О.Энхбаатар: Бид боловсруулсан төлөвлөгөөгөө 100 хувь хэрэгжүүлж чадсан учраас Азийн аварга боллоо


Монголчууд багийн спортоор олон улсад чамлахааргүй амжилт үзүүлдэг болсон. Багийн спорт дундаа сагсан бөмбөгөөр онцгойрч чадаж байна. 3х3 төрлөөр л гэхэд хэдхэн хоногийн өмнө тивийн хошой аварга боллоо. Монголын спорт сонирхогчдыг огшуулсан бахдам ялалт байгуулсан тамирчид өнгөрсөн даваа гарагт эх орондоо ирсэн. Үндэсний шигшээ баг, Эрдэнэтийн “Уурхайчид”-ын тамирчин О.Энхбаатартай ярилцаж, Азийн аваргын сонин сайхнаас хуваалцлаа. 

-Юун түрүүнд баяр хүргэе. Монголын шигшээ зургаан жилийн өмнө нутагтаа Азийн аварга болж байсан. Тэгвэл энэ удаа Сингапурт аваргаа баталлаа. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Маш их баярлалаа. Миний хувьд анх удаа багийн спортын төрлөөр, тэр тусмаа сагсан бөмбөгөөр Азийн аварга болж байна. Сэтгэгдэл өндөр байна. Тамирчин болсныхоо хэргийг гаргасан. Төрийн дууллаа эгшиглүүлэх гайхалтай мөч тохиолоо. Гайхамшигтай юм билээ. 


-Шинэ Зеланд, Австралийн багийн эсрэг тоглохдоо үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, зүрх базлуулж чадлаа. Финалын тоглолтод А.Ананд холын зайнаас шидэлтээ амжилттай болгоод зогсохгүй алдаа авч багтаа хожил авчирлаа. Яг тэр хожлын мөчийг эргэн дурсвал?
-Маш гайхалтай мэдрэмж. Үгээр илэрхийлэхэд хэцүү юм. Дөрвөн оноогоор хожиж яваад бариулсан. Бага зэргийн сандрал байлаа. Гэхдээ хожно гэдэгтээ итгэлтэй байсан. А.Анандын тэр шидэлт бол бэлдсэн тактик. Эгзэгтэй үед ийм шидэлт хийлгэнэ гэж төлөвлөгөө боловсруулсан. Түүнийгээ хэрэгжүүлж, А.Ананд маань ч шидэлтээ алдсангүй. Яг тэр үед би сэлгээнд сууж байлаа. Нэг мэдсэн чинь талбай дээр гарчихсан А.Анандын өөдөөс хараад орилж байсан. Үнэхээр супер байлаа. Австралийн багийн тоглолтыг сайн мэднэ, судалсан. Тоглолтын өмнө энэ багийн эсрэг төлөвлөгөө гаргасан. Цаасан дээр гаргасан төлөвлөгөө талбай дээр 100 хувь хэрэгжсэн учраас бид хожлоо. 


-Тэгвэл Шинэ Зеландтай хийсэн тоглолтыг асуухгүй өнгөрч болохгүй байх. Цаг дуусаж байхад хоёр оноогоор илүү явж байсан хэрнээ та эсрэг багийн тоглогч дээр алдаа гаргасан. Шинэ Зеландын тамирчин шийдвэрлэх хоёр шидэлт хийж байх үед юу бодогдож байв?
-Шинэ Зеландад NCAA-д тоглож байсан ур чадвар сайтай тамирчин байсан. Сэтгэлийн хүчээр бид илүү байсан учраас хожсон болов уу. Эхнээсээ л амархан оноо өгөхгүй, хамгаалалт тактик барилаа. Цаг анзаараагүй нь миний алдаа байсан. Гэхдээ мэдээж алдаа хийе гэж бодоогүй. 19:17 байхад эсрэг баг маань холын зайн шидэлт хийсэн. Би аль болох оноо алдахгүйн тулд хамгаалсан. Тэр нь алдаа болж таарлаа. Яг торгуулийн шидэлтээ хийх үед үнэхээр хүнд, хэцүү байв. Арай л гэж харсан. Азаар сагсан бөмбөгийн бурхан тэнгэр ивээж эсрэг баг нэг шидэлтээ алдсан. Улмаар үлдсэн хугацаанд довтолсон ч оновчгүй болж ялалт бидэнд ирлээ. Богинохон хэрнээ хэцүүхэн хором байсан шүү. Энэ тоглолт надад маш том туршлага боллоо. 


-Тамирчин хүн бүр тив, дэлхийн аварга, олимпод төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсдэг. Цээжин дээрээ гараа тавиад Төрийн дууллаа дуулахад ямар мэдрэмж төрж байна вэ. Шагнал гардах мөчид юу бодогдсон бэ?
-Энэ бол тамирчин хүн бүрийн мөрөөдөл. Анх удаа ийм гоё мэдрэмж авлаа. Төрийн дуулал эгшиглэж байх үед өөрөөрөө бахархсан. Монгол гэдэг улсын Төрийн дууллыг олон орны үзэгч, тамирчдын өмнө эгшиглүүлж, өөрөө дагаж дуулах тэр мэдрэмж үнэхээр гайхалтай байв. Цаашид ийм мэдрэмжийг олон удаа авна гэж найдаж байна. 


-Сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь өндөр хэмнэлтэй тоглодгоороо тамирчнаас тэвчээр шаарддаг. Манай тамирчид лиг дуусаагүй байхад явсан. Ядарсан уу?
-Ядрах бол асуудал биш байв. Лиг бүтэн үргэлжилсэн. Бид өндөр формтой байлаа. Тав хоног багийн системээ бэлдэж байгаад л тэмцээндээ оролцсон.

 
-О.Энхбаатар сэтгэл зүйн бэлтгэл хэр сайтай тоглогч вэ?
-Дажгүй шүү. Чухал тоглолтод өөрийнхөө сэтгэл зүйг аль болох бэлдэж ордог. Тиймээс чухал тоглолтод илүү өндөр статистиктай тоглодог юм болов уу гэж өөрийгөө дүгнэдэг. Тоглолтын дараа сошиал дахь сэтгэгдлүүдийг уншсан. Гэхдээ хүмүүс ийм болсныг анзаараад л байгаа. Энэ бол асуудал биш. Эцсийн дүнд манай баг аварга болсон, бид зорьсондоо хүрээд ирлээ. Энэ л чухал. Хамгийн гол нь үр дүн шүү дээ. 


-Дүүтэйгээ тивийн аваргад оролцлоо. Хамт тэмцээнд оролцох ямар байдаг бол?
-Маш гоё. Бүх зүйлд тайван байж болно. Түшиг тулгууртай. Бие биедээ зөвлөгөө өгнө. Хүний нутагт дүүтэйгээ явах сайхан. Мэдээж улс орноо төлөөлөөд том тэмцээнд оролцоно гэдэг өөрөө бахархал юм даа. Дээрээс нь аавынхаа нэрийг гаргаж байгаадаа баяртай байна. Аав маань ч баярладаг байх. Тив, дэлхийн аваргад Онолбаатар гэж дуудуулж яваадаа дүү, бид хоёр баяртай байдаг. Сингапурт болсон Азийн аварга бол бидний олон улсын тэмцээнд хамт оролцож буй хоёр дахь тохиолдол юм. Өмнө нь ДАШТ-д эх орноо төлөөлөн хамт өрсөлдөж байлаа. Энэ тоглолтод эрэгтэй, эмэгтэй хоёр баг хоёулаа хэсгээсээ шалгарсан ч хасагдах шатанд мултарч байсныг уншигчид санаж байгаа биз. 


