-Контентоор дамжуулан цэцэрлэгийн хүүхдүүдэд мэдлэг түгээцгээе-
Сүүлийн хэдэн сард Youtube хуудсанд багачуудад зориулсан цуврал хүүхдийн дуунууд өндөр хандалт авч, дөнгөж хэлд орж байгаа хүүхдийн сонирхлыг татах болсон. Дууг нь цээжлэхэд хялбар үгтэйгээс гадна ая нь сонсголонтой ажээ. Энэхүү контентыг ямар хүмүүс хийдэг бол гэж дотроо бодон тэдэнтэй уулзахыг хүссэн юм. Энэ удаагийнхаа “Бүтээлч монгол” буланд “Lemon cake tv”-гийн уран бүтээлчдийг онцолж байна.
контентыг хэн бүтээсэн бэ
Аялгуу нь чихэнд сонсголонтой хүүхэд багачуудад зориулсан уг контентыг ямар хүмүүс бүтээж байгаа бол гэж та бодож байна уу. Тэгвэл “Lemon cake tv” долоон уран бүтээлчээс бүрддэг. Продюсер Э.Гансүх, аниматор С.Нямсүрэн, зураач Ө.Ууганбаяр, дуучин Ж.Майнбаяр, Х.Хатанцэцэг, хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Д.Болор-Эрдэнэ, орчуулагч С.Энхтуяа нар нийлснээр дээрх студийг бүрдүүлж байгаа юм. Д.Болор-Эрдэнийн хувьд Хэнтий аймгийн Бэрх хотын соёлын төвийн хөгжмийн багшаар ажилладаг. Зураач Ө.Ууганбаяр зөвхөн зураад зогсохгүй дууныхаа шүлгийг бичиж, контентын гурван дүрийн нэг болох Ноно-д дуу оруулдаг адтай, авьяастай нэгэн ажээ.
“Lemon cake tv”-г байгуулах санаа студийн амралтын өрөөнд анх төрсөн бөгөөд үүнээс хойш багагүй хугацааны дараа албан ёсоор ажил хэрэг болгож суурийг нь тавьсан түүхтэй. Уг студи Хэнтий аймагт байдаг бөгөөд продюсерээс бусад уран бүтээлч нь тухайн орон нутагтаа ажлаа хийж, бүтээлээ туурвидаг байна. Гурван дүртэй контент бүтээхийн тулд хоёр жил гаруйн хугацаанд судалгаа хийсний эцэст монгол хүүхдүүд гаднын контентоос мэдлэг авч, хүмүүжиж байгааг ажигласан тухайгаа С.Нямсүрэн, Ө.Ууганбаяр нар ярилаа. Хоёр жил судалгаа хийж, дүрээ тодорхойлсны эцэст найман сарын өмнө буюу 2022 оны долдугаар сард анхны контентоо цацжээ. Анх дуугүй зөвхөн авиагаар ойлголцдог “Power Of Love”нэртэй хүүхдийн богино хэмжээний киногоо үзэгчдэд хүргэсэн. Түүнээс хойш “Хайртай”, “Дон дон маамуу”, “Good morning”, “Хөөрхөн” зэрэг дуунуудаа багачуудад хүргэсэн байна. Сүүлийн 10 гаруй дуу нь цэцэрлэгийн насныханд СӨБ /сургуулийн өмнөх боловсрол/ олгох контент болон өргөжжээ. Анхны бүтээлээ Youtube хуудсаар цацсанаас хойш “Lemon cake tv”-гийн “Нана, Ноно” брэндийн 20 гаруй цувралыг 25.6 сая удаа үзсэн байх юм. Тэд зөвхөн Youtube гэлтгүй Монголд хүүхдийн нэвтрүүлгээр төрөлжсөн цорын суваг болох болох “Dream” телевизээр контентоо цацаж байгаа гэнэ билээ. Контентын дүрүүд хэрхэн бий болсон талаарх уран бүтээлчид ярихдаа “Гадаад зах зээл рүү гарах учраас оюуны өмчийн асуудлыг хурцаар ярьж таарна. Тиймээс сонин бөгөөд содон, этгээд дүр хайсан. Нисдэггүй амьтныг нисгэхдээ усны амьтан байвал яасан юм бэ гэдэг санаа төрсөн. Эндээс л загасыг дүр болгож, сэнс, нүдний шилтэй болгосон юм. Загас уснаас гараад хуурай газарт удаан амьдрахгүй. Тиймээс нүүрний хэсгийг нүдний шилээр тоноглож, дотор нь устай байхаар зохиомжилсон. Ингэснээр манай контентын баатрууд гадаад зах зээлд гарахад давхцахгүй болж байна. Улмаар загасандаа Ноно, Нана гэж нэр өгсөн. Харин гурав дахь дүр болох Лемон нь студийн нэрээс үүдэлтэй” гэв.
