М.Түвшинхүү: Сайхан муухайгаа дуудуулаад хоёр шугамаар зэрэг явж үзлээ, одоо тайван амьдаръя



УДЭТ-ын жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүүг ярилцлагын хойморт зочноор урилаа. Жүжигчин гэхээсээ спортын хүн байхаар өгөгдөлтэй түүнийг театрынхан нь “Өндөрөө” гэж дууддаг. Драмын театрын тайзнаас олны хүртээл болсон сонгодог бүтээлийн олон арван дүрийн эзэн тэрбээр санасан бодсоноо хэлчихдэг шулуухан зантай. Түүнээсээ болж  олон хүнээс ч “номын дуу” сонссон байх. Гэхдээ л тэр одоо ч энэ зангаа тавиагүй, театрынхаа нэгэн эд эс нь болж хөгжил дэвшлийнх нь төлөө санаа чилээсээр явна. 

-Драмын театрын “Өндөр Түвшээ” гэж таныг зүгээр ч нэг тодорхойлчихоогүй. Үнэндээ та жүжигчин гэхээсээ тамирчин баймаар биеийн өгөгдөлтэй хүн атлаа яагаад урлагийн сургуульд элссэн юм бэ?
-Жүжигчин болох миний мөрөөдөл байсан юм. Гэхдээ өөрийгөө биерхүү, Драмын театрынхнаасаа сондгойрсон жүжигчин нь болно гэж хэн мэдэх билээ. Хүүхэд байхдаа Логийн Базаррагчаа гуайн тоглосон киног үзсэн. Тухайн үед ямар одоогийнх шиг олон төрлийн кино гардаг байсан биш. Клубт “Бид мартахгүй”-г хоёр, гурван ч удаа үзсэн санагдаж байна. Киноны үйл явдал, гол дүрд нь тоглож байгаа жүжигчин нь санаанаас гараагүй. Тэгсэн нэг өдөр найзынхаа гэрт очтол нөгөө жүжигчин маань сууж байдаг байгаа. Ёстой алмайраад, гэнэтийн үйл явдал болсон. Найзаасаа нөгөө жүжигчний талаар асуухад “Кино драмын ангийн оюутан” гэж танилцуулсан юм. Тэгээд л  би  “Энэ ах шиг жүжигчин болно” гээд бодчихсон. Түүнээс биш хүмүүс шиг “Санаандгүй явж байгаад шалгалт өгч кино драмын ангид тэнцчихлээ” гэж үнэн, худал юм ярихгүй. Жүжигчин болох миний хувьд хар багын л мөрөөдөл минь. Энэ бодлоосоо хэзээ ч ухраагүй,  одоо ч гэсэн мөрөөдлөө биелүүлж яваа. 

Хувь тавилан намайг бурхан шиг хүнтэй танилцуулсан

-Таны мэргэжлийн багш хэн гэдэг хүн байв?
-Ч.Найдандорж... Гэхдээ миний анхны багш “Гарын таван хуруу” киноны Шагдар буюу Л.Лхасүрэн. Хүний амьдрал тааварлашгүй. Тэр үед сургуульд ороод удаагүй байтал дотоодын бүх сургууль төлбөртэй болсон. Энэ талаараа аавдаа хэлээд тусыг эс олсон учраас би цэрэгт явах шийдвэр гаргасан. Цэргийн албаа хааж ирээд Ч.Найдандорж багшийнхаа ангид орсон. Гэхдээ сургуулиа төгсөж чадаагүй, хөөгдчихсөн. Тэгж явахад Энхжаргал багш намайг шавиа болгож би гэдэг хүн найруулагчаар сурсан юм. Хүний амьдрал их сонин. Сургуулиасаа хөөгдөж яваад өөр зүйлд толгой мэдүүлж болно. Гэхдээ надад тийм зүйл тохиолдоогүй. Яагаад гэвэл хувь тавилан намайг бурхан шиг хүнтэй танилцуулсан. 
-Б.Баатар найруулагчийг хэлж байна уу? 