-Ярилцлагын сэдвээ өөрчилж, лиг рүү анхаарал хандуулъя. Танай баг финалд шалгарсан байгаа. Харьцангуй амархан финалдлаа. Мэдээж аварга авах зорилготой биз. Лигийн дүр зургийг хэрхэн харж байна вэ?
-Амархан зүйл гэж огт үгүй. “Бизон” залуу баг хэдий ч сайн өрсөлдөгч байж чадсан. “Хүлгүүд” бол өнгөрсөн жилийн аварга баг. Тэр чигээрээ туршлага шүү дээ. Дээрээс нь А.Анандыг багтаа элсүүлсэн нь өрсөлдөөнийг бүр ч сонирхолтой болгосон. Хэдийгээр өмнөх хоёр цуврал 4:0-ээр дууссан ч тоглолт бүхэн хүнд байлаа. “Бизон”-той хийсэн цуврал санасныг бодоход хурдан дууссан учраас өнгөрсөн жилийн аварга “Хүлгүүд”-тэй хэрхэн тоглох төлөвлөгөө боловсруулсан юм. Энэ бол маш сайн төлөвлөгөө болсон учраас бид цувралд аваргуудыг хожлоо. Нэг ёсондоо дасгалжуулагчийн тактикийг хэрэгжүүлж чадсан учраас финалд үлдээд байна. Манай баг өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлж бэлтгэл хийсэн. Тэр үр шимээ хүртэхийг хүсэж байна. Дөрвөн сарын турш бэлтгэл хийж байж лигтээ оролцлоо. Тэр хэрээр улирлын тоглолтод өндөр амжилт үзүүлж чадсан гэж бодож байна. Бүгд аварга авахын төлөө бүхнээ зориулж байгаа учраас цом өргөхийн төлөө зүтгэнэ. Аварга болохыг хичээх ч тийм амархан байхгүй л болов уу. 
-О.Энхбаатарын сагсан бөмбөгөөр хичээллэх болсон шалтгаан юу вэ?
-Яг үнэндээ анх энэ спортыг сонгоно гэж бодож байгаагүй. NBA үзэх дуртай. Бусдаасаа арай өсгөлүүн хүүхэд байлаа. Надад олдсон ганц боломж нь МУИС-д элссэний дараа сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт орох сонгон шалгаруулалтад тэнцсэн. Ингээд л эргэлт буцалтгүй сагсан бөмбөгт хөл тавьсан даа. 


-Спортоор хичээллэнэ гэдэг амар биш. Бэртэл гэмтлээс эхлээд шантрахад олон хүчин зүйл нөлөөлнө. Та энэ бүхнээс шантраад заалаа орхин гарч байсан уу?
-Заалаа хаяж гарах тухай бодож л байлаа. Шантрах, бэртэх тохиолдол зөндөө. Гэхдээ заалаа хаяж гараагүй. Би өмнөө тавьсан зорилгоо биелүүлээгүй учраас хэцүү бүхнийг тэвчсэн. Ер нь зөвхөн сагсан бөмбөг гэлтгүй аливаад тууштай байхыг хичээдэг. Тэр зан чанар минь намайг шантрахад, хэцүүгийн өмнө өвдөг сөхрөхөд босох урам зориг өгдөг. 
-Сагсан бөмбөгийн хөгжлийг өнөөдөр та хэрхэн харж байна вэ. Энэ спортынхон NBA, Европын сагсан бөмбөгийн тамирчид шиг мэргэжлийн статустай болж, хоолоо олж, амьдралаа авч явах боломж бий юү?
-Яг өнөөдрийн хувьд бол байна. Цаашид бүр ч илүү баталгаатай болно гэж боддог. Сүүлийн үед сагсан бөмбөгийн спорт маш эрчимтэй хөгжиж байгаа. Энэ бол сагсан бөмбөгийг ивээн тэтгэгч, дэмжиж байгаа хөрөнгө оруулагчдын ач гавьяа юм. Мэдээж холбооны удирдлагуудын хичээл зүтгэл байна. Багийн эзэд, холбооныхон, ивээн тэтгэгчид сагсан бөмбөгийг мэргэжлийн байхад анхаарч чадаж байгаа юм. Хэрвээ мэргэжлийн байж чадахгүй бол амьдралынхаа хэрэгцээг хангахын тулд спортынхоо хажуугаар орлого олох өөр ажил хийх шаардлагатай болно. Тэгэхээр л тамирчдын өсөн дэвших, ур чадвараа сайжруулах зэрэг нь худлаа болж таарна. Санаа зовохгүйгээр зөвхөн сагсан бөмбөгт анхаарлаа хандуулахад манай тамирчид жил ирэх тусам сайжирч, түвшин ахиад л байна. Миний хувьд ч гэсэн 2016 онд их сургуулиа төгсөөд Худалдаа хөгжлийн банканд ажилладаг байлаа. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд өглөө нь ажлаа хийж, орой нь лигтээ тоглодог байсан. Ингээд 2019 онд амьдралаа 100 хувь спортод зориулах шийдвэр гаргаж ажлаа орхисон юм. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл нь “Энержи ресурс”. Тус компани манай 3х3-ын тамирчидтай гэрээ байгуулж, клубийн системд орсон. Энэ бол надад олдсон боломж учраас би алдахыг хүсээгүй. Гаргасан шийдвэр маань ч алдаагүй. Өнөөдөр би бага багаар түвшингээ ахиулж, сайжраад л явж байна. Сагсан бөмбөг тоглож цалингаа авч байна. Өөр юунд ч анхаарал хандуулахгүй. Тамирчны авдаг цалингаараа гэр бүлээ, амьдралаа аваад явах боломж бий. Өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэх тусам сагсан бөмбөгөөр амьдарч болно. Энэ бол сагсан бөмбөгийн хөгжил юм. Цаг хугацааны эрхээр улам төгсрөөд явна гэдэгт найдаж байгаа. Гэхдээ зөвхөн тамирчин байх үеэ бус спорт гэдэг залуу насных учраас зодог тайлсны дараа яах вэ гэдгээ бодох л хэрэгтэй. 


-Монголд сагсан бөмбөг хөгжиж, лиг ч сонирхолтой болж байна. Тэр хэрээр өндөр ур чадвартай легионерууд ирлээ. Мөн баг бүр дэргэдээ фэн клубтэй болж байх шиг. Энэ тал дээр саналаа хуваалцах уу?
-Мэдээж гаднаас мэргэжлийн ур чадвар өндөртэй тамирчин ирэх бүрд монгол тоглогчдын чадвар дагаад нэмэгдэнэ. Энэ жил л гэхэд өндөр зэрэглэлийн тамирчид ирлээ. Тэднийг дагасан залуучуудын чадвар өсөж байгаа юм. Багийн спорт үзэгчгүйгээр хөгжих боломжгүй. Үүнийг саяхан болсон Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудаас харж болохоор байлаа. Сая бид хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглосон учраас сэтгэл зүй өндөр байсан. Тоглолтын үр дүнд яалт ч үгүй нөлөөлж байгаа юм. Тэд байхгүй бол бид хоосон зааланд тоглоод яах вэ дээ. Тиймээс сагсан бөмбөгийн хөгжлийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь үзэгч мөн. Магадгүй Азийн аваргын урьдчилсан шатны тоглолт Монголоос өөр оронд болсон бол бидний үзүүлсэн амжилт арай өөр үр дүнтэй байхыг ч үгүйсгэхгүй. 


-Ойрын зорилт юу вэ?
-2024 оны олимп. Багийн спортоор олимпод оролцож, медаль хүртэх. 


-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Лигтээ түрүүлэх болтугай?
-Маш их баярлалаа. Энэ ташрамд Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө хүчин зүтгэж байгаа бүх хүнд талархал илэрхийлье. Багийнхаа эзэд, дасгалжуулагч, намайг ойлгож дэмждэг хүмүүст бүгдэд нь баярлалаа. 

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24544/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 8 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 11 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 11 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 11 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 11 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 12 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 12 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 12 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 12 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 13 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 13 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 13 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 13 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 13 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 13 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 13 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 13 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 14 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 14 цагийн өмнө