Орон зайг нөхөгчид
Сүүлийн таван жилийн хугацаанд Монголд хүүхдүүдэд зориулсан хэд хэдэн контентыг гаргасан. Гэхдээ гадаадын Cocomelon, Babyshark шиг зөвхөн дуугаар дамжуулан сургуулийн өмнөх насныханд боловсрол олгодог контент манайд дутагдаад байлаа. Харин энэхүү орон зайг “Lemon cake tv”-гийнхэн нөхөх болов. Яаж вэ гэж үү. Тодруулъя л даа. Тэдний дуу бүхэн цаанаа утга атгуулгатай. Дөрвөн сарын өмнө Youtube хуудаст тавьж, нэг сая гаруй үзэгч үзсэн “Байшин барья” дуугаар жишээ авъя.
Дөрвөн талтай дөрвөн өнцөгтэй
Дөрвөлжин дүрсээр байшин барья
Дөрвөн ханатай дөрвөн цонхтой
Дөрвөлжин хэлбэртэй байшин барья
Дөрвөлжин дөрвөлжин дөрвөн талтайд
Дөрвөлжин дөрвөлжин дөрвөн өнцөгтэй
Дөрвөн ханатай дөрвөн цонхтой
Дөрвөлжин хэлбэртэй байшин барья
Энэ дуу цаашлаад гурвалжин, дугуй дүрсийг илтгэсэн үгтэй. Тэгэхээр цэцэрлэгийн багачууд “Байшин барья” дууг сурснаар дүрсээ мэддэг. Монголд гарч буй хүүхдийн бусад контент дуу, үйлдэл, үг яриа гэсэн холимог хэлбэрээр бяцхан багачуудад тодорхой хэмжээний боловсрол олгож байгаа юм. Харин “Lemon cake tv”-гийн уран бүтээлчид зөвхөн дуугаар дамжуулан хүүхдүүдэд цэцэрлэгийн цөм хөтөлбөрийн дагуу системтэйгээр мэдлэг олгох цуврал бүтээж байгаа нь Монголдоо анхдагч юм. Нана, Ноно, Лемон гэсэн гурван дүртэй эл контентыг хүүхэд багачууд хэдийнэ үзэх дуртай болсон бөгөөд өдрийн дундаж үзэлтийн тоо 150 мянгад хүрчээ. Монголд үйлдвэрлэж буй контент бүхэн өөрийн гэсэн онцлог, өнгө аястай. Тэдний нэгэн адил “Lemon cake tv”-гийнхэн онцлогоо тодорхойлж, дутагдсан орон зайг соргогоор харсан нь сайшаалтай. Зөвхөн дуугаар дамжуулан СӨБ-ын мэдлэг олгох эл контент богино хугацаанд гадаадын ижил төстэй бүтээлүүдтэй өрсөлдөхүйц үзэлт, хандалттай болсныг энд зориуд цохон тэмдэглэе. Тус хүүхэлдэйн контентын хүрээнд долоо хоног бүрийн даваа гарагт нэг шинэ дууг Youtube хуудсаараа дамжуулан цацдаг. Өөрөөр хэлбэл, долоо хоног бүр хүүхдийн дууны сан хөмрөгт нэгэн шинэ дуу нэмэгдэж байна гэсэн үг.
Багш нарт хэрэгтэй хялбар бөгөөд үр дүнтэй контент
“Lemon cake tv”-гийн гол зорилго нь өөрсдийн бүтээж буй контентоор дамжуулан боловсрол олгох аж. Сургуулийн өмнөх боловсрол олгох хөтөлбөр гэж бий. Тэгвэл тэд дуугаар дамжуулан хүүхдүүдэд СӨБ олгохоор ажиллаж байна. Тодруулбал “1, 2, 3” дуугаар хүүхдэд тоож зааж байгаа бол “Шагай” бүтээл нь үндэсний наадгайг таниулна. Өндөр, нам, өргөн, нарийн, урт, богино, дүрс гэх мэт цэцэрлэгт олж авах мэдэгдэхүүнээс гадна танин мэдэхүйн мэдлэгийг контентоороо дамжуулан олгохоор төслөө эхлүүлсэн нь энэ. Тэд эхний ээлжинд Хэнтий аймгийн 37 цэцэрлэгийнхэнтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн орон нутгийн удирдлагууд, боловсролын хэлтсийнхэн нь дэмжсэн байна. Ингэснээр Хэнтийн аймгийн цэцэрлэгийн багш нарт хүүхдүүдээ дуугаар дамжуулж тоолж сургах, дүрс, өнгөх ялгах зэргийг заахад илүү хялбар болжээ. Энэ талаар аниматор С.Нямсүрэн ярихдаа “Багш нар хүүхдүүддээ тоо заахдаа юу ашиглах нь тэдний дурын асуудал. Гэхдээ контентоор дамжуулбал хүүхдэд илүү хүрч, хурдан хугацаанд сурч байгаа нь туршилт хичээлүүдээс харагдсан. Манай контент ялангуяа залуу багш нарт илүү өгөөжтэй. Монгол орны өнцөг булан бүрд ашиглаж болох контентыг бид бүтээж байна. Харин багш нар маань хичээл заах арга барилдаа үүнийг ашиглаасай гэж хүсэж, уриалж байгаа юм. Өнөөдөр хүүхдүүдийг чанга дуугаар хүмүүжүүлдэг цаг үе өнгөрсөн. Харин үр, өгөөжтэй контентоор хүмүүжүүлэх нь үр дүнтэй байж мэднэ. Дуугаар дамжуулж мэдлэг олгох нь бидний давуу тал. Бид зугаатай байдлаар мэдлэг олгох 50 контент хийж байна” гэв. Тэгвэл тус контентын зураач, дуу оруулагч Ө.Ууганбаяр “Манай контентыг Монголын бүх цэцэрлэг орон даяар албан ёсоор ашигладаг байгаасай гэж хүсэж байна. Сургалтад ашиглаж болох контент гэдгийг багш нар мэдээсэй. Нэгэн үед багш нар хүүхдүүдээ томоотой суулгахын тулд дуу бүжигтэй гаднын хүүхэлдэйн сувгуудыг үзүүлдэг байсан. Харин өнөөдөр бид яг тэр орон зайг нөхөхөөр цувралаа гаргаж эхэллээ. 50 цувралаар дамжуулан 50 өөр төрлийн мэдлэг олж авах боломжтой юм” хэмээн ярилаа. Тэд гурван дүрээ хүүхдүүдэд танил болгохын тулд эхлээд хөгжилтэй дуунууд зохиосон байна. Улмаар дүрүүд нэгэнт танил болж эхлэнгүүт СӨБ олгох контентуудаа хүргэж эхэлжээ. Ер нь бол цэцэрлэгийн багш нар хүүхдүүддээ хичээл заадаг уламжлалт аргаа өөрчлөх цаг болсныг “Lemon cake tv”-гийн бүтээсэн контент харуулж байна. Заахад хялбар хэрнээ хүүхдүүд тогтоож, цээжлэхэд амархан, үр дүн сайтай. Насны онцлогт тохирсон, дөрвөөс таван үгтэй, түүнийгээ давтсан дуунуудыг бага насныхан цээжлэхэд амархан. Яг Baby Shark шиг.
Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр гурван түвшний мэдлэг олгох гэж байдаг. Цэцэрлэгт анхлан элсэгчид нэгдүгээр түвшний мэдлэг олж авдаг бол дараа жил нь хоёр, хамгийн сүүлд гуравдугаар түвшний мэдлэг авна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгт орсон жилдээ урт, богиноо мэддэг болсон бол дараагийн шатанд түүнийгээ хэмжиж сурна гэсэн үг. Үнэхээр дуугаар дамжуулж цэцэрлэгийн багачуудад мэдлэг түгээдэг болчихвол багш нарын заах арга барилд өөрчлөлт орж, ажил нь тодорхой хэмжээгээр хөнгөрөх боломжтой мэт санагдана. Хамгийн гол нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх цэцэрлэг дээрх контентыг чөлөөтэй ашиглаж болох нь. Тэд зөвхөн дуун контент бүтээгээд зогсохгүй 50 цувралаараа ном гаргаж байгаа гэнэ. Эхний дөрвөн цуврал ном удахгүй хэвлэлтээс гарах аж. Түүнчлэн Youtube хуудаст дээрх цуврал дуунуудын хүүхдийн караокег ч оруулсан байна. Цэцэрлэгийн урлагийн үзлэг болон жилийн хөтөлбөртөө “Lemon cake tv”-гийн контентыг гарын авлага болгон ашиглах нь нээлттэй гэдгийг уран бүтээлчид онцолж байгаа юм. Дуун контентоор дамжуулан СӨБ-ын мэдлэг олгохыг цэцэрлэгийн багш нартаа дахин уриалъя...
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24543/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна