, хайртай гэр бүлдээ, бүх багш нартаа, намайг дэмждэг дорнодчууддаа, миний тулаан бүрийг уухайлан дэмжиж байсан Монголын ард түмэндээ баярлалаа гэж хэлье. 

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24543/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 8 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 11 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 11 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 11 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 11 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 13 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 13 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 13 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 13 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 13 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 13 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 13 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 13 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 13 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 13 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 14 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 14 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 14 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 14 цагийн өмнө