Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүнтэй ярилцлаа.
-Манай улс энэ онд төлөх ёстой байсан “Гэрэгэ”, “Самурай” зэрэг томоохон бондын эргэн төлөлтийг хийж дуусгалаа. Энэ нь дотоодод төдийгүй гадаадад эерэг мэдээлэл болох байх?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Засгийн газрын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 60 хувиас хэтрэхгүй байхаар заасан байдаг. Гадаад өрийн тогтвортой байдлын удирдлагыг онцгой анхаарах нь Монгол Улсын олон улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх, дотоод эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд нэн чухал зүйл учраас өрийн тогтвортой байдлын удирдлагын үндэсний институцийг өргөжүүлэн бэхжүүлэх, үр дүнг нь дээшлүүлж олон улсын байгууллагуудтай идэвхтэй бөгөөд үр дүнтэй хамтран ажиллах, эдийн засгийн бодлого, түүний дотор төсөв, мөнгөний бодлогод хоршуулсан байдлаар онцгойлон анхаарах нь чухал болж байна. Гадаад өрийг муу ашиглавал ямар үр дүн авчирдаг, сайн ашиглавал ерөөл болдгийг олон улсын туршлага бэлхнээ харуулж байгаа. Хамгийн гол асуудал бол зээл их, бага авах асуудал биш өрийг эргүүлэн төлөх, үндэсний чадавхыг бэхжүүлж, эдийн засаг, экспортын хүчин чадлаа хангалттай хэмжээнд нэмэгдүүлэх бодлого л хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын болон Хөгжлийн банкны зүгээс зөв бодлого, менежментийг хэрэгжүүлснээр Засгийн газар сүүлийн гурван жилийн хугацаанд 1.6 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай удирдаж чадлаа. Үүний үр дүнд өрийн дефолтын эрсдэлээс бүрэн салж чадсан. Өмнө нь голдуу босгосон бондын өрийг restructuring буюу дахин санхүүжүүлэх менежмент хийж явдаг байсан.
-Манай улсын эдийн засгийг энэ онд 5.2 хувиар өснө гэж Дэлхийн банкнаас тооцоолсон. Гаднын бусад байгууллагаас өсөлтийг ямар байдлаар дүгнэж, тооцоолж байгаа вэ. Тухайлбал, ОУВС-гаас манай улсад ямар зөвлөж өгч байгаа вэ?
-Дэлхийн банк манай улсын 2023 оны ДНБ-ийн өсөлтийг 4.7 хувиас 5.2 хувь хүртэл өснө гэж төсөөлсөн. Энэ нь цар тахалын дараах эдийн засгийг сэргээх цогц бодлогын арга хэмжээнээс улбаалсан уул уурхайн салбарын өсөлт, экспортын тэлэлтэд суурилж гаргасан үзүүлэлт. Ер нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын санхүүгийн байгууллагууд өөр өөрсдийн тооцооллоо дэвшүүлдэг. Засгийн газар бол ДНБ-ий бодит өсөлтийн хэмжээг 6.5 хувьтай төсөөлж байгаа.
-Эдийн засагт гарч буй эерэг дохио, тоон үзүүлэлтийн үр дүн ард иргэдэд хэзээнээс мэдрэгдэж эхлэх вэ. Цаасан дээр эдийн засаг өсөлттэй гарч байгаа ч иргэдэд бодитоор мэдрэгдэх нь түүнээс ч чухал байгаа шүү дээ?