-Тийм ээ. Би 1996 онд Б.Баатар найруулагчтайгаа ах дүүгийн нөхөрлөлөөр нөхөрлөсөн хувьтай. Үндэсний телевизийн Уран сайхны удирдагчаас Драмын театрын ерөнхий найруулагч болсныхоо дараа 2000 онд намайг театрт дуудсан. Гэхдээ бүр сонгодог жүжгийн гол дүрд тоглуулахаар дуудаж байсан юм.  
Намайг анх театрт очиход ямар гоё, сүрдмээр байсан гэж санана. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай амьд сэрүүн байлаа. Ардын жүжигчин Ц.Гантөмөр надад “Саранхөхөө” жүжгийнхээ дүрийг өвлүүлж “Чи энэ дүрийг авч ажилла” гэсэн. Ингэж би их театрынхаа алтан үеийн уран бүтээлчдээс их зүйл сурсан, тэднээсээ өвлөж авсан. Намайг “Саранхөхөө” жүжигт тоглоход миний эхнэрийн дүрд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, охинд маань Ардын жүжигчин С.Сарантуяа эгч тоглож байсан. Ёстой хөгтэй, би сахал наагаад будгаар баахан үрчлээ зурчихаад тайзан дээр гарч байв. Энэ үед бид айж ичдэг хүмүүстэй байж. Үеийнхэн маань яахаас ч буцахгүй, хийж бүтээх хүсэл тэмүүллээр дүүрэн залуус байлаа. Одоо энэ театрт эрчүүдээс ахмад нь бараг би болох гээд байна.  Тэгэхээр миний театраа хаяж явж чадахгүй байгаа шалтгаан нь энэ. Тиймээс театртаа байж залуу уран бүтээлчдэдээ ахмадуудаас мэдсэн сурснаа хэлэх ёстой гэдэг үүргийг өөртөө өгсөн. 
-Та нэг бодлын азтай бас азгүй хүн юм. Анхнаасаа хамгийн сайн мөртлөө хатуу хүмүүстэй учраа тааржээ. Ч.Найдандорж найруулагч тийм сайхан араншинтай хүн биш, Б.Баатар найруулагч ч гэсэн зөөлөн хүн биш байсан шүү дээ?
-Ч.Найдандорж багшаасаа би сурах ёстойгоо сурсан. Харин Б.Баатар найруулагчийн хувьд “Миний амьдрал, жүжигчний замналын чиг зүгийг заагч бурхан гэж байдаг бол тэр нь та шүү” гээд үзэгчдийнхээ өмнө зарлачихсан. Аль, алинаас нь сурсан, мэдсэн зүйл их бий.  
-2000-аад оны “Өндөрөө” тийм ч зөөлөн хүн байгаагүй. Хэрэг төвөгт орооцолддог, хөдөлгөөнтэй байсан байх. Хэн таныг барьж, өнөөдрийн эхлэлийг тавьсан юм бэ?
-Монголын урлаг. Ахмад уран бүтээлчид маань, тэр дотроос Б.Баатар гэдэг хүн онцгой үүрэгтэй. Бас Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, тэнгэрт байгаа Ардын жүжигчин С.Дамдин. Энэ хүмүүс намайг хүн шиг хүн болгож, нэг чигт нь барьж чадсан. Чиний хэлсэн шиг би тийм цагаахан түүхтэй хүн байгаагүй. Хаана зодоон нүдээн болж байна тэнд гол дүрд нь цохиж явдаг байсан юм чинь, юуг нь нуух вэ. Залуу нас шүү дээ. 
Тэр үед СУИС-д цэргийн алба хаасан оюутан байгаагүй. Цэрэгт алба хаахдаа зүгээр ч хаачихгүй атаман цэрэг явсан. Тэгж явахдаа Хүндэт харуулын ангид алба хаасан. Тэгэхээр яаж томоотой, зөөлөн, дөлгөөхөн нүдтэй амьтан байх вэ дээ. Дээр нь би таван хүүтэй айлын том нь. Бас хар багаасаа “Хэрвээ би хүнд дээрэлхүүлбэл миний дүү нар ч дээрэлхүүлнэ” гэдэг бодол толгой тархинд гүн суучихсан байсан.
Аав маань надад гурван настайгаас минь төгөлдөр хуур заасан. Дөрөвтэйдөө бичиг, үсэг сурч бусдаас арай эрт номтой нөхөрлөсөн толгой. Ямар сайндаа л тавдугаар ангид байхдаа Л.Дарьсүрэнгийн “Онцгой эрх” романыг уншиж ааваасаа зэмлэл хүртэж байх вэ дээ. Чи харж байгаа байх. Эдгээр ном аавын минь надад өгсөн номын ердөө нэгээхэн хэсэг нь. 
-Та спортын хүн шиг харагддаг. Мэдээж хөнгөний хүн биш, барилддаг гэвэл үнэнд илүү дөхөх байх?
-Би волейбол тоглох гэж үзсэн. Багаасаа волейболынхонтой найз, одоо хүртэл амьдралын найз болоод нөхөрлөж яваа нь олон. Ингэж оролдлого хийж байсан нь волейболд дурлах, сэтгэлээ өгөхөд хүргэсэн тал бий. Тэр үед нэг бол жүжигчин эсвэл спортын хүн болох замын огтлолцол дээр зогссон удаатай. Тэгэхээр мэдээж хар багынх нь мөрөөдөл илүү байх нь ойлгомжтой биз дээ. Түүнээс биш волейбол тоглож гавьсан зүйл байхгүй. Спортоор яваагүй нь  ийм л учиртай. 
-Тэгвэл та дэмий өндөр байжээ?
-“Дэмий гонзгой” гэж намайг хүн хэлж байгаагүй. Чи л анх удаа хэллээ. Мэргэжлийн тамирчин болоогүй ч сагсан бөмбөг, волейболоор арван жилдээ тоглох гэж оролддог байсан. 
-Таныг Драмын театрт ороход амьдралаа хөөгөөд зөрөөд гарсан хүн цөөнгүй байсан байх. Ийм нийгмийн шилжилтийн үед Драмын театрт үлдэх шалтгаан нь хүсэл мөрөөдөл байв уу. Эсвэл залуу насны ааг омог уу?
-Мэдээж хүсэл мөрөөдөл. Би өнгөрсөн жил Драмын театраас нэг жил явлаа. Гэхдээ уран бүтээлийн төлөө. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад очиж хэдэн сар ажилласан. Харин миний амьдралын 23 жил энэ театртай холбоотой. Энд л алдаж онож явжээ. Харин саяхны явсан үе надад Драмын театрыг хөндлөнгөөс харах боломж олголоо. Эндээс би миний бодож төсөөлдөг байсан оргил хазайчихсан байсныг мэдсэн. Би Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад очоод Монгол Улс Энхийг сахиулах ажиллагаанд нэгдсэний 20 жилийн ойд зориулсан томоохон хэмжээний бүтээлийн найруулагчаар ажиллаж “Үнэ цэн” хэмээх томоохон бүтээлийн ард гарлаа. Цэргийн хүний хүүхэд, цэргийн хүмүүжилтэй учраас ийм сэдэвтэй бүтээл хийхэд хол санагдсангүй. Тэгээд ч энхийг сахиулах ажиллагаанд явсан, дайн байлдааны талбар, ган гачгаас эхлээд зовлонгийн далайд нэрвэгдсэн газар нутагт ажиллаад ирсэн хүмүүсийн тухай бүтээл тавина гэдэг нэг талаасаа хэцүү ч нөгөө талдаа гайхамшигтай байв. Ажиллагаанд явсан хүмүүс “Үнэ цэн”-ийг үзээд сэтгэгдлээ хуваалцсан нь их гүн гүнзгий мэдрэмж төрүүлсэн юм. 
Би Драмын театрт ажиллахын зэрэгцээ “Их хүрээ” компанийг авч яваад 10 гаруй жил болж байна. Бас мэргэжлийн театрын тухай нэвтрүүлгүүд бэлдэж гаргалаа. Өмнө нь хэлсэн дээ, Драмын театрыг гаднаас нь харсан гэж. Тэгээд юу нь болж,  юу нь болохгүй байгааг бусадтай харьцууллаа. Бас “Art and food” нэвтрүүлгээрээ гадаад дотоодын театруудын уран бүтээлчид хэрхэн ажилладаг, театрынхаа гаднах талбайг хэрхэн тохижуулсан байна вэ, дотор нь ороод ажиллахад нөхцөл нь ямархуу байдаг вэ гэдэг талаас нь харуулсан агуулгатай нэвтрүүлгүүд хийсэн. Одоо телевиз үздэг хүн ховор болсон юм байна. Гэхдээ хүрэх ёстой хүндээ хүрсэн юм шиг байна билээ. 
-Та төдийлөн гол дүр аваад байдаггүй. Түүнээс болоод шатах үе гарна биз. Уг нь дүр гаргах ойрхон байдаг. Гэтэл биеийн онцлогоос эсвэл гадаад илэрхийлэмжээс болоод тэр үү гол дүр өгдөггүй. Шууд асуухад та яаж 20 гаруй жил ингэж үзэлцэж явав аа?
-Чи яагаад намайг гол дүр авч байгаагүй гэж хэлж байгаа юм бэ?
-Би ерөөсөө авч байгаагүй гэж хэлээгүй шүү. Тиймээс “төдийлөн” гэж тодруулж хэлсэн юм.
-Би Драмын театрт 23 жил ажиллаж байна. Анх Б.Баатар найруулагч намайг “Кармен” жүжгийн дээрэмчинд тоглуулахаар дуудаж байлаа. Дээрэмчний дүрд тоглох хүнийг Драмын театраас олоогүй юм байлгүй. Тэр үед найруулагч над руу яриад “Өндөрөө, манайд дээрэмчин хэрэгтэй байна аа” гэсэн. Ингэж би Драмын театрт дуудагдаж очихдоо “Кармен” жүжгийн гол дүрд нь тоглосон. Дараа нь “Жаргах гэж дурладаг уу”, “Чимээгүй шөнө”, “Хар санаа, хайр сэтгэл”-ийн дүр гээд тоочвол ярих зүйл олон бий шүү. 
-Та уурлачихав уу. Би таны сэтгэл хөдлөл, хариу үйлдлийг харах гэж ийм асуулт тавьсан юм шүү?
-Тэгсэн үү. Гэхдээ би уурлаагүй ээ. Намайг цөөхөн гол дүр бүтээсэн гэж дүгнэж болохгүй. Над шиг өндөр хүнд анх наалдахгүй байж болно. Гэхдээ би анхны өндөр нь биш.  Манайд “Алтан өргөө” киноны чонын анчин Рашийн дүрд тоглосон жүжигчин байсан. Тэр хүн нэг метр 90 см-ийн өндөртэй байсан. Харин би метр 93-тай хүн. Ардын жүжигчин Н.Сувд багш “Театрт төрөл бүрийн ааш араншинтай, төрөл бүрийн бие хаатай хүмүүсийн коллекц үүсэж байж сая театр болдог юм” гэж хэлсэн удаатай. Энэ үгийг сонсоод миний дотор онгойх шиг л болсон. Тэгээд би “Театрт хамгийн их хэрэгтэй хүмүүсийн нэг нь би юм байна” гэж бодсон. Намайг театрт  “Өндөр ах аа, Өндөрөө миний дүү” гэж л дууддаг. 

Л.Лхасүрэн багш намайг театр хэмээх ариун сүмд дурлуулсан

-Таныг  бусадтай харь­цуулахад тийм ч нээлттэй хүн биш. Тийм учраас таныг таван хааны дүр бүтээснийг, сонгодог жүжгүүдийн гол дүр авсныг хэлэхгүй бол мэдэх хүн одоо цагт цөөхөн байна шүү дээ?
-Хүмүүс жүжиг үзэхгүй юм чинь намайг яаж мэдэх юм бэ. Би нэг хэсэг дэлгэцийн бүтээлд  тоглоё гэж бодсон. Гэхдээ нэг л болж өгөөгүй. Яагаад гэвэл Л.Лхасүрэн багш намайг театр гэдэг ариун сүмд дурлуулсан. Уурандаа нэг зүйл хэлчих үү. Олон кинонд тоглосноо их юманд санаад өөрийгөө авьяастай гээд бодчихсон хүмүүс байна. Хэн тэднийг авьяастай гээд хэлчихсэн юм бэ. Хэрвээ энэ өөртөө өгсөн үнэлгээ бол тэр тэнэг уран бүтээлч байна. Ингээд хэлэхээр би тэдэнд атаархаж, тэрсэлдсэн болно. Угаасаа миний араншин ил. Уурлавал шууд уурлачихна. Элдэв муу бодлыг сэтгэлдээ хургуулдаггүй. Тэр чинь над шиг том биетэй хүнд зохихгүй араншин. 
-Миний дараагийн асуулт уран бүтээлийн чанар, үнэ цэнтэй холбогдоно. Нүдэн балай чихэн дүлий явсаар нэлээд удлаа. Драмын театр яагаад “уначихав” аа?
-/Хэсэг бодолхийв/Нийгэмтэй холбоотой. Гэхдээ уран бүтээлчид шатдагаараа шатаж л байгаа шүү. Зарим нь нуруугаа авахуулаад урам нь хугарчихсан амьдарч байна. Театраа хуучнаар нь аваад явчих юмсан гэж бодож мөрөөдөж байгаа хүн ч бий. Хүн гавьяа шагналд дурлаад заавал нэрээ үлдээх ёстой гэдэг үгүй юм билээ. Нэр ч үлдэхгүй, шагнал ч гэсэн хэрэггүй. Би аваагүйдээ ингээд байгаа юм биш. Харж байхад аливаа юм бүхэн мартагдана. Хүмүүс театрыг зорьж ирж үзэхгүй байна. Хөгжинө гэдэг ур чадварын асуудал биш. Оюун санааны хөгжлийг яриад байна шүү дээ. Бид хамгийн гоё зохиолуудыг уншдаг. Дургүй байсан ч унших ёстой. Түүнийхээ дагуу судалгаа, задаргаа хийнэ. Эрдэмтэн, доктор, багш нараас номын дуу сонсоно. Ингээд ирэхээр илүү сонирхолтой байдаг. Гэтэл зориулж байгаа үзэгчид маань таг дүлий, байхгүй болохоор харамсалтай байна. 
-Энэ бодлоо та яагаад гадагшаа гаргаж, илэрхийл­дэггүй юм бэ?
-Би пи-ар хийдэг жүжигчид шиг байгаад яах юм бэ. Тэглээ гээд илүү гарсан зүйл байна уу. Тийм байгаагүй гээд надаас хорогдсон зүйл байна уу. Тэгэхээр хэрэггүй байхгүй юу. Тэртээ тэргүй би ерэн хэдэн оноос сайхан муухайгаа дуудуулаад хоёр шугамаар зэрэг явж үзлээ. Одоо дуртай ажлаа хийгээд тайван сайхан амьдармаар байна. 
-Энэ цаг үед та тайван амьдраад юу хожих юм бэ?
-Дэлхийн сонгодог жүжгийн шилдэг дүрийн уралдааны гранприйг би авч байсан юм. Надад болсон болоогүй, жаазтай баярын бичиг олныг өгсөн. Тэдгээрээс ганцхан юм авч үлдсэн нь энэ гранпри шагнал. Зохиолч Петр Труневийн “Бүх юм дууслаа” гэдэг зохиол байдаг. Би энэ зохиолоор гран прийг авсан. Тэр зохиолд чиний ярьж байгаа шиг идэвхтэй амьдраад, хүнд таалагдах гэж явсаар байгаад их хичээснийхээ төлөө дарамтад ордог. Эцэст нь, амиа хорлодог юм. Тэгэхээр би тэндээс юу ойлгосон бэ гэхээр ерөөсөө амьдралын хамгийн гол зүйл бол утга учиртай амьдрах юм байна. Би амьдралынхаа ихэнх цаг хугацааг утга учиргүй яваад үзчихсэн. Бараг 40 нас хүртлээ утга учиргүй бужигнаан дунд амьдарлаа. Тэгээд 40 наснаас хойш тайван амьдрахыг хүсэх болсон юм. Олон найз нөхдөө төвөгшөөдөг болсон байна. Газар газраар явж баар саванд орсноо гоё гэж боддог байсан нь хий хоосон зүйл байж. Олон ажил хийгээд өөрийгөө мандуулах ч бас чухал биш юм байна. Түүний оронд мөрөөрөө, дуртай ажлаа хиймээр байна. 92 настай театрынхаа 23 жилийн түүхэнд нэрээ бичүүлсэн болохоор үлдэх мөртэй байх хэрэгтэй биз. Одоо олны анхааралд өртөж, сенсаацлах ямар ч шаардлага алга. Гэхдээ дахиж гол дүр хийхгүй гэсэн үг биш. 
-Та тэгэхээр уран бүтээлийн их шуналтай хүн байх нь?
-Юм юманд шунаж явсан үе надад бий. Кихот ноёны дүрийг өгсөнгүй гээд Б.Баатар найруулагчтай хэрүүл хийж хүртэл явлаа. “Монголын театрын хамгийн өндөр нь би. Яагаад надад энэ дүрийг өгөөгүй юм бэ” гээд агсам тавьсан. Түүний хариуд найруулагч юу гэсэн гээч “Чи одоо хэдтэй билээ” гэдэг байгаа. Гучин хэдтэй гэсэн чинь “Сервантесийн Кихот 70 гарсан хүн шүү дээ” гээд намайг “Одоохондоо амьдралыг таних болоогүй” гэж хэлсэн. Би ам руугаа нам алгадуулсан байгаа биз дээ. "Тэрний дүрд тоглох юмсан, ингэх юмсан" гэж шунах үе байлгүй яах вэ дээ. Тэгээд би яалтай билээ.  Гэхдээ надад дүр өгөх юм бол би бүтээж чадна. Хүнд алдчихгүйг бодно. Надад Жамухын дүрийг өгөхөд маш их баярласан. Энэ дүрийг тултал нь гаргана, ёстой үзүүлээд өгнө гэж бодсон. Хэний ч бүтээгээгүй Жамухыг гаргана гэж өөртөө андгай, тангараг өгсөн. Санасандаа хүрэх гэж ч явсан. 
Гэхдээ театр цаг хугацаатай. Би “тэтгэвэр”-тээ гарна. Тэр үед харин кино руу оръё гэж бодож байгаа. Жүжигчин болохоор хүссэн хүсээгүй атийсан өвгөний дүр гараад л ирдэг. Тэгэхээр тэр болтол театртаа байж л байя. Хэл ам, хэрүүл тэмцлээ хийгээд явж байх уу даа. 
-Та тайван амьдармаар байна гэсэн. Одоо тайван амьдарч чадаж байна уу?
-Чи нийгмийг миний тайван амьдралтай битгий холиорой. Энэ чинь тусдаа асуудал. Минийхээр тайван амьдрал гэдэг нь олны анхаарлыг татаж, илүү дутуу асуудал гаргачихгүй шиг,  үр хүүхдэдээ цаг их гаргадаг. Гэр орондоо илүү их цаг зарцуулж, дуртай ажил мэргэжилдээ анхаарлаа төвлөрүүлж чаддаг байхыг би тайван амьдрал гээд байгаа юм. 
-Та харьцангуй орой гэр бүлээ зохиосон. Амьдралын шаардлага тийм байв уу. Эсвэл урлагаа нэгд эрэмбэлчихээд өдөр шөнөгүй зүтгээд явав уу?
-Би өмнө нь хэлсэн, миний мөрөөдөл жүжигчин болох. Миний хүүгийн ээж надад “Чамайг хараад бүтэхгүй юм байна аа, Түвшээ” гэж хэлсэн. Театрт ороод удаагүй, сард 17 мянган төгрөгийн цалинтай ч хариуцлага, хүн нэмэгдээд хүүтэй болчихсон байсан үе л дээ. Тэгээд хүүгийн ээж тухайн үед “Нэг бол театраасаа гар. Гурвуулаа гадаадад очиж ажиллаж, амьдаръя. Нэг бол наад театраа сонгоод үлд” гэсэн. Тэгээд л театраа сонгоод үлдсэн. Дараа нь хэд хэдэн удаа амьдрал зохиох гэж үзээд бүтээгүй. Тэгж явсаар 10-аад жилийн өмнөөс амьдрал сайхан тогтож байна. Хоёр хүүхэдтэй, хүү маань хоёрдугаар ангид, охин цэцэрлэгийн ахлах ангид сурдаг. Манай гэр бүлийн хүн намайг бүрэн ойлгодог. Ажилдаа их цаг зарцууллаа, оройтлоо гэж хэлдэггүй. Яагаад гэвэл, манай гэр бүлийн хүн агуу найруулагчийн үр удам. Чимиддоржийн Ганхуяг гэдэг мундаг найруулагчийн охин байхгүй юу. Аавыгаа мэддэг, аав нь бахархал нь байсан учраас урлагийн хүний хүсэл мөрөөдөл, тэмүүлэл түүнээс минь харагддаг. Ийм сайхан амьдрал бүтээсэн нь урлагаа нэгд тавьсны гавьяа юм даа. 

ИЙМ САЙХАН АМЬДРАЛ БҮТЭЭСЭН НЬ УРЛАГАА НЭГД ТАВЬСНЫ ГАВЬЯА ЮМ 

-Та дөрвөн эрэгтэй дүүтэй гэсэн. Ахынхаа үүргийг хэр гүйцэтгэсэн гэж боддог вэ?
-Ёстой бардам хэлчихье, би дүү нартаа сайн ах нь байж чадсан. 
-Айж эмээдэг, насан туршдаа үгийг нь сонсож ирсэн хүн бий юү?
-Баярцагааны Баатар гэдэг хүн шүү дээ. Харин аав маань миний бахархал болохоос эмээдэг хүн биш.   Миний аав мундаг хүн. Харин миний амьдралын чиглүүлэгч Б.Баатар. “Түвшээ чи амьдралд битгий нугараарай, олон найруулагчтай уулзана. Хэрэлдмээр санагдаж болно. Хэлээ хазаад өнгөрч бай” гэж захисан. Захиснаас нь хэлэхээ хазахыг сураагүй. Хэлмээр санагдсанаа шууд хэлчихдэг. Бас “Мэргэжилдээ эхлээд үнэнч бай. Тийм байхад найз нөхөд, мөнгө төгрөг бүгд чамд ирнэ” гэсэн. Тэгэхээр энэ хүн яахын аргагүй миний сурган хүмүүжүүлэгч мөн байгаа биз дээ. 
Надад “Хүн намайг муу хэлчихвий, хүн намайг муугаар бодчихвий” гэж эмзэглэдэг үе байсан. Тийм үе байдаг. Хүн түүнийгээ ардаа өнгөрүүлчих хэрэгтэй байдаг юм билээ. 1995 онд би Монгол Улсын жентелмэн болсон. 1994 оноос хойш шар хэвлэлд нүдүүлсэн.  Тэр үед сошиал гэж байсангүй. Сонин борлуулдаг цэгийн хажуугаар гарахдаа өөрийнхөө тухай гарсан үгүйг харахад найдвартай нэг мэдээ байж л байна. Одоогоор бол сошиалаар нүдүүлдэг амьтан байж. Тэгээд их эмзэглэнэ ээ. Одоо бол тоохгүй "Болдог юм болдгоороо л болно. Харин Драмын театрын "Өндөр Түвшээ" бодлоосоо ухрахгүй. Зорьсондоо заавал хүрнэ. 


 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 1 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 1 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 1 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 1 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 2 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 2 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 2 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22