-Аливаа Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын үр дүнг хэмжих олон хэмжүүр байдаг гэхдээ гол нь ажил эрхлэлт, өрхийн орлого, бизнесийн орлогоор хэмждэг. Өмнө нь хэлсэнчлэн эдгээр цаасан дээрх тоон өсөлтүүд бодитоор өрхийн орлогод хэзээ, хэрхэн очих, бизнесийн хаалгаар хэзээ орж мэдэгдэх вэ гэдэг дээр л Засгийн газрын анхаарал төвлөрч, бодлого, шийдлүүдийг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлээд ажиллаж байна. Бодлогын үржүүлэгч нөлөө гэж байгаа, энэ бүхнийг тооцооллон ажиллаж байна. Гадаад орчноос хамааралтай экспорт, эдийн засгийн өрөөсгөл бүтэцтэй Монголын эдийн засгийн хувьд түүхий эдийн орчлын харьцангуй тааламжтай мөчлөг байгаа ч ул суурьтай урт хугацаандаа бодвол бидний бодлогын сэтгэлгээ энэ орчлоос хамааралтай. Үнэ өсөхөөр баярлаж, буурахаар нь урвайж бүхнийг түүн рүү чихээд байж болохгүй. Энэ бол нөөцөд суурилсан эдийн засагтай улсад тохиолддог тэр бүр анзаарагддаггүй, анхаардаггүй бодлогын, магадгүй сэтгэлгээний гажуудал гэж дүгнэж болно. Тиймээс эдийн засгийн өрөөсгөл бүтцээ өөрчлөхөөс эхлээд олон ажил хийгдэж байна. Бодлогын дараагийн чухал чиглэл бол нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх асуудал. Энэ чиглэлээр хийсэн судалгаанууд цөөн байдаг, дундаж давхаргын тодорхойлолт бас оновчгүй, хувь хэмжээний талаар гарсан үр дүн нь өөр өөр байгаад байдаг. Дундаж давхарга бол Монголын нийгмийг чирч явах зүтгүүр хүч учраас иргэд, бизнесийн эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлж, зах зээлийн хөгжилд хориг саад болж буй аливаа хязгаарлалт зохицуулалтыг минимум хэмжээнд байлгах чиглэлээр төрийн бүх яам, агентлаг өөрсдийн салбар, хариуцсан чиглэлээр үнэлгээ дүгнэлт хийх, замын зураг боловсруулан, зохицуулалтын реформыг хэрэгжүүлхээс эхлээд бизнес, хөрөнгө оруулалтын орчныг цэвэрлэж, ойлгомжтой, ээлтэй, тэгш шударга өрсөлдөөний талбар болгож гэмээнэ бид эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй буюу айл гэр, аж ахуйн нэгжүүдийн хаалгаар орсон, мэдрэгдсэн өсөлт болгож чадна.
-Энэ оны эдийн засгийн төлөв байдлыг та хэрхэн харж байна вэ. Хэчнээн хувийн өсөлттэй гарах прогнозтой байна вэ?
-Юуны түрүүнд бид ямар нөхцөл байдлаас хөрвөж байгаагаа дахин нэг харах хэрэгтэй болов уу. 2.5 жилийн хугацаанд дэлхий нийтээрээ цар тахал болон геополитикийн тогтворгүй байдлаас улбаалсан эдийн засгийн гинжин хэлхээ бүхий цуврал сорилттой нүүр тулж байна. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт гацалтад орж, мөнгөний урсгал татарч, эрчим хүчний хомсдолоос үүдсэн Европын холбооны үнийн өсөлт зэрэг цочрол байлаа. Харин сүүлийн саруудад БНХАУ хөл хориогоо цуцалсан, эрчим хүч, хүнсний үнийн өсөлт дэлхий дахинд саарч байгаа нь олон улс талаасаа эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна. Олон улсын байгууллагуудын тооцооллоор дэлхийн эдийн засгийн ирэх таван жилийн өсөлт гурав орчим хувь буюу сүүлийн 20 жилийн дундаж болох 3.8 хувиас бага байхаар байна. Энэхүү сааршилт нь мэдээж төв банкуудын мөнгөний хатуу бодлого, ОХУ-ын нөхцөл байдал гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалсан тодорхойгүй байдлын үр дагавар. Улс орнууд дээр дурдсанчлан тодорхой хүндрэлүүдийг даван туулах менежментээ гадаад, дотоод нөхцөл байдалдаа нийцүүлэн бодлогын тохируулгуудаа хийж байгаа энэ үед Монгол Улс мөн адил маш хурдан бөгөөд ухаалагаар асуудлуудтайгаа нүүр тулан шийдвэрлээд явж байна. Монгол Улсын эдийн засаг 2022 онд өмнөх оноос 4.8 хувиар өссөн. Эдийн засгийн бодит өсөлтийг салбараар нь авч үзвэл хөдөө аж ахуй 12, барилгын салбар 7.5, худалдааны салбар найм, тээврийн салбар гурав, үйлчилгээний салбар 4.9 хувиар тэлж нийт өсөлтөд нөлөөлсөн ч уул уурхайн салбар 11 хувиар агшсан. Уг нь тус салбарын үйлдвэрлэл, экспорт 2022 оны сүүлээр нэмэгдсэн ч, БНХАУ-ын “Тэг-ковид” бодлогын нөлөөгөөр оны эхэнд хуримтлагдсан агшилт нөлөөлөсөн л дөө. Өнөөдрийн хувьд буюу 2023 оны эхний гурван сарын байдлаар эдийн засгийн өсөлт 8.1, инфляц 10 хувь, гадаад валютын албан нөөц нэмэгдэж, төгрөгийн ам.доллартой харьцах албан ханш энэ сарын 1-ний байдлаар 3.473 төгрөгт хүрч, оны эхнээс 42.3 төгрөг буюу 1.20 хувиар суларсан байна. Энэ оны эхнээс гадаад валютын орох урсгал гарах урсгалаас 561.8 сая ам.доллараар их гарч байна гэсэн үг.
-Монгол Улс эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн болох нүүрсээ биржээр арилжаалж эхэлсэн нь эдийн засагт эерэг үр дүн гарахад том түлхэц болох байх. Нүүрсний цахим арилжаа эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Засгийн газраас авч хэрэгжүүлсэн экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний үр дүнд энэ оны хувьд худалдааны тэнцэл ашигтай гарч, алдагдлыг хязгаарлахаас гадна хамгийн чухал нь нүүрсний гэрээнүүд болон олборлолтоос экспорт хүртэлх бүх шат дамжлага, худалдан авалтын процессыг цахимжуулж, арилжааг ил тод болгосоноор экспорт нэмэгдэж, орлогын төвлөрөл сайжирсан. Мөн тээврийн салбар сэргэж, гурван хувиар өссөн, 2022 оны сүүлийн хагаст боомтын саатал буурсны үр дүнд нүүрсний экспорт нэмэгдэхэд нөлөөлсөн. Цахим арилжаа эхлээд одоо дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийт 26 удаа нүүрсний цахим арилжаа амжилттайг зохион байгуулж нийт 1.182.000 тонн багц нүүрсийг 646 тэрбум төгрөгөөр арилжаалсан мэдээтэй байна.
-Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлсэн нь эдийн засагт гарцаагүй сайн мэдээ. Эдийн засгийн өсөлтөөс гадна гаднын хөрөнгө оруулагчдыг татах тухайд ч том дохио болсон болов уу?
-Тэгэлгүй яах вэ. “Оюутолгой” төсөл бол Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш хийгдэж буй хамгийн том гадаадын хөрөнгө оруулалттай төсөл. Мөн Монгол Улсын хувьд гуравдагч хөрш оронтой бие даан хийж буй анхны мега төсөл. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Улс орнууд хөрөнгө хоруулалт татах, нутагшуулах чиглэлээр бодлогын өрсөлдөөн байнга хийж байдаг. Энэ нь хөрөнгө оруулагч хамгийн түрүүнд тухайн улсын хөрөнгө оруулалтын орчны тоглоомын дүрэм нь хэр ойлгомжтой байна, хэр шударга байна, урт хугацаанд хамтран ажиллахад хэр харилцан ашигтай байдлыг хангаж байна, аливаа гэрээ, түүний биелэлтэд хэр хүндэтгэлтэй ханддаг вэ, тухайн улсын хууль эрх зүйн орчин, улс төрийн тогтворгүй байдлын эрсдэл,оршин суухад хэр таатай нөхцөлтэй вэ гэх мэт олон зүйлийг тооцоолж байж хөрөнгө оруулах шийдвэрийг гаргадаг. 1991 оноос 2022 он хүртэл 39.7 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байдаг, үүнээс Оюутолгойн хөрөнгө оруулалт 17.2 тэрбум ам.доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 43.2 хувь байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг салбарчилбал геологи, уул уурхай, газрын тосны салбарт 72, худалдаа, нийтийн хоол 11, үлдсэн бусад салбар 17 хувь байгаа. Тэгэхээр “Оюутолгой” төсөл бол Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны хэмжүүр шахуу зүйл болсон гэж харагдаж байна. Цаашид ч бид дахин “Оюутолгой” шиг том төслүүдээ нээн илрүүлж, эдийн засгийн эргэлтэд зөв менежменттэй оруулах нь зүйн хэрэг. Нөгөө талаар “Оюутолгой” төслийн нөлөөгөөр гэх юмуу ийм том хэмжээний олон улсын гэрээ хэлцлийг ойлгож, хийж сурч байна. Олон улсын мега төслийн менежментийг нутагшуулж чадах хэмжээнд бид очиж байна гэж хувьдаа дүгнэж байна. Манайх экспортын 97 хувь нь уул уурхай, долоон хувь нь уул уурхайн бус экспортын бүтэцтэй улс. Уул уурхайн бус экспортын чиглэлээр Монгол Улсад нийт 700 гаруй аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Улмаар нийт 55 улсад 62 бүлгийн 233 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг экспортолж байна. Эдийн засгийн төрөлжилт явагдаж байгаа ч чамлахаар л тоо. Бид цаашид эдийн засгаа улам л төрөлжүүлж, солонгоруулах, хүртээмжтэй болгох нэн шаардлага байна. Энэ эдийн засгийн өсөлт нь өрхийн болон бизнесийн хаалгаар ордог байх л чухал.
-Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого эдийн засгийн салбарт ямар байдлаар, хэрхэн хэрэгжиж байна вэ. Энэ тухайд бодлогын чанартай олон талт ажил өрнөж байгаа байх?
-“Алсын хараа 2050”, түүний эхний 10 жилийн хэрэгжилтийн хэсэг болох Шинэ сэргэлтийн бодлогыг УИХ-аас баталснаар Засгийн газар хэрэгжүүлээд явж байна. Монгол Улс сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд нийт 600 гаруй бодлогын баримт бичиг боловсруулсан байдаг. Үүний заримыг нь авч, дээрх бодлогын баримт бичигт шигтгэсэн бөгөөд нийт 1600 гаруй мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хоёр жил гаруйн хугацаанд боловсруулж баталсан маш сайн чанартай бодлогын баримт бичиг болсон. Шинэ сэргэлтийн бодлогын бусдаас ялгарах гол зарчим нь Монгол Улсын хөгжлийг боомилж, хүчийг сааруулж, хурдыг удаашруулж байсан зургаан хүчин зүйлийг дахин тодорхойлж, тэдгээрийг шийдэх шийдлийг гаргаж тавьсан. Энэ бодлогын хүрээнд дэвшүүлсэн зургаан сэргэлтийн бодлого хоорондоо нягт уялдаа холбоотой. Эцсийн дүндээ эдийн засгийн огцом өсөлтөд чиглэсэн үр дүн, түүний үржүүлэгч нөлөөг л хэлж байгаа юм. Жишээлбэл, боомтын хүчин чадал нэмэгдэж, Монгол Улс экспортын гарцаа нэмэгдүүлж бараа бүтээгдэхүүний эргэлт хурдассан гэх мэт үзүүлэлтийг дурдаж болно. Монгол Улс 2022 оны сүүл гэхэд 162 улстай худалдаа хийж, нийт бараа эргэлт 20 гаруй тэрбум ам.доллар болсон, өмнөх оноос 30 хувиар өссөн, гадаад худалдааны тэнцэл 3.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Хаалттай байсан Шивээхүрэн боомт нээгдэж 2022 оны долдугаар сараас эхлэн Гашуунсухайт боомтод иж бүрэн автомат удирдлагатй тээвэрлэлтийг нэвтрүүлсэн гэх мэт олон зөв бодлогын нөлөөг дурдах нь зүйтэй байх.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24548/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна